Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0472

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А-д холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 421 дугаартай шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0059282 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шийдвэрийг эс зөвшөөрч

давж заалдах гомдолдоо: “...1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-

д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 12.1.10-д “хууль ёсны ашиг, сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэхийг хориглосон байдаг. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд хэрэглэгчид сандарч хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн.

Үүнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А, улсын байцаагч Ш.З нар Баянгол дүүрэгт байрлах И худалдааны төв, Оргил худалдааны төв, Дүүхээ захуудаар явж хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн талаар шалгалт хийхэд И дэлгүүрт үхрийн мах ангиллаасаа хамааран кг нь 13300-18300 төгрөг байсан. Гэтэл иргэд, хэрэглэгчид сандарч хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцөлж, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс "С” ХХК-ийн И худалдааны төв нь хонины махыг кг тутамд нь 1200-1350 төгрөг, үхрийн махыг кг тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр нэмж махны үнийг 20900 төгрөгт хүргэж хэрэглэгчдийг хохироосон талаарх хэрэглэгчийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд хандаж мэдээллэсэн.

Хэрэглэгчдийг хохироосон баримт нь зөрчлийн хэрэгт хавсаргасан фэйсбүүк цахим хуудасны хэрэглэгч иргэн Orgil Oogii-гийн нийтлэл НӨАТ-ын баримт, TV4 телевизийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шууд нэвтрүүлэг. "С" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ж-ийн гарын үсэгтэй 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/448 тоот "С” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргаж өгсөн 2020 оны 3 дугаар сарын 10, 13-ны өдрийн барааны үнийн өөрчлөлтийн хуудас зэргээр тогтоогдсон. ...Хяналт шалгалтаар "С” ХХК нь өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх" гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн байх тул …тухайн аж ахуй эрхлэгчид 20,000 нэгжийн торгууль ногдуулсан.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-т заасныг үндэслэн "С” ХХК-д ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлд "Хуулийн этгээдийн эрх үүрэг, 34.2-т “ Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ", 34.2.9-т " rамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх" гэж, Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт " Гамшиг , аюулт үзэгдэл , халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ" гэж, өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10.д "хууль ёсны ашиг, сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх" гэж тус тус заасан байна.

Тухайн зөрчил нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч шалгах, цагдаа шалгах гэсэн 3 газар харьяалалтай зөрчил байх ба д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид харьяалуулсан харьяаллын дагуу "С” ХХК-д шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид харьяалуулсан харьяаллын дагуу шийтгэл оногдуулсан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, Гамшгийн улсын байцаагчаар шалгуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

Гомдол гаргагч “С” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20.000.000 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр энэхүү “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаар шийдвэрээр Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М-аас ““С” ХХК-д оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын үндэслэлийг хангаж, шийтгэлийг хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн гэдэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 460 дугаар магадлалаар тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А-аас “С” ХХК-ийн И худалдааны төвд “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” гэх зөрчлийг шалгаж, “С” ХХК-ийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0059282 дугаар шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёр тусдаа шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн, тухайлбал, нэг шийтгэлийн хуудасны оролцогч нар маргаж, талуудын маргаж буй үйл баримт, нотлох баримт адил байхад хоёр тусдаа шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, ...хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүх дээрх хэрэг маргааныг нэгтгэн шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж  үзэх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг нэгтгэн шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, нэг мөр, давхардалгүй, бүрэн дүүрэн, хэргийн оролцогчдод чирэгдэлгүйгээр, тэдний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох оролцоог хангахад чиглэгддэг.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэг шийтгэлийн хуудсыг хоёр тусдаа шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн нь дээр дурдсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцээгүй байна.

Түүнчлэн нэг шийтгэлийн хуудас болон адил үйл баримтад холбогдуулан хоёр тусдаа шүүхийн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасны дагуу нэг захиргааны актад маргаж байгаа нөхцөл байдлыг хариуцагчаас тайлбар, тодруулга авах замаар тодруулах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