Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 47

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 1924000920044 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1* төрсөн, 49 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ч-ын Ж /регистрийн дугаар: */.   

Шүүгдэгч Ч.Ж нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Их Элстий гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1,2418 метр куб модыг бэлтгэж, ойн санд 87,174 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх модыг өөрийн эзэмшлийн Hyundai Truck маркийн 15-95 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Их Элстий гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг “Их Элстий” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 82 ширхэг модыг бэлтгэж, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг модыг “Hyundai Truck” маркийн 15-95 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн болох нь:

-Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Ч.Ж-ийн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Түүний ойн санд учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг \ХХ-ийн 10 дугаар хуудас\

-Гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний төрсөн ах Ч.Ж 2019 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед надтай утсаар яриад “би Баянхонгор аймаг руу хэдэн шургааг ачих гэж Хонгор багийн нутаг Их Элстий гэх газраас хийж бэлтгэсэн юм. Шургаагаа ачих гэсэн чинь хүн олдохгүй байна, чи надад ачилцаад өгөөч” гэж гуйсан юм. Тэгээд би зөвшөөрөөд 2019 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 22 цагийн үед өөрийн ах Ч.Ж-ийн хамт Хонгор багийн нутаг Их Элстий гэх газраас 4 метрийн урттай шургааг моднуудыг ачилцаж өгсөн. Манай ах өөрийн эзэмшлийн Hyundai Truck маркийн 15-95 БНХ улсын дугаартай автомашинаар тухайн шургааг моднуудыг ачсан юм. Манай ах Ч.Ж байгаль хамгаалагчаас гоожин авсан гоожинтой мод гэж надад хэлсэн. Тэгээд л би гоожинтой мод юм байх гэж бодоод явсан юм. Тухайн шургаагнууд нь 4 метрийн урттай, нарийхан, хуурай, хар моднууд байсан. Ойролцоогоор 80 гаран ширхэг шургааг байсан. Манай ах дээрхи моднуудыг 2019 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд өөрөө ганцаараа хийж бэлтгэсэн гэж надад хэлсэн юм...”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн үед Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Их-Уул сумын Хонгор багийн иргэн Ч.Ж-г гэрийнхээ гадна талд өөрийнхөө Hyundai Truck маркийн 15-95 БНХ улсын дугаартай автомашин дээр 4 метрийн уртаар тайрсан шургааг моднуудыг ачиж ирээд зогссон байсныг илрүүлсэн юм. Тэгээд би тухайн үед Ч.Ж-г тухайн моднуудаа хаанаас хэзээ, хэн хэний хамт хийж бэлтгэсэн талаар асуухад Хонгор багийн нутаг Их Элстий гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ганцаараа хийж бэлтгээд ачиж ирсэн гэж хэлсэн. Тухайн үед би Ч.Ж-аас Их Элстий гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиг гоожин байгаа эсэхийг асууж шалгахад ямар нэгэн эрхийн бичиг гоожин түүнд байхгүй байсан. Тэгээд би иргэн Ч.Ж-ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн асуудлыг сумын хэсгийн төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө танилцуулж, шилжүүлэн өгч шалгуулсан юм...” /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

-Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Ч.Ж 2019 оны 9 дүгээр сард хэрэглээний модны эрхийн бичиг гоожинг надаар л лав бичүүлж аваагүй. Манай байгаль хамгаалагч Д.А бид хоёр 2019 оны 9 сард хэрэглээний модны гоожинг Хонгор багт бичиж байгаа юм. Хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас өөр газраас хэрэглээний модыг бэлтгэж болохгүй. Яагаад гэвэл тухайн хэрэглээний модны эрхийн бичигт заагдсан газраас, гоожинд заагдсан хугацаанд хугацаанд тухайн моднуудыг бэлтгэж тээвэрлэх ёстой байдаг юм. Тухайн моднуудыг 4 метрийн уртаар тайрсан хуурай шинэс моднууд байсан юм. Тухайн моднууд нь хуурай ан цав ихтэй хортон шавжинд нэрвэгдсэн шургааг моднууд байсан юм. Хонгор багийн нутаг Их Элстий гэх газар нь ойн хоёрдугаар мужлалд хамаарна.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 

-Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Ч.Ж нь 2019 оны 9 дүгээр сард хэрэглээний модны эрхийн бичиг гоожинг надаар бичүүлж аваагүй. Зөвхөн эрхийн бичиг гоожинд заагдсан газраас тухайн модоо хийж бэлтгэх ёстой учир болохгүй. Хонгор багийн нутаг Их Элстий гэх газар нь ойн хоёрдугаар мужлалд хамаарна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

-Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Ж нь манай байгууллагаас 2019 он гарсаар Их Элстий гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин бичүүлж аваагүй. Зөвхөн эрхийн бичиг гоожинд заагдсан газраас тухайн модоо хийж бэлтгэх ёстой байдаг юм. Түүнээс өөр газраас мод бэлтгэж болохгүй хуулиар хориотой. Хонгор багийн нутаг Их Элстий гэх газар нь ойн сангийн 0,2 дугаар мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

-Яллагдагч Ч.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг Их Элстий гэх газрын ойгоос 2019 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хэрэглээний 4 метрийн урттай 82 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр ганцаараа хийж бэлтгэсэн. Тэгээд тухайн хийж бэлтгэсэн моднуудаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Их Элстий гэх газраас өөрийнхөө автомашинаар Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг \ХХ-ийн 57 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл\,

-2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Ч.Ж-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ч.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.Ж-г хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Ч.Ж-ийн “Их Элстий” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн  4  метрийн  урттай  82  ширхэг шинэс мод нь 1,2418 метр куб хэмжээтэй

байх бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 87,174 төгрөг болох нь:

-Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай “Иргэн Ч.Ж-ийн ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод байна. Тухайн бэлтгэсэн мод нь хэрэглээний мод байна. Уг моднууд нь 1,2418 м3 хуурай мод байна. Мод бэлтгэсэн гэх Их-Уул сумын Хонгор багийн нутаг Их Элстий газар нь ойн сангийн 2-р мужид хамаарна. Тухайн мод бэлтгэсэн газарт 1 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 39000 төгрөг байна. Ч.Жгийн ойгоос хийж бэлтгэсэн моднууд шинэ, хуучин зүсвэртэй байна. БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлээний модонд 39,000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 70,200 төгрөг, бэлтгэсэн 1,2418 м3 экологи эдийн засгийн үнэлгээ нь 87,174 төгрөг байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/-ээр нотлогдож байна.

Харин нөхөн төлбөл зохих хохирол нь 261,522 төгрөг бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Ч.Ж төлсөн болох нь:

-Завхан аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 07-04-328-02 дугаартай “...Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн иргэн Ч.Ж нь Хонгор багийн нутаг “Их Элстий” гэдэг газраас зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн гэх шинэс 1,2418 м.куб хэрэгцээний хуурай ойн сангийн 2 дугаар мужид хамаарах шинэс модонд 87,174 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тодорхойлов. Тогтоох нь: Ч.Ж-ийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн ахлах мэргэжилтэн Б.Д-ийн экологи эдийн засгийн үнэлгээг 87,174 гэснийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9.1-д заасныг үндэслэн 261,522 төгрөгийн нөхөн төлбөр тавив. Ч.Ж нь нөхөн төлбөр болох нь 261,522 төгрөгийг ХААН банк дахь төрийн сангийн 100090855402 тоот дансанд тушааж, БОХ-ын улсын байцаагч /Б.Д/-д тасалбарын 2 хувийг авчирж өгөхийг мэдэгдье...” гэсэн нөхөн төлбөр тавих тухай акт /ХХ-ийн 42 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар Завхан аймгийн Байгаль хамгаалах сангийн 100090855402 дугаар дансанд 261,522 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ж-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ч.Ж-д прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх гэснийг  тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”...Би модоо өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө болон сүхийг ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэсэн...” гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахилгаан хөрөө, сүх зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, автомашиныг битүүмжилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, “Hyundai Truck” маркийн 15-95 БНХ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 82 ширхэг 1,2418 метр куб хэрэглээний шинэс модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  улсын орлого болгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Ч-ын Ж-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д оногдуулсан торгох ялыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “Hyundai Truck” маркийн 15-95 БНХ улсын дугаартай цагаан өнгийн автомашин 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 82 ширхэг, 1,2418 метр куб хэрэглээний шинэс модыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  улсын орлого болгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 4/21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Ч.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН