| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0279/э |
| Дугаар | 2019/ШЦТ/287 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/287
2019 11 01 2019/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Ө. Б д холбогдох эрүүгийн 1921...............дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Ө. Б /РД: ЖЬ......................./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын … дугаар баг .................. дугаар гудамжинд хохирогч Л.Р “охин Т.М-г дагуулж явсан” гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын …....... дугаар баг 2 дугаар гудамжинд хохирогч Л.Р “охин Т.М дагуулж явсан” гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921.................. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед манай гэрийн урд талын айл Г-нд манай охин М-г нь тоглож байгаад надруу утсаар залгаад “манай найз Сарангэрэлийн төрсөн өдөр болж байгаа юм, Найрамдал талбай орох гэсэн юм, надад мөнгө өгөөч” гэхээр нь би Г-н гэрт очиж охин М-тойгоо уулзаж “Найрамдал тайлбайгаас гэрлүүгээ харих унаа тэрэг байгаа юм уу, битгий яв орой болж байна шүү дээ” гэхэд явна гэсээр байгаад надаас 5000 мянган төгрөг аваад С, С, Р нарын хамт явахаар болсон. Р надад хэлэхдээ “орой манай эгчийн нөхөр хүргэж өгнө” гэж хэлсэн болохоор нь явуулсан юм. Тэгтэл 22 цаг болтол хүлээгээд охин руугаа утсаар залгахаар одоо очиж байна гэж хэд хэдэн удаа хэлээд ирэхгүй байсан. Шөнийн 00 цаг 30 минутын үед гэрийнхээ урд танихгүй машинаас охин маань буухаар нь маш их уур хөдөлсөн. Тэгээд очиж Р загнаж “ чи унаа байхгүй байсан юм бол хэлэхгүй яасан юм, шөнө болтол хүүхэд авч яваад, одоо шөнө орой янз бүрийн хэрэг гарч байхад” гэж хэлээд эргээд гэр рүүгээ орох гэтэл араас Р нь “пизда чинь” гэж хэлэхээр нь чи юу гээд юм гэтэл миний үснээс зулгаагаад авахаар нь би мөн үснээс нь зулгааж доош нь газар руу дарж байгаад бид хоёр салсан. ...Харин толгой руу нь хүчтэй савардаж үснээс нь зулгааж газар руу дарсан юм. Тэр үед Р-н толгой нь доргисон гэж бодож байна. Зодсон нь миний буруу. Ер нь бол зодуулаад зогсож байх нь дээр байсан юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Л.Р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 4 Найрамдал парк дээр очиход цаг 21 цаг 30 минут болж байсан. Тэгээд бид 4 тэндээс зайрмаг, попкорн, аваад урагшаа голын эрэг алхсан.Тэгээд бид дөрөв юм яриад сууж байгаад гэрлүүгээ явсан. Бид нарыг Найрамдал дээр байхад Б эгч М-н утас руу залгаад байсан юм билээ. ...бид нар таксинаас гэрийнхээ гадаа бууж байсан чинь М-н ээж бид нар дээр ирээд “чи манай охиныг уруу татлаа” гээд найдруу дайраад байсан. Тэгсэн чинь М ээжээ та яагаад байгаа юм бэ? болиоч дээ гэсэн. Тэгэхэд тэнд байсан С, С, М гурав Б эгчийг хориглосон боловч тэр гурвыг түлхэж холдуулаад намайг үсдээд авсан. ....Тэгээд хажууд байсан С, С, М нар бид хоёрыг салгасан. ...Зодохдоо намайг үсдэж газар толгойгоор маань нэг удаа мөргүүлсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй... Зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 22-24 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ охиноо ирэхийг хүлээж байгаад унтчихсан байсан. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 25-ны шөнийн 00 цаг 30 минутын үед гэрийн гадна хүмүүс зодолдоод байх шиг хашгиралдаад байхаар нь сонстол манай охины дуу гарсан. Гэрээсээ гарч очиход Р-г Б нь үсдээд зогсож байхаар нь би охиноо салгаж авах гээд Б-ыг тавь гэж хэлж байж гарыг нь тавиулаад гэртээ охинтойгоо орсон. Учирыг нь ч олоогүй юм. Б тай янз бүрийн зүйл яриагүй. Ямар ч байсан гэртээ ороод охиноо харахад үс нь сэгсийсэн, дух нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ий 18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай:
1.Л.Р-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921.............. дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ...... дугаар гудамжинд хохирогч Л.Р-г “охин Т.М-г дагуулж явсан” гэх шалтгааны улмаас зодож биед нь тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Б ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Л.Р /9-10 дугаар хуудас, 22-24 дүгээр хуудас/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн.... дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ө.Б нь насанд хүрээгүй хохирогч Л.Р эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Л.Р, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.М нар нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Ө.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө. Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Б ын ЖЬ.............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүргэд овогт Ө.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Б ын ЖЬ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН