| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/26439/И |
| Дугаар | 210/МА2026/01050 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01050
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/04351 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Доголдолтой үйлчилгээ үзүүлсний улмаас учирсан хохиролд 8,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан доголдолтой үйлчилгээ үзүүлсний улмаас учирсан хохиролд 8,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “*******ийн гаргасан Америкийн нэгдсэн улсад аялах зарын дагуу бүртгүүлэн аялал жуулчлалын гэрээ байгуулан, аяллын үйлчилгээний төлбөрт 16,140,150 төгрөгийг төлсөн. Гэвч тухайн аяллыг урьдчилан танилцуулсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулаагүй, хөтөлбөрт хөтөч, заасан зочид буудлын үйлчилгээ аваагүй, аялагчид өөрсдөө өөр буудал олж байрласан. Мөн төмөр замчдын арга хэмжээнд оролцуулна гэсэн урилга нь хуурамч байсны улмаас төлөвлөсөн арга хэмжээндээ оролцож чадаагүй учраас тухайн аялал ямар ч зохион байгуулалтгүй байсан. Иймээс хоёр талын онгоцны билетийн үнэ, аялал зохион байгуулагчаас Америкийн нэгдсэн улсад байхад шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,100,000 төгрөгийг буцаан гаргуулна.” гэж тайлбарласан байна. /хх3-4/
3. Хариуцагч эс зөвшөөрч, “... ******* нь *******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу аяллыг зохион байгуулахад холбон зуучилж, Аялал жуулчлалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар аяллын агентын үүрэг гүйцэтгэн ажилласан. Америкийн нэгдсэн улс дахь аяллыг гардаж зохион байгуулаагүй бөгөөд аяллын үйлчилгээний төлбөрөөс үйл ажиллагааны шимтгэлийг хасаж, 15,272,400 төгрөгийг аялал зохион байгуулагч *******-д бүрэн шилжүүлсэн. ... аялал доголдол үүссэн нь үнэн боловч доголдлыг арилгаснаар аялал хэвийн үргэлжилсэн ... манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан, зохигч маргажээ. /хх96-97/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4.1. Талууд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Аялал жуулчлал зохион байгуулагч буюу ******* нь аялал захиалагч жуулчинд урьдчилан тохирсон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, аялал захиалагч ******* нь гэрээнд заалт, нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэнд аялалд оролцох, аяллын үнэ төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх31-36/
4.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
Учир нь, ******* нь аялал зуучлалын зохион байгуулагчийн байр сууринаас гэрээний нэг тал болж, жуулчинд аялал жуулчлалын үйлчилгээг тээвэрлэгч, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, музей, үзвэрийн газар гэх мэт бусад гүйцэтгэгчээр дамжуулан мэргэжлийн түвшинд ханган үзүүлэх, аяллын хөтөлбөрт заасан маршрут, агуулга, хуваарь, стандартын дагуу аяллыг зохион байгуулах үүрэг гэрээгээр хүлээсэн нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсгийн аялал жуулчлалын гэрээгээр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй” гэх заалтад нийцжээ. /хх31-32/ Дээрх гэрээг хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.3. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16,140,150 төгрөг хариуцагчид шилжүүлж, гэрээнд заасан хугацаагаар АНУ-руу аялаад ирсэн, хариуцагч ******* доголдолтой үйлчилгээ үзүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогджээ. /хх13-19, 3-4, 96-97/ Иймээс Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт зааснаар аялал зохион байгуулагч буюу хариуцагч гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүргээ зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгч мөн хуулийн 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.
4.4. Нэхэмжлэгч ******* нь учирсан хохирол арилгуулах нөхөн төлбөрт 8,100,000 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “... АНУ-д очсон цагаас буцах хүртэл аяллын хөтөлбөрийн дагуу явагдаагүй, ... хариуцагчид хандахад 1 хүн бүрд 3,000,000 төгрөг шилжүүлсэн ... ирж, очих зардал 5,040,150 төгрөг, араас шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасч, ... бодит хохирол 8,100,000 төгрөг гаргуулна. ...” гэж тайлбарлажээ. /хх136/
4.5. Хариуцагч ******* нь “... Чикаго хотод ******* гэдэг хүнийг ар гэрээс нь тосож авсан, 1 хоног эгчийндээ хоносон, .. өөрөө аяллын маршрут зөрчсөн ... маргааш нь зочид буудалдаа хоносон ... үйл ажиллагаанд оролцоод явж байхад урилга дээрх код зөрсөн ... тухайн ажилчид нь Төмөр замд ажилладаг нь үнэн гэдэг баталгаа нэрийн хуудас өгч үйл ажиллагаандаа орсон ... аяллын ахлагчид 12,250,000 төгрөг шилжүүлж, аялагчдыг буудалд нь буулгаад үзвэр үйлчилгээг үзүүлээрэй гэсний дагуу үйлчилгээ үзүүлсэн гэсэн талаар баримт өгсөн ... гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаан байгаа, ... тухайн гарсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. ... доголдол гарсан ч тухайн үедээ 12,250,000 төгрөг шилжүүлээд доголдлыг арилгаснаар аялал хэвийн үргэлжилсэн ...” гэх үндэслэлээр татгалзан маргасан байна. /хх136-139/
4.6. Дээрх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, мөн оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Аяллын гэрээ, 06 дугаар сарын 06-ны өдрийн 46/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” албан бичиг, мөн сарын 20-ны өдрийн 25/09 дугаартай *******-аас *******д хүргүүлсэн албан бичиг, *******-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн шилжүүлгийн задаргаа, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 46/109 дугаартай “Шаардлага хүргүүлэх нь” тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар ******* нь доголдолтой үйлчилгээ үзүүлсэн болох нь тогтоогдсон байна. /хх31-36, 39-42, 46-47, 45, 37-38, 51-52, 58-59/
4.7. Харин хариуцагч доголдлыг арилгасан үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.8. Тэрээр хариуцагчаас 7,232,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсгийг зөв тайлбарлан, хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/04351 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД