Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00969

 

 

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, зээлийн хүү 16,190,137 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,635,692 төгрөг, нийт 47,825,829 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хоршооны гишүүн зээлдэгч *******т 30,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээл авсан. Тухайн гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож 2024629 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.

Манай компанийн зүгээс гэрээ байгуулсан өдрөө 30,000,000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр хариуцагчид шилжүүлж, үүргээ биелүүлсэн.

1.2. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй. 

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 1,050,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрэлтийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 469 хоногоор тооцон зээлийн үндсэн хүү 16,190,137 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,635,692 төгрөг, нийт 47,825,829 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Гантөгс нь *******ийн нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, бодит байдалд нийцээгүй худал мэдээллийг фэйсбүүк орчинд нийтэлсэн. Уг худал мэдээллийг устгахыг шаардахад 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлт бичүүлж, мөн өдөр 20240629 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан. Хэрэв гарын үсэг зурахгүй бол фэйсбүүкт дахин нийтэлнэ гэж сүрдүүлсэн тул тус хоршоонд элсэх хүсэлтийг бичиж, гэрээнд гарын үсэг зурсан.

2.2. Тус *******-ны  данснаас 6 удаагийн гүйлгээгээр мөнгө орж ирсэн. Гантөгс нь тухайн 30,000,000 төгрөгийг “өөрийн хамаарал бүхий этгээд болох тус хоршооны гишүүн ******* гэх хүний данс руу шилжүүл” гэж хэлсний дагуу нэг удаагийн гүйлгээгээр *******ийн данс руу шилжүүлсэн.

Уг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь нэг ч төгрөгийг өөртөө аваагүй учраас талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймээс тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 32,685,692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 15,140,137 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 321,378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.1. *******-ны хамаарал бүхий этгээд Гантөгсөөс буюу хувь хүнээс 2021-2024 оны хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний зээлийг гэрээ байгуулахгүйгээр авч, тухайн зээлийг хүү тооцож төлсөн. Мөн зээлийг төлж барагдуулж дуусчихсан байхад “фэйсбүүк орчинд зургийг нь байршуулж, зартай луйварчин залилан” гэж зар тараан миний нэр төрд халдаж, цаашид аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан. Уг нөхцөл байдлыг залруулах талаар хэлж сануулахад Гантөгс нь энэхүү маргааны зүйл болох хадгаламж зээлийн хоршоонд элсэх өргөдөл болон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, дүр эсгэн мөнгийг миний данс руу шилжүүлж, 2 минутын дотор *******-ны хамаарал бүхий этгээд *******ийн данс руу машины төлбөр гэсэн утгатай шилжүүлж, буцаан авсан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “талуудын хэн аль нь хадгаламж зээлийн хоршооны 30,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, талуудын тайлбар, татгалзлыг үндэслэлтэйгээр үнэлж, дүгнэж хууль ёсны шийдвэр гаргаагүй.  

4.3. Хариуцагч нь 2024629 дугаартай зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлан маргаж, *******аас гэрчийн мэдүүлэг авсан боловч хадгаламж зээлийн хоршооны хамаарал бүхий этгээдүүд миний 2021-2024 оны зээлийн гүйлгээ, худалдан авч өгсөн тээврийн хэрэгсэл зэргүүдийг ашиглан шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгийг мушгин тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчийн мэдүүлэгтэй холбоотой, тайлбар, хүсэлт, шинэ баримт буюу *******аас 24,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Хадгаламж зээлийн хоршооноос шилжиж орж ирсэн 30,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 54,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.4. Түүнчлэн Гантөгс нь фэйсбүүк орчинд *******оос гадна нэр бүхий иргэдийн гэрэл зургийг байршуулж мөнгө нэхэмжилж дарамталдаг талаар хариуцагч нь хариу тайлбартаа дурдсан. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн шалгагдаж байгааг дурдах нь зүйтэй. Энэхүү зээлийн гэрээг хариуцагч нь дүр үзүүлсэн хэлцэл хийсэн буюу энэ талаарх нотлох баримтыг гаргах боломжгүй. Мөн гэрчийн мэдүүлгээр нотлох үед тухайн гэрч нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд тул урьд байсан харилцаагаа мушгин тайлбарласан. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь *******ийг гэрчээр асуух саналыг гаргасны дагуу гэрчээр асуусан. Хариуцагчийн зүгээс *******ийн мэдүүлэгтээ холбоотойгоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн дансны хуулга, автомашинтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийн өмнөөс нотлох баримт цуглуулах, шаардлагатай гэж үзэх нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө татгалзлын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг гаргаж өгөх, гаргуулах хүсэлт гаргаагүй учраас хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,825,829 төгрөг буюу үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 16,190,137 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,635,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, *******ийн *******-д гишүүнээр элсэх хүсэлт, ******* нь ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20240629 дугаартай зээлийн гэрээ, Хас банк дахь дансны хуулга, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай тогтоолоор *******-д олгосон ТЗ401/421 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна. /хх8, 5-7, 9, 10/

