| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 192/2025/08599/И |
| Дугаар | 210/МА2026/01290 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/01290
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02378 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 482,583,001 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2023-JLH-JG-015 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2023-TG-260 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээнд зааснаар ******* нь ******* аймгийн ******* суманд байрлах Баян-Ундарга нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсийг БНХАУ-ын ******* нүүрсний талбай хүртэл тээвэрлэн, тээвэрлүүлэгч *******-д хүлээлгэн өгөх, ******* нь тээврийн хөлсийг тухай бүр төлөхөөр харилцан тохиролцсон.
Манай компани 2023 оны 04 дүгээр сард 1,112.55 тн, 08 дугаар сард 5,430.90 тн, 09 дүгээр сард 1,506.20 тн, 11 дүгээр сард 1696.15 тн, нийт 9,758.8 тн нүүрсийг ******* нүүрсний талбай хүртэл тээвэрлэж *******-д хүлээлгэн өгсөн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.2-т тээвэрлэгч нь ачаа барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, ажил хүлээлцсэн баримтыг үндэслэн тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэлээ гэж үзсэн тохиолдолд тээвэрлэгч нь тээврийн төлбөрийг төлнө.”, 4.4-т “талууд сардаа 1 удаа тооцоо хийх бөгөөд тухайн сарын сүүлийн өдөр тооцоо нийлж, дараа сарын 05-ны дотор төлбөрийг төлнө.” гэж заасан.
******* нь тээврийн зардлаа цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, түүнчлэн компанийн зүгээс гаргасан тооцооны үлдэгдлийн баталгаагүй гэх албан бичгийг явуулбал төлбөрийг шилжүүлье гэсэн хүсэлтийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай компани нь хариуцагчаас ямар нэгэн авлагагүй гэх гэрээ дүгнэсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг үйлдэн тус баримтуудад гарын үсэг зурж, тамга даруулж авсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний дагуу тээвэрлэлтийн төлбөрийг гэрээний 4.2.3, 4.1-т заасны дагуу 2023 оны 04 дүгээр сард тээвэрлэсэн 1,112.55 тн нүүрсний тээврийн хөлс 61,435,001 төгрөг, 2023 оны 08 дугаар сард тээвэрлэсэн 5,430.90 тн нүүрсний тээврийн хөлс 284,600,844 төгрөг, 2023 оны 09 сард тээвэрлэсэн 1,506.20 тн нүүрсийг гэрээний 4.1-т зааснаар тооцон 78,501,788 төгрөгөөр тус тус тооцож, нийт 502,191,111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.2-т “Тээвэрлэгч нь ачаа барааг хүлээлгэн өгөх газарт хүргэн өгч, ажил хүлээлцсэн баримтыг үндэслэн тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэлээ гэж үзсэн тохиолдолд тээврийн төлбөрийг өгнө.”, 4.2.3-т “Гэрээний талууд төлбөрийг Монгол банкнаас зарласан тухайн сарын эцсийн валютын ханшийг үндэслэн төгрөгөөр тооцоо хийнэ”, 4.4-т “талууд сардаа 1 удаа тооцоо хийх бөгөөд тухайн сарын сүүлийн өдөр тооцоо нийлж, дараа сарын 10-ны дотор төлбөрийг төлнө.”, 1.3-т “Энэхүү гэрээний хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна.” гэжээ.
Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1, 395.2, 395.2.3-т зааснаар гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, тооцоог гэрээний 4.4-т зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар тооцно. Гэвч нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Хэргийн 119 дүгээр талд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 06 цаг 39 минутад 2 хавсралт бүхий и-мэйл явуулсан хариуцагчийн төлөөлөгч *******гийн вичат хаяг руу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хаягаас ямарваа нэг хятад мөнгө хүлээн аваагүй гэх мессежийг илгээсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч талаас хэзээ ч хамаагүй үйлдэж илгээх боломжтой. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар Гаалийн ерөнхий газрын Шивээ хүрэн дэх гаалийн газраас ирүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/75 дугаартай албан бичгийн хавсралтад уг гэрээгээр тээвэрлэлт хийсэн тээврийн хэрэгсэл, нүүрсний тонн, жинг ирүүлээгүй байх тул баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т зааснаар уг гэрээний ханшийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ханш буюу 502 төгрөгөөр бодно. Энэ тохиолдолд 1,112.55 х110 юань=122,380.5 х 502=61,435,011 төгрөг болно.
2.2. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 1.3, 4.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул шаардах эрхгүй. Мөн дээрх гэрээний 4.2.3-т зааснаар “Ээзнээ хошууны Жингганг экспорт, импортын” ХХК манайд төлбөр төлөөгүй. Харин тээврийн төлбөрийг шууд нэхэмжлэгч талд төлсөн.
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* -тай тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж, тус баталгаандаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тээвэрлэсэн нүүрсний тооцоог байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлээр нэг бүрчлэн нийлж үзэхэд талууд хоорондоо тооцооны үлдэгдэлгүй учраас ******* нь *******-аас авах авлагагүй. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.2, 236.3 дахь хэсэгт тус тус зааснаар үүрэг дуусгавар болсон.
Уг гэрээний тээврийг 8, 9 дүгээр сард хийсэн байх тул нэхэмжлэгчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэн бус гүйлгээний валютын ханш болох 475 төгрөгөөр бодоход 313,036,637 төгрөг болж байна.
2.3. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаа дууссан боловч дээрх хоёр гэрээний адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс үзлэг хийсэн баримтыг орчуулсан худалдан авагч талын нүүрсний тээврийн төлбөрийг манай компанийн өмнөөс БНХАУ-ын иргэн *******гийн данс руу хийсэн талаарх тодорхойлолт, Хятад Улсын *******ны гүйлгээний баримт, шүүхээс үзлэг хийсэн. Хэргийн 159 дүгээр талд авагдсан Хаш нэртэй вичат хаягаас ******* нэртэй хаягт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хооронд харилцсан дуу бичлэгт үзлэг хийсэн баримтад ******* нь өөр хүний дансаар тус төлбөрийг авсан бөгөөд ******* төлбөрийг төлсөн.
Хэргийн 59 дүгээр талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар бүх төлбөр тооцоог төлж дууссан гэж үзэж захирал ******* нь гарын үсэг зурсан тул гэрээний үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүргийг төлж дуусгавар болгосон бөгөөд тээвэрлэлтийн төлбөрийг тооцвол 77,790,553 төгрөг болж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ тус бүрээр нэмж тооцвол нийт 452,262,202 төгрөг болж байна. Манай зүгээс тээвэрлэлтийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон маргаанаас шалтгаалж данс битүүмжилсэн байснаас өөрийн дансаар хийх боломжгүй болж өөр этгээдээр буюу худалдан авагч талаар төлбөр төлүүлсэн.
Нэхэмжлэлд дурдсан бүх ачаа тээвэрлэлтийн гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж гэрээний харилцаа дуусгавар болсон.
Тээвэрлэлтийн гэрээний үүргийг шаардахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон Гаалийн газраас ирсэн лавлагаагаар 2023 оны 04, 07, 08, 09, 11 дүгээр сарын тээврийн төлбөрийг нэхэмжилсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гүйцэтгэж дууссан байх бөгөөд энэ талаар маргаагүй. Үүнээс харвал Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 482,842,772 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,348,339 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 120,000 төгрөгийг гаргуулж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,670,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 2,572,163 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар шийдвэрийн шийдвэрт тайлбарлахдаа тээвэрлүүлэгч, тээвэрлэгчид өөрөөр хэрэглэнэ гэх үндэслэлээр няцаасан шийдвэр гаргасан талаараа дурдсан боловч бичгээр гаргасан шийдвэрт дурдаагүй. Бид бичгээр гаргасан тайлбартаа энэ талаар тайлбарласан байхад энэ талаар дүгнэлт өгч шийдвэрлээгүй.
4.2. Тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг нүүрс худалдан авагч талаас төлсөн тул талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, тээврийн төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт үйлдэж хэрэгт өгсөн байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн.
4.3. Манай компанийн зүгээс тухайн үед татвар болон шүүхийн шийдвэрээр төлөх өр төлбөртэй данс хаагдсан байсан тул өөрийн данснаас гүйлгээ хийх боломжгүй болж нүүрс худалдан авагчдаас төлбөрийг тээвэрлэгчид төлүүлсэн.
Тээврийн төлбөрөөс 161,324.25 юанийг манай компанийн өмнөөс БНХАУ-ын иргэн *******гийн данс руу хийсэн талаарх тодорхойлолт, Хятад улсын *******ны гүйлгээний баримт, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, тооцооны үлдэгдлийн баталгаагаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэдгийг нотолно.
4.4. Тээвэрлэлтийн төлбөрийг манай зүгээс гэрээ тус бүрд заасан 4.2.3-т зааснаар гэрээний ханшийг тухайн сарын эцсийн ханшаар тооцож төлбөр төлөх талаар тайлбартаа дурдаж гэрээ тус бүрээр тооцоо гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн тайлбараар ханшийг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 502,191,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 482,583,001 төгрөг болгон багасгасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн тул үүрэг дуусгавар болсон ... гэрээгээр тээвэрлэлт хийсэн сүүлийн өдрийн арилжааны банкны валютын бэлэн бус ханшаар тооцохоор тохиролцсон ... үүнийг гэрээ тус бүрээр нэмбэл 452,262,201.85 төгрөг болж байна ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2023-TG-118, мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2023-TG-260, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023-TG-264 тус тус дугаартай Нүүрс тээвэрлэлтийн гэрээнүүд, гэрээний хавсралтууд, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. /1хх82-99, 183-193, 194-198, 2хх27-30, 34-36/
4. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлсэн, тээвэрлэсэн ачааны жин, хэмжээ, ачаа бараа хүлээлцсэн үйл баримтад маргаангүй. Иймд *******, ******* нарын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч тал 2023 оны 04 дүгээр сард тээвэрлэсэн 1,112.55 тн нүүрсний тээврийн хөлсийг 1 тн тутмыг 110 юаниар, 8 дугаар сард тээвэрлэсэн 5,430.90 тн нүүрсний тээврийн хөлс, 9 дүгээр сард тээвэрлэсэн 1,506.20 тн нүүрсний тээврийн хөлс болон 11 дүгээр сард тээвэрлэсэн 161,324.25 тн нүүрсний тээврийн хөлс тус бүрийг 1 тн тутмыг 95 юаниар тооцон, нийт 942,729.05 юанийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ханшаар буюу 511.9 төгрөгөөр тооцон, 482,583,001 төгрөг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилжээ. /1хх222/ Хариуцагч тээвэрлэлтийн хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон байна.
6. Талуудын хооронд үүссэн үүргийн харилцаанд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчим үйлчилнэ.
Гэрээгээр “тээвэрлэгч ачаа барааг хүлээлгэн өгөх газар хүргэн өгч, ажил хүлээлцсэн баримтыг үндэслэн тээвэрлэлтийг 100 хувь гүйцэтгэлээ гэж үзсэн тохиолдолд тээврийн төлбөрийг өгөхөөр, талууд сардаа 1 удаа тооцоо хийж, сарын сүүлийн өдөр тооцоо нийлж, дараа сарын 05-ны дотор төлбөр төлөх” үүрэг талууд тус тус хүлээсэн байна. /1хх 82, 84-85, 194-195/
Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* ачаа бараа хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн гэж зөв дүгнэсэн.
Хэргийн 1 дүгээр хавтасны 59-д авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” нотлох баримтад “... энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь санхүүгийн тайлагналын зорилгоор үйлдэгдсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний хариуцлагыг дүгнэсэн акт биш болохыг батлав.” гэж бичээд талууд гарын үсэг зурж, компанийн тамга болон санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ.
Анхан шатны шүүх уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээд “... хариуцагчийн хүсэлтээр уг баримтыг үйлдсэн, хариуцагч *******-ийн тээврийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй ...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймээс хариуцагч ******* -аас 2023 оны 04, 08, 09 дүгээр сарын тээвэрлэлтийн хөлсийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
7. Харин шүүх 2023-TG-264 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын тээвэрлэлтийн хөлс төлөх үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Мөн шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагаас илүү дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
7.1. Анхан шатны шүүх, зохигчийн хэн алины хүсэлтийг үндэслэн талуудын хооронд харилцсан имэйл хаяг, вичатад үзлэг хийж, бэхжүүлсэн байна. /1хх116-17, 123-134, 152, 164-170, 233-237/
2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн ******* хаягаас хариуцагчийн ******* хаяг руу 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 06 цаг 39 минутад “албан бичиг, нэхэмжлэх, хавсралт файл илгээсэн болохыг, мөн ******* гэх wechat хаягаас ******* гэсэн хаяг руу 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 06 цаг 39 минутад “*******”, “******* JG-015” гэх хоёр файлыг “ямарваа нэгэн хятад мөнгө хүлээн аваагүй болно, мэйлээр давхар явуулсан. 2024 оны 08 сарын 07-ны өдрийн 18 цаг 38 минутад *******-аас *******-руу okay эможи явуулсан байна.” гэж тусгажээ. /1хх123-134/
2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд ******* нэртэй ******* дугаарын вичат хаягаас ******* нэртэй вичат хаяг руу 2025 оны 09 сарын 22-ны өдрөөс 2025 оны 09 сарын 24-ний өдрийн хооронд харьцсан чат, дуу бичлэгээр байх бөгөөд ******* нэртэй вичат хаягаас 161,000 юанийг *******-д шилжүүлсэн, ******* хаягаас ******* хаяг руу явуулсан бичлэг нь “*******" гэх хаягнаас мөнгө шилжүүлэхтэй холбоотой ярилцсан агуулга тусгагдсан байна. /1хх164-167/
7.2. ******* нь Хятад улсын хуулийн этгээд *******-тай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2023-JHL-JG-015 дугаартай Нүүрсний экспортын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 2.1-д энэхүү гэрээний дагуу нийлүүлэх нүүрс нь ******* аймгийн ******* сумын нутагт орших экспортлогч талын эзэмшлийн Баян-Ундарга нүүрсний уурхайгаас олборлосон нүүрс байна.” гэж заажээ. /1хх183-193/
7.3. Зохигчдын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээнүүдэд тээвэрлэгч ******* нь тээвэрлүүлэгч ******* -ийн ******* аймгийн ******* суманд байрлах ******* нүүрсний уурхайгаас олборлосон хавсралт-1д заасан “Нүүрс экспортлох гэрээ”-ний нүүрсийг БНХАУ-ын ******* нүүрсний талбай хүртэл тээвэрлэж, хүлээлгэн өгөх, тээврийн хөлс төлөх харилцааг зохицуулсан байдаг.
Гэрээнүүдийн хавсралтад “Нүүрс экспортлох гэрээний худалдан авагч хуулийн этгээдүүдийн нэрийг тусгасан, тодруулбал, 2023-TG-260 дугаартай гэрээний хавсралтад “худалдан авагч: *******, гэрээний дугаар 2023-JHL-JG-015” гэж, 2023-TG-264 дугаартай гэрээний хавсралтад “худалдан авагч: ******* ...” гэж тус тус заасан байна.
7.4. Хариуцагч тал гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулсан нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /1хх219-221, 2хх9-11/
Тус *******-ийн баримт бичиг” гэсэн нотлох баримтад ******* -ийг төлөөлж тээврийн хөлсийг хөлсөн тухай баримт. Манай компани 2024 оны 01-р сарын 26-ны өдөр Монгол Улсын *******-ийн нэрийн өмнөөс Хятад улсын иргэн *******гийн Эзний хошууны Хөдөө Тосгон итгэлцлийн хоршоо ******* данс руу Монгол Улсын ******* -ны 11-р сарын тээврийн хөлсийг төлж шилжүүлсэн ба юаниар 161,324.25 нь үнэн болно. 2025 оны 10 сарын 23 өдөр. Хариуцагчийн гарын үсэг *******” гэжээ.
Мөн Хятад улс *******ны дансны гүйлгээний дэлгэрэнгүй гэсэн нотлох баримтад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас *******гийн эзэмшлийн ******* дугаартай данс руу 161,324.25 юанийг *******ыг төлөөлж 11 сарын тээврийн хөлсийг төлөв” гэсэн байна.
Хариуцагч нь 2023-TG-264 дугаартай гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын тээврийн хөлс төлсөн гэж марган, дээрх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид нотолгооны үүрэг хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, 2023 оны 11 дүгээр сарын тээврийн хөлсөнд дээрх мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй” гэх татгалзлаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцааж чадаагүйн гадна, давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... *******гөөс шилжүүлсэн 16,324.25 юань талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй, өөр мөнгөн төлбөрийн үүрэгт хамааралтай” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.
Иймд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг харьцуулан үзээд, хариуцагч ******* -ийг 2023-TG-264 дугаартай Нүүрс тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэсэн 1,698.15 тн нүүрсний тээврийн хөлс болох 77,645,362 /1,698.15 х 98 юань=161,324.2 х 481.3 төгрөг/ төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.
Тодруулбал, *******-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас *******гийн эзэмшлийн ******* дугаартай данс руу 161,324.25 юань шилжүүлсэн үйл баримтыг үндэслэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-ийг 77,645,362 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
8. Гэрээний талууд 2023-TG-118 дугаартай гэрээний 4.2.1-д “тээвэрлэлтийн төлбөр нь 1 тн тутамд 110 юань байна.” гэж 4.2.3-т “гэрээний талууд төлбөрийг Монгол банкнаас зарласан тухайн сарын эцсийн валютын ханшийг үндэслэн төгрөгөөр тооцоо хийнэ.” гэж, 2023-TG-260 болон 2023-TG-264 тус тус дугаартай гэрээний 4.2.1-д “тээвэрлэлтийн төлбөр нэг тонн тутамд 95 юань байна.”, 4.2.3-т “... төлбөрийг худалдан авагч талаас төлбөр орж ирсэн өдрийн Капитрон банкны валютын бэлэн бус ханшийг үндэслэн төгрөгөөр тооцоо хийнэ.” гэж, 2023-TG-264 дугаартай гэрээний 4.2.3-т “... төлбөрийг худалдан авагч талаас төлбөр орж ирсэн өдрийн арилжааны банкны валютын бэлэн бус ханшийг үндэслэн төгрөгөөр тооцоо хийнэ.” гэж тус тус харилцан тохиролцжээ. Үүний дагуу хариуцагч *******-ийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг тооцвол:
1. 2023-TG-118 дугаартай гэрээний тээврийн хөлс 1,112.55 тн х 110 юань= 12,380.5 юань х 502 /2023.04.30-ны өдрийн монгол банкны зарласан төгрөгийн ханш/ төгрөг= 61,435,011 төгрөг,
2. 2023-TG-260 дугаартай гэрээний 8 дугаар сарын тээврийн хөлс 5,430.9 тн х 95 юань=515,935.6 юань х 476 төгрөг /2023.08.31-ний өдрийн ханш/=245.791.672 төгрөг,
9 дүгээр сарын тээврийн хөлс 1,506.2 тн х 95 юань=143,089 юань х 473.8 төгрөг /2023.09.30-ны өдрийн ханш/ =67,795,568 төгрөг, нийт 375,022,251 төгрөг байна.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
9. Талуудын хооронд үүссэн тээврийн хөлс төлөх үүрэг шаардахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан ердийн хөөн хэлэлцэх хугацаа болох гурван жил үйлчилнэ. Харин мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн зүйлийн 394 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийн явцад ачаа алдагдах, гэмтэх зэрэгт хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхихоор бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/02378 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 375,022,251 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 127,168,860 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2,572,163” гэснийг “2,033,061” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,572,164 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД