Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 180

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,                                                                                                                     
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1930003370213 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ  суманд төрсөн,  27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг Б гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Г.Б.    

        Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 20 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг сумын төвд согтуугаар Хүйндуй Пронтер маркийн 14-02 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.10б, 5.11б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж Б.Жаргалсайханы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

    Эрүүгийн 1930003370213 дугаартай хэргээс:

- Хохирогч Ж.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед шиг санаж байна. Эмнэлгийн гадуур явж байхад манай аав Жаргалсайханы хамаатан эмнэлгийн гадаа зогсож байхаар нь ямар асуудал гарсан юм бол гэж бодоод уулзахаар очсон юм. Тэгтэл ахын эхнэр даралт ихэссэн гээд ирсэн байсан. Ах эгчтэйгээ уулзаад зогсож байтал манай эхнэр Цэндбаяр утсаар яриад аавыг машинд мөргүүлсэн гэж хэлсэн.  Би мөргүүлсэн газар руу очиход аав маань Баттөрийн унаж явсан Пронтер маркийн машинд мотоциклтойгоо мөргүүлээд нас барсан байсан.  Тухайн үед хамт явж байсан Туяацэцэг нь Жаргалсайхан ах мотоцикль бариад бид хоёр колонки ороод буцаж явахад урдаас машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Тухайн үед мөргөсөн гэх машиныг манай аавын хамаатан Баттөр нь барьж явсан  их согтолттой байсан.
Манай аав осолд орохын өмнө дүү Атэй таараад нэг шил архи авахуулаад тэрнээс ойролцоогоор 100-150 грамм орчмыг хундаганд хийгээд уусан байсан. Нэмж уугаагүй учир хөдөө гарах гээд яарч байсан гэсэн. Манай аав мотоцикль жолоодох үнэмлэхтэй байсан, одоо үнэмлэхийг нь олохгүй байгаа. Баттөр нь мотоциклийн хохирлыг барагдуулсан, оршуулгын зардалд тусламж үзүүлсэн. Тиймээс надад гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ” ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
    
-Гэрч П.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр талийгаач Жаргалсайхан ах ганцаараа хөдөөнөөс мотоцикльтой манайд ирсэн. Мотоцикль нь эвдрээд байна гээд засуулахаар хашаанд задалсан. Мотоцикльд нь масло хийхээр болоод орой 20 цаг 30 минутын үед талийгаач Жаргалсайхан ах намайг хоёулаа танай мотоциклоор колонк руу яваад масло аваад ирье гэхээр нь би хамт явсан. Бид хоёр колонкоос масло аваад буцаад гэр рүүгээ урд зүг рүү явж байхад урдаас машины гэрэл гарч байсан, би зөрөөд өнгөрөх байх гэж бодож байтал хоорондоо мөргөлдсөн. Би нэг мэдэхэд машин доор орчихсон байсан. Талийгаач нь мотоцикль машины буруу талын урд дугуй хоёрын дунд байсан. Талийгаачийг харахад ам нь хөдлөөд байсан гэхдээ надтай юм яриагүй, би гэр рүү гүйгээд нөхөр, ээж, дүү нараа дуудсан. Манай нөхөр цагдаа дуудсан.” ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

-Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14.00 цагийн үед би Баттөр, Энхболд нартай таараад караокед орж архи уусан. Тэндээсээ 16 цагийн үед гараад урагшаа А ахынд  очиж нэг шил архи уусан. Жагаа ах, Баттөр 2 дэлгүүр явж 0.75 граммын Хар экс нэртэй архи 2 ширхэгийг авчирсан. Тэрнээс би ганц хундага архи уучихаад унтаад өгсөн. А ахынхаас гараад хажуу айл Мөнхбаатарынд орж унтсан. Өглөө цагдаа очиж намайг авчрахад нь болсон явдлын талаар мэдсэн. Баттөр найздаа түлхүүрээ өгчих Жагаа ахтай дэлгүүр ороод ирье гэхээр нь түлхүүрээ өгөөд эргүүлээд авахаа мартсан байсан. 14-02 УБЧ улсын дугаартай, цэнхэр өнгийн KIA FRONTER маркийн автомашин миний эзэмшлийн машин юм. Би уг машиныг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Да хүрээ захаас 16 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. ” ...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

-Гэрч Б.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед би А ахын гэрийн үүдээр мотоцикльтой гарч явтал Э.Г гаднаас нь намайг даллаж дуудсан. Э.Г намайг архи ууя гэхээр нь Аийн гаднаас би Э.Гийн машиныг бариад зүүн тийшээ явж байтал Баттөртэй таараад гурвуулаа хамт караокед орж архи уусан. Тэндээсээ 16 цагийн үед гараад урагшаа А ахынд очиж архи уусан. Тэднийхээс би өөрийн мотоцикльтойгоо хойшоо уяачдын холбооны бүжиг болж байхаар нь орж гүүний айраг уусан. Тэндээсээ найз Алдармаагаар А ахынх руу дахин хүргүүлсэн. Тэнд Э.Г ах унтаж байсан. Жагаа, А, Баттөр нар унтаагүй байсан. Тэгээд Баттөрөөр машин бариулаад гэр рүүгээ хүргүүлэхээр хойшоо колонк чиглээд явж байтал гэнэт тас түс гэсэн. Машинаас  буутал мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн байсан. Машин доогуур мотоцикльтой хүн орчихсон. “ ... гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 хуудас /

-Гэрч Ш.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2019 оны 08 дугаар сарын 05-ны  орой 16 цагийн үед Э.Г, Баттөр, Энхболд 3 ирсэн, манайд Жагаа байсан бүгдээрээ 2 шил архи уучихаад Жагаа, Баттөр 2 дэлгүүр явж 0.75 гр-ын хар экс архи 2 ширхэгийг авчраад ууж байтал Баттөр, Энхболд 2 гараад яваад өгсөн. Цонхоор хартал машинтай хөдөлж байсан. Жагаа, Э.Г 2 манайд унтаж байсан. Би гэртээ энэ 2-ын хажуугаар ороод унтсан. Манай дүүгийн эхнэр Баттөрийг осол гаргасан байна гэж хэлсэн.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 33 хуудас /

-Гэрч А.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би наадам үзэхээр сумын төвд ирсэн. Тэр орой уяачдын холбооны цайллага болоод түүнд орчихоод Аийнд очиж унтсан.  Маргааш өглөө нь сэрэхэд Э.Г, Баттөр, Энхболд 3 ирчихсэн 0.5 гр-ын архи уугаад сууж байсан. Тэр нь дуусахаар Баттөр хоёулаа архинд явах уу гэсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр явж 0.75 гр-ын Хар экс нэртэй архи 2 ширхэгийг авчраад ууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрээд Аийн мотоциклийг аваад гэртээ харьсан. Тэгтэл эхнэр чамайг сумаас дуудаад байна. Баттөр хүн дайрсан байна гэж хэлээд мэдсэн.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 34 хуудас /

-Гэрч С.Лын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2019 оны 08 дугаар сарын 05-ны орой  18 цагийн үед манай ээжийн ах талийгаач Жаргалсайхан манайд ах өөрийнхөө мотоцикльтой ирсэн. Өөрийнх нь мотоцикль эвдрээд болохгүй байна гээд манай гэрийн гадаа задалж янзалж байсан. Орой 20 цаг өнгөрөөд мотоцикльд нь масло хэрэгтэй болоод миний мотоциклоор яваад ирье гээд манай эхнэрийг сундалаад хөдөлсөн. Удалгүй манай эхнэр явган гэртээ гүйж ирээд бид 2 машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар мөргөлдсөн газар руу нь очиход талийгаач мотоцикльтойгоо машины зөв талын урд талын дугуйны ард доор нь байсан. Би өөрөө эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” ...гэх мэдүүлэг / хх-ийн 35 хуудас /

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-11 хуудас /

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн12-17 хуудас /

- 5399 дугаартай Б.Баттөрийн 1.6 промилли спиртийн зүйл илэрсэн гэх химийн шинжилгээний хариу / хх-ийн 39 хуудас/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай: “ Г.Бөөс авсан цусанд 1,6 промилли спиртийн агуулга илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 40 хуудас/

- Б.Жаргалсайханы  5401 дугаартай 0.9 промилли спиртийн зүйл илэрсэн гэх химийн шинжилгээний хариу / хх-ийн 42 хуудас/

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай: Талийгаачийн биед аман хүзүүний мултрал, уртавтар тархи, нугасны тасрал, тархины суурь, уртавтар тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун дунд чөмөгний гадна хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн мөр, хүзүү, хоёр гарын бугалганд гадна хэсэгт болон баруун хөлийн дунд чөмөг, шилбэний хэсгийн олон тооны зулгаралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь аман хүзүүний мултрал, уртавтар тархи, нугасны тасрал, тархины суурь, уртавтар тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалтын улмаас нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан.....гэх дүгнэлт /хх-ийн 44-47 хуудас/,

           - Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 49 хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаартай: П.Тийн биед тархи доргилт, баруун шагайн үеийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас /

- Техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 50 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Hyundai Fronter  маркийн 14-02 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Г.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Жаргалсайхан нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, 3.4-т заасан “ Жолооч дараах үүрэг хүлээнэ. в/ Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн  байх үндэслэлтэй байна. Замын нөхцөл байдал осол болоход нөлөөлсөн гэж дүгнэлт тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 52 хуудас/,
    
- А ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлан / хх-ийн 66-70 хуудас /
 
- Э.Гийн  эзэмшлийн 14-02 УБЧ улсын дугаартай KIA Fronter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 хуудас/

-    Түвшинширээ сумын эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 72-73 хуудас /

- Шүүгдэгч Г.Бийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын материал / хх-ийн 74 хуудас/

-    Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ / хх-ийн 75-76 хуудас/

-    Шүүгдэгч Г.Бийн жолооны үнэмлэхийн хуулбар / хх-ийн 77 хуудас/

- Шүүгдэгч Г.Бийн урьд яд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 78 хуудас/

-    Шүүгдэгч Г.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 79 хуудас/

- Шүүгдэгч Г.Бийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 80 хуудас/

- Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 81 хуудас/

- Хохирогч Ж.Цгийн төрсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 82 хуудас/

- Хохирогч Ж.Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар / хх-ийн 83 хуудас/

- Гэрч Э.Гийн Түвшинширээ сумын Цагдаагийн хэсэгт өргөдөл бичсэн / хх-ийн 88 хуудас/  зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвд согтуугаар Э.Гийн эзэмшлийн Kia Fronter маркийн 14-02 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 11.1-т заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,  3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Даюунг маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж хохирогч Б.Жаргалсайханы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Баттөрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ж.Ц, гэрч А.Ц, С.Л, Ш.А, Б.Э, Э.Г, П.Т нарын  мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 423, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 52, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай дүгнэлтүүд, химийн 5399, 5401 дугаартай 0 шинжилгээний хариу, техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж  буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж.Цд мотоциклийн үнэ 1 900 000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
    
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасч, 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүхээс шүүгдэгч Г.Бд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
         
        Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Г.Бийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4  дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Бд  оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Г.Бд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
    
    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бийн  жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,  840095  дугаарын үнэмлэх /1 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Наранцэцэгт даалгасугай.
 
6. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 900 000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Ц гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
    
    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА