Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01180

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02900 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 7,186,266,785 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 771,230,099 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ы өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Дотоод хяналт шалгалтын дагуу ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 01/21 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээнээс татгалзах тухай хариуцагч нарт мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001429 дугаарт Шийтгэлийн хуудас, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/XT2024/0022 дугаартай тогтоолоор “...гэрээний дүнг ам.доллароор тогтоон, төлбөр тооцоог гүйцэтгүүлсэн” нь хууль зөрчсөн болох нь эцэслэн тогтоогдсон.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 99 дугаартай тогтоолоор зөрчил үйлдээгүй болох нь тогтоогдсон.

1.2. Талууд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч нар 2,002,242 ам.доллар нэхэмжлэгчээс авсан болохыг хүлээн зөвшөөрсөн.

1.3. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 60,000 ам.доллар, мөн оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12,000 ам.доллар, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 671,844 ам.доллар, нийт 743,844 ам.долларыг *******-д, иргэн *******д 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 328,000 ам.доллар, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 554,303 ам.доллар, мөн оны 05 дугаар сарын 11-ний өдөр 211,000 ам.доллар, мөн сарын 14-ний өдөр 89,000 ам.доллар, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 76,095 ам.доллар, нийт 1,258,398 ам.долларыг тус тус шилжүүлсэн.

Иймд хариуцагч нарын авсан 2,002,242 ам.долларыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш 3,589 төгрөгөөр тооцож, *******-аас 2,530,929,210 төгрөг, хариуцагч *******аас 4,281,699,195 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зөрчил нь манай компанид хамааралгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт болох Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч *******ын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дугаартай Шийтгэлийн хуудсыг үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн зөрчил гаргасан гэж үзэж торгууль ногдуулсан. Уг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компани оролцоогүй.

2.2. Нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 01/21 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай компани нь дээрх гэрээний тал биш. Эдгээрээс үзвэл ******* нь Зөрчлийн хэрэг, 01/21 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******-ийн өмнө аливаа үүрэг хүлээгээгүй.

2.3. ******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч алдагдалтай ажиллаж байгаа эсэх нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.4. ******* нь *******-тай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******ын барилгын 9 дүгээр давхрыг худалдахаар тохиролцож 01/21 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээтэй холбоотойгоор талууд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/22, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 02/22 дугаартай нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулсан. Тухайн гэрээнүүдийг байгуулахад *******-ийн гүйцэтгэх захирал ******* би *******аас олгосон итгэмжлэлийн хүрээнд гарын үсэг зурсан.

2.5. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх шалтгаанаар гэрээнээс татгалзах мэдэгдэл гаргасан. Нэхэмжлэгч сайн дураараа гэрээнээс татгалзаж, ханшийн зөрүүг ашиглан өндөр дүнгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, талуудын тооцоо нийлсэн актад тусгагдсан дүнг баримтлах ёстой. Талууд тооцоо нийлсэн актаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар 5,754,858,150 төгрөг төлсөн болохыг баталгаажуулсан.

2.6. Нэхэмжлэгч ******* нь *******-аас хүлээн авсан төлбөрийн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй орхигдуулсан байна.

******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******ын барилгын 9 дүгээр давхрыг бүхэлд нь худалдаж авахаар тохиролцсон. Тус гэрээний 4.5-д заасны дагуу компани нь өөрсдөө *******од оффисын үйл ажиллагаагаа явуулж, талбайг аливаа төлбөргүйгээр ашигласан.

*******-ийн гүйцэтгэх захирал нь *******ын барилгын *******уудыг бусдад түрээслүүлэх хүсэлт тавьсны дагуу түрээсийн орлого нийт 156,294,674 төгрөгийг *******-аас “*******-ийн дансанд шилжүүлсэн. *******-тай үйлдсэн 02/22 дугаартай тооцоо нийлсэн актаар 100,419,990 төгрөгийг, мөн 03/22 дугаартай тооцоо нийлсэн актаар 39,384,480 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 16,490,204 төгрөгийн түрээсийн төлбөрийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/21 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь *******-аас хүлээн авсан 156,294,674 төгрөгийг буцаан шилжүүлэх ёстой гэж үзэж байна.

2.7. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******тай төлбөрийг евро, төгрөг, ам.доллар болох гурван улсын валютаар баталгаажуулж, акт үйлдсэн. Гэвч ямар шалтгаанаар зөвхөн ам.долларын өнөөгийн ханшаар буцаах төлбөрийг тооцож, шаардах болсон нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ы шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие нэхэмжлэгч компанийн саналын дагуу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 01/21 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний харилцаанд ******* оролцоогүй. Тухайн үед нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь ******* барилгын 9 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах санал гаргасан. Тухайн үед *******-ийн өмчлөгч Франц улсын иргэн ******* уг үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ийг 4,000 ам.доллароор худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, т итгэмжлэл олгосон.

3.2. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэж, үл хөдлөх эд хөрөнгөө хүлээн авахыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах санал ирүүлснийг ойлгож, хүлээцтэй хандсан. Гэвч нэхэмжлэгч нь хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол, хүсэлт гаргаж, уг асуудлыг дуустал төлбөрийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Миний бие нэхэмжлэгчийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх баталгаа болгож ******* барилгын 14 дүгээр давхрыг нэхэмжлэгчид барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

3.3. Санхүүгийн зохицуулах хорооны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2024.02.19-ний өдөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул миний бие нэхэмжлэгчтэй гэрээний төлбөрийг буцаах асуудлыг хэлэлцсэн.

            3.4. Нэхэмжлэгч буцаах төлбөрийг өнөөгийн ам.долларын ханшаар тооцож нэхэмжилсэн. ******* нь хариуцагч компанитай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа 2022.10.31-ний өдөр тус гэрээний төлбөрийг шилжүүлж дуусгасан тухай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд энэхүү актад талууд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг төлбөр гүйцэтгэсэн өдрийн ханшаар хөрвүүлж төгрөгөөр тооцон, эцэслэн баталгаажуулсан. Тус актыг *******ыг төлөөлөн үйлдсэн бөгөөд актаар нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн 5,754,858,150 төгрөг гэж баталгаажуулсан тул өнөөдрийн ханшаар тооцож байгаа нь үндэслэлгүй.

3.5 Гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг 2023 оны 01 сард буцаан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2023 оныг дуустал *******ыг өөрийн эзэмшилд байлган ашигласан гэжээ.

 

4. Хариуцагч *******ы гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн 9 давхар нь *******, 903 гэсэн гурван тоотоос бүрдэнэ. *******-тай гэрээ байгуулснаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн *******од байрлаж, үйл ажиллагаагаа явуулсан.

4.2 Миний бие *******-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж дуусгасан гэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 01/22 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн.

4.3. Нэхэмжлэгч тал 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээнээс татгалзах мэдэгдэл ирүүлсэн атлаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******ыг суллаж өгөөгүй. Иймд уг хугацаанд өөр этгээдэд тухайн *******ыг түрээслүүлсэн бол 349,661,000 төгрөгийн орлого олох байсан.

4.4. Нэхэмжлэгч талд үл хөдлөх хөрөнгийн худалдааны гэрээ байгуулахад 184,728,538 төгрөгийг зуучилж иргэн ад төлсөн. Хэрэв нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах санал гаргаагүй, эсвэл гэрээ байгуулаагүй уг зардал гарахгүй байсан. Иймээс Иргэний хуулийн 9.4.4, 227.3-т заасны дагуу *******оос олох байсан орлого, зуучлалын зардалд төлсөн хохирол нийт 534,389,538 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4.5. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар 9 давхрыг бүхэлд нь эзэмшиж ашиглах эрх нэхэмжлэгчид шилжсэн. Мөн *******ыг бусдад түрээслүүлж 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 236,840,561 төгрөгийн орлого олсон. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр шимийг нь буцаан өгөх үүрэгтэй тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч *******ы гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй.

5.1. Хариуцагч ******* нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 21 өдрийн 001429 дугаартай Шийтгэлийн хуудас, Монгол Улсын Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/XT2024/0022 дугаартай тогтоолын дагуу “... 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн...” буюу зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч *******ы буруугаас гэрээ дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс нэхэж буй нь үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзсан талаарх мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч ******* нь хүлээн авч, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. ******* нь үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн эзэмшил, ашиглалтдаа авч, түрээсийн орлогыг нь авч, үр шимийг нь хүртэж байхад нэхэмжлэгч компани нь өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадалгүй, үр шимийг нь хүртэж чадахгүй хохирсон.

Талууд гэрээнээс татгалзсанаар хариуцагч ******* хохироогүй. Учир нь нэхэмжлэгчийн 2,002,242 ам.долларыг 4 жилийн хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ болгон ашигласан. Энэ хугацаанд *******ы үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь улам өссөн байна.

Иймд хариуцагч нь олох байсан түрээсийн орлого, зуучлалын гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

5.3. Хариуцагч нь манай компанид хандан *******ыг чөлөөлөх асуудлаар ямар нэг мэдэгдэл, шаардлага ирүүлж байгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ийг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, г томилсон. Иймээс тухайн *******од байрлаж байсан субъектүүдээс нь нэхэмжлэх нь зүйтэй.

5.4. Мөн иргэн аар зуучлуулж, 184,728,538 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч *******аас 4,516,528,845.78 төгрөг, хариуцагч *******-аас 2,669,737,938.84 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******-д олгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******-аас нийт 355,816,561 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, үлдсэн 415,413,538 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 36,089,290 төгрөгийг, хариуцагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,172,350 төгрөгөөс 4,172,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос *******ы улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 300 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэгч “*******-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 157,944 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 22,740,594 төгрөг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,506,640 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******-д олгож, нэхэмжлэгч “*******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,937,033 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 38-д заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч *******ы зүгээс 156,294,674 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй учраас нэхэмжлэх эрх үүсэхгүй.

Талуудын тооцоо нийлсэн актад 80,545,887 төгрөг гэж тусгагдсан. Уг тооцоо нийлсэн актад *******-ийн зүгээс иргэн *******д өгсөн буюу нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн мөнгөний тооцооллыг тусгасан. Тухайн тооцоо нийлсэн актын хавсралтад “Мөнгөн дүнгээр төлсөн дүн”, “Түрээсийн орлогоор тооцсон” гэх хоёр үнийн дүн бичигддэг. Нэхэмжлэгч нь мөнгөн дүнгээр төлсөн дүн 2,002,242 ам.долларыг төгрөгт шилжүүлэн хариуцагч нараас нэхэмжилсэн. Харин хариуцагчийн түрээсийн орлогод 27,598 ам.доллар буюу 80,545,887 төгрөгийн түрээс төлөгдсөнд тооцсон бөгөөд уг мөнгийг нэхэмжлээгүй.

Хэрэв нэхэмжлэгчид өгсөн гэж сөрөг шаардлага гаргаж, мөнгө нэхэмжилж байгаа тохиолдолд шилжүүлсэн баримт нь байх ёстой. Гэвч гүйлгээ хийгдээгүй, мөнгө өгөөгүй учраас нотлох баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “... нэхэмжлэгч “*******-аас нийт 355,816,561 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож ...” гэснээс 236,840,561 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******ы гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

8.1. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч, үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талууд харилцан өгсөн авснаа буцаан өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр олсон ашиг, үр шимийг хуульд заасан журмын дагуу буцаан өгөх үүрэг үүсдэг. Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримт болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-т *******ыг түрээсийн зориулалтаар ашиглаад олсон орлогыг нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу хариуцагч *******-ийн зүгээс 236,840,561 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу төлсөн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу маргаан бүхий объектын өмчлөгч нь ******* байсан. Маргаан бүхий гэрээ нь ******* болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан учраас гэрээний талуудын хооронд гэрээнээс татгалзсаны улмаас үүссэн үр дагаврыг арилгуулах асуудал яригдах ёстой. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн уг хэсэгт хийсэн дүгнэлтийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч *******ы гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19, 20-д заасныг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан хууль зөрчсөн байж болзошгүй гэх таамаг нь энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах саналыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргах үед хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүсээгүй болно. 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль талуудын хооронд гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбартаа төлбөрийг ам.доллароор тогтоож, үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах нь анхнаасаа нэхэмжлэгчийн хүсэл зориг байсан гэдгээ илэрхийлж, нэхэмжлэгч төлбөрийг гадаад валютаар шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгч мэдсээр байж гадаад валютаар төлбөр төлж байсан нь тодорхой байхад анхан шатны шүүх гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан гэнэт бий болсон мэтээр алдаатай дүгнэсэнд гомдолтой байна.

9.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 28-д Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нэхэмжлэгчээс хүлээн авсан 2,669,737,938.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22-т заасан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврын талаарх дүгнэлттэй зөрчилдөж байна. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч *******ы хооронд маргаан бүхий гэрээ байгуулагдсан бөгөөд ******* нь тухайн гэрээний оролцогч биш талаар талууд маргаагүй.

******* нь тус хэргийн хариуцагч биш байхад анхан шатны шүүх 2,669,737,939 төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

9.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т заасан дүгнэлт нь алдаатай байна. Учир нь хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг хүлээн авсан талаар маргаагүй. Талууд гэрээний төлбөр төлөлтийг тухай бүр дүгнэж, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/22, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн тус тус үйлдсэн. Эдгээр баримтыг үйлдсэн эсэх талаар зохигчид маргаагүй бөгөөд ******* болон нэхэмжлэгч нар төлбөрийг төгрөг, евро, ам.доллароор шилжүүлж, төлбөр шилжүүлсэн өдрийн валютын ханшаар гэрээний төлбөр тооцоог “төгрөгөөр” нэгтгэн баталгаажуулж байсан нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу байна. Түүнчлэн ******* нь нэхэмжлэгчээс нийт 2,790,552,750 төгрөгийн төлбөрийг “төгрөг” хэлбэрээр хүлээн авсан нь нотлох баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх дээрх төлбөрийг ам.доллароор тооцож, буцаан шилжүүлэх ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүхэд гэрч нь нэхэмжлэгч компани нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх хүртэлх хугацаанд оффисын зорилгоор ашиглаж, байсан талаар мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө хүлээн авч ашиглаж эхэлсэн нь бүрэн нотлогдсон. Гэвч анхан шатны шүүх нь гэрээнээс татгалзсан өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлцсэн гэж алдаатай дүгнэж, гэрээ биелснээс нэхэмжлэгчийн олсон ашгийг алдаатай тооцож, сөрөг нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, зуучлалын үйлчилгээ үзүүлсэн аас ******* болон нэхэмжлэгчийн хооронд гэрээ байгуулах үед зуучлалын үйлчилгээ үзүүлж, төлбөрт нь 184,728,538 төгрөг хүлээн авсан талаар нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

9.4. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болсон үйл баримтыг нотлох зорилгоор хариуцагч нар шүүхэд гээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх хангахаас татгалзсан.

******* болон нэхэмжлэгч нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шилжүүлж дуусгасан тухай тооцоо нийлсэн актыг боловсруулж, өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэх үед талууд ямар, санаа зорилгоор төлбөрийн валютын ханшийг төгрөгөөр тогтворжуулж, эцэслэн тохиролцож байсан талаарх үйл баримтыг нотлоход гийн мэдүүлэг хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрчийг асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчид мэтгэлцэх боломж олгоогүй.

Гэрч нь хэргийн үйл баримтын талаар шүүх хуралдааны явцад мэдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд *******-аас нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан.

Түүнчлэн гэрч ийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтэй холбоотойгоор шүүхээс гарах шийдвэр *******-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нь илэрхий байсан тул хариуцагч шүүхийн шийдвэр гарахаас өмнө *******-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эдлэх эрхийг хязгаарласны улмаас хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

10.1. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн үед төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байх магадлалтай буюу болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээ хийсэн этгээд буюу *******, ******* нарын хооронд байгуулсан хэлцлийн үр дагаврыг нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасныг баримталж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд шууд утгаараа ороогүй боловч гэрээний төлбөрийг үндэслэлгүйгээр авсан асуудлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн тул хууль хэрэглээний хувьд маргаан байхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч нь *******-тай гэрээний харилцаа үүсгээгүй атлаа тус компанид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн ******* нь тухайн мөнгөн дүнтэй холбоотой төлбөр тооцоог хүлээн зөвшөөрсөн тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан. Иймээс хариуцагч *******ы өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

10.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэрээний тус өөрчлөлтийг байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага нь итгэмжлэлгүйгээр төлөөлдөг. Гэхдээ энэ хүний хувьд гүйцэтгэх удирдлага биш, гүйцэтгэх удирдлага биш хүн гарын үсэг зурсан байгаа асуудлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш байна гэх үндэслэлээр түүнийг байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж шууд дүгнэх боломжгүй.

Талуудын тооцоо нийлсэн актад тодорхой мөнгөн дүн тусгагдсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаар давхар нотлогдож байна. *******ы өөрийнх нь бодит хүсэл зориг нь мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэл гаргахаас өмнө ******* болон *******-ийн зүгээс биечлэн уулзахад төлбөрөө төлнө гэж тайлбарлаж байсан атлаа одоо хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг дүгнэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/22 дугаартай гарын үсэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэхэд маргадаг боловч тооцоо нийлсэн баримтыг хүлээн зөвшөөрч байна гэж дурддаг. Тооцоо нийлсэн актад төлбөр тооцоог төгрөгөөр тооцсон, эсхүл төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон талаар ямар нэгэн заалт, тусгагдаагүй байна. Гэтэл уг актыг төгрөгөөр тооцоо нийлсэн мэтээр тайлбарласныг үндэслэн дүгнэлт хийж байгаа нь хэрэгт авагдсан баримтын агуулгатай нийцэхгүй байна.

2022 оны 11 дүгээр сарын 01-ний 01/22 дугаартай тооцоо нийлсэн актад төгрөгөөр төлсөн асуудал байхгүй.

10.3 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон холбогдох тайлбар болон нотлох баримтуудаа гаргасан.

