Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1725

 

                                                    

 

 

 

 

 

 

 

Н.Нарансүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/04782 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Нарансүрэнгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Барилгын политехникийн коллежид холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 997 135 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Нарансүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Өлзийбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2 шатны шүүхийн шийдвэрээр Барилгын политехник коллежийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоогдсон. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргах хугацаа хэтэрч гомдол гаргах эрхгүй болж шүүх ажиллагаа зогссон. Иймд 7 дугаар сард 1 267 795 төгрөгийн цалингаас амралтын мөнгө 933 566 төгрөгийг хасаад 334 299 төгрөг, 8 дугаар сард 2 710 918 төгрөгөөс удаан жилийн тэтгэмж 2 433 828 төгрөгийг хасаад 277 090 төгрөг, 9 дүгээр  сард 608 457 төгрөг нийт гурван сарын цалин 1 219 776 төгрөг, 7 дугаар сард ажлын арван өдөр 8 сард ажлын 6 өдөр, 9 сард ажлын 0 өдөр нийт гурван сарын ажлын 11 хоног, 9 сард ажлын 22 хоног, 10 сард ажлын 22 хоног, 11 сард ажлын  21 хоног, 12 сард ажлын 22 хоног, 2016 оны 1 сард ажлын 20 хоног, 2 сард ажлын 18 хоног, 3 сард ажлын 22 хоног, 4 сард ажлын 21 хоног нийт ажлын 166 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт нэг өдрийн 76 236 төгрөг 180 хоног нийт 13 722 480 төгрөг болж байна. Үүнээс шүүхийн шийдвэрийн 764 832 төгрөг хасаад 12 957 648 төгрөгийг гаргуулан холбогдох суутгал, нийгмийн даатгалыг шимтгэл 12 957 648 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 1 110 188 төгрөг нийт суутгал 2 405 953 төгрөгийг хасаад гарт олгох 10 551 695 төгрөгөөс 2 сарын гэнэт халагдсаны тэтгэмж 1 554 560 төгөргийг хасаад 8 997 135 төгрөгийг гарт авах нь зүйтэй гэж тооцож байна. Үүн дээр нийгмийн даатгалын нөхөн олговорыг нэмээд нийт 10 795 672 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нарансүрэн нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07177 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 277  дугаартай магадлалаар  ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацаа 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 2 319 392 төгрөг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар  гомдол гаргаагүй тул дээрх  шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  Барилгын политехник коллежийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу 2 сарын тэтгэмж болох 1 554 560 төгрөг магадлалын дагуу 764 832 төгрөг тус тус Н.Нарансүрэнд олгосон. Өөрөөр хэлбэл шийдвэр, магадлалыг бүрэн биелүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 нэхэмжлэлд дурдсан үйл баримт  зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр  байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан. Н.Нарансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зарим хэсэг буюу 2015 оны 8 дугаар сарын14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 764 832 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Н.Нарансүрэнг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Барилгын политехник коллежийн  захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Нарандалайгийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “ажилд томилох тухай” Б/033 дугаартай тушаал гарч ажилдаа эргэн орсон. Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Н.Нарансүрэнг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгоно. Ажилгүй байсан хугацаа нь 2015 оны 11 дүгээр сард ажлын 9 хоног, 12 дугаар сард ажлын 22 хоног, 2016 оны 1 дүгээр сард 20 хоног, 2 дугаар сард 18 хоног, 3 дугаар сард 22 хоног, 4 дүгээр сард 21 хоног буюу нийт 122 хоног болж байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлалд дүгнэгдсэнээр Н.Нарансүрэнгийн нэг өдрийн цалин хөлс нь 34,617 төгрөг байх ба ажилгүй байсан 112 хоногт үржүүлэхэд 3 877 104 төгрөг болж байна. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 10 хувийн шимтгэл болох 387 711 төгрөг, Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийн татвар болох 387 711 төгрөгийг тус тус хасч  тооцоход 3 101 682 төгрөгийг Н.Нарансүрэнд олгох боломжтой байна. Иймд Н.Нарансүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг шаарлагаас ажилгүй байсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3 101 682  төгрөгийг олгохыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Барилгын политехникийн коллежоос 5 281 168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нарансүрэнд олгож, нэхэмжлэийн шаарлагаас үлдэх 3 715 967 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нарансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 99 449 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д "ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно" гэсний дагуу шүүх тооцох ёстой. Хэрэв ажилтан дундаж цалин тогтоох сүүлийн 3 сард өвчтэй, чөлөөтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол  тухайн хугацаанд авсан цалин, хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тогтоох замаар тодорхойлж болно. Энэ зөвлөмжийг баримтлан дундаж цалин хөлсийг тооцно гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр буюу ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэл нийт 113 хоногт тооцож, 5 281 168 төгрөг болж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Би 7 дугаар capд бүтэн ажиллаагүй 10 хоног ажилласан байгаа. Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасныг зөрчиж сүүлийн бүтэн ажилласан хугацаагаар тооцсон. Ажилтны цалин хөлсний цэсэнд сүүлийн 3 cap нь 6, 7, 8 саруудыг авч үзнэ. Ажилтны цалин хөлсний цэсэнд 9 дүгээр сарын балансын шагнал нь 7 дугаар сард авах байсан урамшуулал бөгөөд төсөвт зардал хүрэхгүй байна гэж 9 дүгээр сард олгосон 7 дугаар сарын цалин хөлс юм. Хэрэв балансын шагналыг 9 дүгээр сарын цалин, хөлс гэж тооцвол тухайн ажилтаны сүүлийн cap нь 9 дүгээр cap болж тооцогдоно. Ажилтны цалин хөлсний цэсэнд 8 дугаар сарын илүү цагийн хөлс 86 102 төгрөг нь 7 дугаар сарын илүү цагийн хөлс бөгөөд төсөвт зардал хүрэхгүй тул мөн хойшлуулан 8 дугаар сард тооцож өгсөн цалин хөлс болно. Нэхэмжлэгчийн 6 дугаар сарын цалин 1 276 914 төгрөг 21 хоног, 7 дугаар сарын цалин 1 028 788 төгрөг 10 хоног, 8 дугаар сарын цалин 190 988 төгрөг 6 хоног нийт 3 сарын цалингийн нийлбэр нь 2 498 890 төгрөг, ажилласан 37 хоног нийт 113 хоногийг 1 өдрийн цалин 67 537 төгрөгөөр тооцоход 7 631 745 төгрөгийн нөхөн олговор авах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгч Н.Нарансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөрүүтэй. Би улсын тэмдэгтийн хураамжид 158 900 төгрөг төлж төлж баримтаа шүүхэд гаргаж өгсөн болно. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 281 168 төгрөг”  гэснийг “7 631 745 төгрөг”  болгож,  2 дахь заалтын “70 200 төгрөг” гэснийг “158 900 төгрөг” болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт дээр шүүх дахин дүгнэлт гаргаж хэт нэг талд үйлчилж цалин хөлсийг өндөрөөр бодсон. Н.Нарансүрэнг 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөр ажлаас чөлөөлсөн болох нь бүрэн тогтоогдож байна. Нэхэмжлэгч Н.Нарансүрэнгийн нэг өдрийн цалин 34 617,80 мөнгө болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байхад шүүх 46 739 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны 113 хоногийг нэг өдрийн цалин 34 617,80 төгрөгөөр тооцоод 3 911 811 төгрөгөөр нэхэмжлэлийг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Н.Нарансүрэн нь хариуцагч Барилгын политехникийн коллежид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8 997 135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07177 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар магадлалаар Н.Нарансүрэнг Барилгын политехникийн коллежийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 764 832 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн байна. /хэргийн 6-11 дүгээр тал/             

           

            Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч Барилгын политехникийн коллеж биелүүлж, захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/033 дугаар тушаалаар  Н.Нарансүрэнг төлөвлөлт, стастик мэдээ хариуцсан ажилтны албан тушаалд томилжээ. /хх-ийн 15 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Нарансүрэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв бөгөөд талууд ажилгүй байсан хугацаа 113 хоног байгаа үйл баримтад маргаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх ажилтан Н.Нарансүрэнгийн 1 хоногийн цалинг 2015 оны 5, 6, 7 дугаар сарын дунджаар тооцсон нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон … үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07177 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.Нарансүрэнгийн 1 хоногийн цалин 34 617 төгрөг болох нь тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч Н.Нарансүрэнгийн ажилгүй байсан хугацааны 1 хоногийн цалинг 34 617 төгрөгөөр 113 хоногт тооцож бодоход 3 911 721 төгрөг болж байх тул хариуцагч Барилгын политехникийн коллежоос уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нарансүрэнд олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 102/ШШ2016/04782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “… 5 281 168 төгрөг …” гэснийг “3 911 721 төгрөг” гэж, “… 3 715 967 төгрөг …” гэснийг “5 085 414 төгрөг” гэж,

2 дахь заалтын “… 99 449 төгрөг …” гэснийг “77 537 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 52 560 төгрөг, хариуцагчаас төлсөн 35 860 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