| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0181/э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 184
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,
Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х.От холбогдох 1930003690226 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг Х гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Х.О
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 06 дугаар сард өөрийн хонинд нийлсэн 30 хонийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч У.Гт 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хонинд 28 хонь нийлэхээр нь би хоёр хонийг нь хүнд өгчихсөн юм. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэв.
Эрүүгийн 1930003690226 дугаартай хэргээс:
Хохирогч У.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манайх Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг Х гэх газраас 2019 оны 06 дугаар сарын эхээр баруун чих урдаасаа догол, зүүн чих тайрсан имтэй 30 гаран тооны хонио алдсан юм. Тэр хавиараа хайгаад олоогүй. Гэтэл саяхан манай саахалт Хөвөө овогтой Отгонбаяр гэх айлын хониноос 6 хонио олсон. Тэгээд манай хонь хэзээ танай хонинд нийлсэн бэ? гэж асуухад саяхан нийлсэн гэж хэлсэн. Тэгээд би 6 хонио тэр айлаас авсан. Тэгээд маргааш нь хуц, ухна хариулдаг Сүхээ гэх айлын хониор ороход манай имтэй шар халзан эм хонь байхаар нь Сүхээгээс хонины талаар асуухад ухна хариулсны хөлсөнд Сундуй овогтой Хүрэлмөнх гэж хүн авчирч өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Хүрэлмөнхтэй очиж уулзахад Хүрэлмөнх наадмын өмнө манай хонь Отгонбаярын хоньтой нийлээд манай хонинд нэг хонь үлдсэн. Тэр хонийг Сүхээд өгсөн гэж хэлсэн. Одоо тэр шар халзан хонь Х.О, Хүрэлмөнх нар миний алдсан хонины хохирлыг барагдуулсан тул миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/
Гэрч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын дундуур манай нөхөр Х.О хониндоо явж байхад нь баруун чих урдаас догол, зүүн чих тайранхай имтэй хэдэн хонь манай хоньтой нийлсэн байна гэж ярьж байсан. Би яг хэдэн хонь нийлсэн, хэний хонь гэдгийг мэдэхгүй.“ гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/
Гэрч С.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед өвөлжөөнөөс нүүж Дэртэй хоолой гэх газар буусан бөгөөд Х.Оаас урьд нь 30,000 төгрөг авах ёстой байсныгаа хэлэхэд надаас нэг хонь аваарай гэж хэлсэн. Тэгээд Отгонбаяр нь өөрийнхөө хониноос бэлчээрт байхад нь цанхин зүсмийн эм хонь барьж өгсөн. Тухайн үед уг хонины имийг нь анзаараагүй. Тэгээд Отгонбаяраас авсан хонио Гансүх гэх хүнд хуц ухна хариулуусныхаа хөлсөнд өгсөн. Отгонбаяр өөрийнхөө хониноос барьж өгсөн болохоор өөрийнх нь хонь л гэж бодсон. Тэр хонь хязаалан насны сувай эм хонь байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/
Гэрч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Би 2018 оны намар хонь худалдаж авч байсан. Х.Оынд 6 хонь тавсан. 2018 оны 11 дүгээр сард 1 хонио идээд үлдсэн 5 хонио авъя гэхэд 6 сарын үед манай хонины хашаанд Отгонбаяр 5 хонь 3 хурга авчирч үлдээгээд явсан байсан. Би орой нь гэртээ ирээд цэнхэр будгаар тэмдэг тавиад хониндоо нийлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын үнэлгээ /хх-ийн 7 хуудас/
- Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 25 хуудас/
- Шүүгдэгч Х.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 26 хуудас /
- Шүүгдэгч Х.Оын оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 27 хуудас /
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 28 хуудас /
- Шүүгдэгч Х.Оын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29 хуудас/
- Шүүгдэгч Х.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 31 хуудас/
- Шүүгдэгч Х.Оын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын материал / хх-ийн 32-33 хуудас/
- Өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 34 хуудас/
- Хохирогч У.Гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 35 хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 41 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 06 дугаар сард өөрийн хонинд нийлсэн 30 хонийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч У.Гт 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Оын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч У.Г, гэрч Б.Н, С.Х, О.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Оын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Х.Оын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Оын бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Х.О нь алдуул мал завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Х.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Х.Оыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.От ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Оыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.От оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Х.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч У.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА