| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/07502/И |
| Дугаар | 210/МА2026/01033 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01033
********-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02839 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 56,195,852 төгрөг, алданги 26,974,009 төгрөг, нийт 83,169,861 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө, ********-ийн байранд 700 м.кв талбайг 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, уг гэрээний 3.1-д зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар түрээсийн төлбөр нэг сарын 14,000,000 төгрөг байхаар төлбөрийг гэрээний 2.5-д зааснаар ашиглалтын зардлын хамт сар бүрийн 05-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. ******* нь 2024 оны 11 сарын ашиглалт, 12 сарын түрээсийн төлбөр 4,823,467 төгрөг, мөн оны 12 сарын ашиглалт, 2025 оны 01 сарын түрээсийн төлбөр 20,140,248 төгрөг, мөн оны 01 сарын ашиглалтын зардал, 02 сарын түрээсийн төлбөр 21,124,216 төгрөг, нийт 46,087,932 төгрөгийг тус тус төлөөгүй.
Манай компанийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10/25, мөн сарын 18-ны өдрийн 14/25 дугаартай албан бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25/07 дугаартай албан бичгээр өнөөдрийг хүртэл хуримтлагдсан ашиглалтын зардал болон түрээсийн төлбөрийг 60 хоногийн хугацаанд төлөх, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээг дуусгавар болгож, талбайг чөлөөлөх тухай мэдэгдсэн.
Мөн тус компани 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/19 дугаартай албан бичгээр 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд түрээсийн байрыг чөлөөлж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулж, нүүх талаар мэдэгдэж байсан боловч түрээсийн байраа хүлээлгэж өгөөгүй нүүсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.1-д зааснаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцвол 26,974,009 төгрөг байна. Иймд түрээс, ашиглалтын зардалд 56,195,852 төгрөг, алданги 26,974,009 төгрөг, нийт 83,169,861 төгрөг гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд алданги төлөхгүй.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс 46,087,000 төгрөг гэж харагдаж байхад яаж 56,000,000 төгрөг болгож байгаа нь ойлгомжгүй байна. Ашиглалтын зардал болон түрээсийн төлбөрийг хасах сөрөг нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Түрээсийн харилцаа дууссан учраас өөр этгээдэд түрээслэж байна.
2.2. Түүнчлэн дулааны төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй. Цахилгааны төлбөрийг төлөхдөө нэмэгдүүлсэн төлбөрийг төлж байсан гэдгээ нотлох зорилгоор холбогдох байгууллагуудаас шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх өөрсдөө гаргах боломжтой гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
Мөн зөвхөн усны төлбөр ямар шалтгаанаар 2022 оны 10 дугаар сараас сард 1,100,000 төгрөгөөс эхэлж, 1,800,000 төгрөгийн зардал гарч байгаа нь ойлгомжгүй байна. Уг нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нотлох баримтуудыг гаргуулах шаардлагатай байна.
Иймд түрээсийн төлбөр болон алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 34,120,498.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,049,362.64 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,552.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхий шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч ********-аас 56,195,852 төгрөг нэхэмжилсэн боловч үндэслэлээ тайлбарлахдаа 2024 оны 11 сарын ашиглалт, 12 сарын түрээсийн төлбөр 4,823,467 төгрөг, 2024 оны 12 сарын ашиглалт, 2025 оны 01 сарын түрээсийн төлбөр 20,140,248 төгрөг, 2025 оны 01 сарын ашиглалт, 2025 оны 02 сарын түрээсийн төлбөр 21,124,216 төгрөг, нийт 46,087,932 төгрөг гэж нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл зөрүү 10,107,920 төгрөгийн үндэслэл, задаргаа тодорхойгүй байна.
4.2. Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр 2024 оноос 2025 оны 06 дугаар сар хүртэлх ашиглалтын зардлын задаргааг нэхэмжлэгчээс гаргуулахаар шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сар, 2025 оны 03, 04, 05 дугаар сарын ашиглалтын зардлын нэхэмжлэх задаргааг гаргаж өгөөгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 52,406,816 төгрөг төлсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан нотлох баримттай харьцуулах бус шууд нэхэмжилсэн үнийн дүнтэй харьцуулж тооцоололд шүүхээс буруу дүгнэлт хийсэн.
Тодруулбал, 2025 оны 02 сарын ашиглалтын зардал, 03 сарын түрээс гэсэн хэсэгт 19,518,884 төгрөгийн төлбөрөөс 19,106,816 төгрөг төлсөн харагддаг. Энэ хэсэгт заасан 19,518,884 төгрөгөөс 14,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үлдэх 5,518,884 төгрөгийг ямар нотлох баримт, нэхэмжлэлийг үндэслэн төлөх ёстой мөнгөн дүн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй.
