| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2026/00931/И |
| Дугаар | 210/МА2026/01289 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01289
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/04498 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,829,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 8400300095035317 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 14,476,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн хүүд 340 төгрөг төлсөн, өөр төлбөр төлөөгүй.
*******ын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14,476,000 төгрөг, үндсэн хүү 3,235,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,066 төгрөг, нийт 17,829,004 төгрөг болж байна.
Иймд хариуцагчаас 17,829,004 төгрөгийг гаргуулж, *******-ийг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******оос 14,476,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,353,004 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,330 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
4.1. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үндсэн төлбөр 14,476,000 төгрөг, зээлийн хүү 2,612,955, нэмэгдүүлсэн хүү 75,269 төгрөг нийт 17,164,224 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон байхад шүүхийн шийдвэрт 17,829,004 төгрөг нэхэмжилсэн мэтээр оруулсан, 2-т зээлийн хүү 2,612,955, нэмэгдүүлсэн хүү 75,269 төгрөг нийт. 2,688,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байтал 3,353,004 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон мэтээр бичсэн байна.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зээлийн үндсэн төлбөр 14,476,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа зээлийн хүү 2,612,955, нэмэгдүүлсэн хүү 75,269 төгрөг нийт 2,688,224 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй гэж үзэж байна. ******* нь Монгол Банкнаас өгсөн зөвшөөрлийн дагуу зээл олгох үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд бөгөөд холбогдох хуулиудын дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлдэгчээс шаардах эрхтэй юм.
Гэтэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үүсээгүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна.
4.3. Мөн хариуцагч ******* нь 2026.01.26-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, мөн шүүх хуралдаанд ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцох зохицуулалттай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,829,004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай “Цахим цалингийн зээлийн гэрээ” нотлох баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, “...гэрээнд тоон гарын үсэг зурагдаагүй байна...” гэх үндэслэлээр нэхэмжлэлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаас үзвэл, талууд техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж цахим гэрээ байгуулж болохоор байна.
4.1. Хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай “Цахим цалингийн зээлийн гэрээ”-ний нэг тал буюу зээлдүүлэгчийг *******, нөгөө тал буюу зээлдэгчийг ******* гэж тодорхойлсон байна. /хх7/
4.2. Гэрээний 1.4.1-д цахим зээл гэдгийг “банкнаас үзүүлж буй зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг техник хэрэгсэл, программ хангамж ашиглан цахим хэлбэрээр буюу цахим үйлчилгээгээр дамжуулан олгох зээлийг” гэж тайлбарлажээ.
4.3. Мөн гэрээний 2.1-д зээлдүүлэгч банк нь зээлдэгчид 14,476,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлэх, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлүүдийг тусгаж, зээлийн дансны дугаар *******, зээлийн төлбөр татах харилцах дансны дугаар ******* гэж тодорхойлсон байна.
4.4. Хэрэгт Төрийн мэдээллийн Хур системээс авсан Зээлийн гэрээний хавсралт зээл төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа болон Зээлийн мэдээллийн лавлагаа, Харилцагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн мэдээлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /хх11-17/
4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зохигчийн үүргийг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан байна. /хх22-26/
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг гардан аваад шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хариуцагч маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй гэж үзнэ.
5. Дээрхээс дүгнэхэд, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Зохигчид гэрээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.
7. Хариуцагч гэрээний үүргээ тогтоосон хуваарийн дагуу гүйцэтгээгүйн улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүссэн байх тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/04498 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 17,829,004 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “230,330” гэснийг “247,095” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,598 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД