Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 535

 

 

                                                                         

 

 

 

 

 

 

 

 Ч.Отгонбаярт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Оюунгэрэл,

ялтан Ч.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батжаргал, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625031889 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бааван овогт Чойжамцын Отгонбаяр, 1964 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 279 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: СЮ64041075/,  

Ч.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 83А тоотод Л.Болдбаатартай архинаас болж маргалдан, улмаар түүний зүүн нүдний доод хэсэгт хайчаар хатгаж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ч.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ч.Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Отгонбаярын эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Отгонбаярын цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонбаяраас 2.846.380 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонтуяад олгож, нэхэмжлэлээс 30.152.700 төгрөгийг хангахгүй орхиж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонтуяад 2.846.380 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд эрүүл мэндийн хувьд даралт өндөртэй, зүрх, ходоод, элэг, бөөр, нойр булчирхай муу, цөсний чулуутай цаашид хагалгаанд орох, эмчийн хяналтанд байх шаардлагатай байгааг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Ялтан Ч.Отгонбаярын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Ч.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулсан. Ял оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж нотлох баримт болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Үүнд Ч.Отгонбаярын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч Ганпүрэв, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонтуяа, гэрч Цолмонбаатарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн акт, хэргийн газрын үзлэг, тэмдэглэл зэрэгт дүгнэлт хийгээд Ч.Отгонбаярыг Л.Болдбаатарын амь насыг санаатайгаар алсан гэсэн үндэслэлээр ял шийтгэл оногдуулсан. Ийм учраас би дээрх нотлох баримтаар Ч.Отгонбаяр санаатайгаар хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт болох үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Отгонбаяр нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх эмнэлгийн 2017 оны 1809 тоот актад зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны доод хэсэг, доод зовхины цус хуралт гэж бичсэн. Шинжээч эмч Болормаа урьдчилсан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “би Л.Болдбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн. Ингэхэд дээрх үхэлд хүргэсэн гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүүн нүдний доод хэсгээр урдаас арагш доороос дээш гэсэн чиглэлтэйгээр 9 см хэртэй гэмтэл учирсан гэж үзэж байна. Энэ гэмтэл нь доороосоо байгаа нь санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэл муу байна. Яагаад гэвэл Ч.Отгонбаяр талийгаачаас өндөр. Тэгвэл доороосоо гэдэг нь сууж байгаад хатгасан юм уу эсхүл амь хохирогчийн юман дээр зогсож байхад доороос нь хатгасан байх. Ийм учраас санаатайгаар ийм гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Шүүх эмнэлгийн актад амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан гэдэг. Тэгэхээр хүнд зэргийн согтолттой хүнтэй хүн маргах, нэгнийгээ алах нь хууль зүйн хувьд байхгүй гэж бодож байна. Ийм учраас амь хохирогчид учирсан гэмтэл нь болгоомжгүй, хайхрамжгүйгээр амь насыг нь хохироосон гэж үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг өөрчлөөд шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэдэг зүйл ангиар өөрчлөн, хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан доод хэмжээний ялын 2/3-с дээшгүй хорих ялыг тэнсэж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээний 8 жилийн хорих ялын 3-ны 2-оос хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Отгонбаярын давж заалдах гомдолд ял эдлүүлэх дэглэмийг өөрчилж, жирийн дэглэмтэй болгож өгнө үү гэсэн байсан. 2002 оны Эрүүгийн хуульд хүнийг санаатай алсан гэмт хэрэг нь 10-15 жилийн ялтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ч.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг энэ зүйл ангиар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгэгдсэн хоригдлыг ялыг эдлүүлэхээр заасан. Болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Санаатайгаар хурц иртэй хайч бариад хүнийг хатгаж байгаа нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Мөн Ч.Отгонбаярын “бид маргалдаад амь хохирогчийг пизда минь гээд уурлаад босоод ирэхээр айгаад лангуун доор байсан хайчийг аваад хатгасан” мэтээр мэдүүлсэн мэдүүлэг байгаа учраас үүнийг санаатай үйлдэл гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Ч.Отгонбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6 дугаар гудамжны 83А тоотод Л.Болдбаатартай архинаас болж маргалдан, улмаар түүний зүүн нүдний доод хэсэгт хайчаар хатгаж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонтуяагийн “...Лувсандоржийн Болдбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс наймуулаа. Хамгийн том эгч Тунгалаг Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Дараагийн эгч Туяа Улаанбаатар хотод тэтгэвэрт байдаг. Дараагийн эгч Оюунтунгалаг Дорноговь аймаг Сайхандулаан суманд амьдарч байгаа. Батбаатар Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд амьдарч байгаа. Ингээд би, түүний дараа дүү Одгэрэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байгаа. Түүний дараа талийгаач байгаа юм. Манай талийгаач хамгийн бага нь байсан. Талийгаач Л.Болдбаатар нь 1975 оны 11 сарын 15-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн. Бага насаа цэцэрлэгт хүмүүжиж, Сэлэнгэ аймгийн 1-р арван жилийн сургуулийг 1983 оноос 1993 онд сурч бүрэн дунд боловсролтой болсон ба Дорноговь аймаг Зүүн баянд цэргийн алба нэг жилийн хугацаатай хаасан. Түүнээс хойш Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зочид буудал, зоогийн газрын менежмент гэсэн ангийг төгссөн. Гэхдээ он сарыг нь санахгүй байна. Сургууль төгссөн цагаасаа хойш энэ тэнд тогоочоор ажиллаж байсан. Талийгаач нь албан ёсоор хүнтэй гэр бүл болж байгаагүй. Дотны найз нөхөд гэх хүмүүс байдаг. Миний дүү олон эгч нартай болохоор зөөлөн дөлгөөхөн сайхан ааштай, хүнтэй нөхөрсөг харьцдаг. Манай дүү амьдралдаа зодоон хийж байгаагүй. Биеийн хувьд жижиг биетэй болохоор хүнтэй маргалдаж байгаагүй. Манай дүү ах Батбаатарыг байнга л харж хандаж, туслан, дэмжиж, асран хамгаалж байсан. Манай ах маш хүнд өвчин тусаад байгаа юм...” /хх-207-208-I/,

