| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0174/э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 176
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бөд холбогдох эрүүгийн 1930003250214 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг Рашаант гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй Э.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэрсэн худаг” гэх газарт хохирогч Д.Бийг зодож түүний эрүүл мэндэд “ тархи доргилт, дээд уруулын болон хүзүүний няцралт, хамрын таславчийн муруйлт, дээд үүдэн шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний мотоцикл бензингүй болж Наран сумаас бензин аваад гарахдаа 0,75 литрийн нэг шил архи авч хүргэн ахындаа очиж уусан. Тэгээд Д.Б ахтай муудсан. Цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна гэв.
Эрүүгийн 1930003250214 дугаар хэргээс:
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Шинэбаяр гэх айл руу 17 цагийн үед очиход О, Б хоёр архи уугаад сууж байсан. Би ороод сууж байтал Б надад архи барьж өгөхөөр нь би архи уухгүй гэтэл та яагаад архи уухаа больчихсон юм гээд босч ирээд эрүү рүү өшиглөсөн мөн гараараа толгой руу 2-3 удаа цохисон, толгойгоороо миний нүүрэн хэсэг рүү мөргөсөн, цамцаар боож унагаасан бөгөөд хэлгүй Магнай гэх хүн бид хоёрыг болиулсан юм. Харин Отгоо нь болиулахгүй хараад зодуулаад байсан. Тэгсэн Б нь чамайг ална гээд араас туусан ба бараг 2-3 км газар туугаад орхисон юм. Отгоо гэх залуу намайг зодож цохисон юм байхгүй. Харин манай хонийг хэд хэдэн удаа тууж байсан зүйл байгаа. Миний толгой өвдөж, хамраараа амьсгалахад хүндрэлтэй байна. Мөн цээж хөндүүр, зүүн нүд хөхөрч юм сонсох муу болсон. Эмчилгээ хийлгэж байгаа. Би хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна. Мөн Отгоо гэх залуу манай хонийг хэд хэдэн удаа туусан болохоор гомдолтой байна. Тухайн өдөр Б Наран сумаас ирэхдээ миний нэг ямааг дайрсан талаараа намайг зодох үедээ надад хэлсэн. Би маш их гомдолтой байна. ”... гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,
Гэрч Ж.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Наран сумын 1 дүгээр баг “Дэрсэн худаг” гэх газарт манай бэр эгч Улаагийн хүү Мөнгөнбаярын үсний найр болох гээд бэлтгэл ажилтай үед Б гэх залуу Улаан эгч бид хоёрыг дагаад бензинд явсан. 16 цагийн үед Улаан эгчийн нөхөр Ш, Б бид гурав 0.75 л архи хувааж ууж байтал Д.Б 17 цагийн үед ирээд байж байтал Б, Ба хоёр муудаад байх шиг байсан. Б сууж байснаа Баийг гараараа хамар руу нь 2-3 удаа цохиж 1-2 удаа толгой руу нь мөргөж байгаа харагдсан тухайн үед манай төрсөн ах Баярмагнай Б Ба хоёрыг хориод болиулсан. Би хорих гэтэл Ба нь миний нүүр рүү гараараа цохисон. Гэхдээ надад учирсан гэмтэл байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Р.Угийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай хүү Мөнгөнбаярын төрсөн өдөр болох гээд бэлтгэл ажилтай байсан. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед Б адуунд явж байгаад бензингүй болчихлоо гээд ирсэн. Тэгээд хадам дүү О бид 2 сум руу бензинд яваад 16 цагийн үед ирсэн. О, Б, Ш бид гурав 0.75 л архи хувааж ууж байтал Д.Б 17 цагийн үед ирсэн. Б Ба ахад хандаж та яагаад Шын өвөлжөө рүү хонио оруулаад байгаа юм гэхэд Ба ах чамд хамаагүй асуудал шүү дээ бид нар хоорондоо зохицоод болдог юм гэж хэлэхэд Б сууж байснаа Баийг гараараа хамар руу нь 2-3 удаа цохиж, толгой руу нь 1-2 удаа мөргөж байгаа харагдсан. Тухайн үед манай төрсөн ах Баярмагнай нь Б, Ба хоёрыг хориод болиулсан. Тухайн үед Ба архи уугаагүй байсан. Харин Б, Ш, О нар нилээн халамцуу байсан юм.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэнд: Д.Бийн биед тархи доргилт, дээд уруулын болон хүзүүний няцралт, хамрын таславчийн муруйлт, дээд үүдэн шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 14 хуудас/
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26 хуудас/
Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 хуудас/
Шүүгдэгч Э.Бийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын материал /хх-ийн 28-29 хуудас/
Шүүгдэгч Э.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/
Шүүгдэгч Э.Бийн аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай хүсэлт / хх-ийн 37 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэрсэн худаг” гэх газарт хохирогч Д.Бийг зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, дээд уруулын болон хүзүүний няцралт, хамрын таславчийн муруйлт, дээд үүдэн шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч Р.У, Ж.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дүгээр сарын 10-ний өдрийн 399 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардалд 170 000 төгрөгийг хохирогч Д.Бт төлсөн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос яллагдагч Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Э.Б нь 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Бөд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Э.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 170 000 төгрөгийг хохирогч Д.Бт төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА