Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0416

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

 Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, онлайнаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Д.Н нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн /2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ 20 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэршлээр Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс/-ийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар актын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, Д.Н нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргаж өгсөн маргаан бүхий нотлох баримтуудыг шүүх нь тэдний шүүх хуралдаанд гаргаж өгсөн,  тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлаж зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг удирдлага болгон дүгнэж байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно”, 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэнтэй тус тус үл нийцэж байна.

Дээрх нотлох баримт болсон нэхэмжлэгчийн ажилласан жил тогтоосон баримтууд, цаг хугацааны хувьд нэг өдөр хоёр өөр шалтгаанаар чөлөөлөгдсөн байгаа баримтуудыг шүүхээс үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн, мөн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 120/ШШ2020/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэршлээр Өмнөговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс/-ийн Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар актын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Илүү олгосон тэтгэвэр төлүүлэх, дутуу олгосон тэтгэвэр нөхөн олгох тухай” 10 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ыг “хуурамч бичиг баримт бүрдүүлэн Цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон зөрчил гаргасан” гэж 14.785.961 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг хуульд заасны дагуу холбогдох баримтыг минь үндэслэн зөв тогтоосон ... би ямар нэгэн хуурамч баримт бичиг бүрдүүлсэн зүйл огт хийгээгүй ... ” гэсэн үндэслэлээр уг актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 тоот актыг хүчингүй  болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, мөн хэсгийн 1/-д “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр”, 2/-т “биеийн эрүүл мэндээр”, 3/-д “цэргийн алба хаах нас хэтэрч”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн цэргийн алба хаагч нь орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтийн болон биеийн эрүүл мэндийн улмаас эсхүл цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр халагдсан тохиолдолд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байх бөгөөд даатгуулагчийн өргөдөл, баримт бичгийг үндэслэн тэтгэвэр тогтоох эсэх шийдвэр гаргах эрх хэмжээ нь хариуцагч захиргааны байгууллагад олгогдсон байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч Б.Б-ын тэтгэвэр тогтоолгох хүсэлтэд хавсаргасан Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл[1], Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “... бүтцийн өөрчлөлтөөр ХЦ-ийн 0129 дүгээр ангийн захирагчийн 1994 оны 01 дүгээр сарын 09-ний б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ...” гэх агуулга бүхий Архивын лавлагаа[2], Хөдөлмөрийн дэвтэр[3] зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд 11 жил 07 сар 03 өдөр буюу нийт 11 жил шимтгэл төлсөн гэж үзэн түүнд 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/319[4], Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тушаал[5]-уудын дагуу томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн тэтгэвэр авагчдын хувийн хэргийн материалыг үндэслэн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгасан байна.

Уг шалгалтын хүрээнд нэхэмжлэгч Б.Б-ын тэтгэврийн хувийн хэргийн материалд шалгалт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох үед бүрдүүлж өгсөн баримтуудаас Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “...бүтцийн өөрчлөлтөөр ХЦ-ийн 0129 дүгээр ангийн захирагчийн 1994 оны 01 дүгээр сарын 09-ний б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ...” гэх агуулга бүхий а/98 дугаар Архивын лавлагаа[6]-г хуурамч баримт гэж үзэн, Хил хамгаалах ерөнхий газрын төв архиваас дахин лавлагаа гаргуулсан байх бөгөөд Хил хамгаалах, ерөнхий газрын төв архиваас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “... өөрийн хүсэлтээр мөн ангийн захирагчийн 1991 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/04 тоот тушаалаар 01 дүгээр сарын 01-нээс ажлаас чөлөөлөгдөн, цэргийн албанаас халагджээ ... ” гэх агуулга бүхий а/368 дугаар Архивын лавлагаа[7]-г ирүүлсэн байна.

Хариуцагч нь дээрх Хил хамгаалах, ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн а/368 дугаар Архивын лавлагааг үндэслэн дан ганц нэхэмжлэгчийг буруутгасан буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж, тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж түүний тэтгэврийг зогсоож, 14.785.961 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь шударга бус, хууль ёсны шийдвэр болоогүй байна.

Хэдийгээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх, зэргээр тэтгэвэр ... ийг нөхөн төлүүлж,  ... торгох шийтгэл ногдуулна” гэсэн зохицуулалт нь тэтгэвэр авагчид чиглэсэн заалт байх боловч энэ тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-т “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасны дагуу тухайн цаг үед нэхэмжлэгчийн “цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр” тогтоолгуулахаар гаргасан хүсэлтэд хавсаргасан баримтыг хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоох шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд зохих хариуцлагыг хүлээлгэх боломжтой байхад дан ганц нэхэмжлэгчийн буруутгасан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн хуурамч гэж үзсэн Хил хамгаалах, ерөнхий газрын Төв архивын 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн а/98 дугаар лавлагаа нь эрх бүхий төрийн байгууллагын албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримт байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч өөрийн биеэр хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийг анх тэтгэвэр тогтоолгох үед тэтгэвэр тогтоолгон авах хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг захиргааны байгууллага тэтгэвэр тогтоохоос өмнө шалгаж, тогтоох үүрэгтэй, хэрэв хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бол тэтгэвэр тогтоохоос татгалзах боломжтой байжээ.

Гэтэл эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтнууд хянаж баталгаажуулан тэтгэвэр тогтоохдоо тэтгэвэр тогтоолгогчийн хүсэлтэд хавсаргасан баримтуудын үнэн зөв эсэхийг хянаж шалгаагүй, гарган өгсөн өргөдөл, холбогдох баримтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоосон атлаа 8 жилийн дараа 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд хавсаргасан баримтуудын “цэргийн албанаас 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн” талаарх баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж гэж буруутган 14.785.961 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийн төлбөрийг тэтгэвэр авагчаар төлүүлэхээр акт тогтоосон нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 400[8], 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 380[9] дугаар албан бичиг, мөн аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 41а/605[10] дугаар албан бичиг, хариуцагчийн 2002 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “... 2 лавлагааг аль нь бодит эсэхийг тогтоолгохоор Аймгийн шүүхийн шинжилгээний албан болон Аймгийн цагдаагийн газарт хүсэлт гаргасан боловч Аймгийн цагдаагийн газраас хариу ирүүлээгүй болно ... ”[11] гэх тайлбар, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М-ийн “... архивын лавлагааг үнэн эсэхийг шалгуулахаар шүүхийн шинжилгээний албанд албан тоотоо явуулсан. Цагдаагийн хэлтэст өгснөөс хойш хариу ирээгүй ...” гэх тайлбар[12], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын “... цагдаагийн байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хандсан. Энэ хугацаанаас өмнө эрх бүхий байгууллагад хандаагүй ... ” гэх тайлбар[13] баримтууд нь маргаан бүхий акт гарсны дараах баримтууд байх тул хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар актаар 14.785.961 /арван дөрвөн сая долоон зуун наян таван мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэхдээ шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг урьдчилж тогтоосон байх хуулийн шаардлагыг хангаж  ажиллаагүй байна.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч Б.Б-ын хүсэлт, холбогдох лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэргийг нягтлан шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэлд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус, шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж, хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... захиргааны хэргийн шүүх нотлох баримтаа өөрөө цуглуулах үүрэг хүлээдэг хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээч томилж болно”, 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэнтэй тус тус үл нийцэж байна ... хоёр өөр шалтгаанаар чөлөөлөгдсөн байгаа баримтуудыг шүүхээс үнэлээгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудыг тус тус тогтоох хэсэгт баримтлах нь зохистой байх тул уг хуулийн зүйл заалтуудыг шүүхийн шийдвэрт нэмж оруулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийгмийн даатгалын тухай хуулийн /2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон/ 20 дугаар зүйлийн 2” гэсний дараа “8 дугаар зүйлийн 1”,  “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 


[1] Хавтаст хэргийн 114 дэх тал

[2] Хавтаст хэргийн 46 дахь тал

[3] Хавтаст хэргийн 115-116 дахь тал

[4] Хавтаст хэргийн 76 дахь тал

[5] Хавтаст хэргийн 83 дахь тал

[6] Хавтаст хэргийн 46 дахь тал

[7] Хавтаст хэргийн 47 дахь тал

[8] Хавтаст хэргийн 52 дахь тал

[9] Хавтаст хэргийн 54 дэх тал

[10] Хавтаст хэргийн 134 дэх тал

[11] Хавтаст хэргийн 44 дэх тал

[12] Хавтаст хэргийн 172 дахь тал

[13] Хавтаст хэргийн 173 дахь тал