Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 1202

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч М.Сансарсайхан,                                                                                                       

Өсвөр насны шүүгдэгч А...., түүний хууль ёсны төлөөлөгч Г....,

Өсвөр насны шүүгдэгч Н...., түүний хууль ёсны төлөөлөгч Ц....,

Өсвөр насны шүүгдэгч Н...., түүний хууль ёсны төлөөлөгч Д...., тэдний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Шарборжигон овогт ...ын ..., Сэрээтэр овогт ...ын ..., Боржигон овогт ...гийн ... нарт холбогдох 1908037451294 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, ...дугаар бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангид суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Баганаран... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарборжигон овогт ...ын ... /РД: .../.

Монгол улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “...” коллежийн 1-р курст суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, ах нарын хамт, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овоо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сэрээтэр овогт ...ын ... /РД:.../.

Монгол улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, Төв аймгийн ...Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...гийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч  А...., Н...., Н.... нар бүлэглэн 2019 оны 07-р сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран... тоотод байрлах иргэн Б....гийн өвлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч, 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 990,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганаранийн... тоотод байрлах байшиндаа гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2018 оны 07 дугаар сараас эхэлж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд ахынхаа дэлгүүрийг ажиллуулах гээд дэлгүүрийн ар талын өрөөнд хүүхдүүдтэйгээ амьдардаг болсон. Тэгээд байшингаа эзэнгүй орхисон болохоор миний хүү хааяа нэг ирж байшингаа харангаа хонодог байсан юм. Тэгээд хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 11- нna өдөр миний хоёр хүүхэд очиж шалгахад зүгээр байсан гэсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө миний гар утас руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би байшиндаа ирж эд зүйлээ бүртгэж үзэхэд манай байшингийн цонхыг онгойлгож ороод 42 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлан авсан байсан. ... гомдолгүй, нэхэмжлэх  зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 12-13, 122 х/,

2.Өсвөр насны шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...найз Н....ын хамт Бага нарангийн... тоот хашааг даваад би байшингийн зүүн талын цонхыг түлхэн ороод 42 инчийн маркийг нь мэдэхгүй хар өнгийн зурагт аваад хашаан дотор зогсож байгаад ...д өгсний дараа би хашаа давж гараад гудамжинд явж байгаад цагдаад баригдсан юм. Би хоёр найздаа зурагт хулгай хийх санал тавьсан чинь зөвшөөрсөн. Тэгээд манай найз ... хашааны гадаа хүн харахаар үлдээд би найз Н....ын хамт орж айлаас зурагт авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/,

3.Өсвөр насны шүүгдэгч Н....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай найз А.... тэр айлыг эзэнгүй байгаа гэж Н.... бид хоёрт хэлсэн юм. Тэгээд тэр айлаас зурагтыг нь авсан юм. Бид нар 42 инчийн хар өнгийн зурагтнаас өөр эд зүйл аваагүй. Би найз А....ий хамт орсон Манай найз Н.... хашааны гадаа хүн харж байсан юм. ...” гэх мэдүүлэг / хх 62-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Өсвөр насны шүүгдэгч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай найз А.... тэр айлыг эзэнгүй байгаа гэж ... бид хоёрт хэлсэн юм. Тэгээд тэр айлаас зурагтыг нь авсан юм. Бид нар 42 инчийн хар өнгийн зурагтнаас өөр эд зүйл аваагүй. Манай найз Н...., А....ий хамт орсон. Би хашааны гадаа зүгээр зогсож байсан юм. ...” гэх мэдүүлэг / хх 73-74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

5.Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү ... төлөв даруу зантай, ажилсаг, хүүхэд байгаа юм. Миний хүү урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Миний хүү ... сүүлийн үед найз нартайгаа нийлж РС тоглоом тоглох дуртай болсон. Тэгээд айлаас зурагт хулгай хийх болсон гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг / хх 80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

6.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Н.... төлөв даруу зантай, ажилсаг, дуу цөөтэй, хүнтэй дуугараад байдаггүй хүүхэд байгаа юм. Миний хүү урьд өмнө хэрэг түвэгт холбогдож байгаагүй. Сүүлийн үед найз нартайгаа нийлж явж байгаад хулгайн хэрэгт холбогдсон. Миний хүү өөрөө хулгай хийх хүүхэд биш байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 82 х/

7.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү төлөв даруухан зантай, аавынхаа үгэнд сайн ордог, ажилсаг хичээнгүй хүүхэд байгаа юм. Миний хүү урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. Би хүүгээ айлаас хулгай хийсэнд ерөөсөө итгэж өгөхгүй байна. Миний хүүг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хүчин зүйл байхгүй гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 84 х/

8.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.... нь их нээлттэй, бие даасан, нийтэч хүүхэд, сөрөг зан гаргаж байгаагүй. Байгалийн шинжлэх ухаан, түүх, газарзүйн хичээлд маш сайн хүүхэд байсан даа. ...” гэх мэдүүлэг /хх 133 х/

9.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... манай ангид байхдаа олон нийтийн ажилд их идэвхитэй оролцдог байсан. Ээж ..., дүү нарынхаа хамт амьдардаг. Амьдралын түвшин дунд айл байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 135 х/

10.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н....ын ангид би монгол хэл, уран зохиолын хичээл заадаг байсан юм. хувийн зан байдлын хувьд их чимээгүй, дуугүй хүүхэд байсан. Гэмт хэрэгт холбогдсоныг нь их гайхаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 139 х/

11.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.... нь төлөв даруу зантай, үг цөөхөнтэй, хичээлээ өрөө сайн хийдэг хүүхэд байсан. Сургуульд сурч байхдаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Олон нийтийн ажилд их сайн оролцдог хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 142,  х/

12.Гэрч В....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... хүнтэй эвтэй, нийтэч төлөв даруу зантай хүүхэд байсан. Манай ангид удаагүй болохоор амьдарлыг нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 147 х/

13.Гэрч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... миний дагавар хүү байгаа юм. ... төлөв даруу зантай, өөрөө бие дааж өссөн хүүхэд, урьд өмнө хэрэг түвэгт холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 150 х/

14.А....ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 29 х/

15.Тэнцэвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг маркийн 42 инчийн зурагт 990,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 34-36 х/

16.А....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 х/

17.Н....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/

18.Н....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41 х/

19.Н....ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 91 х/

20.А....ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 28-29 х/, 

21.Н....гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 95 х/

22.Н....гийн нас тоолсон тэмдэглэл /хх 157 х/

23.Н....ын нас тоолсон тэмдэглэл /хх 158 х/

24.А....ийн нас тоолсон тэмдэглэл /хх 159 х/

25.Н....гийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 162-167 х/

26.Н....ын хувийн байдлын тодорхойлолтууд /хх 170-176 х/

27.А....ийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 179-196 х/

28.Хохирогчийн “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай” бичгээр гаргасан хүсэлт /хх 122 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Өсвөр насны шүүгдэгч  А...., Н...., Н.... нар нь бүлэглэн 2019 оны 07-р сарын 17-ны шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран... тоотод байрлах иргэн Б....гийн өвлийн байшингаас хулгай хийхдээ Н.... хашааны гадаа хүн харж, А...., Н.... нар уг байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг авч, хохирогчид 990,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б....гийн “... 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө миний гар утас руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би байшиндаа ирж эд зүйлээ бүртгэж үзэхэд манай байшингийн цонхыг онгойлгож ороод 42 инчийн “Самсунг” маркийн зурагт хулгайлан авсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13 х/,

- Өсвөр насны шүүгдэгч А....ийн “... найз Н....ын хамт Бага нарангийн... тоот хашааг даваад би байшингийн зүүн талын цонхыг түлхэн ороод инч маркийг нь мэдэхгүй хар өнгийн зурагт аваад хашаан дотор зогсож байгаад ...д өгсний дараа би хашаа давж гараад гудамжинд явж байгаад цагдаад баригдсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/,

- Өсвөр насны шүүгдэгч Н....ын “...манай найз А.... тэр айлыг эзэнгүй байгаа гэж Н.... бид хоёрт хэлсэн юм. Тэгээд тэр айлаас зурагтыг нь авсан юм. Бид нар 42 инчийн хар өнгийн зурагтнаас өөр эд зүйл аваагүй. Би найз А....ий хамт орсон Манай найз Н.... хашааны гадаа хүн харж байсан юм. ...” гэх мэдүүлэг / хх 62-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Өсвөр насны шүүгдэгч Н....гийн “...манай найз А.... тэр айлыг эзэнгүй байгаа гэж ... бид хоёрт хэлсэн юм. Тэгээд тэр айлаас зурагтыг нь авсан юм. Бид нар 42 инчийн хар өнгийн зурагтнаас өөр эд зүйл аваагүй. Манай найз Н...., А....ий хамт орсон. Би хашааны гадаа зүгээр зогсож байсан юм. ...” гэх мэдүүлэг / хх 73-74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг маркийн 42 инчийн зурагт 990,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 34-36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нар нь бусдын өмчлөлийн хөдлөх хөрөнгө болох “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг эзэн болон хөндлөнгийн ямар нэгэн хүнд мэдэгдэхгүйгээр гэр лүү нь нэвтрэн нууцаар авч хашаанаас гарсан үйлдлээр уг гэмт хэрэг төгссөн буюу хулгайлах гэмт хэргийн бүрдэл хангагдсан.

Шүүгдэгч А...., Н...., Н.... нар гэмт хэрэг үйлдэх үедээ 14, 16 насанд хүрсэн байсан болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн субьектийн насны шалгуурыг хангаж байгаа.

Өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нарын нэвтэрсэн объект нь хүн байнга амьдрах зориулалтай орон сууцны байшин бөгөөд уг байшингийн цонхоор нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан “ хүн байнга амьдрах, ... зариулалттай орон байр, ... -д нэвтэрч” хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нар нь айл руу хууль бусаар нэвтэрч зурагт хулгайлан авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Б.... хулгайд алдагдсан зурагтаа буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх бичгээр гаргасан баримт /хх 122 х/-аар  нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нарт тус бүрт нь 02 жил 02 сарын хорих ялыг оноох саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Чимэдбадам: Шүүгдэгч нар насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд бусдад төлөх төлбөргүй, гэм буруу дээр маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 01 жилийн хорих ял өгч, хорих ялыг хойшлуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, дунд сургуульд суралцдаг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нь “комьпютер тоглоом тоглох” гэсэн санаа зорилготой байсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Өсвөр насны шүүгдэгч нар тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу уг ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шалгуурыг бүрэн хангаж байгаа тул тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар тэдгээрт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, комьпютер тоглоом тоглохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Н....ын ургийн овгийг прокурорын яллах дүгнэлтэнд “Боржигон” гэж бичиж ирүүлсэн. Н.... нь 16 нас хүрсэн хэдий ч иргэний үнэмлэх аваагүй, түүний төрсний бүртгэлийн лавлагаа /хх 91 х/, эцэг нь болох Д....ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 93 х/ зэргээс үзэхэд эцгийн нь ургийн овог Шарборжигон болох нь тогтоогдож байгаа тул түүний ургийн овгийг шүүхээс зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шарборжигон овогт ...ын ..., Сэрээтэр овогт ...ын ..., Боржигон овогт ...гийн ... нарыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А....ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Н....ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Н....г 02  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А...., Н...., Н.... нарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялуудыг хоёр дахин багасгаж, тус бүрийн эдлэх хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар А...., Н...., Н.... нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч А...., Н...., Н.... нарт 01 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  А...., Н...., Н.... нарт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, комьпютер тоглоомын газарт очихыг хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 жил 06 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг А...., Н...., Н.... нарт мэдэгдсүгэй.

8.А...., Н...., Н.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А...., Н...., Н.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