Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 172

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус  шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С.Бт холбогдох 1930003500215 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарны 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.Б

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд хохирогч Г.Сыг зодож түүний эрүүл мэндэд нүүрний зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал  бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

    Эрүүгийн 1930003500215 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарны 05-ны орой 19 цагийн үед найз Г.Стай хамт нэг шил архи хувааж уугаад дахин нэг шил архи авахаар Мөнххааны төвд явж байгаад өөрийн найз Г.Стай маргалдсан юм. Би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор болсон асуудлаа санахгүй байгаа бөгөөд ямар ч санаа агуулж зодоогүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хоорондоо нэгнийхээ үгийг даалгүй маргалдсан байсан.” ...гэх мэдүүлэг /хх-21хуудас /

Хохирогч Г.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг сумын төвд эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед өөрийн найз С.Бын хамт Мөнххаан сумын төвд байх Ууганаа гэх айлын гадаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд  архиа ууж дуусгаад дахин архи авахаар Мөнххаан сумын төвийн дэлгүүр рүү явж байгаад найз С.Бтай маргалдсан юм. Би нилээн согтсон байсан  болохоор найз С.Бтай юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Мөнххаан сумын хэсгийн цагдаа Х.С ирж Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн, эмнэлэгт үзүүлчихээд гэртээ харьж амарсан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуудас/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 420 дугаартай дүгнэлтэд: 1. Г.Сын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-ийн 11 хуудас/,

- Хохирогч Г.Сын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 31 хуудас/

- Шүүгдэгч С.Бын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 35хуудас /

-   Шүүгдэгч С.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн                                     24 хуудас/
-   Шүүгдэгч С.Бын  иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 27 хуудас /

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 28 хуудас /

- Мөнххаан сумын эмнэлгийн тодорхойлолт / хх-ийн 10 хуудас /

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 22-23 хуудас/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 36 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд хохирогч Г.Сыг зодож түүний эрүүл мэндэд  нүүрний зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Сын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 420 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Бын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Улсын яллагчаас С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    
1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Бт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.




ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА