Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 173

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч  Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарт холбогдох эрүүгийн 1830003930203 дугаартай хэргийг  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг: Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Т” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.А.

Хоёр: Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Г” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.С.

Гурав: Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “З” гэх газарт оршин суух, ял шйитгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Д.А, Ц.С нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газраас 2018 оны 11 дүгээр сард хохирогч С.Угийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сард хохирогч Т.Лийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас 2019 оны 01 сард хохирогч А.Сын 3 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.А, Д.С нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас 2018 оны 12 дугаар сард хохирогч С.Чийн 5  хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 710 000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Ц.С бид хоёр сумын төвөөр орчихоод буцаж явахад 10 гаруй үхэр таарахаар нь сувуй хар үнээ тасдаж аваад гэрийнхээ гадаа янзлаад тэр шөнөдөө аймгийн төв ороод маргааш өдөр нь танихгүй ченжид 830.000 төгрөгөөр өгсөн. Мөн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ц.С бид хоёр манай аавынх руу явж байхад замын хажууд үхэр таарахаар нь гэрэлтүүлж байгаад хар зүсмийн эрээн нүүртэй үхрийг тасдаж байгаад зүүн дор нь бугуйлдаж барьж янзлаад тэр шөнөдөө аймаг орж вокзалын хойд талд танихгүй ченжид 1.300.000 төгрөгөөр өгсөн. Мөн 2019 оны 01 дүгээр сард саахалт өвөлжсөн А.Сын хониноос гурван ямаа тасдаж аваад сумын төвд Истана маркийн автомашинтай хүнд 210.000 төгрөгөөр өгсөн. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр дүү бид хоёр үхэр хөөж яваад С.Ч ахын хониноос таван хонь тасдаж аваад тэр шөнө нь янзлаад аймагт ирж “Түмэн цагаан” хоршоонд 710.000 төгрөгөөр өгсөн. Хохирогч Чулуундорж нь 27 хонь төл гээд байгаа. Бид нар тэр хонийг нь аваагүй. Харин авсан хониныхоо хохирлыг бүрэн төлсөн гэв.

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед сумын төв орчихоод буцаад явж байхад 10 гаруй тооны үхэр таарсан. Тэр үхрээс хар зүсмийн сувуй үнээ хулгайлсан. 2019 оны 03 дугаар сарын 28-ны үед “Хонгор овоо” гэх газраас эрээн нүүртэй хар соёолон үхрийг бугуйлаар барьж аваад янзлаад тэр шөнөдөө аймгийн төв ороод 1.300.000 төгрөгөөр өгсөн. 2019 оны 01 дүгээр сард А.С ахын хониноос гурван эр ямаа авсан гэв.

Шүүгдэгч Д.С нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед ахтай нийлээд Чулуундорж ахын хониноос хоёр эм хонь, гурван хязаалан хонь авсан. Өөр ярих юм байхгүй гэв.

    Эрүүгийн 1830003930203 дугаартай хэргээс:

    Хохирогч С.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх Уулбаян сумын төвд 16 тооны үхэртэй байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 30-ны хооронд үхэр дотроос хар зүсмийн зүүн чих цуулга имтэй үнээгээ хулгайд алдсан. Манай үхэр ер тасардаггүй, сумын зүүн хойд талаар сумаас багцаагаар 4-5 км газар байнга бэлчдэг.2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаднаа ирэхдээ юмнаас үрэгдсэн, туугдсан байдалтай үхрүүд ихээр баас алдсан ирсэн. Би үхрээ бүртгэж үзэхэд дотор нь байсан ганцхан сувай үнээ нь алга болсон байсан. Манай энэ үнээ тугалтай болохоор үхрээсээ салах учиргүй,  бэлчээрээр нь 5 хоног хайгаад үхсэн сэг зэм олж хараагүй болохоор хулгайд алдсан гэж үзэж байна.”...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/

       Хохирогч П.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...Манайх Уулбаян сумын 2 дугаар баг Х гэх газар нутагладаг. 2019 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний хооронд үхрээсээ хар зүсмийн эрээн нүүртэй соёолон насны эр үхэр алдсан. Манай үхрийг Хонгор овооны зүүн урд талд янзлаад авч явсан байсан. Тэр үед цагдаа дуудаж үзүүлэхэд жижиг тэрэгний мөр гарсан байсан. Ер нь алдагдсан үхэр манай хүргэн Төмөрчөдөрийн үхэр юм. Манай хүргэн, охин хоёр бичиг үсэг муутай болохоор би хохирогчоор мэдүүлэг өгч байна.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/

    Хохирогч С.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх 2018 оны өвөл Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг З гэдэг газар өвөлжсөн юм. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр манай хониноос хязаалан хонь 3, эм хонь 2 нийт 5 хонь дутаад эрээд олоогүй. Тэрнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 10-ны хооронд манай хониноос тоогоор 27 хонь дутаад байна.12 дугаар сард алдсан хонийг Г.Санжаа гэдэг хүүхэд 5 хонь авсан гэдгээ хүлээсэн болохоор энэ хүүхдийг хардаж байна.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 112 хуудас/

      Хохирогч А.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “...Манайх 2019 оны өвөл Уулбаян сумын зүүн талд “Хөх өндөр” гэх газар өвөлжсөн. Манайх хонь ямаа нийлсэн 500 гаран бог малтай, манай им зүүн чих цуулга имтэй, өвөл ер нь ганц нэг дутаж байсан яг тоолсон зүйл бол байхгүй. Д.А, Ц.С нар манай баруун урд ойрхон өвөлжсөн юм. Тэгээд сая уулзахад Д.А, Ц.С нар манай хониноос улаан зүсмийн 3 эр ямаа хулгайлж борлуулсан талаараа надад ярьсан.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 147 хуудас/

    Гэрч У.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай аав Улаанхүүгийнх сумын төвд 10 гаран үхэртэй байдаг. Үхрээ сумын төв дээрээс хардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 30-ны хооронд үхэр дотроос хар зүсмийн зүүн чих цуулга имтэй үнээ хулгайд алдлаа гэхээр нь би сумын төвийн зүүн хойд талаар 5 хоног хайгаад олдоогүй. Манай алдсан үхэр хар зүсмийн цуулга имтэй сувай үнээ юм. Уг үнээ үхрээсээ салах учиргүй, үхэр гэрийнхээ гадаа ирэхдээ их туугдсан, зарим үнээнүүд баас алдсан болохоор нэг тийшээ тууж очоод дотроос нь сувай үнээг нь авчихлаа гэж бодож байна. Бэлчээрээр нь явахад үхэр үхсэн барьсан зүйл байхгүй байсан. Манай үхрүүд сумын зүүн хойд талаар ойрхон бэлчээрлэдэг.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

       Гэрч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг өнгөрөөгөөд Уулбаян сумаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу өвс авчрах ажлаар өөрийн 48-88 СҮА улсын дугаартай ачааны том машинтай явж байсан. Надтай хамт Н.Наранбат хүн явсан юм. Н.Наранбат сумаас хойшоо гараад Тарвагат хөтөл уруудаад явж байхад гэрэлтэй машин байна гэж надад хэлсэн. Би өөрөө хараагүй, тэр үед дөнгөж гэгээ орж байсан. Өөр зүйл мэдэхгүй.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/
     
       Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би тэр үед Уулбаян сумын төвд өөрийн хадам эгч Бадамынд байсан. Би өөрийн гэсэн гэр оронгүй болохоор суманд ирэхээрээ бэр эгч Бадамтай хамт гэрт нь байдаг. Хөдөө явахаараа дүү Бавуугийнд очдог.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

    Гэрч Т.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ”... “Манайх Уулбаян сумын Х гэх  газар байдаг, Лувсанпүрэвтэй хамт өвөлжсөн юм. Би өөрийн гэсэн 4 эр үхэртэй, манай 4 үхэр хадам аавын 30 гаран үхэртэй нийт 40 орчим үхэр хамт байдаг. 2019 оны 03 дугаар сарын 27 өдөр үхрээ тоолоход бүрэн байсан. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өглөө ирэхэд манай өөрийн эрээн нүүртэй, соёолон эр үхэр алга болсон байсан. Тэгээд эрээд явж байтал Хонгорын овооны урд манай үхрийг янзлаад арьс, шир, гэх мэт зүйлүүдийг хаяад толгой махыг нь аваад явчихсан байсан. Би өөрийн үхрээ зах зээлийн үнээр үнэлнэ.”... гэх мэдүүлэг / хх-ийн 84 хуудас /
Гэрч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ” ... “Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Уулбаян сумын нутаг “Баруун сүүж” гэх газраас өөрийн шар эрээн зүсмийн соёолон эр үхэр, хүрэн зүсмийн соёолон эр үхрийн хамт нядлаад Хэнтий аймагт борлуулахаар Баярсайхан гэгч хүний 08-73 УБУ дугаарын Пробокс маркийн автомашинтай Намжин, Товуудорж, Дайрийжав  нарын хамт явсан.  Тэгээд Хэнтий аймагт Ганаа гэх ченжид 98939294 дугаарын утсаар холбогдож өгөхөд эр үхэр 220 кг, шар эрээн үхэр нь 237 кг болоод 1 кг-ийг нь 7600 төгрөгөөр бодож өгөөд нийт 3 сая 480 мянга төгрөг болсон. Ингэж явахдаа Мөнххаан сумаас гарал үүслийн бичиг аваад зургийн авахуулаад явсан. Уг нь Уулбаян сумаас авах гээд захиргааны утсаар бичиг асуусан чинь өгөхгүй байгаа гэж хүн ам зүйн байцагч Лхамаа хэлэхээр нь Мөнххаан сум ороод Мөнхбат гэх хүний нэр дээр авчихсан юм. Миний 2 үхэр хоёуулаа зөв чих ухам имтэй үхрүүд байгаа. Энэ үхэр болохоор хадам аав манай эхнэрт өгсөн үхрүүд байгаа юм.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 85 хуудас /
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ” ... “Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баттулга, Баярсайхан, Товуудорж нарын хамт Баярсайханы 08-73 УБУ дугаарын Пробокс машинтай Хэнтий аймагт Баттулгын шар эрээн эр үхэр, хүрэн эр үхрийг борлуулахаар яваад орой 17 цагийн үед буцаж Уулбаян суманд ирсэн. Хамт явсан хүмүүс Улаанбаатар хот руу машин худалдан авахаар явсан юм.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 86 хуудас /
Гэрч Л.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ” ... “ Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Уулбаян сумын нутагт “Тариа” гэх газраас өөрийн 08-73 УБУ дугаарын Пробокс маркийн автомашинтай М.Б гэж хүний 2 эр үхрийн мах ачиж явсан юм. Ингэж явахдаа Намжин, Товуудорж, Баттулга, Дайрийжав нарын хамт явсан. Миний ачсан 2 үхэр Баттулгын шар эрээн соёолон эр үхэр, хүрэн зүсмийн соёолон эр үхрүүд байсан. Тэгээд бид нар Хэнтий аймаг ороод Ганаа гэх ченжид 98939294 дугаарын утсаар холбогдож өгсөн. Энэ 2 үхэр хоёуулаа нийлээд 3 сая 400 мянган төгрөг болж байсан. Бид нар явахдаа Мөнххаан сумаас гарал үүслийн бичиг аваад зургийг нь авахуулаад явсан. Уг нь Уулбаян сумаас авах гээд захиргааны утсаар бичиг асуусан чинь өгөхгүй байгаа гэж хүн ам зүйн байцаагч Лхамаа хэлэхээр нь Мөнххаан сум ороод Мөнхбат гэж хүний нэр дээр авчихсан юм.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 87 хуудас /
Гэрч Н.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ” ...“Би Уулбаян суманд хувиараа мал, мах авдаг. Би Д.А, Д.С нарыг сайн танина. Би 2018 оны 10 дугаар сараас хойш тэд нараас ямар нэгэн мал авч байгаагүй.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 113 хуудас /
Гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ” ...“Би Уулбаян суманд мал мах авдаг. Би Д.Аоос 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээс нь очиж 3 төлөг, нэг борлонтой авсан. Д.Соос бол авч байгаагүй. Өвлөөр мал аваагүй.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 114 хуудас /
    - 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 9 хуудас /
    - 0531 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн13 хуудас /
-    Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 15 хуудас/

-    Шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 48 хуудас/

    - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 хуудас/
    - Шүүгдэгч Д.Аын харилцах дансны хуулга /хх-ийн 50-51 хуудас/
    - Шүүгдэгч Д.Аын 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын материал /хх-ийн 52 хуудас/
    - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 хуудас/
    - Шүүгдэгч Д.Аын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
-    Шүүгдэгч Ц.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 56 хуудас/

    - Шүүгдэгч Ц.Сийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 57 хуудас/
    - Шүүгдэгч Ц.Сийн 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын материал /хх-ийн 59 хуудас/
    - Хохирогч С.Угийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хохирол төлөгдсөн тул гомдолгүй гэх тайлбар /хх-ийн 61 хуудас/
-    Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь малын үнэлгээ / хх-ийн 62 хуудас/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 63-66 хуудас/

-    Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 98 хуудас/

    - Хохирогч Т.Лийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хохирол төлөгдсөн тул гомдолгүй гэх тайлбар /хх-ийн 100 хуудас/
    - Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 129 хуудас/
-    Шүүгдэгч Д.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 130 хуудас/

    - Шүүгдэгч Д.Сийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 131 хуудас/
    - И.Дын 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын материал /хх-ийн 133 хуудас/
    - Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 136 хуудас/
    - Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 161 хуудас/
- Хохирогч А.Сын Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хохирол төлөгдсөн тул гомдолгүй гэх тайлбар /хх-ийн 164 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
    Шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

    Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Д.А, Ц.С нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газраас 2018 оны 11 дүгээр сард хохирогч С.Угийн 1 үхрийг  05-31 СҮА улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газраас 2019 оны 03 дугаар сард хохирогч Т.Лийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “С” гэх газраас 2019 оны 01 сард хохирогч А.Сын 3 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
- Шүүгдэгч Д.А, Д.С нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас 2018 оны 12 дугаар сард хохирогч С.Чийн 5  хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 710 000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарын мөрдөн байцаалт,  шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.У, Т.Лувсандорж, А.С, С.Ч, гэрч У.Б, Ч.Төмөрчөдөр, М.Б, Л.Б, Ц.Э нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
    
    “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Д.А, Ц.С, Д.Сийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нар нь хохирогч Т.Л, А.С, С.Ч, С.У нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
 
     Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.А, Ц.С нар нь хохирогч  С.Уд 800 000 төгрөгийн, хохирогч Т.Лт 1 500 000 төгрөгийн, хохирогч А.Сад 360 000 төгрөгийн, шүүгдэгч Д.А, Д.С нар нь хохирогч С.Чид 710 000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Аын эзэмшлийн 05-31 СҮА улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор дурьдав.

    Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ц.С нарт 2 жилийн хорих ял, Д.Сид 1 жил 6 сарын хорих ял   оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын  хувийн байдлыг   харгалзан Д.А, Ц.С, Д.С нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
    Шүүгдэгч Д.А, Ц.С, Д.С нар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт,  бичгийн  баримт ирээгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.У, Т.Л, А.С, С.Ч нарт хохирол төлөгдсөн хохирогч  нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурьдах нь зүйтэй.
       
. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.А, Ц.С,  Д.С, нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Ц.С нарыг 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  шүүгдэгч Д.Сийг 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.А, Д.С, Ц.С нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/36 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д.Аын эзэмшлийн 05-31 СҮА улсын дугаартай цайвар ногоон өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлого болгосугай.

5. Ялтан Д.А, Ц.С, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Д.А, Ц.С, Д.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн  баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.У, Т.Л, А.С, С.Ч нарт учирсан хохирол  төлөгдсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.





    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА