Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 203/МА2026/00016

 

 П.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэртэй,

П.*******гийн нэхэмжлэлтэй

******* ХК-д холбогдох

******* ХК-ний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Түмэнбаяр /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Халиун, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* би "******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/309 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Гэтэл ******* ХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/87 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /цаашид захирлын тушаал гэх/-аар намайг ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж иргэн миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул ийнхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Намайг ажлаас чөлөөлсөн захирлын тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 1-т заасныг үндэслэсэн байдаг.

Гэтэл П.******* миний ажиллаж байсан орон тоо огт хасагдаагүй буюу ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал огт байхгүй болоогүй бөгөөд албан тушаалын нэрийг өөрчилсөн хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа болно.

Орон тоо цөөрөх гэдэг нь нэг ижил орон тооноос цөөрөхийг ойлгох бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан ...компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог... компанийн эрх бүхий албан тушаалтан... ба компанид зайлшгүй байх шаардлагатай Компанийн тухай хуульд нэрлэн заасан нэг л байдаг албан тушаал тул орон тоо цөөрөх үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд захирлын тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.1 нь намайг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болох учиргүй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт мэдэгдээгүй Түүнчлэн захирлын тушаалын үндэслэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн.

Гэвч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг надад огт харуулаагүй, ямар бүтэц, ямар орон тоо яаж өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасан. Гэтэл миний ажиллаж байсан аж ахуй нэгж байгууллага салбар нэгж огт татан буугдаагүй одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дээрх үйл баримтаас үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хууль зүйн үндэслэлгүй байхад захирлын тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн бөгөөд хариуцагчаас эвлэрэх боломжгүй гэх агуулгатай хариуг өгсөн байдаг.

Мөн ажил олгогч нь байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу ...орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч нь уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна. эсхүл ...байгууллагад байгаа сул орон тоонд шилжүүлэх зэрэг хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдаж санхүүгийн хувьд ихээхэн хохирол амссан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан байна.

Мөн тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2. дахь хэсэгт Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно. гэж тус тус зохицуулсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй хэвийн ажил, үүргээ гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд П.******* намайг ******* ХК-ний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоолоор ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг бүтэц гэх юм уу, ажлын хэсэг гэх юм уу ийм зүйл байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг нэр томьёо огт байдаггүй.

Хуульд зааснаар байгууллага өөрөө хөдөлмөрийн маргаан таслах комисстой, сум, дүүрэг дээр хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо ажилладаг байгаа. Тэгэхээр аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг бол хууль бус шийдвэр юм. Уг хороо 2023 оноос хойш одоог хүртэл хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ажил олгогч болон ажилтанд маш их хэмжээний эдийн засаг, эрх зүйн үр дагаврыг үүсгэсээр явж байна.

******* ХК-тай холбоотой хэрэг маргаан дээр ******* аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг байгууллага гомдол хүлээж аваад 7-8 сар дараад, ирц бүртгэхгүй байна гэдэг тайлбар өгөөд, хуралдаж тэмдэглэл үйлдэж яваад байгаа нь маш их үр дагаврыг үүсгэж байгаа юм.

Хуулийн зохицуулалтын дагуу бол П.******* нь ******* сумын засаг даргын албан бичгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор дараагийн шатны байгууллага буюу шүүхэд хандаад явах боломжтой байсан. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулалт гурван талт хороонд гомдол гаргасныг 7 сар өнгөрсний даруу буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцээд, тэмдэглэл үйлдэн талуудад өгсөн.

Уг нь бол сум, дүүргийн хороо гомдлыг хүлээж аваад, 10 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, үүнээс гарсан тэмдэглэл, шийдвэрийг гомдол гаргагч хүлээж аваад 10 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай.

Бидний хоорондох маргаан өнөөдрөөс 7 сарын өмнө шийдвэрлэгдэх боломжтой байсан. Маргаан шийдвэрлэгдэж, хэрвээ нэхэмжлэл хангагдсан бол П.******* ажилтай болоод, ажилгүй байсан хугацааныхаа цалинтай тэнцэх хэмжээний олговрыг авчихсан, дээрээс нь компанийн зүгээс ажилтанд олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс энэ хугацаагаар хасагдсан байх байсан. Хэрвээ нэхэмжлэл хангагдахгүй бол П.*******гийн ажилдаа эргээд орчихно гэдэг хүлээлт 7 сарын өмнө дуусаад, өөрийнхөө ажил амьдралыг зохицуулах боломжтой хугацаа юм.

