| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0185/э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 181
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар,
Хохирогч Ц.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Дид холбогдох эрүүгийн 1930000000199 дугаартай хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Зүрийн хоолой гэх газар оршин суух, 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял, 2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн шүүхийн 1/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ял, 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Ц.Гын гэрээс 95 ширхэг элдсэн хурганы арьс хулгайлж 2 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, гтоободитойгоор шинжлэн судлаад ТОДОР ХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би ээж рүүгээ утсаар ярихад ээжийн бие муу байна гэхээр нь Завхан аймаг явъя гэж бодоод Ц.Г ах руу ярьж энэ тухай хэлэх гэсэн боловч Ц.Г ахын гар утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би Ц.Г ахыг ойлгох байх гэж бодоод гэртээ байсан 95 ширхэг хурганы арьсыг нь аваад явсан. Хэнтий аймагт 40 гаруй ширхэг арьс өгч зардлын мөнгөтэй болж Улаанбаатар хот руу орсон боловч, мөнгөө зах дээр хулгайд алдсан. Зах дээр явж байхдаа Ц.Г ахтай таарсан. Харин бид хоёр ойлголцож чадаагүй учраас Ц.Г ах цагдаад өргөдөл бичээд өгсөн. Тиймээс энэ хэрэгт шалгагдсан. Би Ганбат ахад хохирлыг төлсөн гэв.
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний зүгээс Ц.Дид өгөх цалингийн үлдэгдэл байсан юм. Үүгээрээ хохирлоо барагдуулсан. Би тухайн үед овооны тахилга гээд Ховд аймаг руу явчихсан байсан. Энэ үед Ц.Д ээжийн бие муу гээд Завхан аймаг явахдаа гэртээ байсан хурганы арьсыг авч явсан байсан. Би Ц.Доор өөрийнхөө малыг маллуулаад хөлсөнд нь амьдарч байгаа гэр, сар бүрийн цалин, мөн малжуулна гэж тохиролцож 3 жилийн гэрээ хийсэн. Би Улаанбаатар хотод Ц.Дтой таараад уур хүрээд үл ойлголцсоны улмаас цагдаад өргөдөл бичиж өгсөн. Гэтэл эрүүгийн хэрэг үүсээд, шалгагдаад эхэлчихсэн байсан. Уг нь би Ц.Дийг аль эрт уучилчихсан байсан. Миний зүгээс хохирол, гомдол гээд нэхэмжлэх зүйл байхгүй. Тиймээс энэ хүний надад суллаад өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Эрүүгийн 1930000000199 дугаартай хэргээс:
Гэрч Э.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр Ц.Дтойгоо хамт Мөнххаан сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Г гэх хүний малыг маллаж амьдардаг юм. Нөхөр маань нэг өдөр ээж рүүгээ залгаж яриад Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явахаар болж бид 2 хамт явсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрээсээ явахдаа хувцасаа шар цүнх болон шуудайнд хийсэн. Хэнтий аймаг дээр ирээд нэг шуудайнаас хурганы арьс зарж замын зардал хийж Улаанбаатар хот руу явсан. 08 дугаар сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна үлдсэн арьсаа хот орж Нарантуул зах дээр борлуулсан. Надад энэ мөнгийг цааш нь хийчих гээд мөнгө өгөхөөр нь би цүнхэндээ хийгээд явж байгаад Нарантуул захаас гараад мөнгөө үзэхэд мөнгө, түрүүвч, бичиг баримт зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тухайн үед би шуудайнд хурганы арьс байгаа гэж мэдээгүй, хувцас байгаа л гэж бодсон.”...гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/
Шүүгдэгч Ц.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 хуудас/
Шүүгдэгч Ц.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 хуудас/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 хуудас/
Мөнххаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31 хуудас/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 34-35 хуудас/
Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 36-49 хуудас/
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 50-51 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Дид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Ц.Гын гэрээс 95 ширхэг элдсэн хурганы арьс хулгайлж 2 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Дийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Г, гэрч Э.Н нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Ц.Дийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Д нь хохирогч Ц.Гын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 850 000 төгрөгийг хохирогч Ц.Гад төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Дид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Дийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дид 240 /хоёр зуун дөчинн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялтан Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Гад 2 850 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Ялтан Ц.Дид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА