Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 580

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Содномын гудамж, Өнөөдөр сонины байранд байрлах “Батс-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Нийслэлийн татварын газарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 дугаар актаар тавигдсан төлөх ёстой бүгд 211.319.906.0 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 100.858.449 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар татварын өрнөөс чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамруулахыг хариуцагч байгууллагад даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа, Ч.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батсайхан шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“... Манай компани нь 1999 онд анх үүсгэн байгуулагдаж барилга угсралт, материал үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст харьяалагдан санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж, ногдуулсан татварыг хууль журмын дагуу төлөх үүрэг хүлээдэг. Урьд нь Нийслэлийн татварын хэлтэст харьяалагддаг байсан.

Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хямралыг бусад бүх аж ахуй нэгж, байгууллагуудын нэгэн адил чадан ядан даван туулж, улс эх орондоо барилгын бүтээн байгуулалтад бүтээлчээр амжилттай оролцож байгаа. Үүний тод жишээ нь Монгол Улсын Засгийн газрын “40,000 айлын орон сууц барих хөтөлбөр”-т хамрагдан албан ёсоор батламж авч одоогоор Улаанбаатар хотод 457 айлын орон сууц барьж байгуулах ажилд гүйцэтгэгчээр оролцож улсын комисст өгөхөөр бэлэн болж байгаа ба хөдөө орон нутагт хүн эмнэлэг, 928 сурагчийн дунд сургуулийн барилга, сурагчийн дотуур байр, багш ажилтны орон сууц зэрэг барилга байгууламжуудыг улсын төсөвт хөрөнгөөр барьж байгуулсан. Мөн “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын өргөтгөл, урсгал засварын ажлыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд одоогоор нийт 300 орчим инженер техникийн ажилтан, ажиллагсадтай.

2014 оны  02 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2010-аас 2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолтоор, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу шалгалт явуулан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Мөнхбат, Г.Алтантуяа нар 22/0006085 дугаар улсын байцаагчийн актаар 110,460,906.7 төгрөгийн нөхөн татвар, 60,069,898.9 төгрөгийн торгууль, 40778,639.6 төгрөгийн алданги, 10,460.8 төгрөгийн хүү, нийт 211,319,906.0 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Энэхүү улсын байцаагчийн актыг манай байгууллага бүрэн хүлээн зөвшөөрч нийт төлөх төлбөрөөс 110461.406.7 төгрөгийг төлж барагдуулаад одоо 100.858.199.3 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Татварын улсын байцаагчийн 22/0006085 дугаар акт нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталгаажсан ч агуулга нь, шалгагдсан баримтууд нь өөрөө 2010-2013 оны баримтууд болохоор эдгээр үйл явдлууд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэсэн заалтууд бүрэн нийцэж хамрагдах боломжтой.

Энэ тухай хүсэлтээ  Нийслэлийн  татварын газарт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 тоот, мөн 01 дүгээр сарын 26-ны өдрийн  31  тоот  албан  бичгээр 

тус тус хандахад 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн татварын газрын 1/164 тоот албан бичигтээ “Өршөөлд хамруулах хүсэлтийг тань харъяаллын дагуу шилжүүлснийг мэдэгдэж байна” гэж хариу ирүүлснийг нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 22/0006085 тоот актын 100.859.000,0 өрийн төлбөрийг өршөөлд хамруулахаар хүлээн зөвшөөрсөн байна гэж ойлгодог.

Мөн 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 96 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 131 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 205 тоот албан бичгээр хүсэлт гаргахад Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/1183 тоот албан бичигтээ “...нөхөн татвар болох 92,872,318.20 төгрөгийг төлсөн тохиолдолд уг актаар ногдуулсан хүү, торгууль, алданги болох 30,213,953.90 төгрөгийг өрийг чөлөөлөх болно” гэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 -д зааснаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Татвар ногдуулалт төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим нь хуулиар зохицуулагдсан асуудал билээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зохицуулах харилцаанд, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэл болгохыг заасан.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-д зааснаар хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нь энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар албан тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн, татварын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнээд улсын байцаагчийн акт тогтоосон үйл баримт нь өөрөө захиргааны шийтгэл юмаа. Тийм ч учраас тус компанийн захирал уг актыг зөвшөөрч гарын үсгээ зуран хүлээн аваад 110.461.406.7 төгрөгийг төлж барагдуулсан.

Татварын байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 -д ... бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана гэсэн хуулийн заалтыг биелүүлэхгүй байна.

Иймд шүүх энэхүү үйл байдалд хууль зүйн дүн шинжилгээ хийж манай компанийн өрийг хууль ёсоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нийцэж байгааг тогтоож, 2014 оны 05-р сарын 06 ны өдрийн 22/0006085 тоот татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсэгт бичигдсэн 60.069.898.9 төгрөгийн торгууль, 40.778.639.6 төгрөгийн алданга, 10.460.8 төгрөгийн хүү нийт 111.309.338.5 төгрөгийг дээрх хуулийн заалтуудад нийцүүлэн татварын өрнөөс чөлөөлж өршөөн хэлтрүүлэхийг даалгасан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэнгэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах төлбөрийн тоон дээр техникийн алдаа гаргасан байна. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өршөөлд хамруулах үнийн дүнг 111.309.338 төгрөг гэж бичсэн, гэхдээ дараа нь сайн нягтлаад бодоход 100.858.449 төгрөг байсан гэдгийг тодруулж хэлье. Манай компани Нийслэлийн Татварын хэлтэст харьяалагдаж татвараа тайлагнадаг байсан. Дараа нь Татварын байгууллагын бүтцийн өөрчлөлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалагддаг болсон. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтийг татварын байгууллагад удаа дараа гаргаж байсан боловч татварын байгууллагын бүтцийн өөрчлөлтөөс болж шийдэгдэхгүй удааширсан. Татварын улсын байцаагч нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 тоот актаар манай компанид 214.319.906 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Тухайн үед татварын акттай холбоотой маргаан үүсгээгүй хүлээн зөвшөөрөөд бид нөхөн татвараас 100.858.199 төгрөгийг төлсөн. Төлөгдөөгүй үлдсэн 100.858.449 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар хуулийн үйлчлэлд хамруулж чөлөөлүүлэхийг хүссэн. Компанийн үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийг нэхэмжлэлдээ тодорхой бичсэн. 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд “Батс-Өргөө” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт төлөлтөд татварын хяналт шалгалт хийгдсэн. Энэ шалгалтаар эрх бүхий улсын байцаагч нар татварын өрийн акт тавьсан. Дээрх акттай татвар төлөгч байгууллага маргахгүйгээр зөвшөөрсөн. Ингээд өөрсдийн боломжоор татварын өрөө төлөөд явж байтал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан учраас төлөөгүй үлдэгдэл татварыг өршөөлд хамруулж өгөхийг хүсч байна. Татварын улсын байцаагч нарын акт нь өөрөө захиргааны шийтгэл юм. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл нь захиргааны шийтгэл ногдуулсан этгээдэд хамаарна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь бүх иргэд, аж ахуйн нэгж байгууллагад адил тэгш үйлчлэх учраас бид өршөөлд хамрагдах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан татварын байгууллагаас хариу тайлбар ирүүлсэн. Татвар ногдуулалтыг татварын тухай хуульд задалж бичихдээ төлөгдөөгүй үлдсэн татвар, торгууль, алданги гэж тоочсон. Татварын ерөнхий хуульд дээрх байдлаар дараалалд оруулж бичсэн боловч Нийслэлийн Татварын газар нь эдгээр татваруудыг тус тусад нь өөр дансанд авдаггүй, нэг л дансанд авдаг. Тиймээс бид нэг л дансанд үндсэн татвар, торгууль, алдангийг төлдөг. Тухайн үед “Батс өргөө” ХХК-д ажиллаж байсан нягтлан бодогч нь заримдаа торгууль, үндсэн татвар гэж андуурч бичиж орлогын мэдүүлгээ тайлагнасан байдаг. Татварын байгууллагаас энэ нь үндсэн татвар, энэ нь торгууль, алданги гэж ялгаад ийм хэмжээний төгрөгийг төлөх юм бол үлдсэн ийм хэмжээний төгрөг нь татварын өршөөлд хамрагдах юм байна гэж татварын улсын байцаагч нар хэлсэн. Үүнтэй бид санал нийлдэггүй. Торгууль, алданги, нөхөн татвар нь бүгд анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах ёстой.  Хэрвээ өршөөлд хамрагдах боломжгүй байсан бол бид Нийслэлийн Татварын газрын маргаан таслах зөвлөлд хандаж шинээр дахин акт гаргуулж болох байсан. 2007 онд “Батс өргөө” ХХК болон Нийслэлийн Татварын газарт холбогдох нэг татварын маргаан үүссэн. Тэр маргаанд Ч.Оюунцэцэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Бид Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс эхлээд явахад татварын байгууллагаас тавьсан актыг хүчингүй болгож шийдвэрлэхэд хариуцагч байгууллага шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулсан. Татварын ерөнхий хуульд заасан, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заалтууд задарч орох нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй. Бид татварын улсын байцаагчийн акт буюу захиргааны шийтгэлийг тухайн үед шууд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж төлбөрөө төлсөөр ирсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа, Ч.Оюунцэцэг нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Батс-Өргөө” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ТУБ-ийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 дугаартай актаар ногдуулж төлөх ёстой 211.319.906,0 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 111.309.338,3 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар татварын өрнөөс чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамруулахыг Нийслэлийн татварын газарт даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 14-нд хүлээн авч судлаад дараах тайлбарыг гаргаж байна.

“Батс-Өргөө” ХХК” нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д: “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэсэн заалтын дагуу өршөөлийн хуульнд хамрагдах бүрэн боломжтой.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтын дагуу энэ өдрөөс өмнө Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасны дагуу 2014 оны 12 сараас 2015 оны 06 сарын 29 хүртэл төлөгдсөн торгууль, хүү, алданги 11000000,0+29778639,60+20411860,40+ 10000000,0 бүгд 71190500,0 төгрөг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хууль тухай хуульд зааснаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс 2015 оны 12 сарын 30 хүртэл тушаагдсан 10460.80+340909.10+15648630. 10+5000000.0+14101655.40+4168.751 бүгд 39270417.7 төгрөгийн төлөлтөөс актын үлдсэн хүү, алданги, торгуулийн 29668449.3 төгрөгийн төлөлтийг өршөөлд хамруулан нөхөн татварт тооцож болно. Үлдсэн 9601968.4 төгрөг нөхөн татварт тооцогдохоор байна. Ингээд тооцоо бодоход 39270417.7 төгрөгийг төлөх ёстой 110460906.7 төгрөгийн нөхөн татвараас хасч “Батс-Өргөө” ХХК одоо татварт нийт 71190489 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүрэгтэй. Энэ үүргээ сайн дураар биелүүлсэн эсэхийг шалгахын тулд татварын хяналт шалгалтыг хийдэг. Зайлшгүй төлөгдөх ёстой нөхөн татвар, тодорхой хэмжээний мөнгийг нуусан бол хүлээх хариуцлагад нь хүү, торгууль, алданги ногдуулдаг.  Нөхөн төлбөр нь нөхөн татвар гэж гараад дотроо хүү, торгууль, алдангийг багтаадаг. Нэхэмжлэгч нь сайн дураараа үнэн зөв татвараа тайлагнах үүргийг биелүүлээгүй учраас татварын хяналт шалгалтаар нуун дарагдуулсан мөнгө нь илэрч акт тавигдсан. Нөхөн татвар ногдуулсан актыг “Батс өргөө” ХХК нь хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллагын бүх программ нь татварын ерөнхий хуультай нягт холбоотой. Татварын ерөнхий хуульд зааснаар өр барагдуулах дараалал нь хүү, торгууль, алданги авсны дараа хамгийн сүүлд үндсэн төлбөрлүүгээ ордог. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар зөвхөн хариуцлагаас чөлөөлсөн, нөхөн татвар төлөх үүргийг чөлөөлөөгүй. Энэ хуулийн үйлчлэлээс болоод торгууль, алданги нь алга болчихдог. Тиймээс бид нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нэг дансанд төвлөрүүлж аваад эхний ээлжид хүү, торгууль, алдангийг суутгаж авч дуусгаад дараа нь нөхөн татварыг авдаг. Нэг дансанд орох эсвэл өөр хэдэн дансанд орох нь огт хамаагүй. “Батс өргөө” ХХК нь үндсэн төлбөрөө бүрэн төлчихвөл ногдуулсан хүү торгуулиас 9.213.653.90 төгрөг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хамрагдах бүрэн боломжтой. Төлсөн мөнгөө ухрааж нөхөн төлбөрт оруулж  хүү, торгуулийн өртэй нь үлдээж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй. Татварын ерөнхий хуульд татвар төлөх хугацааг заасан байдаг. Хэрвээ татварын хяналт шалгалтаар орвол 15 хоногийн хугацаа өгдөг бөгөөд энэ хугацаанд мөнгөө төлөх ёстой гэдгийг нөхөн татвар ногдуулсан актад бичдэг. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахад байсан үлдэгдлийг чөлөөлөх боломжтой. Бид удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу үндсэн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хүү, алданги, торгуулиас чөлөөлөх чиглэлтэй ажилладаг. Эрүүгийн хуультай адилгүй учраас хуулийг буцаан хэрэглэхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёлмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс хойших хугацаанд ногдуулсан нөхөн татварыг өршөөлд хамруулах боломжтой. 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хүү, торгууль алдангид 11.000.000, 29.778.639,60, 20.411.860,40 төгрөг нийт 71.190.500 төгрөгийг төлсөн байсан нь өршөөлд хамрагдахгүй. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тушаагдсан 39.270.471 төгрөгөөс торгуулийн 29.668.409 төгрөгийг өршөөлд хамруулж болно. Үлдсэн 96.001.068 төгрөгөөс тооцож үзэхэд 39.000.000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Бичгээр гаргасан хариу тайлбартаа мөнгөн дүнг тодорхой бичсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь татварын өр төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх,  татварын улсын байцаагчийн акт нь захиргааны шийтгэл учраас бүхэлдээ хуулийн үйлчлэлд хамаарна..., уг хууль нь бүх иргэд, аж ахуйн нэгжид тэгш үйлчлэх тул өршөөлд хамрагдах ёстой, ... татварын байгууллагын татварын өр төлбөрийг нөхөн татвар, торгууль, алданги гэх мэтээр өөр өөр дансанд авдаггүй зөвхөн нэг л дансанд авдаг байсан учраас тэрхүү дансанд төлдөг байсан, нөхөн татвар, торгууль, алданги бүгд өршөөлд хамрагдах ёстой гэж маргаж, төлөгдөөгүй үлдсэн   бүх   мөнгөн   дүнг   дээрх   өршөөлийн   хуульд хамруулах боломжтой гэж маргаж байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь ... татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж төлөх үүрэгтэй, “Батс-Өргөө” ХХК нь нөхөн татвар ногдуулсан актыг хүлээн зөвшөөрсөн, ... өр барагдуулах дараалал нь хүү, торгууль, алдангийг авсны дараа үндсэн төлбөр болох нөхөн татварыг авдаг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар зөвхөн хариуцлагаас чөлөөлсөн, нөхөн татвар төлөх үүргийг чөлөөлөөгүй, ... хууль зөрчөөгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх аж.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 22/0006085 дугаар актаар  Нийслэлийн татварын газартай харьцдаг нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 1,800,437,154,73 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд 110,460,906,7 төгрөгийн нөхөн татвар, 60,069,898,9 төгрөгийн торгууль, 40,778,639,6 төгрөгийн алданги, 10,460,8 төгрөгийн хүү нийт 211,319,906,0 төгрөгийн төлбөр ногдуулжээ. Уг актаар тавигдсан төлбөрийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй ба акт хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зохих татварын өр төлбөрийг төлжээ. Энэ талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь мөн маргахгүй байна.