Мөн ******* ХК энэ маргаанд хариуцагчаар татагдаад 7 сарын хугацаанд ачаалал үүсгээд явахгүй байсан. Энэ бол үр дагавар юм. Ийм үр дагавар үүсгээд байгаа ******* аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэдэг байгууллагыг шүүхийн зүгээс цаашид анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

******* сумын Засаг даргаас манай суманд хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй гэдэг бичгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан боловч 07 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандаж, хугацаа алдаж явсаар байгаад 2026 оны 02 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөв явуулах, хуульд заасан журмын дагуу явуулах нь нэхэмжлэгчийн буюу гомдол гаргагчийн үүрэг юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлийг тогтоож өгсөн байдаг.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаад дараагийн шатны байгууллагад хандах нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй буюу хуульд байхгүй бүтцэд хандаад 7 сарын хугацаанд гомдол гаргах хугацаагаа алдсан байна.

П.******* нь 2025 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг сумын шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг 517 дугаартай захирамжийг нэхэмжлэгч талаас сүүлд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан бөгөөд өнөөдрийн бид нарын хэлэлцэж байгаа хавтаст хэрэгт орчихсон байгаа.

Энэ захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэдэг агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд энэ захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон, хэргийн материалд авагдсан байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон аудитын шийдвэр эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, шүүх хуралдаанаар хэлэлцвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зохицуулсан. Хариуцагчийн зүгээс энэ хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 -д зааснаар шийдвэрлэгдэх ёстой гэж харж байгаа.

Иймд нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлдээ дурдсан ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 87 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, ******* ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн чиг үүрэг бүхий албан тушаал байгаа эсэх дээр тайлбар хэлэх шаардлагагүй гэж харж байна.

Нэг нэхэмжлэгчээс нэг хариуцагчид холбогдуулан яг адилхан нэхэмжлэлийн шаардлага гаргаад, үүнтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. ******* аймгийн сум дахь сум дундын шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******г урьд эрхэлж байсан ******* ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 292,722,547 төгрөгийг ******* ХК-иас гаргуулж П.*******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 292,722,547 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч П.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,621,562 төгрөг гаргуулж, үүнээс нэхэмжлэгчид 70,200 төгрөгийг олгож, үлдэх 1,551,362 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: П.*******гийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй ******* ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий иргэний хэргийг ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 144/Ш32025/00517 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.

Гэтэл П.*******гаас дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасныг ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу П.*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 292,722,547 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ХК-д даалгасан.

******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр нэг нэхэмжлэгч, хариуцагчтай, адил шаардлага бүхий иргэний хэрэгт Хэргийг хэрэгсэхгүй болгосон (хуулийн хүчин төгөлдөр болсон), нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан хоёр шийдвэр гараад байна.

П.*******гаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцээд тус хэргийг өмнө нь шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байсаар байтал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.6 нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэснийг зөрчсөн буюу шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэт нэг талын ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 640 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэсний дагуу П.*******гийн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээсэн бөгөөд захирамжийн хэрэгжилтийг хангаагүй, сэргээгдсэн эрхээ хэрэгжүүлж хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргалгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн агуулгаар тайлбарлан урьд нь гарч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг үгүйсгэсэн байдлаар ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1.11-д ...П.******* нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна, 6.2-т ...хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй асуудал биш гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм.

Шүүхээс П.*******гийн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин хөлсийг 12,462,171 төгрөг, 2023 оны 12 сарын цалин 11,899,515 төгрөг, 2024 оны 01 сарын цалин 13,582,000 төгрөг, 2024 оны 02 сарын цалин 11,905,000 төгрөг, нийт 37,386,515:3 сар=12,462,171 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 553,874 төгрөг буюу 23 сар 11 хоногийн 292,722,547 төгрөг гэж нотлох баримтад үндэслэлгүй буруу тодорхойлсон байна.

П.*******гийн үндсэн цалин нь 2023 оны 12 дугаар сард 4,550,000 төгрөг, 2024 оны 01, 02 сард 4,800,000 төгрөг байсан бөгөөд дундаж цалинг тодорхойлохдоо биеэр ажил эрхлээгүй байдлыг харгалзаж үзэлгүйгээр 2023 оны 12 дугаар сарын цалинг ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 1,000,000 төгрөг, өдрийн илүү цагийн 4,387,500 төгрөг, унааны нэмэгдэл 100,000 төгрөг, нийт 5,487,500 төгрөгийг оруулан, 2024 оны 01 дүгээр сарын цалинг шөнийн илүү цаг 6,000,000 төгрөг, унааны нэмэгдэл 100,000 төгрөг, нийт 6,100,000 төгрөгийг оруулан, 2024 оны 02 дугаар сарын цалинг шөнийн илүү цаг 4,275,000 төгрөг, унааны нэмэгдэл 100,000 төгрөг, нийт 4,375,000 төгрөгийг оруулсан 3 сарын дунджаас нэг сарын цалин хөлсийг 12,462,171 төгрөг гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөрчсөн байна.

