Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00967

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01399 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,125,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр *******тай тохиролцон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах 41.79 м.кв, 120 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцыг нийт 370,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн байрыг анх үзэхэд нэг том талбай байсан, худалдах, худалдан авах гэрээ байгуулах явцад тухайн объектыг 2 гэрчилгээтэй гэдгийг нь мэдсэн.

*******-аар орон сууцны талбайг хэмжүүлэхэд 154.81 м.кв талбайтай гэж 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 24/238 дугаартай дүгнэлт гарсан. Бидний анх тохиролцсон 161.79 м.кв талбайд хүрээгүй бөгөөд 6.98 м.кв талбай дутсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварыг худалдагч тал төлдөг учраас талбайн хэмжээг багаар гэрээ хийсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох 161.97 м.кв талбайг 370,000,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож худалдан авахаар тохиролцсон тул уг үнээс талбайг хувааж үзэхэд 2,286,000 төгрөгөөр зах зээлийн дундаж үнэ бодогдож байна.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас *******т албан шаардлага ирүүлсэн. Уг албан шаардлагад худалдаж авсан маргаан бүхий 161.79 м.кв талбай дотор нийтийн эзэмшлийн 9.5 м.кв нь коридор байх ёстой гэсэн байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас план зураг буюу тухайн маргаан бүхий орон сууцны анхны барилгын ажлын зургийг Үндэсний архивын төв газраас гаргуулахад уг зургаар анх тухайн барилгыг барьж байхад 9.5 м.кв нь коридор байсныг 161 м.кв талбай дотор багтааж, гэрчилгээ гаргаж өгсөн байна.

Дээрх албан шаардлагыг ******* хүлээн авч, хөрш ******* тэнцүү хэмжээтэй хувааж коридор гаргаж, талбайн хэмжээг 151.81 м.кв гэж бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Талууд 370,000,000 төгрөгөөр маргаан бүхий 161.79 м.кв талбайтай, 2 гэрчилгээтэй объектын үнийг харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй. .

Уг гэрээний дагуу доголдлыг илрүүлснээс хойш 6 сарын дотор буюу 06 дугаар сард хэмжилт хийснээр 6.98 м.кв талбай дутсан гэх үндэслэлээр шаардах эрх үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Тухайлбал талууд гэрээгээр 161.79 м.кв талбайн хэмжээтэй гэж тогтоосон боловч уг тоо хэмжээндээ хүрээгүй нь доголдолтой хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч *******аас анх дутсан талбай 6.98 м.кв дээр нэмж 2.695 м.кв буюу нийт 9.675 м.кв талбайн үнийг 1 м.кв талбайг 2,286,915 төгрөгөөр тооцон, нийт 22,125,903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Талууд анх 120 м.кв болон 41.79 м.кв буюу 2 гэрчилгээтэй 1 объектыг 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Худалдан авагч нь өөрөө тухайн талбайг үзээд 370,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед 6.98 м.кв талбай дутаж байсан бол нүдээр хараад илт мэдэгдэх боломжтой хэмжээ бөгөөд метрээр хэмжихэд 6.98 м.кв талбай том гэж үзэж байна. Мөн тухайн үедээ талбай дутсан бол үнийг хасуулах эсхүл худалдаж авахгүй байх боломжтой байсан боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дээрх үнээр худалдаж авахаар тохиролцсон.

Гэтэл эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байх үедээ хүлээн авсан бөгөөд худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь 6.79 м.кв талбай дутсан гэж тайлбарладаг боловч хэмжилт хийсэн компани нь аль байрнаас нь хэдэн м.кв дутаад байгааг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд тодорхойлж, нотлоогүй. Мөн гэрч асуулгахад бүхэлд нь хэмжсэн гэж тайлбарладаг. Гэвч барилгын хэмжилт хийх стандарт, нормд заасны дагуу 2 гэрчилгээтэй 1 объектыг хэмжихдээ тус тусад нь хэмжилт хийх байсан учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах үед илрүүлэх боломжтой байсан.

2.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас албан шаардлага ирүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Анх ******* ч өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв байна гэх утгаараа буюу гэрчилгээнд заасан хэмжээгээр бусдаас худалдаж авсан. Улсын комисс барилгын зургийн дагуу хийгдсэн эсэхийг хүлээж аваад, ажил гүйцэтгэж байгаа компани нь улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас гэрчилгээ үнэн зөв гарсан байхад ямар үндэслэлээр *******аас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

2.3. Талууд гэрээндээ м.кв нь үнийг заагаагүй бөгөөд нэхэмжилж буй м.кв-ын зөрүүг нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар тодорхойлох ёстой. Мөн 120 м.кв болон 41.79 м.кв 2 орон сууцны гэрчилгээг нийлүүлэн хэдэн төгрөгөөр худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж хэлцэл хийсэн. Уг гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр, гэрээ хэрэгжсэн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоолын 10 дахь хэсэгт тайлбарласнаар худалдан авагч өөрийн биеэр очиж орон сууцаа үзэж сонирхож, улмаар түүний үнэ, талбайн хэмжээний талаар харилцан тохиролцож, халамж анхаарал тавьж мэдэх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдох 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,670 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

4.1. Талууд 161.79 м.кв талбайг 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “... худалдан авагч нь үл хөдлөх хөрөнгийг байгаа байдлаар нь буюу үйлчилгээний зориулалттай том талбай байдлаар нь гэрээний зүйлийг худалдан авахаар тохиролцсон.” гэсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

Маргаан бүхий 161.79 м.кв талбайг худалдан авах хүсэл зоригийг “тухайн байрыг анх үзэхэд нэг том талбай байсан бөгөөд манайх эм ханган нийлүүлэх үйлчилгээ явуулах зорилготой авсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбараар шүүх няцааж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 161.79 м.кв талбайтай объектыг 370,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар талуудын хэн аль нь маргаангүй.

4.2. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... худалдан авагч нь өөрөө тухайн талбайг үзээд, 370,000,000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тухайн үед 6.98 м.кв талбай дутаж байсан бол илт мэдэгдэх боломжтой. Гэтэл эд хөрөнгийг худалдан авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байх үедээ хүлээж авсан ... анх ******* өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээлэл үнэн зөв байна гэх утгаараа буюу гэрчилгээнд заасан хэмжээгээр бусдаас худалдаж авсан. Мөн Улсын комисс барилгын зургийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж хүлээн аваад, ажил гүйцэтгэж байгаа компани нь улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл нь үнэн гэж үзээд худалдаж авсан.” гэжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн ба барилгын зургийн дагуу хийгдсэн эсэхийг худалдан авагч мэдэх боломжгүй бөгөөд төрийн байгууллага буюу улсын бүртгэл бүртгэхдээ шалгах үүргээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа нь... доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна.” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл талуудын хэн аль нь улсын бүртгэлээс гаралтай албан ёсны бичиг баримтад итгэж гэрээ байгуулсан үйлдлийн нэгийг зөвтгөж, нөгөөг үгүйсгэсэн байна. Талууд анх үл хөдлөх хөрөнгийн үнэ, талбайн хэмжээг тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон байхад гэрээний гол нөхцөлд талбайн хэмжээг 161.79 м.кв хэмжээтэй байхаар биш тухайн үл хөдлөх хөрөнгийг байгаа байдлаар нь сонгож худалдан авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд доголдолтой байсныг мэдэж шүүхэд гомдол гаргасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед тухайн объекттой холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан бол нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлыг шалгуулах боломжтой. Хэрэв шалгуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ алдахыг үгүйсгэхгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл талбайн хэмжээ байсан гэж дүгнэсэн. Талуудын хувьд тухайн объект нь орон сууцны бус тусдаа орц гарцтай, нэг давхрын үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө болох нь барилгын зураг, талуудын тайлбараар тогтоогддог. Мөн түүнчлэн худалдан авагч нь хэмжилт хийлгэж авах эрх болон үүрэг байхгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар энгийн нүдээр хараад илрүүлж болох доголдолд хамаарч болох тул дахин хэмжүүлэх шаардлага байхгүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн тэмдэглэл Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв гэж тооцогдох тул тухайн цаг мөчид үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв эсэх талаар ямар нэгэн эргэлзээ үүсэх боломжгүй. гэжээ.

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх шилжсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, *******аас *******т өмчлөх эрх шилжсэн боловч ******* нь гэрээний үүрэг болох 161.79 м.кв талбайг шилжүүлээгүйн улмаас хуульд зааны дагуу зөрүүг шаардсан. Улсын бүртгэлийн байгууллагаас 161.79 м.кв талбай дотор нийтийн эзэмшлийн 9.5 м.кв талбай багтсан байх ба барилгын зургийн дагуу хасалт хийлгэх шаардлагыг нэхэмжлэгчид тавьснаар уг үүргээ гүйцэтгэж, 2.5 м.кв талбайг хасуулж улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Хариуцагч нийтийн эзэмшлийн талбайг орон сууцны талбайд багтааж бүртгэснийг мэдээгүй байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн.

