Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01287

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2026/03537 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 161,031,645 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэсэлгээний ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх 24/009А дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үндэслэлгүй хөрөнгөжсөн 17,510,586 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани *******-тай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутагт орших Эрээний ихэр уул нэртэй нүүрсний уурхайд 24/009А тоот өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 52,137.02 м.кв уулын цулыг өрөмдөж, тэсэлж дууссан. Мөн 3,317,160 төгрөгийн тэсрэх материалаар овор хэтэрсэн чулуулгыг бутлах үйлчилгээ үзүүлж, ажлаа хүлээлгэн өгсөн.

Уг ажлын төлбөрийг гэрээний дагуу ажил дууссанаас сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор өгөх ёстой боловч санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 161,031,645 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээг дүр үзүүлэн хийсэн тул бодит байдал дээр хэрэгжээгүй хэлцэл гэж үзэж байна. Манай байгууллага гэрээнд заагдсан ямар ч үүрэгт оролцоогүй. “******* нь ******* аймгийн ******* сумын нутагт орших Эрээний ихэр уул нэртэй MV014228 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус компани нь Эрээн хотын *******-тай хамтран нүүрсний уурхайг эзэмшиж, ашиглах, туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулах болон бусад бүх эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд тусгай зөвшөөрөлтэй компанийн зөвшөөрөлгүйгээр нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Миний бие 2024 оны 12 дугаар сард “******* болон Эрээн хотын *******-тай тусгай зөвшөөрөл бүхий нүүрсний уурхайд өөрийн *******-аар дамжуулан үйл ажиллагаа явуулах санал тавьсан. Тухайн үед ******* нь Эрээн хотын *******-ийн захирал Хятад улсын иргэн *******, “*******-ийн захирал ******* нарт тусгай зөвшөөрөл бүхий уурхайд тэсэлгээний ажил хийх санал тавьсан. Эрээн хотын ******* нь манай байгууллагад хандаж “... эхний ээлжинд *******-тай гэрээ байгуулчих, тэр компани яаралтай ажлаа эхлүүлэх шаардлагатай байна. Харин үйл ажиллагааны орлого, зарлага, ашиг, төлбөр тооцоо танай компанитай хамааралгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зураад тэсэлгээний ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.” гэж хэлсний үндсэн дээр *******-тай гэрээ байгуулсан. Тус компанитай гэрээ байгуулсанаас хойш удаа дараа уулзалт хийсэн боловч “******* болон Эрээн хотын ******* нь манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Манай компани тэсэлгээний ажлын үр шимийг хүртээгүй, ажлыг ч хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч компанийн тэсэлгээний ажлын үр дүнг “******* болон Эрээн хотын ******* нар хүлээн авч, төлбөр тооцоог Эрээн хотын *******-ийн захирал өөрөө төлнө гэдгээ илэрхийлдэг. Иймд тухайн гэрээний үр шимийг хүртээгүй тул гэрээний дагуу ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь “*******-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн, үр шимийг тус компани болон Эрээн хотын ******* нар хүртсэн тул тус компаниудаас шаардах нь зүйтэй гэж үзэж байна.

2.2. Түүнчлэн *******-тай 9 дүгээр сард тус тэсэлгээний гэрээг байгуулж, аж үйлдвэрийн яамнаас ******* тусгай зөвшөөрөл авч, тэсэлгээний ажил хийсэн. ******* нь аж үйлдвэрийн яамнаас захиалга хийгдээгүй, тэсэлгээний ажлын зөвшөөрөл аваагүй ба тусгай обьектод нэвтрэх эрхгүй.

Мөн ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу тухайн тэсэлгээний ажлыг зайлшгүй хэмжилт хийж, хэчнээн төрлийн бодисыг хэрхэн яаж ашиглаж, ямар хэмжээнд тэсэлгээ хийж, үр дүн гарсан эсэхийг тусгай мэдлэгтэй мэргэжлийн маркшейдер хүлээн авснаар ажлыг хийж гүйцэтгэсэнд тооцох хуулийн зохицуулалттай. Гэтэл *******-д маркшейдер байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээнд заагдсан ******* аймгийн ******* сумын нутагт орших Эрээний ихэр уул нэртэй тусгай зөвшөөрлийг “******* эзэмшдэг. Тус компани нь Эрээн хотын *******-тай хамтран нүүрсний уурхайг эзэмшиж, ашигладаг.

******* нь үйл ажиллагаа явуулдаггүй, нягтлан болон маркшейдер гэх ажилтан байхгүй, тусгай зөвшөөрөл бүхий газарт үйл ажиллагаа явуулах эрхгүй.

