| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/10776/И |
| Дугаар | 210/МА2026/01246 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01246
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00124 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Алдангид 33,990,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь анх *******-ны хувьцаа эзэмшдэг*******-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 180629-01 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний 9.1-д “байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байгаа тул гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эзэмшигч *******-ныг итгэмжлэн захиалагч талтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулж, нотариатаар баталгаажуулна” гэж заасан. Тус гэрээнд заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 180924-01 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* *******ны ******* хаягт байршилтай 59,24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь сар бүр гэрээний хавсралт хуваарийн дагуу гэрээний төлбөрт 91,822,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Худалдан авагч нь урьдчилгаа 10,000,000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 32,626,000 төгрөг төлсөн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2, 5.3-т заасны дагуу төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа *******г албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагаа өөрчилж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг албадан чөлөөлүүлэх, хохиролд 48,304,391 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00937 дугаартай шийдвэрээр *******г тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчид 11 сарын орон сууцны түрээсийн төлбөрт 13,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01240 дугаартай магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас хүүгийн төлбөрт 18,784,391 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож хариуцагчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс орон сууц худалдах авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, хохирол 29,520,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 49,196,000 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги нэхэмжлээгүй.
Анхан шатны шүүхээс *******г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д зааснаар төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй хэтэрсэн хоног буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаас хэтэрч байх тул 49,196,000 төгрөг, хүүгийн төлбөр 18,784,391 төгрөг, нийт 67,980,391 төгрөгийн алданги буюу 33,990,195 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Зээлээр худалдах, худалдан авахтай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээний зөрчил үүсгэсэн тохиолдолд алдангийг хэрхэн шийдвэрлэх талаар гэрээний нөхцөлд тодорхой тусгасан. Тус гэрээний 4-т заасны дагуу төлсөн төлбөрөөс бид алданги авах эрхтэй гэрээ цуцлагдах, эсхүл хугацаа хэтэрсэн тохиолдолд өмнө төлөгдсөн төлбөр хугацаа хэтэрч төлсөн алданги тооцох байдлаар авах бүрэн эрхтэй гэх байдлаар худалдан авагч гэрээнд зааснаар давуу эрх олж авсан. Талууд гэрээний 8-д энэхүү гэрээг хэрэглэх, тайлбарлах болон гэрээний үүргээ зөрчсөнөөс талуудын хооронд үүссэн маргаан, санал зөрөлдөөнийг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд зөвшилцөлд эс хүрвэл шүүхээр шийдвэрлүүлнэ гэх агуулга дурдагдсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар авч үзвэл, гүйцэтгээгүй үнийн дүн гэж бичигдсэн. Уг гүйцэтгээгүй үнийн дүн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ашгаас анз тооцож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
2.2. Нэхэмжлэгч нь анх гэрээнээс татгалзах нэхэмжлэл гаргасан. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй үргэлжилнэ. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд нэмэлт хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ас 33,990,195 /гучин гурван сая есөн зуун ерэн мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,901 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.6-д заасан зохицуулалтын үгийн шууд утгыг тайлбарлан дүгнэлт хийгээгүй.
Учир нь гэрээний 2.6-д “гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэмцэх алдангийг ... төлнө” гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зохицуулсан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэрээний 2.6-д заасныг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн хавсралтад хавсаргаж гаргасан бичмэл нотлох баримт болох орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бичмэл нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсгийг зөрчсөн.
Хуульд зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв шүүхэд эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр зохицуулсан.
Дээр дурдагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь төрийн байгууллагын архивын нэгжийн “хуулбарлав” гэсэн тэмдгээр баталгаажсан байх ёстой. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримт гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хууль дээдлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлээгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талуудаас бусад төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн архиваас авсан баримт нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна. Тус баримтыг зохих журмын дагуу хүсэлт гарган, төлбөр төлж хуулбарлаж авсан.
Давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, зээлийн хүүгийн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэн, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Тус давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь өндөр хүүтэй тодорхой хугацаанд төлөх нөхцөлтэй байгуулагдсан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт гэрээнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал авагдсан. Тус магадлалд талуудын хооронд ямар харилцаа үүссэн болон гэрээгээр ямар харилцааг зохицуулсан талаар тодорхой дурдагдсан. Уг баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан алдангид 33,990,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх64-65/
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. /хх66/
3.1. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хариуцагч *******ас алданги нэхэмжилж, гэрээний хуулбарыг шүүхэд гарган өгчээ. /хх8-18/
Хэргийн 8-18 дахь талд авагдсан баримтуудад шүүхийн архивын “хуулбарлав” тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэсэн шаардлагад нийцээгүй байна.
3.2. Анхан шатны шүүх хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу дээрх баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
4. Дээрх алдааг залруулж, холбогдох ажиллагаа явуулах эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00124 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,901 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД