Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01242

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02091 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 48,440,000 төгрөг, алданги 12,800,000 төгрөг, хохиролд 6,000,000 төгрөг, нийт 67,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-тай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй ******* *******орон сууцны барилгаас 3-р давхрын 38.9 м.кв талбайтай 2 өрөө С орон сууцыг 1 м.кв-ыг 3,200,000 төгрөгөөр тооцон 124,480,000 төгрөгөөр захиалж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаанд 34,000,000 төгрөгт тооцон ******* улсын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашин шилжүүлэх, 3,340,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцож баталгаажуулсан.

 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг сар бүр төлсөн. ******* нь тухайн орон сууцыг гэрээнд тусгагдсан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулаагүй тул 2025 оны 07дугаар сард гэрээ цуцлах хүсэлт гаргасны дагуу гэрээг цуцалсан. Гэвч хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн 48,440,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй.

1.2. Мөн захиалсан орон сууцны зураг төсөлд өөрчлөлт орж, 2 өрөө нь 1 өрөө болсон талаар захиалагчид мэдэгдээгүй.

Иймээс хариуцагчаас гэрээгээр шилжүүлсэн 48,440,000 төгрөг, алданги 12,800,000 төгрөг, хохирол 6,000,000 төгрөг, нийт 67,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

2.1. ******* нь захиалгын гэрээний дагуу 48,440,000 төгрөг төлсөн. Гэвч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Иймээс манай байгууллагын зүгээс гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэг талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэж байгаа тул алданги төлөхгүй.

Манай компанийн зүгээс тухайн орон сууцыг худалдан борлуулсны дараа зөрүү төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 48,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 18,840,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 399,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т захиалагч нь цаашид сар бүрийн 30-ны өдөр 2,420,000 төгрөгийг нийт 36 сарын хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч захиалагч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө хуваарийн дагуу удаа дараа төлөхийг шаардсан. ******* нь төлбөрийг төлөөгүй учраас гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн.

Мөн гэрээний 10.1, 10.2-т заасны дагуу захиалагч нь гэрээний дагуу орон сууцны төлбөр тооцоогоо хийх үүргээ биелүүлж чадаагүй, төлбөр төлөх графикийг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл гүйцэтгэгч нь гэрээг дангаар цуцалж, байрыг борлуулахтай холбоотой учирсан хохирол эсхүл энэ гэрээний 6.2-т заасан торгуулийг төлүүлэх эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хэн аль нь гэрээг цуцалсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч шүүх “... гэрээний талууд гэрээнээс татгалзсан тул гэрээнээс татгалзахыг гэрээ байгуулагдаагүй байх үеийг сэргээх, анх байсан байдалд оруулсантай адилтган үзэх тул татгалзсан гэрээнээс хариуцлага, үр дагаврыг шаардах боломжгүй, зөвхөн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж үзэж талууд гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалсан бөгөөд татгалзсан тохиолдол байхгүй.

4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тайлбарласан. Учир нь талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

Ажил гүйцэтгэх гэрээний гол онцлог нь ажил гүйцэтгэгч нь захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээнд заасан хугацаанд өөрийн материалаар бүрэн хийж гүйцэтгэн ашиглалтад оруулж, үүний үр дүнд захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх зохицуулалттай. Иймээс талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу үнэлсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй. Миний бие сүүлийн төлбөрийг шилжүүлэх үедээ *******-ийн захирал *******тэй холбогдож, “... төлбөр төлөх чадваргүй болсон тул 6 дугаар сард буюу байр ашиглалтад орох үед үлдэгдэл төлбөрийг төлж, байрандаа орно” гэж утсаар мэдэгдэж, өөрийн нөхцөл байдлыг тайлбарлахад ******* хүлээн зөвшөөрсөн. Гэвч энэ талаар ажилтнууддаа мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна.

Хариуцагч тал нэг талын санаачилгаар гэрээ цуцалж байгаа талаар надад бичгээр болон утсаар мэдэгдээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2-т албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч надад мэдэгдэл ирээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй тул 2025 оны 07 дугаар сард мөнгөө буцаан авах өргөдөл гаргасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад тус өргөдлийг аваагүй гэж тайлбарладаг. Миний бие 2025 оны 07 дугаар сард мөнгөө буцаан авах мэдэгдэл өгсөн тул гэрээнээс татгалзсан гэж үзэж байна.

5.2. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг үзвэл, ажлын төлбөрийг бараа материал буюу бартераар хийх эсхүл миний бие тухайн компанид ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах ёстой гэж үзэж байна. Гэтэл хэргийн бодит байдал дээр хөрөнгө оруулалтын шинжтэй харилцаа үүссэн буюу орон сууц барихад зориулж урьдчилгаа төлбөр төлж, өмчлөх эрх үүсгэх харилцаа үүссэн.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 48,440,000 төгрөг, алданги 12,800,000 төгрөг, хохиролд 6,000,000 төгрөг, нийт 67,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг нэг талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэж байгаа учраас алданги төлөхгүй. Мөн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3.1. Талуудын байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-MR-24/15 дугаартай гэрээгээр ******* нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******орон сууцны барилгаас 3-р давхрын 38.9 м.кв талбайтай 2 өрөө С орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, ******* нь  урьдчилгаа төлбөрт 34,000,000 төгрөгт тооцон *******улсын дугаартай ******* арлын дугаартай Mitsubishi Outlander маркийн автомашин шилжүүлж, 3,340,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр 2,420,000 төгрөгийг нийт 36 сарын хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх4-7/

3.2. Мөн гэрээгээр барилгын ашиглалтад орох хугацааг 2025 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,200,000 төгрөгөөр тооцохоор  харилцан тохиролцсон байна. /хх4/

3.3. Талуудын гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх бөгөөд гэрээгээр худалдагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа, өмчлөх эрх шилжүүлэх, худалдан авагч нь үнэ төлөх үүрэг тус тус хүлээж, орон сууцны талбай, байршил, өрөөний тоо, төлбөрийн хуваарь зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Иймээс зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Зохигчид хуулийн хүрээнд гэрээ байгуулж, түүний агуулгыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах, гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон гэрээнээс татгалзах эрхтэй.

4.1. Хариуцагч ******* нь захиалсан орон сууцны схем зурагт өөрчлөлт орсон тухай нэхэмжлэгч *******д мэдэгдээгүй, гэрээгээр тогтоосон 2025 оны 2 дугаар улиралд барилгыг ашиглалтад оруулж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.  /хх74-75/

4.2. Нэхэмжлэгч ******* гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөрт 37,430,000 төгрөг төлж, цаашид сар бүрийн 30-ны өдөр 2,420,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх4/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт нийт 48,440,000 төгрөг төлсөн байх бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,420,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.  /хх43-45/

4.3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ “ орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, мөн тухайн орон сууцны батлагдсан зураг төсөлд өөрчлөлт орж хоёр өрөө нь нэг өрөө болсон талаар мэдэгдээгүй, 2025 оны 06 сард төсөлд өөрчлөлт орсныг нуусан тул төлбөр төлөхийг зогсоож, 07 дугаар сард ... шаардлага тавьсан боловч барилга хэлсэн хугацаандаа ашиглалтад ороогүй тул 2025 оны 07 дугаар сард оффис дээр очиж уулзан, гэрээг цуцалсан ... сарын дотор мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй ...” гэж тайлбарласан, хариуцагч уг тайлбарыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. /хх1,73-75/

4.4. Түүнчлэн хариуцагч тал “төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зөрчсөн учир гэрээг цуцалсан” гэж тайлбарлах боловч хэрэгт нотолсон баримт авагдаагүй байна. Иймээс “манай санаачилгаар гэрээ цуцалсан” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5. Харин, хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар хариуцагчид үүснэ.  

Анхан шатны шүүх хариуцагч *******-аас 48,400,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасантай нийцсэн.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээний 6.3-т заасныг үндэслэн алдангид 12,800,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Гэрээний 6.3-т “Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь тус гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх байсан үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ” гэж заажээ. Уг заалт нь худалдан авагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч алданги ногдуулахтай холбоотой байх тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх алдангийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн алдаатай дүгнэлтийг дээрх байдлаар залруулав. 

 

7. Шүүх, үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага буюу шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, ХААН банк дахь шилжүүлгийн мэдээлэл 3 хуудас нотлох баримт шүүхэд гарган өгчээ.

Анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг гэрээний үүргийн зөрчилтэй хамааралгүй, нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02091 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АЗБАЯР

 

                                                     ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

Ч.ЦЭНД