*******-ийн захирал *******гийн талийгаач нөхөр ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус уурхайд байхдаа хүний гарт амь насаа алдсан. Талийгаач нь *******-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан бөгөөд “*******-ийн хөрөнгө оруулагч Эрээн хотын *******-тай хамтран ажиллаж тухайн төслийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан.

Тухайн хүн амины хэрэг гараад буяны ажил дуусаагүй байхад *******-тай гэрээ байгуулах санал тавьж гэрээнд гарын үсэг зуруулж, нөхрийнхөө амьд үед хийж байсан ажлыг үргэлжлүүлээрэй, мөн манай компанид төлөх ёстой 17,510,586 төгрөгийг төлөх шаардлага тавьсны дагуу *******-ийн захирлын эхнэрээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурснаар ямар үүрэг хариуцлага ногдож байгаа талаар тайлбарлаагүй.

*******-ийн захирал нь *******-тай хамааралгүй атлаа *******-д мөнгө шилжүүлж байгаагаа ч тухайн үед ойлгоогүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

3.2. 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 25/082 дугаартай албан бичигт ******* нь *******-ийн төлөх ёстой төлбөр 17,510,586 төгрөгийг өөрийн компанийн шголомт банкны дансанд хүлээж авсан баримт хэрэгт авагдсан. ******* нь *******-ийн бусдад төлөх төлбөрийг хариуцахгүй. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* нь *******-аас ямар нэгэн баримтгүйгээр 17,510,586 төгрөгийг шилжүүлж авсан. ******* нь талийгаач нөхрийнхөө өмнөөс хэн нэгний өмнө үүрэг хариуцлага хүлээхгүй.

Иймд *******-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 17,510,586 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Талууд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд талуудын хооронд 24/009 дугаартай гэрээнээс өөр гэрээ байгуулагдаагүй бөгөөд *******-ийн захирал ******* өөрийн биеэр манай компанийн оффист ирж ажил гүйцэтгэх гэрээ байгуулах санал тавьсныг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан.

Хариуцагч нь гэрээ байгуулах саналыг илэрхийлэх үедээ үйлдлийнхээ учир холбогдлыг сайн ойлгож байсан нь ажил гүйцэтгэх гэрээний заалттай нэг бүрчлэн танилцаж, гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогддог. *******, *******-уудын хооронд үүссэн үлдэгдэл төлбөрийг сайн дураар шилжүүлсэн үйл баримтаар дээрх үндэслэл няцаагдаж байна.

4.2. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэхийн хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй харилцаа бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөл шаардлагагүй. ******* нь зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас 2024 оны 02 дугаар сард үйлдвэрлэлийн зориулалтай тэсэлгээний ажил явуулах 916 дугаартай 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг авсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хууль, дүрэм журамд гүйцэтгэсэн ажлыг маркшейдер хүлээж авна гэх заалт байхгүй.

Иймд *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 157,714,485.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,317,160 төгрөг гаргуулах хэсэг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,109 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,208,612 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 946,522.43 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн.

Гэвч тухайн гэрээний ажлын онцлог, гэрээ байгуулах санаа зорилго нь юу байгаа болон тухайн гэрээний гүйцэтгэлийн үр дүн хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна.

Талуудын хооронд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24/009А дугаартай гэрээ нь тэсэлгээний ажил гэх тодотголтой тусгай зөвшөөрлийн дагуу хийгддэг онцгой төрлийн гэрээ байгуулагдсан. Учир нь тэсэлгээний ажлын захиалагч нь ******* аймгийн ******* сумын нутагт орших Эрээний ихэр уул нэртэй ил уурхайн олборлолтын талбайд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгүүлэх, уурхайгаас нүүрс олборлох санаа зорилго, хүсэл илэрхийлэлтэй байсан эсэхийг дүгнэх ёстой.

Гэвч *******гийн зүгээс маргаан бүхий гэрээг байгуулснаар уурхайгаас нүүрс олборлох ашиг олох, тухайн талбайд үйл ажиллагаа явуулах, заасан газарт ажил гүйцэтгүүлж захиалга өгөх эрх олгогдоогүй. Талууд гэрээ байгуулж буй ач холбогдол, үр дагаврыг бүрэн гүйцэд ойлгоогүй нөхцөл байдал байсан болох нь хэргийн баримтаар тогтоогддог. Түүнчлэн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, ашиглалтыг өөр бусад этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглагч, хөрөнгө оруулагч нар үр шимийг хүртэж ашигласан болохыг хариуцагчийн хариу тайлбарт тусгаснаас гадна нотлох баримтыг шинжлэн судалсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь *******-тай байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/009 дугаартай гэрээний дагуу ажил гүйцэтгэж, захиалагч нь нас барснаар уг ажлыг зогсоох, цааш нь гүйцэтгэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Нэгэнт ажлаа хийж дууссан бол захиалагч нь нас барсан байхад үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Гэтэл уг ажлыг үргэлжлүүлэх зорилго *******д байхгүй байхад түүнтэй 24/009А дугаартай гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Улмаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “захиалагч ажлын үр дүнг хүлээн авч” гэснийг үндэслэлгүй тайлбарлан ажлын үр дүнг ******* хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь ямар нэгэн ажил хүлээж аваагүй, гэрээнд зааснаар маркшейдер хүлээж аваагүй, ажил хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй, биет байдлаар хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх гэрч *******, ******* нарын мэдүүлгийг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан ажлыг хүлээн авсан гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний онцлогийг харгалзан үзээгүй, захиалагчийн хүсэл зоригийн илэрхийлэл юу байсан зэргийг анхаарч үзээгүй, ажлын үр дүнг актаар хүлээж авсан нь эргэлзээтэй бол бодит байдлаар хүлээн авсан эсэхэд анхаараагүй. *******-ийн үүргийг ******* нь хүлээн авч хариуцлага хүлээх зэрэг нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

6.2. Анхан шатны шүүх “*******-ийн өр төлбөр *******-д шилжсэн эсэх, нэхэмжлэгч нь *******-аас 17,510,586 төгрөгийг шаардах эрхтэй эсэх, тэдгээрийн хоорондын гэрээт ажил дууссан, ажлыг хүлээн авсан эсэх нь нотлогдоогүй байхад нэгэнт зөвшөөрсөн учраас төлөх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Дээр дурдсанчлан хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд *******, тухайн компанийг гүйцэтгэх захирал төлөөлөх эрхтэй байхад ажил хүлээлцсэн актад зурагдсан өөр бусдын гарын үсэг ажлыг хүлээн авсан гэж үзэхгүй.

Мөн маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний онцлог, нөхцөл байдал, ажил гүйцэтгэхэд авах ёстой зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, онцгой объектод тусгай зөвшөөрлийн дагуу эрх бүхий байгууллагын хамгаалалт дор хийгддэг тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас *******-д олгосон. Уг эрх зөвхөн тухайн компанид олгогдсон байхад захиалагч байгууллагыг сольж ажил гүйцэтгэсэн үйлдэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хэргийг нэхэмжлэгчид ашигтай шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд хариуцагч талаас “дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж маргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь “ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй байсан ч үр дүн бий болгосон тохиолдолд гэрээгээр тохирсон хөлсийг шаардах эрхтэй” гэж хуульчилсан учраас уг үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

7.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр суурьтай оролцдог бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,510,586 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар “үүрэг хожим дуусгавар болсон, эсхүл талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд тухайн зүйлийг шаардаж болно” гэж зохицуулсан. ******* нь *******-д төлбөрийг төлсний дараа талуудын хооронд шинээр гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үед буцаан шаардах зүйлд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 161,031,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... гэрээнд гарын үсэг зурсан боловч дүр үзүүлэн хийсэн, гэрээ бодитоор хэрэгжээгүй, ... гэрээгээр үүрэг хүлээгээгүй, ******* аймгийн ******* сумын нутагт орших Эрээний ихэр уул нэртэй тусгай зөвшөөрлийг “******* эзэмшдэг, ... тухай тэсэлгээний талбайд тусгай зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх боломжгүй ... ажлын үр дүнг манай компани хүлээн аваагүй, ... “******* хүлээн авсан ... тул ажлын хөлс үүрэг хүлээхгүй ...” гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Талууд тэсэлгээний ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэх ил уурхайн олборлолтын талбай нь *******-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар, мөн тухайн талбай дээр хийгдсэн ажлын гүйцэтгэл, ажлын үр дүнг хүлээн авсан этгээд, *******-ийн гэрээний хэрэгжилтэд бодитоор оролцсон эсэх талаар маргасантай холбогдон шүүхээс гарах шийдвэр *******-ийн эрх ашиг хөндөгдөх эсэх, мөн дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ямар холбоо, хамааралтай оролцсон эсэх талаарх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

 

4. Мөн нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр *******-тай байгуулсан “Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба гэрээний хугацаа дуусаагүй байна. /1хх53-60, 9-12/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уг гэрээг үндэслэн *******-д Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах 24/251 дугаартай хяналтын хуудас олгожээ. /1хх61/ 

Мөн *******-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэх ажил нь *******-тай байгуулсан гэрээнд ижил нөхцөлөөр тусгагдсан байна.

Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил нь аль гэрээний үүрэг болох, аль талбайд ямар ажил хийгдсэн, мөн *******-ийн үүргийг хариуцагч ******* шилжүүлэн авсан эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад “Тэсэлгээний ажлын пасспорт” гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2026/03537 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2,034,076 /1,034,076+1,000,000/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

           ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД