Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01288

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03344 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******гээс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороолол, ******* хорооллын *******од байрлах, хоёр өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед *******гийн нэр дээр Нийслэлийн орон сууцны корпорацаас гэрчилгээ гараагүй байсан.

Би тухайн орон сууцны үнийг *******д бүрэн төлж гэрчилгээ баримт бичгийг өөрийн нэр дээр шилжих хүртэл тухайн орон сууцаа иргэн ******* гэх эмэгтэйд 2022 оны 5 дугаар сард 700,000 төгрөгөөр 2023 онд 666,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулаагүй. Би орон сууцандаа нүүж орохоор очтол ******* гэх эмэгтэй нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан. Бид орон сууцаа чөлөөлж өг гэтэл ******* болон түүний нөхөр бид *******аас худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрх ******* надад шилжсэн тул *******ийг гэр бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай дүүгийн эхнэр ******* ******* хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах боломжтой байна гэж хэлсэн. Миний бие сонирхоод ******* хорооллын хуулийн төслийг хариуцдаг, хууль зүйн яамны ажилтан *******тай уулзсан.

Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******ийн ******* тоот данснаас *******ын Хаан банкны ******* тоот данс руу 15,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Мөн *******д 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* хороолол, ******* байр, ******* хаягт байршилтай, 49.23 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд оруулсан. Тухайн хороололд олон хүн гэрчилгээгээ аваагүй байсан учраас гэрчилгээ гарахыг итгэж хүлээсэн.

Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байрны эзэн гэх хүн ирж тухайн амьдарч буй орон сууцнаас гарахыг шаардаж, нэр байхгүй гэрчилгээ үзүүлсэн. Байрны ордер үзүүлсэн боловч гэрчилгээ дээр нь нэр байхгүй байсан. Тухайн байрны эзэн ******* нь 70,000,000 төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******т худалдсан.

Миний бие *******д байрны урьдчилгаа төлбөр төлж, 2022 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байх хооронд байрны эзэн гэж хүн ирж байгаагүй. Мөн би 2022 оны 08 дугаар сараас одоог хүртэл өвөл, зуны бүх төлбөр тооцоог төлсөн учраас намайг хохиролгүй болгож өгнө үү.

Иймд ******* өгсөн 33,000,000 төгрөг, одоог хүртэлх байрны бүх зардал 14,820,000 төгрөг, нийт 47,820,000 төгрөгийг төлж, намайг хохиролгүй болгосон тохиолдолд байрыг чөлөөлж өгнө гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 хороо, ******* хорооллын ******* байр, *******од байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.1. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан *******ийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлээс шалтгаалан өмчлөгчийн эрхээ хариуцагч хэрэгжүүлж чадаагүй, эрх нь зөрчигдсөн байна гэж дүгнэв. Нэхэмжлэгч *******ын өмчлөлд бүртгэлтэй, /*******/ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байршилтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай дүүгийн эхнэр ******* ******* хороололд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах боломжтой байна гэж хэлсэн. Миний бие тус байрыг сонирхоод хууль зүйн яамны ажилтан *******тай утсаар ярьж, уулзаад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байрны урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* хороолол, ******* байр, ******* хаягт байршилтай, 49.23 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцад оруулсан. Тухайн хороололд олон хүн гэрчилгээгээ аваагүй байсан учраас гэрчилгээ гарахыг хүлээсэн. Миний бие *******аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тул шударга эзэмшигч гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс намайг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэсэн үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг яаж *******ын эзэмшилд байсан эсэхийг тодруулаагүй. Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******д уг орон сууцыг худалдахаар тохирч төлбөрийг авч орон сууцыг шилжүүлсэн атлаа *******ын нас барсан байдлыг далимдуулан тус орон сууцыг өөрийн өмчлөлд авах магадлалтай байна.

4.2. Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст *******д холбогдох эрүүгийн хэрэг нь шалгагдаж байгаа учраас тухайн орон сууцыг эрүүгийн хэрэг дээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй үндэслэлээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэхийг анхан шатны шүүхээс тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.1. ******* нь тухайн орон сууцыг *******гээс худалдаж авсан бөгөөд гэрчилгээ болон холбогдох бичиг баримтууд гараагүй байсан. 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч уг орон сууцыг худалдаж авсан тул хууль ёсны өмчлөгч байна.

5.2. *******, ******* нарын хооронд эрүүгийн маргаан үүссэн гэх нөхцөл байдал байгаа боловч ******* хохирогчоор тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ “... манай зүгээс тухайн байрыг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг *******д шилжүүлж байсан. Миний бие тус орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ******* орон сууцыг *******гээс 70,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ... худалдаж авах үед гэрчилгээ гараагүй байсан ... өөрийн нэр дээр гэрчилгээ гарах хүртэл ******* гэх эмэгтэйд түрээслүүлсэн ... ******* гэх эмэгтэй *******аас худалдаж авсан гээд миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна...” гэх агуулгаар тайлбарласан байна. /хх1/

3.2. Хэрэгт “Нийслэлийн орон сууцны корпораци” ХХК, ******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ, хавсралт нотлох баримтаар авагдсан байна. /хх20-23/  Уг гэрээнээс үзвэл, ******* нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах эрх бүхий этгээд байна.

3.3. Иргэн *******г маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 21-р хороо, ******* хороолол, *******, ******* байр ******* хаягт байршилтай, 49.55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ.

3.4. Нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх41/

3.5. Хариуцагч ******* нь иргэн *******аас орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх, бусдад худалдах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгахгүйгээр мөнгө шилжүүлсэн нь буруу. 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т хохирол учруулаагүй тул “учирсан хохирлыг арилгасан тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгнө” гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй.

 

4. Дээрхээс дүгнэхэд, хариуцагч *******ийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 21-р хороо, ******* хороолол, *******, ******* байр, ******* хаягт байршилтай, 49.55 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Хариуцагч нь “...*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа учраас уг орон сууцыг эрүүгийн хэрэг дээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, *******д холбогдох эрүүгийн хэрэг нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж анхан шатны шүүх үзээд, хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03344 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.НЯМБАЗАР

 

                             ШҮҮГЧИД                                           Э.ЭНЭБИШ

 

                                                                                        Ч.ЦЭНД