| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1218/Э |
| Дугаар | 1234 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1234
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Хохирогч М....,
Шүүгдэгч Б....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ы ...д холбогдох 1908040441522 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 12 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа барилгын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ...тоотод түр оршин суух, урьд
- 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 345 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Боржигон овогт ...ы .../РД:.../. ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б....нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлдвэрийн барилгын хашаанд “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар иргэн М....ын толгойн тус газар нь модоор цохин, түүний биед тархи доргилт, толгойн оройд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч М....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Талх чихрийн салбар барилгаас Хятадын үйлдвэр барьж байгаа махны үйлдвэрийн байгууламж дээр ажил хийх гээд тус өдөр эмээлтэд баригдаж буй Хятадын барилга дээр барилгын дам нуруу холбож арматур төмөр зангидах ажил хийх гээд машинаасаа буутал ...гэх залуу чи сумын заан гэл үү хүрээд ир хоёулаа сайхан барилдъя гэж хэлээд миний энгэр заамны барьцнаас бариад байхаар нь би барилдаад 2 удаа унагаасан. ...тэгээд би хувцсаа гүйцэд өмсөж байтал .../ гэх хүн согтуу ирээд намайг заамдаж аваад чи одоо надтай барилдчих гэж хэлээд намайг боогоод зулгаагаад татаад байхаар нь би тавиулах гэж байтал ...гэх залуу намайг татсаар байгаад миний салтаанд гулгаад дээшээ хараад суусан. Тэгээд би гар хурууг нь тавиулах гэж оролдож байтал ...гэх залуугийн дүү ...арматур төмөр хөшиж байсан 3 метрийн урттай турба барьж ирээд чамайг ална гээд орилоод гүйж ирээд толгойн орой хэсэгт төмрөөр 1 удаа цохиход би унасан байсан. Нэг сэрсэн чинь ...гэх залуу чи муу үхсэн үү гээд толгой руу нулимаад хөлөөрөө өшиглөж байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
2.Хохирогч М....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед барилга дээр очиход хүмүүс 2 приус машинд хувааж суугаад эмээлт рүү барилгын дам нуруу босгох гээд явсан. Тэр үед ...гийн ах ...гэх залуу оччихсон байсан. Машинаас буухад ...гэх залуу хүрч ирээд “хөөё чи нааш ир” гэхээр нь яваад очсон. Тэгээд барилдаж эхлээд ...ыг унагачихаад больчихсон. ...ирээд “би чамайг барах юм байна. Чи үхэн хатан намайг давлаа” гэхээр нь би “барилдъя” гээд ...ыг татсан чинь ...болиод ажлаа хийсэн. ...мөн адил боль гэж хэлсэн. ...гэх ах нь согтуу байсан. Намайг хувцсаа солиод сууж байхад шал согтуу архи үнэртүүлж ирээд “чи босоод ир, яахлаараа хүн дээрэлхдэг юм” гээд намайг боож өчсөн. Би “чи болилдоо, чамд ямар хамаатай юм, би ...тай барилдсан, та хоёртой барилдаагүй” гэж хэлтэл намайг доороос татаад салтаанд суусан. Гэтэл ...цаанаас “чи муу яагаад байгаа юм, алаад өгнө өө" гээд турба бариад гүйж ирсэн. Таг гээд толгой руу цохиод би манараад уначихсан. Нэг сэргэсэн чинь ...миний цээж рүү өшиглөчихсөн “муу гөлөг минь би чамайг гүйцээчих юм уу” гээд орилоод байсан. Хүмүүс салгаад нилээн цаана оччихоод ... “наадхыг чинь гүйцээнэ” гээд орилоод байсан. Би цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө намайг эмнэлэг хүргэж өгнө гээд приусэнд суулгаад авч яваад эмнэлгийн нацилкин дээр хэвтүүлсэн. Замдаа явж байхдаа ..., ...нар өөр хүн цохисон гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Надад зүрхний эм авч өгсөн. Миний толгой хавдартай байсан. Миний 6 хоног 1 шөнөтэй ажилласан хугацааны цалин өгөөгүй байсан. ...надад “мужааны ажил өдрийн 100,000 төгрөгөөр ажилладаг” гэж хэлж байсан. ...тухайн үед биднийг хариуцаад ажиллаж байсан. Би ...гөөс авсан 600,000 төгрөгийг цалин гэж бодож авсан. 60,000 төгрөгийг эмний мөнгө гэж авсан. Толгойны зургийг 100,000 төгрөгөөр авхуулсан. Намайг турбогоор цохисон байхад прүүс мод болгосонд гомдолтой байна. Би хохирлын баримтаа өөрийн гараар бичсэн баримтын хамт гаргаж өгсөн. Одоо олдохгүй байгаад гомдолтой байна. Нийт хохирол 4,860,000 төгрөг болсон санагдаж байна. Мөн ...д гомдолтой байна. 3,000,000 төгрөгийн малчны зээл хийлгэж эмчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Б....н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ... манай ахыг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд тонгороод унагаахад нь ...ирээд тэр салгахад ... ах ...ийг цуг татаж босгоод салгах үед нь би хажууд нь дам нурууны рес хийх гээд 4x3 хэмжээтэй урт нь 1 м гаруй приус мод барьж байгаад та 2 болиоч ажлаа хийгээч ямар ядаргаатай пиздакууд вэ гэж хэлээд ...ын толгой хэсэг рүү нь модоор нэг удаа цохитол ... гар утсаар яриад түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 101-105 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4. Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07-р дугаар сарын 29-ний өдөр Талх чихрийн үйлдвэр дээр газар шорооны ажил хийнэ гээд тэр өдөр ажил зогсох гээд байсан. Тэгээд би машинаасаа бууж ажлаа хийж байхдаа ажлын ... гэх залуутай барилдаад хоёр удаа шидүүлсэн. ... тэгэхээр нь би 2 жил сайн бэлтгэл хийвэл чамайг давчих юм байна даа гэж хэлэхэд ... чи миний эцгийг доромжилж байна уу танайх удам судраараа барахгүй шүү гэж хэлэхээр нь би тоглож л байгаа юм байна гэж бодтол уурласан байдалтай над дээр ирээд намайг ахиж авч тонгорч шидчихээд дахиад босоод иртэл миний хоолойноос заамдаж авахаар нь би тоглож байх чинь сүртэй юм бэ гэж хэлээд байж байтал ...гэх залуу бид хоёрыг салгасан. ... би тэр үед дам нуруу залгаад боож байгаад нэг хартал хоорондоо юм ярьж байх шиг байсан. Би удалгүй ажил хийж байгаад хэрэлдээд байхаар хартал ... ...ийн хоолойноос нь багалзуурдаад унагаахад ... дээр нь гарсан байдалтай ... доор нь унасан байдалтай байж байсан. Тухайн үед тэр 2-ыг ...салгах гээд ...ыг татхад ... ...ийг цуг татаж босож ирэх үед ......ын толгой руу нь приус модоор 1 удаа цохисон юм. ...ын толгой руу нь цохисны дараа ... ухаан алдаж унасан асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х /,
5. Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө бригадын хүмүүсээ аваад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Махны үйлдвэрийн барилгын ажил дээр ирээд ажлаа хийж байтал ..., ... хоёр барилдаж байсан. Тэгээд ...хоёр удаа уначихаад 2 жилийн дараа ...ыг давах л юм байна гэж хэлээд ажлаа хийж байтал ... ирээд чи муу барахгүй шүү намайг миний эцгийг мэдэх үү гэж хэлээд ...ыг мөрөн дээрээс нь нэг удаа татаж унагаагаад босоод ирэхээр нь ... ...ыг дахиад тонгороод унагаасан, тэгээд ...уурлаад чи тоглоом даахгүй адилхан барилдсан биздээ гэж хэлээд мөрөн дээрээс нь барьчхаад тавихгүй олон юм яриад байсан. Тэгсэн ...ыг ...салгаад аваад явсан. ... хол очоод зогсохоор нь би хажууд нь очоод адилхан маргалдаж барилдсан байж юундаа тоглоомоо даахгүй уурлаад байдаг юм бэ адилхан найзууд юм байж гэтэл ... чи надад сургааль айлддаг хэн бэ? гээд намайг тонгорч унагаагаад дээрээс багалзуурдаад чи муу сургааль айлддаг хэн бэ? ална шүү гэж хэлээд зүүн гараараа цохих гээд далайгаад байсан тэгсэн ...пиздануудаа ажил төрлөө хийгээч ээ гэж хэлээд барьж байсан приус модоор ...ын толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би тус өдрийн урд орой нь найзуудтайгаа архи уусан байсан. Тэр нь ...т үнэртсэн байж магадгүй. ...ажлаа хий гэж хэлсэн тэрнээс болж хоорондоо маргалдсан байж магадгүй. Толгойн орой хэсэг рүү нь приус модоор 1 удаа цохисон. Ажлаа хийгээч писдакуудаа гэж хэлээд уурандаа цохисон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х /,
6. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр ажил дээр байхад над руу залгаад намайг бригадыг ахлаж байгаа хүн нь төмөр турбагаар цохичихлоо гэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан юм уу гэтэл би цагдаа эмнэлэг дуудсан чи хурдан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт дээр баригдаж байгаа үйлдвэр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би сандраад ажлаасаа гараад автобусанд суучихаад нөхөр ... руу залгатал утасны цаанаас цаад хүмүүстэйгээ маргалдаад байсан. Удалгүй би таван шар дээр буугаад эмээлт орох автобус хүлээгээд байж байтал танихгүй дугаараас над руу залгаад ...чи хаана байна гэхээр нь би таван шар дээр байна наанаа байж бай бид аваад явж байна гээд замаараа намайг таван шараас аваад машин дотор нь арын сандал дээр ... хэвтэж байсан толгойн орой хэсэг нь хавдаж шалбарсан байдалтай байсан тэгэхээр нь би юу болсон юм бэ гэтэл зам дээр байж байсан бид нар юу ч мэдэхгүй байна гэж хэлээд удалгүй бид нар гэмтэл орж үзүүлсэн. Тэр орой нь манай нөхөр ... банкны мөнгө ...орой шилжүүлсэн гэж ярьж байсан. ...манай банкны 600,000 төгрөгийг хийж өгсөн. Толгойн орой хэсэг нь хавдсан хамаг бие нь зулгарсан. Энд тэндээ зүсүүлсэн байдалтай байсан. Хүзүү хэсгээрээ улайсан байдалтай байсан. Барилдаж байгаад маргалдсан. ...гэх залуу ...ыг хүзүүнээс нь боохоор нь тавь гэж хэлж байтал ...доор нь унасан тэгсэн. ...гэх залуугийн дүү нь ...гэх залуу толгой хэсэг газар луу нь төмөр турбагаар цохисон гэж хэлж байсан. Архи уугаагүй байсан. ...гэх залуу нь согтуу байсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 51-52х /,
7. Гэрч Х....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо эмээлт дээр баригдаж байгаа үйлдвэр дээр ... ...хоёр барилдаад байсан тэгсэн ... ...ыг хоёр удаа унагаатал ...би чамайг 2 жилийн дараа хаячих юм байна гэж хэлж байсан. Удалгүй намайг хартал ... хувцсаа тайлаад ...ыг дахиж очиж барьж аваад хүзүүнээс заамдаад сэгсэрч байгаад заамдсан барьцан дээрээсээ барьж байгаад тонгороод шидсэн тэгэхээр нь би очиж тэр хоёрыг салгаад хоёр тийш нь явуултал ... дахиад ...буюу ... гэх залууг барьж аваад доороо хийсэн байдалтай байсан. ...... дээгүүрээ хувцасгүй шалдан байсан ба ...ийг доороо хийсэн байдалтай заамдаж байсан ... доор нь атысан байдалтай байж байхаар нь би очоод боль гэж хэлээд ...ын зүүн гарын суга руу нь гараа хийгээд таттал ... доор нь байсан ...ийг тавилгүй цуг татаад өндийж байхад тэр 2-ийн хажууд ...Си төмөр угсраад боолтоор боож байснаа бид 3-ийг харангуутаа ..., ... 2-ийг та 2 болиоч гээд байхад яах гээд байгаа юм гэж хэлэх явцдаа приус модоор ...ын толгойруу нь 1 удаа цохихоор нь би ...ыг холдуулаад ...Түмэн- Өлзийг холдуусан юм. ...” гэх мэдүүлэг /хх 55-56 х /,
8. Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би барилгын ажилд ороод 7 хонож байна. 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Эмээлт дээр баригдаж байгаа үйлдвэр дээр барилгын ажил хийх гэж очсон. ... ах ...ахтай барилдаж байхыг харсан тэр үед барилгын Си-төмөр зоогоод явж байтал тэр хоёр муудалцаад байсан ... ах ...ахыг заамдаж аваад хоёр тийшээ шидээд байсан. Удалгүй ...ах та нар боль ажлаа хий гэж хэлэхэд тэр 2 салсан. Удалгүй ... ах хувцсаа тайлаад ...ах руу орилоод байхаар нь ...ах ажил төрлөө хий та нар барилдаж ноцолдох гэж ирсэн юм уу писда нараа гэж хэлтэл ...ах ажлаа хийж эхэлсэн. Удалгүй ... дээр ...... ах ирээд нэг юм ярих шиг болсон. Тэгээд би си төмөр зөөгөөд буцаад иртэл ... ахыг ... ах доороо хийгээд байж байтал ...ах салгаж байсан, би си төмрөө байранд нь тавьчхаад эргээд хартал ...ах юм хөшиж байсан приус мод чирээд явж байснаа ... ахын толгой хэсэг рүү приус модоор 1 удаа цохисон. Тэгээд тэнд байсан ажилчид голоор нь ороод 2 тал руу нь салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х/,
9.Шинжээчийн 9410 тоот дүгнэлт
1. М....ын биед тархи доргилт, толгойн оройд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 28 х/,
10. Хохирлын баримтууд /хх 13-15 х/
11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61 х/
12. Шийтгэх тогтоолын хуулбар /хх 64-66, 69-70 х/
13. КТГ-н зураг авахуулсны төлбөрийн 100,000 төгрөг төлсөн баримт /хх 73 х/
14.Хохирогч М....т дансаар 600,000 төгрөг, мөн эм тарианы 66,000 төгрөг авсан тухай баримтууд /хх 83, 114 х/
15. Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 74 х/
16. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 75 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б....нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлдвэрийн барилгын хашаанд “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар иргэн М....ын толгойн тус газарт модоор цохин тархи доргилт, толгойн оройд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М....ын “......арматур төмөр хөшиж байсан 3 метрийн урттай турба барьж ирээд чамайг ална гээд орилж гүйж ирээд толгойн орой хэсэгт төмрөөр 1 удаа цохиход би унасан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