Мөн 2025 оны 03 сарын ашиглалтын зардал, 04 сарын түрээсийн төлбөр 15,600,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, илүү төлсөн 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь хэргийн нотлох баримт болон нэхэмжлэлээс хальж дүгнэхдээ хариуцагчид ашиггүй, буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй. Тухайн нотлох баримтыг ирүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэл болон түүний холбоотой тооцооллыг үндэслэлгүй хийсэн.
4.4. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөр зохих төлбөрт оролцуулан урьчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж, мөн талууд гэрээ байгуулахдаа гэрээний 2.1-д түрээслэгч эхний сарын түрээсийн хоногт ногдох төлбөрийг 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний дэнчинтэй хамт урьдчилан төлнө гэж заасан.
Талуудын хооронд түрээсийн харилцаа 2017 оноос хойш үргэлжилсэн. Түрээсийн төлбөр нэмэгдэхтэй холбогдон дэнчин нэмэгдсэн учраас бид 14,480,000 төгрөгийн дэнчинг нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэгчээс дэнчинг түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаас хассан зүйл байхгүй бөгөөд нотлох баримтаар суутгасан дүн байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд буцаан төлөх боломжтой мэтээр тайлбар гаргадаг. Дээрх төлбөр нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаас хасагдах ёстой.
Иймд 2025 оны 02 сарын ашиглалтын зардал, 03 сарын түрээс гэсэн хэсэгт 5,518,884 төгрөг, 2025 оны 03 сарын ашиглалтын зардал, 04 сарын түрээсийн төлбөрт 1,600,000 төгрөг, нийт 7,118,884 төгрөг, дэнчинд байршуулсан 14,480,000 төгрөг, нийт 21,598,884 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 46,000,000 төгрөг гэж андуурч бичсэн. Нэхэмжлэгч компанийн нягтлан ажлаасаа гарсан учир нотлох баримтуудаа хангалтгүй гаргаж өгсөн нь үнэн. 2024 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр, 10 дугаар сарын ашиглалтын зардлыг нэхэмжилж эхэлснээс хойш 17,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,205,339 төгрөг, дулааны төлбөр, хогны төлбөр гэх мэт бүх задаргааг гаргаж өгсөн.
Хариуцагч нь дээрх үнийн дүнгээс 16,000,000 төгрөг төлсөн учраас 1,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Түүнчлэн 1,700,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр дахин дараагийн сарын төлбөрүүд нэмэгдэж өр үүссэн. Хэргийн 39-43 дугаар талд авагдсан өр төлбөр үүссэн баримтуудыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч графикаар төлнө гэж бичсэн. Сүүлд нэмэгдсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөгөөр тооцсон. Хариуцагч тал 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн байрнаас гарсан учир 4 хоногийн түрээсийн төлбөр бодсон шүүгчийн захирамж зөв.
5.2. Хэргийн 101, 102, 103 дугаар талд авагдсан баримт нь 3,500,000 төгрөгийн нэхэмжлэл болохоос төлсөн баримт биш. Хариуцагч тал нь 2025 оны 05 дугаар сарын ашиглалт, 06 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөхдөө нэг удаа барьцаа төлбөр тушаасныг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү барьцаа төлбөр нь 2025 оны 10 дугаар сарын төлбөрийг тооцох үед түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд тооцогдож бүрэн хаагдаж тэглэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг сунгахдаа барьцааг дахин нэхэмжилсэн бөгөөд барьцаа төлбөр төлөгдөөгүй учраас дараа сард нь дахин нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч тал тухайн үнийн дүнг нэмж бичээд 14,440,000 төгрөгийн дэнчинг нэмж төлсөн гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд хариуцагч талын зүгээс үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх ёстой. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс дулааны төлбөрийг хасаж тооцсон. Гэвч нэхэмжлэгч нь дулаанаар хангаагүй хугацааны төлбөр болох 8,969,850 төгрөгийг хариуцагчийн дулааны зардлаас хассан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 56,195,852 төгрөг, алданги 26,974,009 төгрөг, нийт 83,169,861 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус ..., ... дулааны төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй ... усны төлбөр ойлгомжгүй байна... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.
3. Талууд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18/08 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслэгч ******* нь ********-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт орших байрны 700 м.кв талбайг үйлдвэрийн зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглах, түрээсийн төлбөр 1м.кв талбайн хөлс 8,800 төгрөг бөгөөд 1 сарын хөлс 6,160,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх20-21/
4. Мөн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24/14 дугаартай түрээсийн гэрээг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч ******** нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, *******, *******гудамж хаягт байршилтай барилгаас 700 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрт 1 м.кв талбай 20,000 төгрөг буюу сарын 14,000,000 төгрөг төлөх тус тус үүрэг хүлээжээ. /хх22-24/
5. Талууд 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, *******, *******гудамж хаягт байршилтай барилгаас 700 м.кв талбайг үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар ашиглуулахаар түрээслэгчид төлбөртэйгээр шилжүүлэх, түрээсийн төлбөрт нь 1 м.кв талбайг 20,000 төгрөг буюу сарын 14,000,000 төгрөг байх, гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх25-27/
6. ******* нь 2016 оноос хойш 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон. /хх43/
********-ийн эзэмшлийн барилгын талбайн нэг хэсэг буюу 700 м.кв талбайг ******* үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтад зохигч маргаангүй байна.
7. Анхан шатны шүүх, дээрх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.
7.1. Учир нь, талууд үл хөдлөх эд хөрөнгөөс 700 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх журам үйлчлэхгүй. Иймээс нэхэмжлэгч ********, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
7.2. Хариуцагч ******* нь гэрээгээр дараа сарын түрээсийн төлбөрийг өмнөх сарын ашиглалтын зардлын хамт нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 05-ны дотор бэлнээр болон дансаар нэхэмжлэгч ********-д төлөх үүрэг хүлээсэн байна. /хх25-27/
7.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 11, 12, 2025 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх ашиглалтын зардал, 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сараас гэрээ цуцлах хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Тооцооны хүснэгт нотлох баримт, 04/02, 04/01 дугаартай Нэхэмжлэх, ... 2024 оны 11, 12, 2025 оны 01 дүгээр сарын дулааны төлбөрийг хөнгөлөх тухай талууд аман хэлбэрээр тохиролцсон ... гэх зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд нийт 56,195,852 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 34,120,498 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. /хх44-48, 89, 90/
8.1.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******** нь 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 66/25, мөн оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10/25, мөн сарын 18-ны өдрийн 14/25, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40/25, мөн оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 75/25 дугаартай тус тус албан бичгээр ашиглалтын болон түрээсийн төлбөрөө төлөхийг мэдэгдэж байжээ. /хх28-36/
8.2. Хариуцагч ******* 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25/07, мөн өдрийн 25/08, мөн сарын 18-ны өдрийн 25/09, мөн сарын 28-ны өдрийн 25/14, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15/19 дугаартай тус тус албан бичгээр ашиглалтын болон түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хуваарь гарган төлөх хүсэлтээ нэхэмжлэгч ********-д ирүүлсэн байна. /хх39-43/
Эдгээр нотлох баримтуудад түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын тооцоо тодорхой тусгагдсан байх тул ашиглалтын тооцоолол болон түрээсийн төлбөрийн задаргаа ойлгомжгүй гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2024 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардал, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 4,823,467 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ... тус шаардсан мөнгөн дүнгийн нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байхад нотлох баримт гаргаж өгсөн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Мөн хариуцагч ******* нь түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн үзлэг хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Түүнчлэн мөн зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн явуулах журамтай.
Анхан шатны шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй. /хх107-108, 135-137/
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй тул ... 46,087,932 төгрөг анх нэхэмжилсэн яагаад 56,195,852 төгрөг болсон нь ойлгомжгүй гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
11. Талууд гэрээний 9.1-д алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. Хариуцагч ******* гэрээгээр тогтоосон хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу боловч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
12. Хариуцагч ******* түрээсийн төлбөрт дэнчинг суутган тооцоогүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн 100-102 дахь талд авагдсан нотлох баримтад авагдсан тооцоолол нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэрээний үүргийн цаг хугацаанд хамааралгүй байна. Мөн хариуцагч нь 2024 оны гэрээний дагуу дэнчин байршуулсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд нэхэмжлэгч ******** нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2024 оны 11, 12, 2025 оны 01 дүгээр сарын ашиглалтын зардал, 2024 оны 12, 2025 оны 01, 02 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 46,087,932 төгрөг төлөөгүй ..., ... хариуцагч тал төлнө гэсэн мэдэгдэл өгч байсан ..., ... 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгөлгүйгээр нүүсэн байсан ... ... 2025.05.01-08.04-ний өдрийг хүртэл алданги тооцно ..., ... түрээсийн болон ашиглалтын төлбөрт 56,195,852 төгрөг, алданги 26,974,009 төгрөг, нийт 83,169,861 төгрөг гаргуулна. гэж тайлбарласан байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлд тооцон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэсэн ... гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
14. Хариуцагч ******* нь гэрээний үүрэг зөрчснөөс учирсан хохиролд 42,365,013 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх92, 120-121/
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2026/07092 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байх боловч хариуцагчийн шүүхэд мэдүүлэх эрхэд нөлөөлөхгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02839 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,945 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ч.ЦЭНД