| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 193/2025/02085/И |
| Дугаар | 210/МА2026/00968 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00968
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШШ2026/00386 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 67,196,573 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 161,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Миний бие *******тэй 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 01 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг 17-р хороо, ******* хотхоны ******* байрны 7 давхарт байрлах 226.23 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2 автомашины зогсоолын хамт нэг жилийн хугацаатай, сарын 10,000,000 төгрөгийн төлбөртэй хөлслүүлэхээр харилцан тохиролцож, ашиглалтад ороод удаагүй байсан шинэ орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хөлслөгч нь 12 сарын төлбөрийг, нэг сарын барьцааны хамт шилжүүлсэн.
1.2. Гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусах байсан боловч хариуцагчаас гэрээг нэг жил сунгах санал гаргасныг хүлээн авсан.
Хариуцагч нь гэрээний хугацааг сунгаснаас хойш 2024 оны 09, 10, 11 дүгээр саруудын түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлж, 12 дугаар сараас хойш төлбөрөө төлөх үүргээ гүйцэтгээгүй. Энэ хугацаанд үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа шаардлага хүргүүлэхэд түрээсийн төлбөрийг жилээр төлөх боломжгүй, гурван сараар тооцож төлөх санал тавьсан. Энэ тохиолдолд нэг сарын төлбөрийг 11,500,000 төгрөгөөр тооцох боломжтой талаар хариу хүргүүлснийг хариуцагч зөвшөөрсөн.
1.3. 2025 оны 03 дугаар сарын 14-нд очиж орон сууцыг шалгахад хүлээлгэн өгсөн эд зүйлийг дордуулсан байсан тул гэрээний дагуу хэвийн байдалд оруулж өгөхийг сануулсан. Гэвч хариуцагч нь мөн сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөлгүй орхиж явсан.
Иймд хариуцагч *******өөс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2025 оны 01-03 дугаар сарын хөлс 34,500,000 төгрөг, алданги 17,250,000 төгрөг, конторын төлбөр 1,135,341 төгрөг, СӨХ-ны төлбөр 2,495,468 төгрөг, засварын зардал 11,815,763 төгрөг, нийт 67,196,573 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.1. ******* түрээсийн төлбөр нэмэх талаар мэдэгдэхэд миний бие зөвшөөрөөгүй. 2025 оны 02 дугаар сар хүртэл орон сууцанд амьдарсан тул 1 сарын төлбөр яригдана.
2.2. Орон сууц хүйтэн байсан, уг асуудлыг шийдээгүй. Хамгаалалтын ажилтан ажилладаггүйн улмаас миний 2,000,000 төгрөгийн үнэ бүхий дугуй алдагдсан. Уг асуудлыг тооцож шийдвэрлүүлнэ. Иймд төлөхгүй гэдгээ байрны эзэн болон тухайн байрны СӨХ-д мэдэгдсэн.
2.3. Уг байрыг 1 жил гаруй хугацаанд ашиглаж, амьдарсан учир тодорхой хэмжээний элэгдэл, хорогдол гарна. Бага хэмжээний элэгдэл гарсны төлөө бүх өрөөнд засвар хийж, зардлыг гаргуулах гэж байгаа нь шударга бус гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгч нь өмчлөх эрх нь албан ёсоор баталгаажаагүй эрхийн хүрээнд бусадтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлд хамаарна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг шаардах эрх мөн зүйлийн 56.5-д заасны дагуу үүснэ.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцлийн дагуу төлсөн 161,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч өмчлөгчөөр сүүлд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн, эсхүл зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үндэслэл болохгүй. Хариуцагч нь орон сууцанд нэг жил гаруй хугацаанд амьдарсан, энэ хугацаанд гуравдагч этгээдээс байрнаас гаргах, орон сууцыг ашиглах боломжгүй гэх нөхцөл үүсээгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.4.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс 30,806,988.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 36,389,585.49 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасныг тус тус баримтлан орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 161,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,933 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 311,985 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-д “... иймд хариуцагч *******ийн нэхэмжлэгчид биелүүлэх гэрээний үүрэг 23,000,000 төгрөгөөс барьцаа 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан тооцож, хариуцагчаас 13,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй. ... гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анз тохирсон. ... нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн ч гэсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 6,500,000 төгрөг болгон багасгаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
Шүүхээс анз тооцсон хугацааг буруу тодорхойлсон байна. Анзыг тооцохдоо талууд харилцан тохиролцож шинээр гэрээний төлбөрийн нөхцөлийг тохирсон буюу 2025 оны 01 дүгээр сараас 11,500,000 төгрөгийг тохирсон гэж үзжээ. Энэ үед бичгээр дахин гэрээ байгуулаагүй буюу гэрээний төлбөрийн шинэ нөхцөлийг тухайн сарын аль хугацаанд төлөх, түүнийг төлөөгүй үүргийн гүйцэтгэл буюу анзыг бичгээр хийгээгүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээний төлбөрөөс анз тооцох үндэслэлгүй.
6.2. Талууд ердийн гэж тооцох элэгдэл, хорогдлыг гэрээгээр нэгэнт тохиролцсон. Өөрөөр хэлбэл 4.5, 4.7-д тус тус гэрээгээр хүлээн авсны дагуу доголдолгүй хүлээлгэн өгнө, эвдрэл гэмтэл учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд эвдрэл, гэмтэл учруулсан нь ердийн элэгдлээс дордуулан муутгасан тохиолдолд тухайн доголдлыг бүрэн арилгахаар тохиролцсон.
Энэ гэрээний зохицуулалт нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө” гэж заасны дагуу гэрээгээр тохиролцсон элэгдэлд хамаарч байна.
Мөн нэхэмжлэгч шүүхэд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан засвар үйлчилгээ хийсэн гэдгээ зөвшөөрсөн, гэрээнд зааснаар эвдрэл гэмтэл гараагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн асуултад тухайн шал, хаалга нь эвдрээгүй, харин ашиглахад муухай байсан гэдэг тайлбар гаргадаг. Түүнчлэн үндэслэл бүхий байдлаар элэгдэл хорогдол ердийн хэмжээнээс илүү байсан, эд хөрөнгийг эвдсэн, дахин ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт баримт авагдаагүй.
Анхан шатны шүүх гэрч *******ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Уг мэдүүлгээр хөлслүүлэгч нь хөлслөх хугацаа дуусмагц өөрсдөө байрандаа амьдарна, ингэхдээ засварыг өөрсдөө хариуцан хийнэ гэдгээ тодорхой гэрчилсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
7.1. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусах байсан боловч орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөх хариуцагч *******ийн саналыг үндэслэн гэрээний 5.2-т заасны дагуу гэрээний хугацааг дахин нэг жилийн хугацаагаар сунгасан. Мөн гэрээний 3.2-т хөлслөгч нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж зохицуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдсанаар алданги тооцох зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2-т заасны дагуу сарын төлбөр 2024 оны 12 дугаар сараас эхлэн 11,500,000 төгрөг болгож өөрчлөлт оруулсан. Гэрч *******ын мэдүүлгээр “... ******* нь ******* хотхоны 372 айлд хяналт шалгалт хийж, ******* хотхонд орон сууц захиалсан захиалагч өөрийн орон сууцанд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд тухайн хотхоны ажилтныг дуудаж доголдолд хяналт тавих үүрэгтэй. Мөн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, нотлох баримтын хүрээнд хариуцагч орон сууцыг ашиглах явцад эд хөрөнгөд ердийн элэгдлээс давсан хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 67,196,573 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... орон сууц их хүйтэн байсан уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, хамгаалалтын ажилтан байдаггүй, үүний улмаас 2,000,000 төгрөгийн үнэ бүхий дугуй алдагдсан учир ашиглалтын зардал төлөхгүй, ердийн элэгдэл хорогдол тул засварын зардлыг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн 161,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, ХААН банк дахь депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /хх7-10, 84-92, 1-2, 194-197/
3.1. Учир нь, талууд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, хөлслүүлэгч ******* нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ******* орон сууцны хорооллын ******* байрны 7 давхрын ******* хаягт байршилтай 226.23 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 2 автомашины зогсоолын хамт хөлслүүлэх, хөлслөгч ******* гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх7-10/
3.2. Гэрээгээр орон сууцны нэг сарын хөлсийг 10,000,000 төгрөгөөр тогтоож, хөлслөгч хөлсийг 12 сараар төлж, 1 сарын барьцаа байршуулах, мөн ашиглалтын зардлыг хөлслөгч тал хариуцан төлөх, нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн, нэг талын гаргасан саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрч, гэрээний гол нөхцөл болох хөлслөх эд хөрөнгө, хөлсний хэмжээний тухай тохиролцоонд хүрч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
3.3. Орон сууц хөлслөх гэрээ байгуулахад хөлслүүлэгч нь заавал өмчлөгч байх шаардлага хуульд тавигдаагүй. Нэхэмжлэгч ******* гэрээ байгуулах үед хөлслүүлж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй. Гэрээ хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4. Нэхэмжлэгчээс “хариуцагчийн саналыг үндэслэн гэрээний хугацааг сунгаж, хөлсийг 11,500,000 төгрөг болгохоор харилцан тохиролцсон, хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөөгүй нүүсэн байсан” гэж тайлбарлан, 2025 оны 01-03 дугаар сарын орон сууцны хөлс, алданги, ашиглалтын болон засварын зардал гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “... 2025 оны 02 сар хүртэл амьдарсан” гэж тайлбарлан, зохигч маргасан байна.
4.1. Талууд гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээний 5.2-т гэрээний хугацаа дуусах үед аль нэг талаас урьдчилан санал гаргаагүй тохиолдолд гэрээ дахин 1 жилээр сунгагдсанд тооцохоор харилцан тохиролцжээ. /хх7-10/
Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны орон сууцны хөлс төлсөн болох нь зохигчийн тайлбар, ХААН банк дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ. /хх194-197, 84-92/
4.2. Гэрээний 4.5-д хөлслөгч нь гэрээг дуусгавар болсон даруй орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д “хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.
Хариуцагч ******* “хөлслөн авсан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талууд харилцан тохиролцон гэрээний хугацааг сунгасан, хариуцагч гэрээ дуусгавар болоход орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй гэж зөв дүгнэсэн байна.
5. Хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11,500,000 төгрөгийг “******* түрээс” гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгч ******* данс руу шилжүүлсэн байх тул талуудыг орон сууцны хөлсийг сарын 11,500,000 төгрөг болгохоор харилцан тохиролцсон гэж үзнэ. Иймд “орон сууцны хөлс нэмэхийг зөвшөөрөөгүй” гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
Анхан шатны шүүх, хариуцагчийг 2025 оны 02, 03 дугаар сарын орон сууцны хөлсөнд 23,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхдээ нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
6. Зохигчид гэрээгээр 1 сарын барьцаа байршуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн зохицуулалтад хамаарна.
6.1. Хариуцагч нь дэнчинд 10,000,000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд байршуулсан үйл баримтад зохигч маргаангүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 23,000,000 төгрөгөөс дэнчин 10,000,000 төгрөгийг суутган тооцож, үлдэх 13,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Харин дэнчинг барьцаа гэж үзэн, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан дүгнэв.
7. Талууд гэрээний 3.2-т хөлслөгч төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь заасантай нийцжээ. /хх7/
Гэрээний хугацаа 5.2-т зааснаар сунгагдсан тул үүргийн зөрчилтэй холбогдон гэрээний 3.2-т заасан алданги тооцох нөхцөл үйлчилнэ. Иймээс “алдангийн гэрээг бичгээр байгуулаагүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 13,000,000 төгрөгөөс алданги тооцон 6,500,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэхдээ мөн зүйлийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.
8. Хариуцагч нь гэрээний 2.1-д ашиглалтын зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээсэн байна. Шүүх гэрээний тус нөхцөл, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн ашиглалтын зардал нэхэмжилсэн шаардлагаас 3,630,809 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч ******* уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
9. Нэхэмжлэгч нь орон сууцыг муутгасан гэх үндэслэлээр хохиролд 11,815,763 төгрөг хариуцагч *******өөс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “ердийн элэгдэл хорогдол” гэж маргажээ.
9.1. Анхан шатны шүүх тус нэхэмжлэлээс 7,676,178 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээний 4.5, 4.6-т заасныг тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.
9.2. Талууд гэрээний 4.5-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон даруй хөлслөгч нь орон сууцыг хөлслүүлэгчид 4.1-д заасан актын дагуу хүлээн авсан байдлаар аливаа доголдолгүй бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгнө.” гэж, 4.6-д “Хөлслөгч нь өөрийн болон хамт амьдарч буй хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцанд гарсан доголдол хохирлыг хөлслүүлэгчийн өмнө бүрэн хариуцна” гэж тус тус харилцан тохиролцжээ.
Гэрээний 4.5, 4.6-д заасан нөхцөл нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-д заасан “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх”, 289.1.5-д заасан “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” хөлслөгчийн хүлээх үүргийг тодорхойлсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч нь эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.
Анхан шатны шүүх хэргийн 21-24, 27, 29 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт, гэрч *******ын мэдүүлэг зэргийг үндэслэн хариуцагч нь хөлслөн авсан орон сууцны 1 жижиг өрөөний шал болон хаалгыг муутгасан, үүний улмаас нэхэмжлэгч тухайн өрөөний паркетан шал, хаалгыг сольсон гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
10. Гэрч ******* нь хариуцагчтай хамт орон сууцыг очиж үзэж байсан талаар мэдүүлсэн байх тул гэрчийн мэдүүлгийг талуудын маргаанд ач холбогдолгүй гэж үзнэ. Иймээс “гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******өөс хохиролд 7,676,178 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т нийцсэн байна.
11. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШШ2026/00386 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “289 дүгээр зүйлийн 289.1.4-д” гэснийг “288 дугаар зүйлийн 288.2.2” гэж, “232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт” гэсэн нэмэлт өөрчлөлт, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД