Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00143

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 36 468 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

­“Ш­” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 18 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж лорнет, форвард, дротик, овсюген экспресс нэрийн 64 550 000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг “М” ХХК-д худалдсан бөгөөд урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 19 338 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж үлдэгдэл 70 хувийн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх хугацаа болоход худалдан авагч тал ургамал хамгааллын бодисын үнээс 34 312 000 үлдэгдэл төлбөрийг төлөөгүй ба ургамал хамгааллын бодисын үнийг төлөхийг удаа дараа шаардсаар байхад төлбөр төлөх талаар бодитой үйлдэл хийхгүй байсан тул худалдах-худалдан авах гэрээний төлбөр 34 312 000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги 17 153 000 төгрөг, нийт 51 468 000 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийг 34 312 000 үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зарим төлбөр төлөгдсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэлд 24 312 000 төгрөг, алдангид 12 156 000 төгрөг, нийт 36 468 000 төгрөг гаргуулахаар багасгаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Ш” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 18 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэх үүрэгтэй. “Ш” ХХК-ийн зүгээс нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг хариуцагч төлөөд дууссан. Нийлүүлээгүй бүтээгдэхүүний үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт байдаггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 468 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 415 300 төгрөгийн 415 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн төлсөн 340 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэл болгон гомдол гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн зүйлийн 116.3-т заасан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрийг гаргана гэж заасны дагуу үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаж, хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу 4 төрлийн ургамал хамгааллын бодисыг хариуцагчид бүрэн нийлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй болохыг хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс 2016 оны 18 дугаартай гэрээний дагуу 64 550 000 төгрөгийн үнэ бүхий 4 төрлийн ургамал хамгааллын бодисыг дутуу нийлүүлсэн атлаа бүрэн нийлүүлсэн болгож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байснаас харагдах бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг хүлээн авсан атлаа, аваагүй мэтээр шаардлага гаргаж, гэрээг урдаа барьж шаардах эрхийг хууль бусаар хэрэгжүүлж байгааг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан 4 төрлийн ургамал хамгааллын бодисыг бүрэн нийлүүлээгүй, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нь тухай бүрт нь бүрэн гүйцэт шилжүүлж байсан, энэ талаарх баримтуудыг ч хэрэгт хавсарган өгсөн байдаг. Ийм байхад нийлүүлээгүй бүтээгдэхүүнээ нийлүүлсэн болгож, харилцан ажиллаж байсан бизнесийн үйл ажиллагаагаа таслан зогсоосон, үндэслэлгүй шаардлагыг гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн бодитоор нийлүүлсэн ургамал хамгааллын бодисын үнэ болох 40 338 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тодорхой нотлогддог. Харин 24 212 000 төгрөгийн ургамал хамгааллын бодисыг нэхэмжлэгч “Ш” ХХК-иас огт нийлүүлээгүй байтал нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дугаар зүйлд “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх олон сарын хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хэрэв баримт нь байсан бол гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Даанч худал шаардлага нотлосон хуурамч баримтыг зохиож гаргаж өгөх нь хууль зөрчиж байсан учраас гаргаж ирүүлээгүй. Энэ талаар дээрх байдлаар анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэгчид шаардлагаа нотлох боломжийг удаан хугацааны туршид олгож, хэргийн материал танилцуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрхийг олгож, хангалттай хугацааг олгосон боловч өөртөө байгаа баримтуудыг гаргаж өгөхгүй шүүхээр өөрөөсөө гаргуулах юм яриад байгааг үндэслэлгүй болохыг нэгэнт шүүх эцэслэн дүгнэсэн болохыг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан болно.

Үндсэндээ бол анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 38.6, 38.7, 38.9, 42 дугаар зүйлийн 42.1, 107 дугаар зүйлийн 107.2, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 116.3, 117 дугаар зүйл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн нөхцөл шаардлагыг хүрээнд хэрэг маргааны хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг хуулийн шаардлагад нийцүүлж, бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо чухам ямар нотлох баримт дутуу гэдгээ тайлбарлаж яриагүй байхад, мөн шүүх хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэдгийг нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх “Ш” ХХК нь жил бүр 100 гаруй байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлдэг, хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтыг гаргаж өгөх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргах хугацаа олгоогүй, шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй нь буруу болсон гэж дүгнэсэн.

Бодит нөхцөл байдал дээр “Ш” ХХК нэхэмжлэл гаргаснаас хойш хангалттай хугацааг шүүх олгосон. Өөрт байгаа баримтууд байгааг тодруулж шүүх хуралдааныг товлосон, мөн хэргийн материалыг танилцуулж шүүхээс нотлох үүргийг олгосон. Түүнчлэн давж заалдах гомдолд дурдаагүй асуудал болох жилд 100 гаруй байгууллагатай харьцдаг, тиймээс нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан гэдгийг үндэслэж, хаанаас дээрх асуудлыг гарган ирж, шүүх боломжоор хангаагүй нь буруу болсон гэж дүгнээд байгаа нь харин үндэслэлгүй магадлал гаргах үндэслэл болсон байна. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42.1, 107.2-д заасан бүх эрх нь байсаар байтал, хэрэгт ач холбогдолтой баримтыг гаргуулах эрхийг нь хангалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнээд байгаа нь хуулийг хэт нэг талыг барьж ойлгон дүгнэж байна гэж үзэхээр байна. 38.9-д нэхэмжлэгчид болон хариуцагчид, шүүхэд олгосон эрх хэмжээг зааж, өөрөө гаргах баримтыг шүүх шаардах ямар ч үндэслэлгүй болох нь харагддаг.

Түүнчлэн магадлалд хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж дүгнэсэн байдаг. Энэ нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд төлөөлөгч нь оролцсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүх хуралдаанд орж мэтгэлцсэн, зарчмыг хангасан. Хуульд заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийг бүгдийг нь олгосон, мөн хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 34 312 000 төгрөг, алданги 17 153 000 төгрөг, нийт 51 468 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, төлбөрийн үлдэгдэлд 24 312 000 төгрөг, алдангид 12 156 000 төгрөг, нийт 36 468 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч “Монгол газар” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй ба анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсанаас хойш нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбарыг            шүүхэд гаргаагүй байна. Хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэлийг татгалзаж мэтгэлцээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг гурван удаа хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Мөн зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх учиртай. Шүүх энэ зүйлийн 72.4.-т зааснаар хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдсэн байна.  

Хариуцагч “М” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй буюу нэхэмжлэлийг татгалзсан тайлбар шүүхэд гаргаагүй,   хэрхэн, ямар үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой бус нөхцөлд нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг шаардлагаа нотлоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т заасан зарчмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь нэхэмжлэлээ дэмжин хариуцагчтай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан  ургамал хамгааллын бодис худалдах-худалдан авах гэрээ, банкин дахь өөрийн дансны хуулга зэргийг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгчээ. Хариуцагч “М” ХХК гэрээнд заасан бодисыг бүрэн бус, дутуу хүлээж авсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарлаагүй, ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг бараагаа шилжүүлсэн болохоо нотлоогүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Шүүхийн нотолгооны процесст хоёр тал оролцох ёстой ба хариуцагчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байдал нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх ажиллагаанд нөлөөлсөн байгааг шүүх анхаараагүй нь гэм буруугүйгээ нотлоогүй бол гэм буруутайд тооцогдох үүргийн эрх зүйн зарчмыг зөрчихөд хүргэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан даргалагчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хүсэлт гаргах эсэх тухай асуултад “байхгүй” гэж хариулан шүүх хэргийг агуулгын хувьд хэлэлцэж эхэлсэн байна. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д заасан шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх зохицуулалт нь хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хийгдэх ажиллагаанд хамааралтай. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулдаг байна.

Шүүх хуралдааныг хойшлуулах, шинээр нотлох баримт гаргах хүсэлтийг хэргийн оролцогчдын хэн алин нь гаргаагүй тул анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж эхэлсэн байх ба хэргийг хэлэлцэж дуусах үед буюу шүүх хуралдааны мэтгэлцээний төгсгөлд нотлох баримт шинээр гаргаж өгөх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагч талын хүсэлтийг шүүх хангах боломжгүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасныг зөрчсөн гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах” ажиллагаа хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 105.6.-д заасан журмаар хэрэгжих зохицуулалттай байна. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос магадлалыг хүчингүй болгуулах хэсгийг хангасан тул гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар буцаан олгоно.

Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспизитив зарчим зөрчигдөхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2020 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01975 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 36 468 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “буцаан гаргуулж” гэсний дараа “хариуцагч “М” ХХК-иас 415 300 төгрөг гаргуулж” гэж нэмэн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 340 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН