| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1200/Э |
| Дугаар | 1233 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 1233
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч А.Тунгалагтуяа,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонгоол овогт ...гийн ...д холбогдох 1908050681528 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 10 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1 /ганцаараа амьдардаг/ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Сонгоол овогт ...гийн ... /.../. ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонсголон “...” ХХК-ийн хашаанд 2019 оны 09 сарын 29-ны өдөр 13 цагийн орчим Н....ийн машины шилийг хагална гэж маргалдаж улмаар толгой руу нь чулуугаар цохиж газар унагаж өшиглөж зодохдоо түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, духны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... бид хоёр 2-3 хоногийн өмнө манай дүүгээс авсан мөнгөө өг гэж маргалдаж байхдаа миний нүүр лүү цохихоор нь автомашин дотор байсан хуванцар сав чулуудсан чинь ...гийн машины зүүн талын шил хагарсан. Тэгээд бид хоёр салаад явсан. 2019 оны 09 сарын 29-ний өдөр зуурмаг ачаад зогсож байсан чинь ... автомашинтайгаа ирээд чи миний машины шилийг хагалсан би чиний автомашины шилийг хагална гээд огурцины шил шидсэн боловч миний машины шил хагараагүй тэгэхээр нь би адилхан чиний машины шилийг хагална гэсэн чинь ... намайг ална гээд дайраад байсан. ... чулуутай гараараа намайг цохиж газар унагаж нүүр лүү өшиглөсөн. Ээлжийн ахлах ...салгаад цагдаад өгсөн. ... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,
2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Н.... хэд хоногийн өмнө миний машины салхины шилийг хагалсан болохоор би шилийг төлж өг гэсэн чинь чадахгүй гэхээр нь би тэгвэл чиний машины шилийг хагална гээд варений шил шидсэн асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдаж намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь газар унасан. Би газар унахаар нь би дахиад өшиглөсөн. ... тархины КТГ-ийн төлбөрийг баримтын дагуу төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 25-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019-оны 09-р сарын 29-ний өдөр Н.... нь ...гэсэн улсын дугаартай ачааны автомашинтай ачаа ачаад баримтыг нь өгөх гээд зогсож байхад манай ажлын ... гэх жолооч ...гэсэн улсын дугаартай ачааны автомашинтай орж ирээд ...ийг чи миний машины шилийг хагалсан би чиний машины шилийг хагална гээд нэг жижиг шил мэт зүйл аваад ...ийн машин руу шидсэн. Тэгсэн ... машинаасаа бууж ирээд ..., ... 2 хоорондоо маргалдаад байсан. ...ийг ... гэх жолооч чулуутай гараараа цохиод газар унагасан мөн ...ийг өшиглөөд байхаар нь би очоод салгасан. ...ийн нүүр цус болсон байсан. Би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 13 х /,
4.Шинжээчийн 11860 тоот дүгнэлт
1.Н....ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, духны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 14 х/,
6.Хохирлын баримт /хх 31 х/
7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/
8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 35 х/
9.”...” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх 38 х/
10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 х/
11.Хохирол төлсөн баримт /хх 69 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Б.... нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн хашаанд 2019 оны 09 сарын 29-ний өдөр 13 цагийн орчим Н....той машины шил хагалсан асуудлаас болж маргалдан түүний толгой руу нь чулуутай гараар цохих, газар унагаж өшиглөх зэргээр түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, духны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н....ийн “... машины шилний асуудлаас болж бид хоёр маргалдан ... чулуутай гараараа намайг цохиж газар унагаж нүүр лүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,
Шүүгдэгч Б....гийн “... Н.... бид хоёр хоорондоо маргалдаж намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь газар унасан. Би газар унахаар нь би дахиад өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 25-28 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....гийн “... 2019-оны 09-р сарын 29-ний өдөр Н.... нь ...гэсэн улсын дугаартай ачааны автомашинтай ачаа ачаад баримтыг нь өгөх гээд зогсож байхад манай ажлын ... гэх жолооч ...гэсэн улсын дугаартай ачааны автомашинтай орж ирээд ...ийг чи миний машины шилийг хагалсан би чиний машины шилийг хагална гээд нэг жижиг шил мэт зүйл аваад ...ийн машин руу шидсэн. Тэгсэн ... машинаасаа бууж ирээд ..., ... 2 хоорондоо маргалдаад байсан. ...ийг ... гэх жолооч чулуутай гараараа цохиод газар унагасан мөн ...ийг өшиглөөд байхаар нь би очоод салгасан. ...ийн нүүр цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13 х /,
Шинжээчийн 11860 тоот дүгнэлт
1.Н....ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, духны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 14 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б.... нь хохирогч Н....ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, духны язарсан шарх, дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Н....ийн эмчилгээний зардал гэж КТГ-н зураг авахуулсны төлбөрийн баримтаар нэхэмжилсэн 100,000 төгрөг төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 69 х/-аар нотлогдон тогтоогдсон, харин хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлын баримт гаргаж ирүүлээгүй тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.
Улсын яллагч: Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.
Б....гийн үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бусдын машины шилийг хагална гэж хэрүүл маргаан үүсгэж очсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгоол овогт ...гийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.
5.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 100,000 төгрөг төлөгдсөн, хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