Иймд процессын ажиллагаа зөрчигдсөн гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

11. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

11.1. Манай компанийн сонгон авсан өмгөөлөгч ******* нь өөр шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэдгээ илэрхийлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ байгаа илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгч, манай компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагч *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, манай компанийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцохоос өөр аргагүйд хүргэсэн тул хэргийн оролцогчийн эрх тэгш байх зарчим хангагдаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

11.2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын тооцоо нийлсэн актыг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Уг актад хүлээж авсан мөнгөний хэмжээг доллароор илэрхийлсэн нь төлбөрийн үүргийг ам.доллароор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн удаагийн гүйлгээг төгрөгөөр шилжүүлсэн. Тухайн үед ямар зорилгоор төгрөгөөр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ам.долларт хөрвүүлэн тооцоо нийлсэн талаар тодруулах нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Гэвч анхан шатны шүүх нь хариуцагч нараас гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11.3. Нэхэмжлэгч нь хариуцагч *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Тус гэрээний хугацаанд нэхэмжлэгч ******* нь *******ы өмнө хүлээсэн үүргээ түүний заасан этгээдэд буюу *******-ийн өмнө гүйцэтгэснээр *******-ийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг хэрэглэж, гэрээний оролцогч биш этгээдээс гэрээний гүйцэтгэлийг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, *******-аас 2,669,737,939 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас *******-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

12. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

12.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн зүгээс *******, ******* өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авсан. Өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэгэн хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Хариуцагч *******-ийн өмгөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн.

Мөн дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ийн шүүх хурал давхацсан гэж хүсэлт ирүүлж, уг хүсэлтийг үндэслэн биечлэн оролцох эрхээр хангаж, хүсэлтийг хангасан.

12.2. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаас үзвэл *******-ийн нягтлан бодогч гарын үсгээ зурж, тамга дарсан учраас хариуцагч *******-ийн зүгээс тооцоо нийлсэн гэж харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт тайлбар гомдол нь ханшийг тогтворжуулах боломжтой байсан гэдгийг гэрчлэх асуудал яригддаг. Тухайн үед ямар агуулгатай хүсэлт гаргасан нь эрх зүйн үнэлгээ хийхэд ач холбогдолтой. Ханшийг тогтворжуулах талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс тус арга хэмжээ авах эрх зүйн болон бодит боломж байхгүй гэж дүгнэсэн.

12.3. Гэрээнээс татгалзаж, дуусгавар болсон хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ хэн нэгэн гуравдагч этгээдэд олгосон мөнгийг авч болохгүй заавал үндсэн харилцаа үүссэн хоёр этгээдийн асуудлыг шийдвэрлэсэн асуудал байхгүй. *******-аас мөнгө авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэл гаргахаас өмнө болон хойно *******-ийн хүсэл зориг байнга илэрхийлэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх асуудал яригдаж байсан. Талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэж, тооцоог баталгаажуулсан боловч одоог хүртэл тухайн мөнгөн дүнг өгөхгүй гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

13. Давж заалдах гомдолд хариуцагч *******ы гаргасан хариу тайлбарын агуулга:

13.1. Хариуцагч *******-ийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцсон учраас *******-ийн эрхийг хязгаарласан нь үндэслэлтэй гэж харж байна. Хариуцагч *******-ийн өмгөөлөгч ******* нь холбогдох хүсэлт болон баримтуудаа гаргасан.

13.2. Нэхэмжлэгч нарын тайлбараар *******-ийг төлөөлж баримтууд дээр гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж тайлбарладаг. Гэвч энэ нь бүгд *******ыг даалгавар болон хүсэл зоригоор илэрхийлэгдсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 54, 57 дугаар талд ******* нь хариуцагч биш гэдгийг нотолсон баримтууд авагдсан боловч анхан шатны шүүх тус нотлох баримтыг үнэлээгүй.

Иймд хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 7,186,266,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 771,230,099 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ.

 

3. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, тус компанийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч *******-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав.

 

4. Харин хариуцагчийн өмгөөлөгч *******ийн “шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2026/08772 дугаартай захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч *******т мэтгэлцэх, шүүх хуралдаан биечлэн оролцох эрхээ эдлэх боломжоор хангах үүднээс хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 15 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. /3хх131/

Шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч *******т мэдэгдсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаан давхацсан тухай хариу мэдэгдээгүй байна. Иймээс түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. /3хх132/

 

5. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/02900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,342,160 төгрөгийг, хариуцагч хариуцагч нараас төлсөн 38,324,302 /24,817,662+13,506,640/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Б.АЗБАЯР

 

Ч.ЦЭНД