3.1. Учир нь, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэх, гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

3.2. *******ийн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хоршооны тэргүүлэгчдийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Гэхдээ хариуцагч ******* нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ “... 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх хүсэлтийг гараар бичүүлж хоршооны гишүүн болгосон, ... мөн өдөр 20240629 дугаартай зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж, ... сүрдүүлсэн учраас гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөс ******* нэг ч төгрөгийг аваагүй .... өөрийн хамаарал бүхий этгээд болох *******ийн данс руу шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн ... зээлийн гэрээний харилцаа үүсээгүй .... зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ... уг мөнгийг төлөх үүрэггүй.” гэж тайлбарласан байна. /хх25-27/

Иймд нэхэмжлэгч *******-оос хариуцагч *******т зээл олгосон үйлдэл нь хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцсэн эсэх, хоршооны гишүүн мөн эсэх асуудлаар зохигчийг маргаагүй гэж үзэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

 

4. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг сүрдүүлж, хоршооны гишүүнээр элсүүлж, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн ******* дугаартай Хас банк дахь данснаас 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6 удаагиийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй.

 

6. Хэргийн баримтаар, хариуцагч нь өөрийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данснаас 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай данс руу 30,000,000 төгрөгийг “******* машин төлбөр” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх9/

Иймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид зээл олгосон гэж үзнэ.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд зээлийн гэрээ байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

8. Талууд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20240629 дугаартай Зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу буцаан төлөх, зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэнд тооцож, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн хүүгийн 20 хувь байх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

9. Хариуцагч ******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүүд 16,190,137 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх талуудын гэрээний хугацаагаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлаж “1 сарын хүү шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

Гэхдээ хариуцагч *******оос үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,050,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,635,692 төгрөг, нийт 32,685,692 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

10. Хариуцагч нь шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

10.1. Анхан шатны шүүхийн шүүгч 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 192/ШЗ2026/02984 дугаартай захирамж гарган *******аас гэрчийн мэдүүлэг авах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /хх50/ Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу гэрчид хууль сануулж, мэдүүлэг авсан байна. Гэрч ******* нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “... *******той Гантөгс танилцуулсан. Мөн надаас зээл авч байсан, машин авч байсан. Надаас 2022 онд Бенз маркийн машин худалдан авч, аман байдлаар тохиролцож, итгэлцлээр машинаа шилжүүлсэн, түүнээс хойш сарын дараа мөнгө орж ирэхгүй байсан учир би очиж асуусан, машиныг ломбардад тавьсан байсан, ... би жил араас нь хөөцөлдөөд явсан. Тухай өдөр л надад шилжүүлсэн ... Бенз машины төлбөр 30,000,000 төгрөгийг машины төлбөр ... хүүгийн төлбөрт 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг өгчээ. /хх64-65/ Иймээс гэрчийг худал мэдүүлэг өгсөн, бодит үйл баримтыг гуйвуулсан гэж үзэх боломжгүй байна. 

10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан.

Анхан шатны шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна. Иймд “нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангаагүй, шинээр нотлох баримт шаардагадах болон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул “Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1” гэснийг хасах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02478 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                     Б.АЗБАЯР

 

                                                                                             Ч.ЦЭНД