Шүүгдэгч Б....н “... ...ын толгой хэсэг рүү нь модоор нэг удаа цохитол ... гар утсаар яриад түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 101-105 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Н....ын “.........ын толгой руу нь пүрүүс модоор 1 удаа цохисон юм. ...ын толгой руу нь цохисны дараа ... ухаан алдаж унасан асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х /,
Гэрч Б....ийн “... ...ажлаа хий гэж хэлсэн тэрнээс болж хоорондоо маргалдсан байж магадгүй. Толгойн орой хэсэг рүү нь пүрүүс модоор 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 46-47 х /,
Гэрч Б....гийн “... ...гэх залуугийн дүү ...гэх залуу толгой хэсэг газар луу нь төмөр турбагаар цохисон гэж хэлж байсан. Архи уугаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 51-52х /,
Гэрч Х....н “......ийг та 2 болиоч гээд байхад яах гээд байгаа юм гэж хэлэх явцдаа пүрүүс модоор ...ын толгой руу нь 1 удаа цохихоор нь би ...ыг холдуулаад ...Түмэн- Өлзийг холдуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 55-56 х /,
Гэрч Б....гийн “......ах юм хөшиж байсан пүрүүс мод чирээд явж байснаа ... ахын толгой хэсэг рүү уг модоор 1 удаа цохисон. Тэгээд тэнд байсан ажилчид голоор нь ороод 2 тал руу нь салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х/,
Шинжээчийн 9410 тоот дүгнэлт
1. М....ын биед тархи доргилт, толгойн оройд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 28 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б....нь хохирогч М....ын биед тархи доргилт, толгойн оройд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б....нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Хохирогч модоор биш төмрөөр цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлгийг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. Мөн гэрч М.... төмрөөр цохисон талаар мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг дамжмал буюу хохирогч Б....гөөс сонссон зүйлээ мэдүүлсэн, харин хэргийн газарт байсан гэрчүүд болох Н..../хх 42-43 х /, Б.... /хх 46-47 х /, Х..../хх 55-56 х /, Б.... /хх 59-60 х/ нар шүүгдэгч нь модоор нэг удаа цохисон гэдгийг хөдөлбөргүй нотлож байгаа улсын яллагчаас шүүгдэгч нь модоор цохиж гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, уг гэмтлийг ямар эд зүйлээр цохиж учруулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.... нь хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудсанд авагдсан комьпютерт томографийн шинжилгээний 100,000 төгрөгийн, “Сэвиймядаг” ХХК-д оношийн төлбөрийн 44,000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, хохирол төлөгдсөн харин хавтаст хэргийн 14, 15 дугаар хуудсан дахь зарлагын баримтууд нь олгосон байгууллагын тэмдэг дарагдаагүй, гарын үсэггүй, төлбөрт тушаасан мөнгөний баримтууд байхгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй.
Хохирогч нь эмчилгээний зардалд 2,750,000 төгрөг зарцуулсан уг баримтуудаа мөрдөгчид өгсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна гэсэн боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй шүүх хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтанд үндэслэж шийдвэр гаргах тул шүүхээс дээрх асуудлуудаар дүгнэлт хийх боломжгүй байгаа учраас холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.
Хохирогчид нийт 766,000 төгрөг төлөгдсөн /хх 83, 114 х/ болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Улсын яллагч: Б....д 660 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн.
Б....н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусад учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан шүүхээс 900 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт ...ы ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.
5. Б....н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 766,000 төгрөг төлөгдсөн, хохирогч эрүүл мэндэд учирсан эмчилгээний бусад зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