Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 46

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 1924000970046 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 25 настай, эрэгтэй, *, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Т-ын Д /регистрийн дугаар: */.  

 

Шүүгдэгч Т.Д нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын төвд иргэн Ц.Б-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хутгаар зүсэж, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Баянхайрхан сумын төвд иргэн Ц.Б-ийн нүүрэн тус газарт буюу хамрын үзүүр, дээд, доод уруул хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 00000179 дугаартай: “Ц.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дээд, доод уруул, хамрын үзүүрт шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянхайрхан сумын төвд захиргааны гаднаас өөрийн эзэмшлийн Портер маркийн 15-64 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон гэртээ харихаар явж байсан. Замд М ах, Д, С 3 давхар кабинтай Маяти маркийн цагаан өнгийн машины хажууд зогсож байсан. Би тэдний хажуугаар гарах гэтэл намайг дуудсан. Би тэр гурав дээр очиход машинд ороод суучих гэж хэлсэн. ...М ах 1 шил Ерөөл нэртэй 0,5 литрийн савалгаатай архи гаргаж ирэн Д, М ах бид гурав хувааж уусан. Д нилээн согтуу байсан. Д намайг ална гэх мэтээр харааж байснаа гэнэт өмднийхөө халааснаас цагаан өнгийн эвхдэг хутга гаргаж ирэн миний хамрын үзүүрээс доод уруул хүртэл зүсэж гэмтээсэн. Тухайн үед О гүйж ирсэн ба би О-ийн хамт эмнэлэг рүү очиж гэмтэлдээ оёдол тавиулсан. ...Би 100,000 гаруй төгрөгөөр эм тариа авч хэрэглэсэн. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17, 18 дугаар хуудас/,

-Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр М, Д бид гурав айлд мод ачиж өгөх гэж Улаан эрэг гэх газар руу М ахын MIGHTY маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр яваад модондоо хүрч чадалгүй буцаад Баянхайрхан сумын төвд ирсэн.  ...Б машинтайгаа хажуугаар явсан. М Д 2 Бийг хүрээд хэмээн дуудсан. Б Д, М нар архиа ууж байгаад Б машинаас буун  өөрийнхөө машинд суугаад надад хандан хамт явах уу хэмээн асуухад Д М-ын машинаас буун Бийн машин дээр очоод хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Д өмднийхөө халааснаас цагаан өнгийн эвхдэг хутга гаргаж ирэн Б-ийн нүүрийг зүссэн. ...Б машинаа жолоодон О бид хоёртой хамт эмнэлэг явсан. Эмнэлэгт очин Б, О бид 3 эмнэлэг хамт орон Б дотор үлдэн О бид 2 гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,  

-Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хашаандаа өвс буулгачихаад Д, С нарын хамт Улаан эрэг гэх газар руу модонд яваад модондоо хүрч чадалгүй буцаад Баянхайрхан сумын төвд ирсэн. Айлын хашааны үүдэнд машиндаа Дтай Ерөөл нэртэй 0,5 л савалгаатай нэг шил архи хувааж уугаад байж байтал Б өөрийнхөө Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож ирсэн. Бийг машинд орж ирэхэд ахин нэг 0,5 л савалгаатай Ерөөл нэртэй архи задлан Б, Д нартай хувааж уусан. Тэр архийг ууснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. Нэг сэрсэн чинь  айлд унтаж байсан...”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед Б гэх 28 настай, эрэгтэй, хүнд хутгалуулсан гэж орж ирсэн. Биеийн байдал хэвийн, бага зэргийн согтолттой, хамрын үзүүр болон дээд уруул сэтэрсэн, доод уруулын зүүн доод хэсэгт хатгагдсан мэт ил шарх үүссэн байдалтай ирсэн. Биеийн байдлыг нь дахин үнэлж цусыг нь шинжилгээнд авч, судсаар нь өвчин намдаагч хийж шархыг цэвэрлэн хамрын үзүүрт 3, дээд урууланд 3, доод уруулын доод хэсэгт 2 нийт 8 оёдол тавьсан...” /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хашаанд палк буулгаж байгаад машин дээрээс хартал Б хамраа барин доошоо тонгойчихсон, Д Бийн урд зогсож байхаар нь гүйгээд очтол Б нүүрэндээ хутгалуулчихлаа намайг эмнэлэг рүү цуг явъя хэмээн хэлсэн. Б өөрөө машинаа жолоодоод бид хоёр эмнэлэгт очиж Б нүүрэндээ оёдол тавиулсан...” /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

-Яллагдагч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б, М ах бид гурав үлдсэн архиа хувааж уугаад байж байтал Б С-ыг авч гэр рүү нь явна хэмээн ярьж байсан ярианаас болж Сыг явуулахгүй хэмээн Бтой маргалдан барьцалдаж авсан. Миний гарт цагаан өнгийн эвхдэг хутга байсан. Б гараа атгасан байдалтай намайг цохих гэж байгаа юм шиг санагдахаар нь би Бийн нүүр хэсгийг хутгаараа зүссэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Т.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Т.Д-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Т.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Т.Д-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Т-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 6,5 см, бариул хэсэг нь 10 см 1 ширхэг эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                           

 

                                                                                                                                                                                                                                                                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН