Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ХШТ/53

 

Н.Н, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 271 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар магадлалтай, Н.Н, Б.Ц нарт холбогдох 2419002690305 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, ам бүл 5, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Н

2.Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, ам бүл 5, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ц

Шүүгдэгч Н.Н, Б.Ц нар бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх дэл” гэх газар тоёота приус-10 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр, “Gold Monster 1000” загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, шүүгдэгч Н.Н-ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар “Gold Monster 1000” загварын ... металл хайгч болон тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз, зээтүү, малтуур зэргийг устгахаар зааж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...2 жил 6 сар” гэснийг “...3 жил...” гэж, тогтоох хэсгийн 6, 7 дугаар заалтыг “... Gold Monster 1000 загварын ... металл хайгч, хүрз, зээтүү, малтуур зэргийг Н.Н-т, ..... улсын дугаартай тоёота приус 10 загварын тээврийн хэрэгслийг Ц.Ц-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Магадлалыг хүлээн авч танилцаад, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг улсын хэмжээнд хэрхэн хянан шийдвэрлэх талаарх хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд газрын хэвлий, байгалийн баялагт хууль бусаар халдахыг хориглон, төрийн хамгаалалтад авсан зохицуулалт билээ. Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийт ард түмний эрх ашигт халдан, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг гэмт хэрэг юм. Иймээс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү үйлдлийг таслан зогсоож, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, Үндсэн хуульд заасан ард түмний эрх ашгийг хамгаалахаар Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох гэмт хэргийг хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон тул энэхүү гэмт хэргийг хэрхэн ойлгож, хянан шийдвэрлэх, хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэл бүрд хариуцлага тооцон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгосноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чиглэсэн хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.

Тус эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Ц.Б, сэжигтэн Н.Н нарын мэдүүлэг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Н.Н, Б.Ц нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход шууд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийсэн буюу Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Хөх дэл” гэх газрыг зорьж ирсэн боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчид хууль бус үйлдлийг таслан зогсоосны улмаас, тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаар гэмт хэрэг төгсөөгүй тул тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолтыг завдсан гэж үзнэ.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэсэн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт завдах нь объектив шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын объектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэсэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой.

Шүүгдэгч нар металл хайгч, газрын хэвлийд халдахад шаардлагатай эд зүйлсийг цуглуулан, тээврийн хэрэгсэлд ачиж Өмнөговь аймгаас гарснаар гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь төгссөн бөгөөд зорьсон газраа хүрснээр гэмт үйлдлээ төгсгөх буюу газрын хэвлийд халдахад боломжтой нөхцөл байдал үүсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой аюул занал бий болсон байна.

Шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Б.Ц нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой тогтоогоогүй, ямар үйлдэлд хэрхэн яаж оролцсон нь тодорхойгүй... гэр бүлийн гишүүний хувьд хоол хүнс хийх зорилгоор дэмжлэг үзүүлэхээр хамт явсан нь түүнийг Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна”, магадлалд “... Ц газар үзэхээр хамт явсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн болон тэдгээрийг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүйн дээр шүүх шүүгдэгч нарын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь буруу юм. Шүүгдэгч Н.Н, Б.Ц нар Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Хөх дэл” гэх газраас алт олборлох зорилгыг өмнөө тавьж, урьдчилан үгсэн тохиролцож, тодорхой үр дагавар бий болгохоор үйлдлээрээ нэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан сэжигтэн Н.Н-ын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Мөн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Н.Н-ын унаж явсан иргэн Ц.Ц-ын өмчлөлийн ... тээврийн хэрэгслийн үнэлгээг ... 4,500,000 төгрөгөөр үнэлсэн, шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх боловч, ... тус тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, эдэлсэн хугацаа, бусдаас дамжуулан худалдсан байдал зэргийг харгалзан уг тээврийн хэрэгслийн үнэлгээг 2,000,000 төгрөгөөр тогтоон үнийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв...”, давж заалдах шатны шүүхийн магадлалд “... гэрчилгээнд заасны дагуу уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Ц-д олгох...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулахаар зохицуулсан. Хавтаст хэргийн 30-33 дахь талд ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт авагдсан байхад шүүх тус дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголгүй, хуулиар олгогдоогүй үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнэлгээг 2,000,000 төгрөгөөр тогтоож үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасан бөгөөд Н.Н, Б.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан металл хайгч, хүрз, зээтүү, малтуур тус бүр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж...” гэсэн боловч хэргийн оролцогч нарт гардуулж өгсөн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Gold Monster 1000 загварын ... металл хайгч 1 ширхэг болон Ц.Ц-ын өмчлөлийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж зөрүүтэй бичигдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Үүнийг давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэгт бэлтгэх үйлдэлд техник хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ц.Ц-д буцаан олгохоор шийдвэрлэж анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг дүгнэлгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Гэхдээ, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар өөр байр суурьтай дүгнэлт гаргана.

1.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Б.Ц-г гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Н-ын үйлдэл бэлтгэх шатандаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах буюу байгалиас гаргаж авч байгаа үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсөхөөр хуульчилжээ. Энэхүү хэргийн хувьд шүүгдэгч  нар гар аргаар алт олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, алт илрүүлэгч төхөөрөмж, алт ухаж гаргах хүрз, зээтүү, малтуур зэрэг шаардлагатай багаж хэрэгсэл болон хэрэглэх хүнсээ базаагаад тээврийн хэрэгслээр алт гарсан гэх газарт очихоор хөдөлсөн ба энэ үеэс гэмт хэрэгт бэлтгэх үе шат дууссан гэж үзэж байна. Улмаар тээврийн хэрэгсэлтэй явсаар алт гарсан гэх газарт ирээд, алт хайх гэж байгаад цагдаа нарт баригдаж үйлдэл нь тасалдсан. Тийм учраас хэргийн газарт ирж, алт хайх гэж байгаа үйлдлийг прокуророос гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийж эхэлсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, төгсөөгүй завдалтаар гэмт хэрэг тасалдсан гэж дүгнэж байна. Хэрэв гэмт хэрэг бэлтгэл үе шатанд тасалдсан гэж үзвэл, дарааллын дагуу дараа нь хийгдэх эрэл хайгуул хийх, олборлох үйлдэл нь гэмт хэргийг төгсгөж байх тул завдалтгүй гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Мөн цагаатгагдсан этгээд Б.Ц нь авч яваа хүнсний зүйлсээр хоол хийж, Н.Н-ыг алт хайх, олборлох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, туслахаар хамт явж байсан нөхцөл байдал, үйл баримт хэрэгт тогтоогдсон тул хамжигчийн оролцоотой гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

2.Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдгийг тодорхойлохдоо “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан. Хуулийн уг тодорхойлолтоос үзэхэд, зөвхөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болон ашиглахаар завдсан техник, хэрэгслийн хүрээнд авч үзэж, бэлтгэх шатанд хамаарахгүй гэж ойлгогдож байна. Хэрэв гэмт хэргийн бэлтгэх үе шатанд хамаарах байсан бол хууль тогтоогчоос “ашиглахаар бэлтгэсэн” гэж нэмж, тухайн зүйл, хэсэгт тусгах байсан.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдахад ашигласан металл илрүүлэгч төхөөрөмжийг хурааж, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Н.Н-аас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,500,000 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад “тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн болон эдэлсэн хугацаа, дамжуулан худалдсан байдал” зэргийг харгалзан 2,000,000 төгрөг болгон үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулсан болно. Харин давж заалдах шатны шүүх гэмт хэрэг бэлтгэх үе шатанд тасалдсан буюу гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаагүй гэж үзэж, хураагдсан эд зүйлсийг буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахгүй хэмээн үзсэн. Хэрэв уг гэмт хэрэг бэлтгэх биш, завдалтаар төгссөн бол шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тээврийн хэрэгслийн үнийг буруутай этгээдүүдээс гаргуулж, металл илрүүлэгчийг хурааж, тус тус улсын орлогод оруулах нь зөв байсан. Харин уг гэмт хэрэг завдалт биш, бэлтгэхээр төгссөн гэж үзвэл хураахгүйгээр шийдвэрлэхээр байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар бэлтгэсэн техник, хэрэгслийг хурааж улсын орлого болгох эсэх асуудал нь эргэлзээтэй байгаа учраас хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч Ж.Чимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг сонслоо. Автомашины үнийг үндэслэлгүйгээр багасгасан гэж байна. Ер нь бол үнэлгээ гаргахдаа автомашиныг биечлэн үзээгүй, орж ирсэн оноор гаргасан. Автомашины үнэлгээг гаргахдаа эдэлгээ, эвдрэлийг тооцож гаргах ёстой. Приус 20 маркийн автомашин нь Монгол Улсын хэмжээнд хөдөө малчдын хэрэгцээнд хэрэглэгдэж байгаа. Энэ автомашины үнийг бууруулж шийдвэрлэсэн нь зөв юм. Миний үйлчлүүлэгч амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, хоёр өвчтэй хүнийг сахидаг. Шүүгдэгч Б.Ц нь гэрээс гарахгүй, байнга өвчтэй хүн асардаг учраас агаарт гарч, газар үзэх зорилгоор хамт явсан болохоос алт олборлох санаа зорилготой байгаагүй. Нөхөр нь хүнд өвчтэй учир хоол, цайг нь хийж өгөхөөр явсан гэж мэдүүлдэг. Прокурорын эсэргүүцэлд баталгаа гаргаж өгсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж дурдаад байна. Энэ алтны хэрэгт холбоотой бүх хүмүүс ийм зүйлийг бичиж өгсөн. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад хүмүүст халдааж болохгүй гэж заасны дагуу газар үзэх гэж явсан Б.Ц-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй байх нь хууль хэрэглээний хувьд зөв юм. Хууль шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Алт гарсан гэх газарт 570, 200 маркийн автомашинтай олон хүмүүс байсан. Нийт 40 гаруй хүмүүс Дорноговь аймагт саатуулагдсан атал тэр машинтай хүмүүст эрүүгийн хэрэг үүсээгүй. Манай хүмүүсийг алт ухсан гэж шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Сая анхан шатны шүүхээр 5 хүний хоёр хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт үйлдэхээр бэлтгэсэн гэж үзээд, 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй шийдвэр гарсан байхад прокуророос эсэргүүцэл бичээгүй. Үүнээс харахад хэнд нь хууль үйлчлээд, миний үйлчлүүлэгч нарт яагаад ялгавартай хандаж байна вэ? Энэ байдлаас болоод иргэдийн шүүхэд итгэх итгэл алдагдаж байна. Эдний дүү Б.З, Н.Б нар хамт явсан байхад дөрвөн хүнд холбогдох хэргийг тусад нь шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Н, Б.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Прокуророос Н.Н, Б.Ц нарыг бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тоёота приус 10 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Gold Monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур ашиглан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “Хөх дэл” гэх газар гар аргаар алт  олборлохоор очсон боловч цагдаагийн байгууллага үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Н.Н-ын дээрх үйлдлийг бодитой тогтоож, хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан бус уг гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт, шийдлийг гаргахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэгт бэлтгэх нь санаатай гэмт хэрэг үйлдэх эхний үе шат бөгөөд гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдэх дараагийн үед шат болох завдалт нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой халдлага, довтолгоон хийж эхэлсэн боловч өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгох нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив талын шинж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.

4.Шүүгдэгч Н.Н нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “Хөх дэл” гэх газар гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник, хүрз, зээтүү, малтуур зэрэг хэрэгслийг урьдчилан зэхэж, өөрийн тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж, “Алт гарч байгаа” гэх газрыг асууж сураглаж яваад цагдаагийн байгууллагад саатуулагдсан, газрын гадаргуу, түүний хэвлийд халдах оролдлого хийгээгүй байх тул уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт бэлтгэх шатандаа таслан зогсоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Шүүгдэгч Б.Ц-гийн хувьд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэр бүлийн хүн болох Н.Н-ын үйлдэлд хэрхэн хамтран оролцсон нь тогтоогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцсэн байна.

Иймд “Н.Н-ын үйлдэл гэмт хэрэгт завдсан шинжтэй, Б.Ц хамтран оролцсон байхад хоёр шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.Шүүгдэгч Н.Н-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжээр торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн цалин орлогогүй, ажил эрхэлдэггүй, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолд өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

7.Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хуулийн жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэгт ашиглахыг завдсан техник хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болов.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураахын зэрэгцээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан нь аливаа гэмт хэргээс хэн ч ашиг хүртэх ёсгүй гэсэн агуулга, үзэл санааг илэрхийлж байна.   

Гэтэл давж заалдах шатны шүүх “... ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ...” гэдгийг зөвхөн гэмт хэрэгт завдахдаа ашигласан техник, хэрэгсэл мэтээр явцуу хүрээнд тайлбарлажээ.   

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлохдоо бэлтгэх, завдах, төгс үйлдэх бүх үе шатыг хамааруулан хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзвэл гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник, хэрэгсэл гэдэгт төгсөөгүй гэмт хэрэгт бэлтгэх, завдахад ашигласан техник, хэрэгсэл гэж ойлговол зохино.

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Н.Н-ын гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн металл хайгч “Gold Monster 1000” загварын багаж, хүрз, зээтүү, малтуур зэргийг буцаан олгохоор заасан магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

8.Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд газрын хэвлийг хөндөн хөрсийг хуулж, зөөвөрлөх үйлдлүүд багтдаг бөгөөд зонхилон уул уурхайн чиглэлийн ажилд зориулагдсан тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг ашигладаг.

Шүүгдэгч Н.Н тоёота приус 10 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтыг хэвээр үлдээхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Gold monster 1000 загварын металл хайгч, хүрз, зээтүү, малтуур зэргийг өмчлөгч Н.Н-т буцаан олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

Д.БАТБААТАР

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