Эрх бүхий улсын байцаагчийн актаар тавигдсан татварын өр төлбөрийг нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК, 2014 оны 12 сарын 23-ны өдөр зургаан сая /6/ төгрөгийг нөхөн татвар гэсэн утгатайгаар, мөн өдөр таван сая /5/ төгрөгийг торгууль, алданги гэсэн утгатайгаар, 2015 оны 05 сарын 29-ний өдөр таван сая /5/ төгрөгийг торгууль, мөн өдөр дөчин таван сая /45/ төгрөгийг торгууль, мөн өдөр нэг зуун ерэн мянга таван зуун /190,500/ төгрөгийг торгууль гэсэн утгатайгаар, 2015 оны 06 сарын 29-ний өдөр арван сая /10/ сая төгрөгийг акт, төлбөр гэсэн утгатайгаар, 2015 оны 08 сарын 18-ны өдөр арван зургаан сая /16/ төгрөгийг торгууль, 2015 оны 08 сарын 31-ний өдөр таван сая /5/ төгрөгийг торгууль, 2015 оны 12 сарын 30-ны өдөр арван найман сая хоёр зуун далан мянга дөрвөн зуун зургаан төгрөг далан мөнгийг /18,270,406,70/ хяналт шалгалтын нөхөн төлбөр гэсэн утгатайгаар Нийслэлийн татварын газрын УБ хотын банкны 2611009664 тоот дансанд тус тус төвлөрүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна .

Ийнхүү актаар тогтоосон төлбөрийг өнгөрсөн хугацаанд төлж, одоо үлдэгдэл нэг зуун сая найман зуун тавин мянга дөрвөн зуун дөчин ес /100,858,449/ төгрөгийг төлөөгүй ба энэхүү төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд /цаашид өршөөлийн хууль гэх/ бүрэн хамруулахыг нэхэмжлэгч нь хүсэж буй бол хариуцагч нь зарим тодорхой хувь нь хамрагдах боломжтой болохыг мэдэгдэж байна.

Маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2014 онд хоёр удаагийн төлөлтөөр, 2015 оны 08 сарын 11 буюу хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дөрвөн удаагийн төлөлтөөр, 2015 оны 08 сарын 11-ээс хойш гурван удаагийн төлөлтөөр нийт 110,461,406,70 төгрөгийн татварын өр төлбөрийг төлж, Өршөөлийн хууль гарснаас хойшхи хугацаанд захиргааны байгууллагад өөрт нь удаа дараа албан тоотоор хандаж, төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгээ өршөөлд хамруулан шийдвэрлэж өгөхийг хүсэж байжээ.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д: “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна”, 55.1.3-д: “татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн хяналт шалгалтын актаар тогтоогдсон төлбөрийг татварын өрөнд хамааруулж байгаа нь хуулийн хүрээнд байна. Түүнчлэн мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: “татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно”, 57.1.2-т: “хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн зүгээс хуулийн хугацаанд төлөөгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгуулийг дор дурдсан дарааллаар барагдуулна, 56.1.1 тухайн татварт ногдох алданги, 56.1.2 торгууль, 56.1.3 татварын үндсэн өр” гэсэн дарааллаар барагдуулах журамтай гэх хариуцагч захиргааны байгууллагын тайлбар үндэслэлтэй бөгөөд хуулийн дээрх заалтууд зөрчигдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1: “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүйгээс эрх бүхий улсын байцаагчийн тавьсан актаар татварын өрийг татварт ногдох алданги, торгууль, хүү гэсэн дарааллаар суутгана гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

Иймд акт ёсоор  60,069,898,9 төгрөгийн торгууль, 40,778,639,6 төгрөгийн алданги, 10,460,8 төгрөгийн хүүний төлбөрийг барагдуулсны эцэст нөхөн татвар болох 110,460,906,70 төгрөгийг төлүүлэхээр байна. 

Өршөөлийн хууль үйлчлэх хугацаа нь уг хуульд заасан ёсоор 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө бол, уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2015 оны 08 сарын 11-ний өдөр байхаар хуульчилжээ. Нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, эрх бүхий улсын байцаагч акт үйлдэж, холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн байх тул Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Тодруулбал, Өршөөлийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “... захиргааны шийтгэлээс чөлөөлөх ...”-ээр, 4 дүгээр зүйлийн 4.3-д: “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... өршөөн хэлтрүүлэх”-ээр, 10 дугаар зүйлийн 10.1-д: “...2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан ...” бол хамаарахаар, мөн зүйлийн 10.2-д: “... өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх”-аар тус тус зохицуулагдан хуульчилсныг аваад үзвэл, уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нэгэнт төлөгдсөн татвар төлөгчийн /нэхэмжлэгчийн/ алданги, торгууль, хүү буюу захиргааны шийтгэлийн хэлбэрт хамаарах хэсгийг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, харин уг хуулийн хэрэгжиж эхэлснээс хойш төлсөн төлбөрийг нөхөн татварт тооцож, дутуу төлөгдсөн гэж үзэх захиргааны шийтгэлийн хэсэгт хамаарах алданги, торгуулийн холбогдох мөнгөн дүнг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 Тэгэхээр нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн хувьд Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш татварын өр төлбөрт төлсөн тухайлбал, 2015 оны 8 сарын 18-ны өдөр арван зургаан сая /16/ төгрөг, 2015 оны 08 сарын 31-ний өдөр таван сая /5/ төгрөг, 2015 оны 12 сарын 30-ны өдөр арван найман сая хоёр зуун далан мянга дөрвөн зуун зургаан төгрөг далан мөнгө /18,270,406,70/-ийг төлөгдвөл зохих алданги, торгууль, хүүгийн төлбөрт тооцохгүй байх боломжтой болно. Энэхүү мөнгөн дүн нь 39270406,7 төгрөг болж байгаа ба энэ төлбөрийг актаар тогтоосон нөхөн татвар болох 110,460,906,7 төгрөгийн дүнгээс хасаж өршөөлд хамруулах боломжтой юм.

Татварын өр төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнг бүхэлд нь Өршөөлийн хуульд хамааруулна, хамрагдах ёстой гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар учир дутагдалтай байна. Яагаад гэвэл, эрх бүхий татварын улсын байцаагчийн явуулсан хяналт шалгалттай маргаагүй буюу уг шалгалтаар тогтоосон төлбөр, зөрчлийг бүрэн хүлээн зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 18.1.5-д зааснаар актанд гарын үсэг зурсан, зөвшөөрөхгүй байгаа талаарх ямар нэгэн тайлбар хүргүүлээгүй байгаа нь татварт ногдох зүйлийг буруу тодорхойлж татвараа бүрэн зөв төлөөгүй байсныг харуулж байна. Иймд татвар төлөх үндсэн үүргийг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон, уг хуулийн үйлчлэлд мөн адил хамаарна гэж үзэх үндэслэлгүй болно.

Хариуцагч захиргааны байгууллагын хуульд заасны дагуу явуулсан хяналт шалгалттай маргаагүй, төлбөрийн дүн дээр маргаагүй тул энэ талаарх баримтад ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Батс-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 05 сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 22/0006085 дугаар актын маргаан бүхий 100.858.449 төгрөгнөөс 29.668.409 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хамруулах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 71.190.089 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  хуульд хамруулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэг “Батс-Өргөө” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               У.БАДАМСҮРЭН