5.1. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаасаа өмнө биечлэн ирж үзсэн бөгөөд тухайн үед талбайн хэмжээг хэмжих, мэргэжлийн байгууллагаар шалгуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн үед байгаа байдлаар нь хүлээн авч, төлбөрийг бүрэн төлсөн учраас доголдлын талаар гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах нь эрсдэлтэй, хариуцлагатай үйлдэл бөгөөд худалдан авагч нь өөрөө хөрөнгийн хэмжээг нягтлах үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэмжилтийн дүгнэлтүүд болон улсын бүртгэлийн байцаагчийн шаардлагад дурдагдсан талбайн зөрүү нь хоорондоо зөрүүтэй байна. Хариуцагч ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдаж авахдаа Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хэмжээгээр, төрийн байгууллагын албан ёсны баримтад итгэсэн. Нэхэмжлэгчийн дурдаж буй коридорын талбай орсон гэх асуудлыг хариуцагч урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ нь хариуцагчийн санаатайгаар нуун дарагдуулсан доголдол биш гэж үзэж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан эрхээ алдах нөхцөл байдалд хамаарахгүй. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт нэгэнт баригдаж дууссан барилгад орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа тохиолдолд орон сууцны талбайг хэмжүүлэх боломжтой, мэдэх боломжтой доголдол гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,125,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... худалдан авагч уг талбайг 370,000,000 төгрөгөөр авъя гэж тохирч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ... талууд гэрээндээ м.кв нь тэдэн төгрөг гэж заагаагүй ... тухайн үед талбайн хэмжээ дутсан бол үнийг хасуулах эсхүл худалдаж авахгүй байх боломжтой байсан ... талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжсэн. Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй..., ... ******* өөрөө улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хэмжээгээр бусдаас худалдан авсан ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3.1. Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0106, 0107 тус тус дугаартай Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч ******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, *******гудамж, *******тоот, 120 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, *******гудамж, *******тоот, 41.79 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 370,000,000 төгрөг худалдагчид шилжүүлсэн үйл баримт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх47-48, 51-52, 53-55/

 

4. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдлын талаар маргасан байна.

4.1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ бодитоор хэрэгжиж дуусгавар болсон гэж зөв дүгнэсэн.

4.2. Маргааны зүйл болсон дээрх эрхийн улсын бүртгэлийн *******, ******* дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь иргэн *******ээс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, хууль ёсны өмчлөгч болжээ. /хх51-52/

4.3. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлага нотлох баримтад “Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гудамж, *******тоот хаягтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гудамж, ******* хаягтай, 365.86 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Батдорж бүртгэлтэй, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Р.Энхбаатарт 245.86 м.кв талбайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гудамж, ******* хаягтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт салгаж, иргэн *******т 120 м.кв талбайг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, *******гудамж, *******тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт салгаж тус тус бүртгэгдэн, *******аас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *******ийн өмчлөлд тус тус бүртгэсэн байна.” гэсэн байна. /хх66/

4.4. Зохигчийн хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 0106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2.1-д “Улсын бүртгэлийн дугаар *******, гэрчилгээний дугаар *******, Улаанбаатар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо ******* гудамж, *******тоот, 120, зориулалт үйлчилгээ” гэж гэрээний зүйлийг тодорхойлж, гэрээний гол нөхцөлөө 3.1-д “үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 51,050,000 төгрөгөөр худалдах” гэж,

Мөн өдрийн 0107 дугаартай гэрээний 2.1-д “Улсын бүртгэлийн дугаар *******, гэрчилгээний дугаар *******2, Улаанбаатар Хан-Уул дүүрэг, 11-р хороо ******* гудамж, *******, 41.79, зориулалт үйлчилгээ” гэж гэрээний зүйлийг тодорхойлж, гэрээний гол нөхцөлөө 3.1-д “үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 68,950,000 төгрөгөөр худалдах” гэж тус тус харилцан тохиролцжээ. /хх47-48, 53-54/

4.5. Зохигч талууд бичгийн гэрээнд гэрээний үнийг багаар тодорхойлсон, 161,79 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримт тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

 

5. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн талууд гэрээний үнийг тодорхойлохдоо 1 м.кв талбайн хэмжээгээр тооцох нөхцөлийг тохиролцоогүй, харин эрхийн улсын бүртгэлийн дугаарт тус тус бүртгэгдсэн талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

6. Мөн нэхэмжлэгч ******* нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай Зөрчил арилгах тухай шаардлагын дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс 2,69 м.кв талбайг хасч, 151,81 м.кв талбай болгон багасгаж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл явдалд хариуцагч ******* буруугүй.  

Иймээс хариуцагчийг гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан үүрэг түүнд үүсэхгүй.

 

7. Анхан шатны шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалт үйлчлэхгүй гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан нь оновчгүй байна. Гэхдээ шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АЗБАЯР

 

                                                     ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

Ч.ЦЭНД