            гэрч Ю.Цолмонбаатарын “...Би тэр өдрийг санаж байна. Тэр өдөр би ахмад Мишигбаатарын хамт “Хайрхан-114” чиглэлд үүрэг гүйцэтгэхээр 09 цагт ирэх үед урд шөнө нь хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан байсан ба сэжигтэн Отгонбаяр гэх залууг эрэн сурвалжилж байгаа гэдгийг мэдсэн. Ингээд ахмад Мишигбаатар бид хоёрын хариуцсан нутаг дэвсгэр байсан болохоор машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Отгонбаяр нь саарал өнгийн “Соната-5” загварын машинтай ирээд ажиллуулж байсан “Намагт” дэлгүүрээс өөрийн гэсэн эд зүйлээ зөөж эхэлсэн. Ингээд Мишигбаатарын хамт очиж барьж аваад биед нь үзлэг хийгээд баривчлан хэлтэс рүү хүргэж өгсөн. Хэлтэс рүү явж байх үед Отгонбаяр нь машин дотор нөгөө хүн амьд уу гэж байн байн асуугаад байхад нь “амьд байгаа байх аа” гэж хэлээд санааг нь амраасан. Тэр үед “ёох” гэж санаа алдаад “ашгүй ашгүй” гэж хэлсэн. Энэ үед нь би “та хоёр юунаас болж муудалцсан юм бэ” гэж асуухад “бид хоёр архи их, бага уулаа гэж муудалцаж зодолдсон” гэж хэлсэн. Ингээд хэлтэс дээр ирж хүлээлгэн өгсөн...” /хх-34-35-II/,

            шинжээч эмч О.Болороогийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахмад Батсүрэнгийн шинжээч томилсон тогтоолоор Л.Болдбаатарын цогцост задлан шинжилгээ хийсэн. Цогцост задлан шинжилгээгээр зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны доод хэсэг, зүүн нүдний ухархайн арын хаыг гэмтээж, суурь ясны их, бага далавчны уулзвар, хэсгээр гавлын хөндийд нэвтэрч нүүрний зүүн хэсгийг гэмтээсэн шарх, баруун, зүүн дух, чамархай, зулай, дагз 2 хажуугийн дээд хэсэг, суурь хэсэг, бага тархины орой, суурийн хэсгийн тархмал аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн нүдний дээд зовхины шарх, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдсон, 0/1 дүгээр бүлгийн харьяаллын цустай, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Дээрх гавал тархины гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан даруйдаа үйлдэл хөдөлгөөн хийх боломж багатай. Уг гэмтэл учраад богино хугацаанд үхэлд хүргэх аюултай. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлээр талийгаачийн зүүн нүдний доод хэсгээр урдаас арагш, доороос дээш гэсэн чиглэлтэй 9 см-ээс багагүй зүйлээр хатгах, /цохих/ үйлчлэлээр үүсгэсэн байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амьд гарах боломжгүй байна. Уг гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна...” /хх-79-80-I/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №1809 тоот акт, дүгнэлтэд “...1. Талийгаачийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимны доод хэсэг, зүүн нүдний ухархайн арын ханыг гэмтээж, суурь ясны их, бага далавчны уулзвар хэсгээр гавлын хөндийд нэвтэрч, нүүрний зүүн хэсгийг гэмтээсэн шарх, баруун, зүүн дух, чамархай, зулай, дагз, 2 хажуугийн дээд хэсэг, суурь хэсэг, бага тархины орой, суурийн хэсгийн тархмал аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, зүүн нүдний дээд зовхины шарх, дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гавал тархины гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна. 5. Талийгаачийн цогцост 2016.10.02-ны 12 цагт үзлэг хийхэд ойролцоогоор нас бараад 8-10 цаг болсон байна. 6. Талийгаач нь О /I/ бүлгийн харьяалалтай цустай байна. 7. Талийгаачийн шулуун гэдэс, бэлэг эрхтэн орчимд эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. 8. Талийгаачийн бэлэг эрхтэн, шулуун гэдэс орчимд шинэ гэмтэл үгүй байна. 9. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 10. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна...” /хх-72-74-I/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн №06/454 тоот дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дугаартай 11 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцэж буй 9, 10, 11 дугаартай гарын мөр нь MN000510015961 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн MN000510020723 дугаараар бүртгэгдсэн сэжигтэн Чойжамц овогтой Отгонбаярын баруун гарын эрхий болон зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон дараах хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. 3. 8 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр болон дардсуудтай харьцуулахад ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ 8 дугаартай гарын мөр “2016-ЦОГЦ-ЧД” дугаараар кодлогдсон хохирогч Лувсандорж овогтой Болдбаатарын баруун гарын ядам хуруугаар үүссэн байна...” /хх-60-68-I/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүхийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №13689 тоот дүгнэлтэд “...1. Ч.Отгонбаярын биед шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй. 2. Ч.Отгонбаярын цус, шээсэнд согтууруулах ундааны зүйл, шээсэнд мансууруулах болон сэтгэц нөлөөт эм бэлдмэл илрээгүй байна. 3. Ч.Отгонбаяр нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалттай цустай байна. 4.Ч.Отгонбаяр нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. 5. Баруун сарвуундаа боолттой байгаа ч идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой...” /хх-82/,

            Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1097 тоот дүгнэлтэд “...1. Ч.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлсийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. Ч.Отгонбаяр нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. 3. Ч.Отгонбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 4. Ч.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон согтууруулах мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээ тогтоогдоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинж баримт үгүй байна. 5. Ч.Отгонбаяр нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Отгонбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна” /хх-215-216-I/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7-I/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Ч.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

           

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         

            Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Отгонбаяр нь амь хохирогч Л.Болдбаатартай “архи бага хийлээ, архиа харамлалаа” гэж маргалдан Л.Болдбаатарын зүүн нүдний доод хэсэг рүү нь хайчаар хатгаж, гавал тархинд нэвтэрсэн хүнд хохирол учруулж санаатай алсан, хохирогч тэр даруйдаа нас барсан үйл баримт тогтоогдож байна. Ч.Отгонбаяр нь хүний нүүр лүү хурц ир үзүүр бүхий хайчаар хатгаж буй үйлдэл нь шүүгдэгчийн үйлдэлдээ болгоомжгүй, хайхрамжгүй хандсан байх шинжгүй байсныг тодорхой харуулж байна.

 

             Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэрэг болж хуульчлагдсан байх ба шүүгдэгч Ч.Отгонбаярын дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч Ч.Отгонбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

         

             Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Ч.Отгонбаярын гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, бусдыг болгоомжгүй алах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдол, түүний өмгөөлөгч Ш.Бадмаарагийн гаргасан “...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргээр зүйлчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин ялтан Ч.Отгонбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шийтгэх тогтоолд түүнээс гаргуулахаар заасан 2.846.380 төгрөгийг иргэн Л.Туяад төлсөн болох нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Капитал банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх тул ялтан Ч.Отгонбаяр нь төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Бааван овогт Чойжамцын Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Бааван овогт Чойжамцын Отгонбаярыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонбаярыг 10 /арав/ жил 9 /ес/ сар 22 /хорих хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаярын цагдан хоригдсон 227 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Отгонбаярын цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ял шийтгүүлсэн этгээд Ч.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