| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1201/Э |
| Дугаар | 1241 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1241
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар адуут овогт ...ийн ...т холбогдох 1908045111427 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хар адуут овогт ...ийн ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Д.... нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М....ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би найз хүүхэнтэйгээ уулзаж сууж байгаад орой 00:00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл миний хамтран амьдрагч ... болон 2 хүүхэд маань унтаж байсан. Тэгээд би гэртээ оронгуутаа шууд унтсан. Шөнийн 01:00 цагийн орчим ... миний хөнжлийг хуу татаад ... хаагуур юу хийж яваад ирж байгаа юм... гээд ширээн дээр байсан савтай будаатай цайгаар миний цээж рүү цохиод, будаатай цай нь миний хувцас руу болон ор хөнжлийн даавуун дээр асгарчихаар нь би бохир болсон хувцсаа тайлаад уурлаад ...зайл... гэж хэлтэд ... миний үснээс зулгаагаад дээш нь харуулж хэвтүүлж байгаад миний нүүр рүү гараараа нилзэн хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би гар утсаа шүүрч аваад цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,
2.Шүүгдэгч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өглөө манай эхнэр ... ажилдаа явсан. Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны ...тоотод гэртээ хоёр хүүхдээ хараад байж байсан. Тэгээд 22 цагийн орчим эхнэр ...ын утас руу удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Би бараг 10-аад удаа залгасан. Тэгээд би гаднаас 1 шил архи аваад гэртээ уугаад унтаад өгсөн. Тэгээд 01 цагийн орчим босоод ирсэн чинь манай эхнэр ... гэрт орж ирээд орондоо ороод унтаж байсан. Тэгэхээр нь би босоод “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гэж хэлээд хөнжлийг нь хуу татаад хөргөгчин дотор байсан савтай будаатай цайны талыг нь ... руу цацсан. Тэгээд би ...ын дээр нь гараад дух хэсэгт нь нэг удаа цохиж дахиж эрүүн тус газар нь нэг удаа цохисон. ... би хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул торгуулийн ялаар шийтгэж өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын багын найз нь байгаа юм. Би 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18:30 цагийн орчим найз ... руу утсаар залгаад бид хоёр “Өнө цаг” гэх караокед уулзаад 4 шил Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад 22:00 цагийн орчимд гараад гадаа юм ярьж сууж байгаад гэр гэр рүүгээ явсан. ...ын гэр нь манай гудамжинд байдаг учир бид 2 цуг яваад гэр рүүгээ орцгоосон. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 22-ны өглөө ... над руу залгаад хамтран амьдрагч маань намайг зодчихлоо гэхээр нь би очтол хоёр нүд нь болон эрүү хэсэг нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,
4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүүхэд ... номхон, томоотой, мөрөөрөө хүүхэд байгаа юм. нээх архи уугаад байдаггүй. Сардаа 1 л удаа уудаг, нэг уухаараа 2 хоног уудаг муу талтай. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зүгээр орж ирээд унтаад өгдөг. Агсан согтуу тавьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 30 х/,
5.Шинжээчийн 10226 тоот дүгнэлт
1.М. ...ын биед дух, баруун зүүн нүдний зовхи эрүүнд цус хуралт, уруулд шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ..." гэх дүгнэлт /хх 35 х/,
5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/
8.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 44 х/
9.Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэх дүгнэлт /хх 45-46 х/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Д.... нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ...тоот гэртээ хамтран амьдрагч М....ыг “оройтож ирлээ” хэмээн үснээс нь зулгаах, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М....ын “... Шөнийн 01:00 цагийн орчим ... миний хөнжлийг хуу татаад ... хаагуур юу хийж яваад ирж байгаа юм хэмээн ... миний үснээс зулгаагаад дээш нь харуулж хэвтүүлж байгаад миний нүүр рүү гараараа нилзэн хэдэн удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,
Шүүгдэгч Д....ийн “... би босоод “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ” гэж хэлээд хөнжлийг нь хуу татаад хөргөгчин дотор байсан савтай будаатай цайны талыг нь ... руу цацсан. Тэгээд би ...ын дээр нь гараад дух хэсэгт нь нэг удаа цохиж дахиж эрүүн тус газар нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 71-72 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....гийн “... 2019 оны 08 дугаар сарын 22-ны өглөө ... над руу залгаад хамтран амьдрагч маань намайг зодчихлоо гэхээр нь би очтол хоёр нүд нь болон эрүү хэсэг нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,
Шинжээчийн 10226 тоот дүгнэлт
1.М. ...ын биед дух, баруун зүүн нүдний зовхи эрүүнд цус хуралт, уруулд шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ..." гэх дүгнэлт /хх 35 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Д.... нь М....ын дух, баруун зүүн нүдний зовхи эрүүнд цус хуралт, уруулд шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Д.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Д....ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.
Шүүгдэгч Д...., хохирогч М.... нар гэр бүлийн батлагаагүй ч нэг гэрт хамтран амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 6, 71-72 х/-дээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.... нь хохирогч М....ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч М.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь эвлэрлийн баталгаа /хх 88 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Д....т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргасан.
Шүүгдэгч өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувиараа ажил эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү? гэсэн.
Д....т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Д....ийн хувьд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэх баримт нотолгоо хэрэгт байхгүй, хохирогчийн өгсөн мэдүүлгээр урьд өмнө зодож байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн хувьд нэг удаагийн шинжтэй эр, эмийн хоорондын хардалтын асуудлаас үүдэлтэй зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн улсын яллагчийн санал болгосон албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлаггүй гэж шүүх үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хар адуут овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д....ийг 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д....т үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д....т мэдэгдсүгэй.
5. Д....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