| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0170/э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 174
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч З.Г, Б.Н нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Г, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1930003200207 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг Т гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З.Г.
Хоёр. Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг гаргуулж, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч З.Г, Б.Н нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч Ш.Эийн 3 хонь, 3 ямаа нийт 6 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 840 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас 2019 оны 04 дүгээр сард хохирогч Л.Оын 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 510 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч Л.Оын 13 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Л.О гэдэг айлын хониноос гурван хонь авсан. Хулгай хийхдээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклтой явсан. Мөн 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Ш.Эийн хониноос гурван эр ямаа, гурван эр хонь авсан. Эдгээр малаа янзлаад аймаг дээр авчирч өгсөн. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Н нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930003200207 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 20-ны үед Гончигсүрэнгийн хамт Ариунболдын урд нутаглаж байсан Ш.Э ахын хониноос 3 эр ямаа, 3 эр хоньтой миний улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклоор тасдаж хулгайлаад аймаг оруулж мөнгөнд өгсөн. Олсон мөнгөө бид хоёр тэнцүү хувааж авсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/
Хохирогч Ш.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 20-нд би өөрийн хониноосоо 3 эр ямаа, 3 эр хоньтой хулгайд алдсан. Надад учирсан хохирлыг З.Г, Б.Н нар бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/
Хохирогч Л.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэдэг газар өвөлжиж хаваржсан юм. Манайх хонь, ямаа нийлсэн 700 гаран бог малтай, манай хонь баруун чих цуулга имтэй, ямаа мөн адил. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед хонио тоолоход манай хониноос 3 хонь дутаад цагдаад ирж алдуул малын бүртгэлд бүртгүүлж байсан. Тэр дотор зүсээр байхгүй байгаа хар алаг хонь, хөх шанаатай эр хонинууд алга байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 59 хуудас/
Хохирогч Л.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Д” гэдэг газар өвөлжиж хаваржсан юм. Манайх хонь, ямаа нийлсэн 700 гаран бог малтай, манай хонь баруун чих цуулга имтэй, ямаа мөн адил. 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед хонио тоолоход манай хониноос 13 хонь дутаад цагдаад ирж алдуул малын бүртгэлд бүртгүүлж байсан. Тэр дотор 5 эр хонь, 4 эм хонь, 4 төлөг байсан. Тэгээд би дараа нь хонио эрж яваад Ариунболдын хониор ороход манай имтэй 2 төлөг хонинд нь байсан. Манай малчин Ариунболдоос манай имтэй 2 төлгийг асуухад хүнээс авсан гэж хэлсэн байсан. Ер нь Гончигсүрэн, Нямбуудорж нар байнга Ариунболдын гэрт байдаг байсан” ... гэх мэдүүлэг / хх-ийн 84 хуудас/
Гэрч С.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сард манай саахалт ойролцоо байдаг З.Ггийн өвөлжиж байсан нутаг дээр эвдэрсэн улаан өнгийн улсын дугааргүй хятад мотоцикль хаяад нүүсэн байхаар нь Гончиигсүрэнтэй таараад зарах бол өөрийн хуучин мотоциклоо сэлбэж унахаар асуусан чинь, намайг 1 төлөг өгөөд аваарай гэж хэлсэн. Би тэгээд тэр мотоциклынх нь раммыг аваад өөрийн мотоциклдоо тавьсан, унаад явж байгаа. Надаас Гончигсүрэн 07 дугаар сард төлөгөө өөрөө ирж авсан.”...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/
Гэрч П.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх Уулбаян сумын 3 дугаар багийн “Д” гэдэг газар хаваржсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед хониноосоо 3 эр хонь алдаад олоогүй. Манай хонь цуулга, тайрмал имтэй хонь ямаа нийлсэн 700 гаран тооны бог малтай айл байгаа юм.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 61 хуудас/
Гэрч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр би аймаг явахдаа Гончигсүрэнг гэртээ үлдээсэн юм. Би тэр үед ойр ойрхон аймаг руу хувийн ажлаар явахдаа Гончигсүрэнг дандаа гуйж гэртээ үлдээдэг байсан. 2019 оны 05 дугаар сарын дундуур намайг аймаг яваад ирэх үед манай хонинд шар халзан төлөг 1, хар халзан төлөг 2, хар хүзүүтэй төлөг 1 нийт 4 төлөг байхаар нь Гончигсүрэнгээс асуухад би хүнээс өрөндөө авсан юм гэж байсан. Тэгсэн сүүлд сонсоход Очирболд ахын алдсан төлөг болж таарсан. Тэгээд уг төлөгүүд одоо ч манай хонинд байгаа. Би хулгайн төлөг гэж мэдээгүй.” ...гэх мэдүүлэг / хх-ийн 87 хуудас/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн Засаг даргийн тодоройлолт / хх-ийн 27 хуудас/
- Шүүгдэгч Б.Нийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 28 хуудас/
- Шүүгдэгч Б.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 30 хуудас/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол / хх-ийн 31-43 хуудас/
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн Засаг даргийн тодоройлолт / хх-ийн 44 хуудас/
- Шүүгдэгч З.Ггийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 45 хуудас/
- Шүүгдэгч З.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47 хуудас/
- Л.Зоригтбаатарын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллогын материал / хх-ийн 48 хуудас/
- Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 49 хуудас /
- Хохирогч Ш.Эийн Цагдаагийн газарт гаргасан хохирол төлөгдсөн тул гомдолгүй гэх тайлбар / хх-ийн 50 хуудас /
- Уулбаян сумын эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 64, 65, 100 хуудас/
- Хохирогч Л.Оын гомдолгүй гэх тайлбар / хх-ийн 101 хуудас /
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 103-104 хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н, З.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Б.Н, З.Г нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “З” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч Ш.Эийн 3 хонь, 3 ямаа нийт 6 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 840 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас 2019 оны 04 дүгээр сард хохирогч Л.Оын 3 хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 510 000 төгрөгийн хохирол учруулсан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас 2019 оны 05 дугаар сард хохирогч Л.Оын 13 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Н, З.Г нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ш.Э, Л.О гэрч С.Ш, П.А, Д.А нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Б.Н, З.Г нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Н, З.Г нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Н, З.Г нар нь хохирогч Ш.Э, Л.О нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Н, З.Г нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Н, З.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улаан өнгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикль нь С.Шийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч нарын болон гэрч С.Шийн мэдүүлгээр тогтоогдож байх тул мотоциклийн үнэ 60 000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн тус бүрээс 30 000 төгрөг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч Б.Н, З.Г нар нь хохирогч Ш.Эд 840 000 төгрөг, хохирогч Л.Оод 1 820 000 төгрөгийг төлснийг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.Г, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н, З.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н, З.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Н, З.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н, З.Г нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Н, З.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.О, Ш.Э нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Г, Б.Н нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 720 /долоон зуун хорин/ цагийн, З.Гг 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Н, З.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Н, З.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Э, Л.О нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Б.Н, З.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн үнэ болох 60,000 төгрөгийг ялтан Б.Н, З.Г нараас хувь тэнцүүлэн тус бүр 30,000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА