Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01179

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/03643 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого 546,704,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2,000,000 ам.долларын зээл сарын 1,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн.

******* нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалттай барилгыг зээлийн барьцаанд тавьсан.

Зээлдэгч ******* зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөхгүй байсан тул манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2012 дугаартай шийдвэрээр *******-аас 6,441,711,360 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01942 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00392 дугаартай тогтоолоор хянаад, дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, *******-аас 6,537,065,640 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн.

Уг обьектыг ашиглаж байгаа *******-д үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

1.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөөгүй. Уг нөхцөл байдлын улмаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн үр шимийг хүртэж чадахгүй байгаа тул үнэлгээний компанийн үнэлгээг үндэслэн 713.6 м.кв талбайг 1 м.кв-ыг 51,000 төгрөгөөр тооцоход нэг сард 36,390,360 төгрөг ашиг олох байсан гэж үзэн, ашигласан хугацааг 15 сараар тооцож, хохиролд 546,704,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа *******-ийн барьцаалбарт газар ороогүй гэдгийг мэдэж байсан. Маргаан бүхий барилгыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолоор харагдана.

******* болон ******* нарын хооронд сургууль байрлаж байгаа газрыг шилжүүлэх гэрээ байсан. Банкны барьцаанаас чөлөөлсний дараа сургуулийн зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4397 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжаар газар эзэмшигч нь хариуцагч ******* болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Мөн *******-ийн үнэлгээ хийсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. *******, ******* нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* нь хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж, хөрөнгө оруулалт хийх харилцааг зохицуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн *******, 12 дугаар хороолол, ******* гудамж, *******хаягт байршилтай улсын бүртгэлийн ******* дугаартай 8,192 м.кв талбайтай ******* дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга, Баянзүрх дүүргийн 1-р хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай 731.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй сургуулийн зориулалттай барилга, ******* хаягт байршилтай 405 м.кв талбайтай, гаражийн зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй ******* дугаартай гэрчилгээтэй барилга, *******хаягт байршилтай 54 м.кв талбайтай, цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дугаар гэрчилгээтэй барилга, мөн дүүрэгт байршилтай ******* нэгж талбарын дугаартай 28,975 м.кв талбайтай газар эзэмших эрх зэрэг хөрөнгө хамаарсан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/04397 дугаартай захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг *******-д олгож шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн 713.6 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Энэ үед хариуцагч тал уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байсан тул барилгыг худалдан авах санал гаргасан тохиролцоонд хүрээгүй. Гэтэл ******* болон хариуцагч нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байгаа газрыг хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн авсан байна. Нэхэмжлэгч нь сургуулийн барилга үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан боловч одоог хүртэл өөрийн эзэмшилд авч, ашиглах боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн газрын алба болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээний 6.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа газар нь *******-д шилжих бүрэн боломжтой байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 713.6 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах бус хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг заасан бөгөөд уг хуульд зааснаар газрыг чөлөөлөхийг шаардах эрх хариуцагчид бий болоогүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмлчөх эрхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглахад шаардлагатай нөхцөл болох барилгын доорх газрыг ашиглах эрх багтана. Иймд нэхэмжлэгчид өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь тухайн хөрөнгийн доорх газрыг ашиглах эрхийг багтааж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч *******-аас 400,329,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 146,374,400 төгрөгийг болон хариуцагч *******-ын нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,119,620 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,229,798 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Шүүхийн шийдвэрт болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгийн оршин байгаа газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар тусгаагүй. Маргаан бүхий 713.6 м.кв талбай бүхий сургуулийн барилгын оршин байгаа газрын эрх *******-д хадгалагдсаар ирсэн боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/04397 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газар нь хариуцагчийн эзэмшилд шилжсэн баримт хэрэгт авагдсан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө нь оршин байх газрын хамт үл хөдлөх эд хөрөнгө гэх агуулгыг бий болгохоор хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн бус хариуцагчийн эзэмшлийн газар дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргаж, түүний дийлэнх хэсгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 89, 95, 106 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл дутуу буюу зөвхөн газар дээрх барилга байгууламжийг өмчилж байгаа атлаа хуульд заасан өмчлөгчийн шаардах эрхийг эдлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн. Тус үнэлгээнд хавсаргасан баримтууд болох *******ийн сертификат, байгууллагын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь ******* нь эзэмшиж байсан. *******-аас үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнхөө эзэмшлийн газарт бариад өмчлөх эрхийн гэрчилгээ авсны дараа хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулсан. Нэхэмжлэгч шүүхэд хандсаны дараа хариуцагч нь газрын үл хөдлөх эд хөрөнгийн доод талын газрыг эзэмших эрхийг *******-аас шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Тус газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хууль зөрчиж газар эзэмших эрхийг олгосон гэх үндэслэлээр гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан нөхцөл байдал нь хууль бус эзэмшил гэж үзэх боломжгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан баримт бол үнэлгээчний сертификат байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргуулах боломжтой байсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан үнэлгээний тайлан нь эх хувиараа байгаа учраас нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн. Мөн хариуцагч нь үнэлгээний тайлангийн агуулга болон үнэлгээний үнийн дүнд маргаагүй.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого буюу хохиролд 546,704,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь манай эзэмшлийн газар дээр байрлаж байгаа учир сургуулийн барилгыг албадан буулгуулна ..., ... *******-ийн үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй  ...” гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, эзэмшлийн газар дээр байгаа  713 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1. ******* нь Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 713.6 м.кв талбайтай, сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 001273978 дугаар гэрчилгээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. /хх7/