******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэр нь дээрх байдлаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу хууль зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, захирамжийн хэрэгжилт хангагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн, өмнөх шүүхийн шийдвэрийн хэрэгжих нөхцөлийг хязгаарласан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу П.*******гийн нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцсэн. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч П.******* нь ******* ХК-д холбогдуулан ******* ХК-ний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс нэг хариуцагчид холбогдуулан яг адилхан нэхэмжлэлийн шаардлага гаргаад, үүнтэй холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 Нэхэмжлэгч П.*******г ******* ХК-ий гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/309 дугаар тушаалаар тус компанийн Ерөнхий нягтлан бодогчоор томилж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. /хавтас хэргийн 8, 9 дэх тал/

Дээрх ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн Хариуцагч П.*******г ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй талаар маргаагүй, ...хариуцагч нь нэхэмжлэгч П.*******г ерөнхий нягтлан бодогчийн ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.1 д заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж зааснаар П.*******д 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлээгүй байна. Иймд ажил олгогчийн санаачилгаар П.*******г ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.*******г Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хоёр удаа шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэрэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлын тухайд:

 ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 144/ШЗ2025/00517 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой байна гэж дүгнээд П.*******гийн нэхэмжлэлтэй ******* ХК-д холбогдуулан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3-т зааснаас дүгнэхэд тухайн шаардлагыг шүүхээс өөр байгууллага, албан тушаалтанд эхлээд гаргаж, тэндээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах боломжийг тусгасан байна. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт мөн хуулийн 65.1.3-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дахин шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхийг хориглож, хязгаарлаагүй байх ба дээрх нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд дахин гаргасан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 Тодруулбал, ******* аймаг ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1-423 тоот албан бичигт иргэн П.*******гийн ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гомдолтой танилцаад ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул дараагийн шатны байгууллагад хандана уу гэжээ. /хавтас хэргийн 14 дэх тал/

******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 144/Ш32025/00517 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 2-т ******* аймгийн ******* сумын Засаг дарга, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч П.******* гомдол гаргажээ гэж, үндэслэх хэсгийн 4-т ******* аймаг, ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ....дараагийн шатны байгууллагад хандана уу гэж гомдол хүлээн авсан болон хариу ирүүлсэн хугацааг дүгнэсэн байна. /хавтас хэргийн 24-30 дахь тал/

******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 04 сарын 30-ны өдрийн 207 тоот албан бичигт ...Иргэн П.******* нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол ирүүлсэн. Хорооны гишүүдийн ирц бүрдэхгүй байсан шалтгаанаар хуралдаагүй байсаар 2025 оны 01 дүгээр сар хүргэсэн" гэжээ. /хавтас хэргийн 15-16 дахь тал/

******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 48 тоот албан бичигт Иргэн *******ийн *******д ******* аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гаргасан өргөдлийг хүлээн авч ажлын хэсгийн ирц, гомдлын оролцогч талын хүсэлт зэргийг харгалзан хурлыг хойшлуулан тус хороо нь 2025 оны 01 сарын 16-ны өдөр хуралдсан. Хурлын тэмдэглэлд гомдлын оролцогч тал болох ******* ******* ХК-ийг төлөөлөн оролцсон хууль эрх зүйн ахлах ажилтан П.*******гийн албан ажил давхардсанаас шалтгаалан 2025 оны 01 дүгээр сарын 29-нд гарын үсэг зурж баталгаажуулсан учир хурлын тэмдэглэлийг гомдол гаргагч талд 2025 оны 01 дүгээр сарын 29-нд хүлээлгэн өгсөн болно гэжээ. /хавтас хэргийн 13 дахь тал/

Нэхэмжлэгч П.******* тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд өгсөн ба шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 144/Ш32025/00517 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Улмаар ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 144/Ш32025/00640 дугаартай захирамжаар П.*******гийн гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж, хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээсэн /хавтас хэргийн 31-33 дахь тал/ үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч П.******* нь ******* ******* ХК-ний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд дахин гаргасан байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст болон сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй талаар заасан.

 Нэхэмжлэгч нь ******* ХК-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул ******* аймаг ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1-423 тоот албан бичигт заасны дагуу ******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй талаар заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрхийн онцгой төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт байх ба үүнд хуулиар хугацаа тогтоогоогүй ба анхан шатны шүүх нэхэмжлэгч гомдол гаргасан тул хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан ажилтанд олгох хуульд заасан үндэслэл бий болох ба энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Хоёр. Дундаж цалин хөлс тодорхойлох 2.1.Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: 2.1.1.нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж; 2.1.2.нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж; 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байна.

 П.*******гийн ******* ХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлсийг 2023 оны 12 сар цалин 11,899,515 төгрөг, 2024 оны 01 сарын цалин 13,582,000 төгрөг, 2024 оны 02 сарын цалин 11,905,000 төгрөг нийт 37,386,515 төгрөгөөр тооцож нэг өдрийн дундаж цалин хөлсийг 553,874 төгрөг гэж тооцсон анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн сүүлийн гурван сард авсан цалин хөлс нь хавтас хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хавтас хэргийн 11 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг нотлох баримтгүйгээр буруу тооцсон гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,622,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2026/00152 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,622,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА