Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 43

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,                             

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 1924000910038 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, *аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Д-ийн Б /регистрийн дугаар: /*/.  

Шүүгдэгч Д.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ хохирогч Л.П-ын итгэмжлэн хариуцуулан өгсөн 2 тооны малыг маллаж байхдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 12-ны үед 1 тооны үхрийг зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь Л.П-ын итгэмжлэн хариуцуулан өгсөн 2 тооны малыг маллаж байхдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 12-ны үед 1 тооны үхрийг зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

-Хохирогч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “Би одоогоос 2-3 жилийн өмнө өөрийн хүргэн Д.Б-ийнд 1 тугалтай үнээ маллуулахаар тавьсан юм. Тэгсэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө малаа бэлчээхэд байсан мухар бор зүсмийн дөнжин үнээ үхэртэй хамт бэлчээрт яваад орой нь эргэж ирээгүй. Мухар зүсмийн. дөнжин настай /4 настай/, им тамгагүй байсан шиг санагдаж байна. Им байх юм бол зөв талын чихэндээ онотой имтэй байж магадгүй, тугалаагүй, тарган. Өөр содон шинж тэмдэг байхгүй. 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн нэр дээр мал тоолуулаагүй. Өөрийн хүргэн Д.Б-ийн нэр дээр өөрийн 2 үхрийг тоолуулсан юм. Би 2 тооны үхрийг өөрийн нэр дээр тоолуулаад Д.Б-ийнхыг банкнаас малчны зээл авахад нь хэрэг болох юм болов уу гэж бодоод л түүний нэр дээр тоолуулсан юм. Миний алдсан гэх сарлагийн үнээ нь бяруутайгаа хамт хүргэн Д.Б-ийн үхэртэй бэлчээрт явдаг байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр 12-ны өдрийн өглөө нь мал бэлчээд явсан. Орой нь бор зүсмийн сарлагийн үнээ маань гэрийн хаяанд ирээгүй, бяруу нь үхрүүдтэй хамт ирсэн байсан. Уг өдөр би эхнэрийнхээ хамт гэртээ л байсан. Би энэ өдрөө л бор зүсмийн сарлагийн үхрээ алга болсныг мэдсэн. Тэгээд хүргэн маань алдсан гэх үхрийг хайж байна гээд явдаг байсан. Үхэр алга болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа шиг санагдана, би өөрийн эхнэрийн хамт сумын Засаг даргын тамгын газраар бичиг баримт хөөцөлдөж явж байгаад, нутгийн танил Б.С-ийн эхнэртэй захиргааны байран дотор тааралдсан юм. Тэгээд би С-ийн эхнэрээс манайх бор зүсмийн сувай үнээгээ алдчихсан. Үхрийг минь үзэж харсан уу гэж асуухад уг хүн надад хандан “таны алдсан гээд байгаа үнээ манай үхэр дотор явж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би яагаад танай үхэртэй нийлсэн юм болоо гэж асуухад, С-ийн эхнэр надад хэлэхдээ “танай хүргэн Б манайд зарсан шүү дээ” гэж хариулж байсан. Тэгээд л би өөр зүйл ярилгүй шууд цагдаад болсон зүйлийн талаар мэдэгдсэн юм. Миний алдагдсан үхэр маань хүргэн Б-ийн үхэр малтай ижилсээд дасчихдаг мал байсан. Би 2-хон үхрийг сумын төв дээр хаанаа маллах вэ дээ гээд хүргэний үхэр малтай хамт байлгадаг байсан юм. Д.Б нь надад учруулсан хохирол болох 1 тооны бор зүсмийн сарлагийн үнээг хүнд худалдсан байсныгаа зүсээр нь буцааж авчирч, миний хохирлыг барагдуулсан юм. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8-11 дүгээр хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын эхээр манайд Б /Б/ ирээд би 1 үхэр зарах гэсэн юм гэхээр нь ярилцаад би 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдаж авахаар болоод 500,000 /таван зуун мянга/ төгрөг бэлнээр нь өгөөд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгт 1 тооны хонь өгөхөөр тохиролцсон. Тэгээд үхрийг нь гэрийнх нь урд талын голын захад байхад нь би эхнэр Ж, Б нарын хамт очиж үзсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдар би эхнэртэйгээ хамт сумын төв орж ирээд ХААН банкнаас бэлнээр 500,000 /таван зуун мянга/ төгрөг аваад Б-тай утсаар яриад хуучин захиргааны хажууд уулзаж мөнгөө өгчихөөд одоо шууд бэлчээр дээрээс очоод үхрээ аваад яв гэхээр нь би өөрийн хашааны ойролцоо байх ногоон өнгийн бонго машинтай залууг гуйгаад Б болон эхнэр Ж, нөгөө жолооч нарын хамт сумын төвийн зүүн талын хөх хашааны цаана очсон чинь тэдний үхэр байсан. Тэгээд өмнө үзсэн мухар бор зүсмийн сарлагийн үнээг барьж аваад нөгөө машиндаа ачаад, эхнэрээ буулгаж өгчихөөд гэр лүүгээ явуулаад, би Б-ыг сумын төв рүү оруулж ирээд буцаад гэртээ харьсан. Анх манайд ирээд үхэр авах уу гэж асуухдаа л миний үхэр гээд байсан, тэгээд мөнгөө өгөөд үхрээ авахдаа гэрийн чинь гаднаас очиж авъя гэсэн чинь миний үхэр юм чинь хамаагүй аваад яв гэхээр нь авсан. Б тэр үхрийг 700,000 төгрөгөөр зарна гээд би түүнд 500,000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Үлдэгдэл 200,000 /хоёр зуу/ мянга төгрөгт Б надаас эр хонь авахаар болсон .Ямар нэгэн содон шинж тэмдэг харагдаагүй. Манай эхнэр Ж болон бонго машины жолооч нар Б-оос худалдаж авсан гэх мухар бор зүсмийн сарлагийн үнээг мэднэ. Би 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо барагдуулаад авсан. Надад худалдсан үхрийнхээ оронд өөр нэг сарлагийн үнээ өгч, намайг хохиролгүй болгосон. Одоо надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-16 дугаар хуудас/,

-Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний комиссын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн: “Мухар бор зүсмийн 4 настай сарлагийн үнээ нь 2019 оны 9 дүгээр сарын байдлаар Завхан аймагт дараах үнэтэй байна. Эд зүйлийн нэр, онцлох шинж сарлагийн үнээ, тоо ширхэг 1 тооны, чанар 2019 онд тугалаагүй, сувай, тарган 4 настай, хохирогчийн үнэлгээ 800,000 /найман зуу/ төгрөг, комиссын үнэлгээ 700,000 /долоон зуу/ төгрөг.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

-2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай: “ /4 настай/ сарлагийн сувай тарган үнээ 2019 оны 9 дүгээр сарын байдлаар Завхан аймагт дараах үнэ ханштай байна. Үүнд: “...Шинжилгээний үйл явц, үр дүнг үндэслэн 4 настай /гунж/ сарлагийн сувай тарган үнээний дундаж үнэлгээг 700,000 /долоон зуу/ төгрөгөөр тогтоолоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө үхэрээ саагаад бэлчээхэд манай мухар бор зүсмийн үнээ бяруутайгаа хамт үхрийн захад хэвтэж байсан. Тэгээд мал бэлчээрээр явж байгаад ирэхэд манай мухар бор зүсмийн үнээ алга болчихсон байсан. Тэгээд манай үнээ байхгүй болсон байна гээд хүргэн Д.Б-д хэлсэн. Маргааш нөгөөдөр нь би хойд салангаар хайсан чинь алга байна гээд хэлж ирсэн. Тэгээд л манай нөхөр бид хоёр ярьж байгаад цагдаад хандах болсон. Мухар зүсмийн, дөнжин настай /4 настай/, им тамгагүй, өнгөрсөн тугалаагүй, тарган сарлагийн үнээ байгаа юм. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Б-д хоёр өөрсдөө явж үхрээ хайгаагүй. Харин манай хүргэн Д.Б салангийн энгэрээр явж хайлаа, тэнд дандаа монголын үхрүүд байна гэж ирж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

-Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын эхээр Б манайд ирээд юм яриад сууж байгаад “сарлагийн зарах үнээ байна уу” гээд сурсан чинь “ахад нь сарлагийн сувай үнээ байгаа гэхээр нь” хэдэн төгрөгөөр өгөх юм бэ?” гэсэн чинь 800,000 /найман зуу/ төгрөгөөр өгнө, гэхээр нь та үнэн ярьж байна уу? гээд хэд хэдэн удаа асуусан чинь үнэн үнэн гэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр тэдний гэрийн урд талын гол дээр очоод үхэр дотор нь үзтэл нөгөө зарах үхэр чинь энэ гээд мухар бор зүсмийн сарлагийн үнээ зааж өгөөд, ахдаа одоо мөнгөө өгчих гэхээр нь өгөлгүй эхнэртэй чинь ярьж байгаад мөнгө өгнө гэсэн чинь манай эхнэр утасгүй, хот руу эмчилгээнд явчихсан байгаа гэж байсан. Тэгээд үзчихээд гэр лүүгээ явсан. Дараа нь хойноос утасдаад та хоёр нөгөө мөнгөө хурдан олж өгөөрэй, эхнэр рүү мөнгө шилжүүлмээр байна гээд байсан. Нөгөөдөр нь сумын төв дээр явж байхад утасдаад нөгөө үхрийн мөнгөө өгчих, эхнэр рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд байхаар нь нөхөр бид хоёр банкнаас 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргаж аваад Б-т бэлнээр нь өгсөн чинь одоо нөгөө үхрээ аваад яв, зөрүү мөнгөнд нь ахдаа нэг хонь өгчихөөрэй гэсэн. Тэгээд мөнгөө авчихаад одоо энэ үхрээ аваад яв гээд байхаар нь нөхөр бид хоёр сумын төвөөс нэг танихгүй залууг гуйгаад нөгөө үхрээ сумын төвийн зүүн талын хөх хашааны тэндээс бэлчээр дээрээс нь очиж аваад би үхэр ачсан машинтайгаа гэр лүүгээ шууд явсан, харин манай нөхөр Б-ыг сумын төв рүү оруулж ирээд миний хойноос гэртээ очсон. Мухар бор зүсмийн им тэмдэггүй үнээ л байсан. Анх худалдахдаа 800,000 /найман зуун мянга/ гээд ярьж байгаад л 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Энэ үхрийг одоо аваад яв, гэхээр нь үнэхээр таны эзэмшлийнх мөн юм уу хадам аав, ээжээс чинь асууя гэсэн чинь яалаа гэж худлаа хэлэхэв дээ одоо аваад яв гэхээр нь арай ч худлаа хэпэхгүй байлгүй дээ гэж бодоод л нөгөө үхрээ аваад явсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

-Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын эхээр өөрийн малаа хариулж яваад, иргэн Б.С-ийн гэрт очсон. Тэгээд би өөрийн мал дотроосоо нэг үхэр зармаар байна гэж яриад, “танайх үхэр авах уу” гэж хэлсэн. Тэгтэл Б.С эхнэртэйгээ зөвлөлдөж байснаа миний зарна гэсэн үхрийг худалдан авахаар ярилцаж тохирсон. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би Б.С-ийн гар утас руу залган холбогдоод, “чи хаана байна, хотод байгаа эхнэр рүүгээ мөнгө шилжүүлмээр байна” гэж ярьсан. Тэгтэл Б.С нь “би эхнэртэйгээ сумын төв ороод ирсэн байна, чи хаана байна” гэж ярьсан. Би үгний хариуд нь “хуучин захиргааны хажууд байна” гэж ярихад, Б.С үхрийн мөнгийг чинь аваад очъё наанаа байж байгаарай гээд удалгүй эхнэрийнхээ хамт мотоциклтой хүрч ирсэн. Тэгээд надад 500,000 /таван зуун мянга/ төгрөг тоолж өгснөө “үлдэгдэл мөнгийг дараа өгье” гэхээр нь би үгний хариуд “чи надад нэг сайн эр хонь өгчих” гэж хэлээд, үлдэгдэл мөнгөндөө хонь авахаар тохирсон. Тэгээд би тэднээс салаад явсан. Хэсэг хугацааны дараа Б.С над руу утсаар холбогдон миний байгаа газар хүрч ирээд, намайг мотоциклийнхоо арын суудалд суулган явж манай үхрүүд бэлчиж байсан газар хүрч очсон. Тэгтэл нэг ногоон өнгөтэй Бонго машин бид хоёрын хажууд хүрч ирээд зогссон. Машины кабин дотроос Б.С-ийн эхнэр бууж ирэхэд Б.С надад хандан “худалдан авсан үхрээ энэ машинд ачаад хөдөө гэр рүүгээ буцлаа” гэж хэлснээ “үхрээ танай хадмын хашаа руу дөхүүлж байгаад барьж авъя” гэсэн. Тэгэхээр нь би түүнд хандан “миний үхэр юм чинь хамаагүй аваад яв гэж хэлсэн. Тэгтэл Б.С “за хө дараа янз бүрийн асуудал гарах юм биш байгаа” гэж хэлж байсан. Би түүнд хандан “тийм зүйл байхгүй ээ, зүгээр ээ” гэж хэлсэн. Тэгээд л Б.С бид 2 наймаа тохиролцоод, бэлчээрт байсан үхрээс бор зүсмийн сарлагийн үнээг барьж аваад, нөгөө ногоон өнгөтэй машинд ачаад уг машинд эхнэрээ суулгаад явуулсан. Тэгээд намайг сумын төв рүү оруулж буулгаж өгчихөөд. гэртээ харина гээд явсан. Би уг үхрийг 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдахаар Б.Стой тохиролцсон. Ногоон өнгөтэй Бонго машин байсан. Жолоочийг нь танихгүй хүн байсан. Би машины улсын дугаарыг нь ажиглаж хараагүй юм. Би Б.С-д худалдсан үхрээ очиж авахдаа өөр нэг сарлагийн үхэр оронд нь өгч хохирлыг нь барагдуулсан. Хадам аав Л.П-ын данстай үхрийг мөн зүсээр нь авчирч өгөөд, учруулсан хохирлыг барагдуулчихсан. Би хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн байгаа. Тэдэнд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Д.Б-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч М.Г нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Прокурорын санал болгосон 2,700 нэгжээр торгох ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна. Отор нүүдэлд явах гэж байгаа, хавар ямаа самнах зэрэг ажил хийж торгуулийг төлөх хүсэлттэй байна...” гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.   

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Л.П, иргэний нэхэмжлэгч Б.С нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц овогт Д-ийн Б-ийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН