Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 40

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч Д.А

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1924000590037 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *оны *дугаар сарын *ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * аймгийн * сумын * багийн * тоот хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-ийн О /регистрийн дугаар: /*/.

Шүүгдэгч Г.О нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 6-9 тоотод байрлах Д.А-ийн хашаан дотроос “Даюун” маркийн 15-70 ЗАЗ улсын дугаартай, улаан шар өнгийн мотоциклыг хулгайлж, Д.А-д 657,100 /зургаан зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 6-9 тоотод байрлах Д.А-ийн хашаан дотроос “Даюун” маркийн 15-70 ЗАЗ улсын дугаартай, улаан шар өнгийн мотоциклыг хулгайлж, иргэн Д.А-д 657,100 /зургаан зуун далан таван мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 30 минутаас 13 цаг 40 минутын хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 6-9 тоотод байх хашааныхаа баруун талд, амбаарын хажууд өөрийн эзэмшлийн Даюун маркийн, 15-70 ЗАЗ улсын дугаартай, улаан шар өнгөтэй мотоциклыг гялгар цаасаар бүтээж тавьчихаад айлд очоод ирэхэд миний мотоцикл алдагдсан байсан. Миний мотоциклын 2 толь нь байхгүй, гэрэл дохио нь бүрэн, улаан шар өнгийн хулдаасан суудлын бүрээстэй, банкны тагны ар хэсэгт хонхойсон, банкны зүүн хэсэгт жолооны гаранд цохигдож хонхойсон байсан. Оын авсан байсан мотоцикл миний алдагдсан мотоцикл мөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 7 дугаар сарын сүүлээр хоног хугацааг нь сайн санахгүй байна. Би айлд үхэр гаргачихаад гэртээ ирсэн чинь О ирээд би нэг мотоцикл зарчихмаар байна гэхээр нь хулгайн мотоцикл биш биз дээ гэсэн чинь үгүй миний өөрийн мотоцикл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө мотоциклоо манай хашаанд байх айлын гадаа тавьчихсан байсан. Тэгээд би нөгөө мотоциклыг нь үзээд худалдаж авахаар болсон. О энэ мотоциклыг 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр зарчихмаар байна гэхээр нь одоо надад мөнгө төгрөг алга, би жимс ногоонд явж байгаад үлдэгдэл мөнгийг нь өгье, эхний ээлжинд 50,000 /тавин мянга/ төгрөг өгчихье гэж хэлээд эхнэр О-ийг О-тай хамт мотоциклоор АТМ рүү явуулж мөнгө авахуулж өгсөн. Би тухайн үед хулгайн мотоцикл гэж мэдээгүй байсан юм. Би 50,000 /тавин мянга/ төгрөгийн хохирлоо барагдуулаад авсан. Одоо надад гомдол,санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29, 30 дугаар хуудас/,

-2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хэсэгт байрлах Д.А-ийн хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, улаан хүрэн өнгийн банзан хашаатай байна. Уг хашааны хаалгаар дотогш ороход хашааны баруун хойд талд байрлах 2 ширхэг модон амбаарын зүүн хойд буланд алдагдсан гэх улаан шаргал өнгийн “Даюун” маркийн 15-70 ЗАЗ улсын дугаартай мотоцикл байсан гэх ба уг газрын шороон хөрсөн дээр бүдэг үзэгдэх мотоциклын дугуйны мөр үүссэн байв... гэрэл зураг авч бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

-2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Мотоцикл байсан гэх хашаан доторх”  гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

-“Улсын дугаар 15-70 ЗАЗ, марк DY150, ангилал, хөдөлгүүрийн багтаамж 150 /А/, даац, суудлын тоо 2, төрөл мотоцикл, зориулалт суудал, ...өнгө улбар шар, ...өмчлөгч  Д  овогтой  А,  хаяг Завхан, Тосонцэнгэл, Хайрхан баг...” гэсэн бичилт бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

-Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн: ““Даюун” маркийн хуучин мотоцикл нь 2019 оны 7 дугаар сарын байдлаар Завхан аймагт дараах үнэтэй байна. Эд зүйлийн нэр, онцлох шинж мотоцикл, тоо ширхэг 1 ширхэг, чанар 2013 оны 4 дүгээр сард Монгол улсад импортлогдож орж ирсэн, БНХАУ-д 2013.03.22-нд үйлдвэрлэгдсэн гэх хуучин, хохирогчийн үнэлгээ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, комиссын үнэлгээ 657,100 /зургаан зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

-2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “...Шинжилгээний үйл явц, үр дүнг үндэслэн 2013 оны “Даюун” маркийн хуучин мотоциклын дундаж үнэлгээг 657,100 /зургаан зуун тавин долоон мянга нэг зуу/ төгрөгөөр тогтоолоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /ХХ-ийн 39 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/28 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

