Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/01112

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02112 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нэрээ ******* болгон өөрчилсөн.

1.2. ******* нь *******-тай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22,727,272 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь ******* аймагт байрлах жуулчны баазад ашиглагдах 3 м өндөр, 2.5 м өргөн, 18 тн эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн сав нийлүүлж, угсарч суурилуулах үүрэг хүлээсэн. Худалдан авагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн данс руу урьдчилгаа төлбөрт 11,363,636 төгрөг шилжүүлсэн.

1.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т зааснаар хариуцагч нь 21 хоногт усны сав нийлүүлэн, 7 хоногийн дотор суурилуулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цэвэр усны нөөцийн савыг 33 хоногийн хоцрогдолтой угсарсан. Уг сав нь чанарын шаардлага хангаагүй, үйлдвэрийн доголдолтой буюу баруун доод хэсэгтээ цоорсон, хэвийн горимоор ажилладаггүй байсан.

*******-ийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний 8-д заасны дагуу *******-д доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөхийг мэдэгдсэн боловч хүлээж аваагүй.

1.4. Мөн суурийн асуудлыг бэлтгэх ажлыг хэн хийх талаар гэрээгээр зохицуулаагүй.

Иймд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээгээр шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр захиалсан нөөцийн савыг Улаанбаатар хотод ирэхэд нь захиалагчид утсаар мэдэгдсэн. Захиалагч тээвэрлэлт хариуцах байсан, бид 12 хоног хүлээж хариу өгөөгүй учраас нэмэлт зардал гаргаж ******* рүү тээвэрлэсэн.

2.2. Манай зүгээс гэрээний дагуу савыг нийлүүлж, угсрах, нөгөө талаас суурийг бэлдэж өгөх ёстой байсан. Бид суурийг төмрөөр хийж болдог гэдэг санал нэхэмжлэгчид тавихад “дэмий зардал гаргахгүй, шалан дээр угсар” гэж хэлсэн.

Тус нөөцийн савыг 4 хоногийн дотор угсарч суурилуулсан. Усны савыг шалан дээр угсарсан тул хаанаас ус шүүрч байгааг харах боломжгүй, усыг шавхаж харах шаардлагатай болсон. Иймээс 25 диаметртэй шланкаар 24 цагийн турш усаар дүүргэхэд үл ялиг ус шүүрч байсан тул усыг суллаж силикондоод дахин шалгах гэхэд усаар дүүргэж өгөөгүй. Учир нь, тэнд ажиллаж байсан сантехникийн холболт хийх хүмүүс ажлыг нь хаяж явсан тул бид усны савыг шалгах боломжгүй болж, аргагүй эрхэнд 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буцсан.

2.3. Цэвэр усны нөөцийн савыг ашигласан эсэх талаар тус амралтын газрын цахилгаан техник хариуцсан инженер *******тай холбогдон тодруулахад уурын зуух болон шугам хоолой угсралтын ажлаа дуусгаагүй гэж мэдэгдсэн. Талууд ажлаа хүлээлцээгүй байхад ус хийх, эзэмших, ашиглах эрхгүй. ******* инженер нь тухайн үед усны савны угсралтыг хүлээж авсан учраас доголдолтой бүтээгдэхүүн гэдгийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлох ёстой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасныг баримтлан хариуцагч талын *******ад тээвэрлэн хүргэж, угсарч суурилуулсан 18 тонны эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг хариуцагч *******-д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч *******-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 232 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 196,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.1. Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Улаанбаатар хотоос ******* аймгийн ******* суманд хүрэх тээвэрлэлтийг хариуцах ёстой. Бид 12 хоног хүлээж, өөрсдийн зардлаар очиж, 4 хоногийн дотор нөөцийн савыг угсарч, савыг усаар дүүргэж шалгахад булан хэсгээс ус шүүрсэн. Усыг суллан зохих үйлчилгээ болох силикондож усны шүүрэлтийг зогсоосон. Гэвч нэхэмжлэгч нь дахин ус хийж шалгах боломжийг олгоогүй.

4.2. Тухайн цэвэр усны савыг газраас 40-50 см өндөртэй суурь дээр угсрах ёстой талаар хэлэхэд *******-ийн захирал нь “шууд газар дээр угсар” гэсэн. Уг үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл харагдаж байна.

4.3. Доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх боловч уг бүтээгдэхүүн аль хэсгээр чанарын шаардлага хангаагүй эвдрэл гэмтэл байгаа талаар шинжээчийн дүгнэлт гараагүй бөгөөд уг маргаан нь хөндлөнгийн дүгнэлтээр тогтоогдох ёстой. Нэхэмжлэгч үүнийг баримтаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгч нь угсарсан нөөцийн савыг албан ёсоор хүлээж аваагүй, тус компаниас хүн байгаагүй зохих үүргээ гүйцэтгээгүй. Манай усны нөөцийн сав байгаа эсэх нь тодорхойгүй, савыг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид үүрэг болгохдоо хаана хүргэж өгөхийг заагаагүй байна.

Иймд хэргийг хянаж, зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд маргааны зүйл болсон цэвэр усны нөөцийн савны суурийг бэлтгэх асуудал тусгагдаагүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь “суурийг хийгээгүй үйл баримт нь усны савыг бүрэн угсарч дуусгахад сөргөөр нөлөөлөхгүй” гэж хүлээн зөвшөөрдөг.

5.2.Хариуцагчийн “цэвэр усны нөөцийн савыг шалгах нөхцөл бололцоогоор хангаагүй” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгддэг. Тодруулбал анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг маргаан бүхий савыг усаар дүүргэж, дахин шалгах нөхцөл бололцоог 3 удаа бүрдүүлж өгсөн үйл баримт тогтоогдсон.

5.3. Хариуцагч нь ус алдахыг зогсоохын тулд силикондох арга хэмжээг авсан. Гэтэл цэвэр усны нөөцийн сав нь хүнсний зориулалттай учраас силикон ашиглах нь стандартын шаардлагад нийцэх эсэхийг анхаарах ёстой. Уг үйлдэл нь өөрөө ажлын чанар, стандартын зөрчлийг илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.  

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... тус компанийн нийлүүлсэн цэвэр усны нөөцийг савыг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэхэд савыг байрлуулах суурийг нэхэмжлэгч талаас бэлдээгүй ... шалан дээр угсар гэсэн ... суурь хийгээгүйгээс усны савны доогуур орж эрэг, холбоосыг чангалах боломжгүй буюу савны усны шүүрэлтийг засварлах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон, ... мөн усны нөөцийн савыг усаар дүүргэж дахин шалгах боломжоор хангаагүй ..., ... доголдолтой гэдгийг нотлоогүй ...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, зохигч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, *******, ******* нарын байгуулсан 2023 оны 08 сарын 11-ний өдөр 69/23 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Худалдан авагч ******* /хуучин нэрээр *******/ нь гэрээний урьдчилгаа төлбөрт 11,363,363 төгрөг худалдагч *******-д шилжүүлсэн, худалдагч ******* захиалсан усны нөөцийн савыг ******* аймагт байрлах *******зад тээвэрлэн хүргэж, савыг угсарч суурилуулсан үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй. Харин суурилуулсан усны нөөцийн сав доголдолтой байсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

5.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч ******* нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******* нь үнэ төлөх үндсэн үүрэгтэй.

Талууд гэрээний тусгай нөхцөлийн 1-д “GPR шилэн материалаар хийгдсэн, бактери үржихгүй, 20 жилээс дээш хугацаагаар ашиглах боломжтой, стандарт хэмжил зүйн газрын хүнсний аюулгүй байдлын газрын лавлагаа лабораториор баталгаажсан гэрчилгээтэй, ханын зузаан 14/12/10/8 мм, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн байна.” гэж нийлүүлэх усны савны чанарын үзүүлэлтийг зааж, үйлдвэрийн, шинэ, доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх4-7/

5.2. Нэхэмжлэгч ******* нь үйлдвэрийн доголдолтой усны сав нийлүүлсэн буюу сав баруун доод хэсэгтээ цоорсон, хэвийн горимоор ажиллах боломжгүй байсан.” гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж өгөөгүй байна. Иймээс хариуцагч ******* нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

5.3. Харин зохигчдын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь гэрээний ерөнхий нөхцөлийн 5.2, 5.3-т зааснаар бараа болон түүний угсралт суурилуулалтын ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээн авах, барааны угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, ажил гүйцэтгэхэд шаардагдах цахилгаанаар хангах, хариуцагч нь гэрээний хавсралтад зааснаар 1 ширхэг 18 тонны эзэлхүүнтэй усны нөөцийн савны швеллерэн суурь гагнах, усны нөөцийн савыг угсарч суурилуулах, *******ад ашиглагдаж байгаа 20 тонны эзэлхүүнтэй усны нөөцийн савыг задалж, худалдан авагчийн заасан байрлалд угсарч суурилуулах үүрэг тус тус хүлээжээ. /хх6-7/

*******-ийн талбайн инженер гэрч *******гийн “... манай компанийн захирал “шал нь арматуртай зузаан цутгагдсан шал байгаа учраас нэмэлт зардал гаргах шаардлагагүй” гээд суурийг хийхийг болиулсан, би төмөр хөл хийлгүүлье гэхэд хэрэггүй гэсэн ..., ... *******-ийн хувьд 2 удаагийн угсралт дээр ус шүүрч гоожсоны улмаас 3 дахь удаагийн угсралт дээр ус шахуулаагүй. Сантехникийн компани ажлаа хаяж явснаас болж бүх ажил зогссон. Би инженер хүний хувьд дүгнэхэд манай компанийн зохион байгуулалтгүй, ... ажлаа орхиж явснаас эдний компанийн ажил удааширсан ...” гэсэн мэдүүлэг шүүхэд өгсөн байна. /хх87-88/ Нэхэмжлэгч тал уг нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул усны нөөцийн сав суурилуулах суурь хийлгээгүй буюу гэрээний 5.2, 5.3-т заасан үүргээ зөрчсөн гэж дүгнэв.

Хариуцагч тал “суурь хийлгэхгүй, шалан дээр усны сав угсар” гэсэн нэхэмжлэгчийн саналын дагуу усны савыг угсарч суурилуулсан, үүний улмаас нөөцийн усны савны угсралтын алдааг шалгах, засварлах боломжгүй болсон үйл баримт гэрч *******, ******* ******* нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэрээний тусгай нөхцөлөөр хүлээсэн үүргээ хариуцагч *******-ийг мөн зөрчсөн гэж үзнэ. /хх89-90, 91-92, 93-94/ Учир нь, хариуцагч ******* нь ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх33, 38-39/ Иймээс хариуцагч нь мэргэжлийн байгууллагын хувьд нэхэмжлэгчийн гаргасан саналыг хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр нөөцийн усны савыг угсарсан буруутай байна.

5.4. Дээрхээс дүгнэхэд, талуудын хэн аль нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 193/33 дугаартай албан бичгээр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хариуцагч *******-д хүргүүлсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт нийцжээ.

5.5. Зохигч гэрээнээс татгалзсантай холбогдон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алинаас нь гэрээний гүйцэтгэлийг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

5.6. Харин үүрэг гүйцэтгэх газрыг Иргэний хуулийн 207 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэв.

Хариуцагчийн оршин байгаа газар Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1.4-т “бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар” гэж үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлсон тул хариуцагч *******-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, *******, ******* төв, ******* хаягт байрлах газарт 18 тонн эзлэхүүнтэй цэвэр усны нөөцийн савыг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02112 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, *******, ******* төв, ******* хаягт байрлах газарт 18 тонн эзлэхүүнтэй цэвэр усны нөөцийн савыг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч *******-д даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                     Б.АЗБАЯР

 

                                                                                             Ч.ЦЭНД