3.2. Мөн ******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02012 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01942 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2021/00392 дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдсон байна. /хх12-15, 16-19, 20-22, 1-2/

3.3. ******* нь өөрийн эзэмшлийн газар дээр маргаан бүхий 713.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн барилгын өргөтгөл болгон анх барьж ашиглалтад оруулсан. ******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийг сургуулийн цайны газрын зориулалтаар ашиглаж байгаа үйл баримт нь зохигчдын тайлбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх201-202, 161-167/

3.4. *******-ийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 713.6 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал *******-д гаргасан боловч талууд хэлэлцэн тохиролцоогүй, улмаар өмчлөгч нь 713.6 м.кв талбай бүхий сургуулийн барилгыг буцааж өгөхийг удаа дараа шаардаж, хугацаа олгосон болох нь хэргийн 5-6 дахь талд авагдсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар мөн тогтоогджээ. /хх5-6, 1-2, 201-202/

 

4. Дээрхээс дүгнэхэд, өмчлөгч *******-аас олгосон хөрөнгө чөлөөлөх хугацаа дууссан үеэс *******-ийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хөрөнгөө хариуцагч *******-ын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 713.6 м.кв талбайтай, сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн үр шимийг хүртэж чадаагүй гэх үндэслэлээр хариуцагчаас 546,704,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэгч компанийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн болон мөн оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, *******-аар хийлгэсэн “Түрээсийн төлбөрийн үнэлгээний тайлан” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. Анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг үндэслэн хохирол нэхэмжилсэн шаардлагыг 400,329,600 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ.

5.1. Учир нь, ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх бөгөөд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тус компанийн захирал *******т үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгож, хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ олгосон байна. /хх53-54/

Тус тайланд *******-ийн тамга, тэмдэг дарагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт гэж үзэх тул “нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Үнэлгээний компани нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн 1 сарын түрээсийн төлбөрийн зах зээлийн жишиг үнийг 36,393,600 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч уг нотлох баримтыг үгүйсгэж, няцаасан баримт шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

5.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг 2 удаа хүргүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хөрөнгийг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн, хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдсон байна. /хх5-6/

Иймд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан үр шимд 400,329,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

 

6. Анхан шатны шүүх, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

7. Хариуцагч ******* нь 713.6 м.кв талбай бүхий сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... манай компани болон ******* нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, ...28975 м.кв газар эзэмших эрх болон түүний дээр байрлаж байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон ... бидний зүгээс шүүхэд хандан 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04397 дугаартай шүүгчийн захирамжаар үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг манайд олгохоор шийдвэрлэсэн, ...  2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн өдөр нэгж талбарын ******* дугаар бүхий 28,952 м.кв талбай бүхий газрыг боловсролын байгууллагын зориулалтаар 8 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон. ... дээрх газарт *******-ийн өмчлөлийн хөрөнгө оршиж байгаа тул албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлнэ ” гэж тайлбарлан, маргажээ. /хх108-109/

 

8. Анхан шатны шүүх, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

8.1. ******* нь Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байрлах 28,975 м.кв газрыг сургуулийн зориулалтаар эзэмшиж байсан болох нь Нийслэлийн газрын албатай байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болон 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тус тус Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх161-167/ Тэрээр уг эзэмшлийн газар дээр сургуулийн зориулалттай барилгыг ******* барьсан үйл баримтад зохигч маргаангүй.

8.2. Хожим буюу 2025 онд ******* нь *******-д холбогдуулан шүүхэд хандан Баянзүрх дүүргийн *******нд орших 28,975 м.кв газар эзэмших эрх, Баянзүрх дүүрэг, *******, 12 дугаар хороолол, ******* гудамж *******хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 8,192.67 м.кв талбайтай ******* дугаар гэрчилгээтэй сургуулийн зориулалт бүхий барилга, Баянзүрх дүүрэг, *******, 12 дугаар хороолол, ******* гудамж

Г87 хаягт байрлах, 405 м.кв талбайтай гаражийн зориулалт бүхий улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дугаар гэрчилгээтэй барилга, Баянзүрх дүүрэг, *******, 12 дугаар хороолол, ******* гудамж ******* хаягт орших 54 м.кв талбайтай цахилгаан дамжуулах дэд станц зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дугаар гэрчилгээтэй барилгыг тус тус шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч ******* уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04397 дугаартай захирамжаар хариуцагч *******-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх114-115/

8.3. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/109 тоот шийдвэрээр *******-д Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1-р хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах, нэгж талбарын *******дугаар бүхий 28952 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын, Баянзүрх дүүргийн Газрын алба, ******* нарын хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /хх157-160, 169/

8.4. Мөн шүүхийн шийдвэрээр ******* нь Баянзүрх дүүрэг, 1-р хороо 12 дугаар хороолол /13380/ ******* гудамж 89 тоотод байршилтай 8192.67 м.кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн гудамжны *******од байрлах 405 м.кв гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэргийн 178-179 дэх талд авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар тогтоогдсон. 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.” гэж, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт “ Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай, сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дэх хэсэгт заасан хөрөнгөд хамаарч байх бөгөөд тэрээр уг барилга нь хариуцагчийн эзэмшиж буй газрын үндсэн бүрдэл хэсэг гэж үзнэ.

Иймээс хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, ******* хаягт байршилтай, сургуулийн зориулалттай, 713.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө албадан буулгахыг шаардах эрхгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2026/03643 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,299,998 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                     Э.ЭНЭБИШ

 

                                                                                               Ч.ЦЭНД