 -Эд мөрийн баримт хураан тэмдэглэл, Д.Гаас хураан авсан мотоциклын гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 21, 22 дугаар хуудас/,

-Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 07 дугаар сүүлээр байсан байх хоног хугацааг нь санахгүй байна, 12 цагийн орчимд намайг гэртээ байж байхад О манай хашаа руу улаан шаргал өнгийн “Даюун” маркийн мотоцикл түрж орж ирээд миний мотоцикл бензингүй болчихлоо, би бензинд яваад ирье гээд манай хашаанд нөгөө мотоциклоо үлдээчихээд явсан. Тэгээд 16 цагийн орчимд Г, түүний эхнэр О нартай хамт манай хашаанд орж ирээд, манай хажууд байсан мотоциклоо түрээд Г-ийн гэр лүү явсан. Удаа ч үгүй байж байтал Г-ийн мотоциклыг О унаад эхнэртэй нь хашаанаас гараад явсан. Тэгээд О, Г хоёр нилээн халамцуу /согтуу/ орж ирээд би энэ мотоциклыг худалдаад авчихлаа түр танай гадаа байж байг, О согтчихоод унаад явчихаж магадгүй гээд нөгөө Даюун маркийн улаан шаргал өнгийн мотоциклыг манай гэрийн хажууд авчирч тавьсан. Би мотоциклыг ямар содон шинж тэмдэгтэй эсэхийг нь ажиглаж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэр мотоцикл улсын дугааргүй байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.О-аас худалдаж авсан гэх Даюун маркийн мотоцикл нь улаан шаргал өнгөтэй байсан. Содон тэмдэг гэх зүйл ажиглагдаагүй. О надад хэлэхдээ бензин нь дуусчихсан гэхээр нь нөгөө мотоциклыг түрээд Б.Ц-ийн гэрийн хажууд тавиад харж  байгаарай гэж хэлсэн. ...Би Г.О-ыг хулгайн мотоцикл биш биз дээ гэж асуухад миний өөрийн мотоцикл байгаа юм гэж хэлэхээр нь итгээд л худалдаж авсан. Уг мотоцикл одоо надад байгаа, би өөрөө мотоциклтой учраас уг мотоциклыг унаж /жолоодож/ хэрэглээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

-Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 7 дугаар сарын сүүлээр манай нөхөр Д.Г- О-аас улаан шаргал өнгийн “Даюун” маркийн мотоцикл 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд эхний ээлжинд 50,000 /тавин мянга/ төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь жимсэнд явж байгаад өгөхөөр тохиролцсон. Би О-тай хамт мотоциклоор явж АТМ-аас 50000 /тавин мянга/ төгрөг авч, түүнд бэлнээр нь өгсөн. О-аас худалдаж авсан “Даюун” маркийн мотоцикл улаан шаргал өнгөтэй байсан. Манай нөхөр Г О-аас энэ чинь хулгайн мотоцикл биш биз дээ гэж асуухад миний өөрийн мотоцикл байгаа юм гэж хэлж байсан, өөр юу ярьсныг би мэдэхгүй....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,

-Яллагдагч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр би халамцуу Ц ахын гудамжаар ороод явж байсан чинь Д.А-ийн хашаан дотор улаан шар өнгийн мотоцикл харагдахаар нь хашаа руу нь ороод нөгөө мотоциклыг хашаанаас түрж гаргаад тэгээд кундакторыг нь салгаад гишгэж асаагаад өөрийнхөө хашаанд нөгөө мотоциклыг авчирч тавьсан. Тэгээд маргааш нь би Г-ынд очих гээд явж байсан чинь гэрийнх нь хажууд очоод мотоциклын бензин дуусаад тэдний хашаа руу мотоциклоо түрж ороод Г-ийн гэрийг түшүүлж тавьчихаад лүүгээ явсан. Тэгээд гэртээ харьчихаад буцаад Г-ийнд ирээд нөгөө мотоциклоо зарна чи авах уу гэсэн чинь тэгье гээд бид хоёр наймаа хийхээр болсон. Би Г-д нөгөө мотоциклоо 300000 төгрөгөөр зарахаар болоод, Г- надад эхний ээлжинд 50,000 төгрөг өгөөд үлдсэнийг нь жимс ногоонд явж байгаад өгөхөөр болсон. Тэгээд би Г-ийн эхнэр О-тэй хамт АТМ ороод надад картнаасаа 50,000 төгрөг авч өгөөд би буцаад тэднийд очиж Г-тай хамт архи уусан, би тэгээд л тасарчихсан байсан. Уг мотоцикл улаан шар өнгөтэй, “Даюун” маркийн хуучин мотоцикп байсан. Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Г.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Г.О-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.О-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.О-ыг бусдын эд хөрөнгийг хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Г.О-ын  гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Г.О нь хохирогч Д.А, иргэний нэхэмжлэгч Д.Г-нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Г-ийн Оыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Г.О-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

7.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН