Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/01241

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05013 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-ийн ******* ******* талбайд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр туслах оператораар ажилд орсон. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17/19-66 дугаартай тушаалаар үйлдвэрлэлийн баазын эмчээр томилогдон ажилласан.

Миний бие ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг “үйлдвэрлэлийн баазын хээрийн түр сууринд архидан согтуурсны улмаас хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ажил олгогч шууд харьяалагдах удирдах албан тушаалтан, хамгаалалтын албанд мэдэгдээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнэн тус компанийн захирлын 25/19-04 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Дээрх шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, илтэд үндэслэлгүй байна. Учир нь ажлаас халсан тушаалд дурдсан хүн амины гэмт хэрэг миний түр амьдрах байранд гарсан нь үнэн боловч би тухайн өдөр архи уугаагүй, эрүүл байсан бөгөөд намайг согтуу байсныг нотлох баримт байхгүй. Тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, ажил олгогчид болон хамгаалалтын албанд мэдэгдээгүй сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Тус гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулах буюу миний хувьд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ажил олгогчид болон хамгаалалтын албанд мэдэгдэх боломжтой байсан эсэхийг цагдаагийн байгууллагаас эцэслэн тогтоогоогүй байна.

1.2. *******-ийн зүгээс архи уух нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тухайн тушаал нь архидан согтуурсны улмаас гэж дуусаагүй, үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тушаал гаргасан. Компанийн тухай хуульд зааснаар ******* эрхтэй гэж байгаа боловч нотлох баримт байхгүй.

1.3. Миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан, комисс 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Уг шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар ******* сумын Засаг даргын тамгын газар болон ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахад шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг өгсөн.

 

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь *******-д 2015 оны 6 дугаар сард анх олборлолтын туслах оператораар ажилд орсон. Мөн нэхэмжлэгч нь эмчилгээний эрхийн лицензээ авч баталгаажуулан 2017 оны 06 дугаар сараас эхлэн үйлдвэрлэлийн баазын эмч албан тушаалд шилжин ажилласан. ******* нь ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ удаа дараа архи ууж согтуурсан зөрчилд амаар сануулах арга хэмжээ авч ажлын байрыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* нь *******ын зүрхэн тус газар нь хутгалан амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Тухайн үед ******* нь тухайн хэргийн газарт байсан бөгөөд хариу арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн зүйл болсон учраас би буруугүй гэж мэдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн ******* нь тухайн үед архи уугаагүй боловч тус компанийн хэсэг ажилчид 48 дугаар сууцанд архи ууж согтуурсан гэмт үйлдэлд биечлэн оролцсон бөгөөд архи хундагалж өгснөөр нөхцөл байдлыг даамжруулсан гэж үзэж байна.

Мөн хамгаалалтын алба, компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтанд болон холбогдох удирдлагад мэдэгдэж архидалтыг таслан зогсоох арга хэмжээ авалгүй нуун дарагдуулсан. *******, ******* нар нь удаа дараа согтуугаар муудалцаж байсан учраас гэм хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүссэн.

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэн хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг таслан зогсоох, нийт ажилтнуудад анхааруулга болгох шалтгааны дагуу үйлдвэрлэлийн баазын эмч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс дуусгавар болгох шийдвэр гаргасан.

2.2. Ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримталж гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг шинэ хуульд нийцүүлэн өөрчлөгдөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг үндэслэн ажлаас халсан тушаал гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг үйлдвэрлэлийн баазын эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас 33,025,208.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 323,076 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

4.1. Тус хэрэгт нэхэмжлэгч *******ын зөрчлийг ноцтой зөрчил биш гэж үзсэн нь үндэслэлгүй. *******, *******, ******* нар нь үйлдвэрийн байранд архидан согтуурсны улмаас эрдэнэт хүний амь насаа алдсан. Уг зөрчилд холбогдуулан *******ыг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь тухайн ажилтанд “белуга” гэх нэртэй архи гаргаж өгсөн. Тухайн зөрчил нь *******, ******* нарын ажлын байранд болсон зэргийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн.

4.2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг тус компанийн гүйцэтгэх захирал ******* гэх албан тушаалтнаар гарсан гэх агуулгыг нэхэмжлэгч нь зөвхөн шүүх хуралдаанд гаргасан, тухайн албан тушаалтан чөлөөлөх тушаал гаргасан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар *******ы тушаал гаргасан нөхцөл байдлыг ******* ашиглаж болохгүй болон тус тушаалын хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Мөн нэхэмжлэгч *******ын Нийгмийн даатгалын Ерөнхий газраас авсан тодорхойлолтоор *******Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буюу төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байгаа үйл баримт тогтоогддог.

Тус ажил үүрэг гүйцэтгэж буй нөхцөл байдал нь түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд үүсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалд ******* гарын үсэг зурах эрхтэй. Уг асуудлаар *******-ийн зүгээс маргаагүй учраас хууль зөрчсөн үйлдэл биш. ******* компанийг төлөөлж тушаал шийдвэр гаргах эрхтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх эрхтэй. Давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 65 дугаар зүйлд зааснаар *******ы үйлдлийг зөвтгөсөн байгаа нь өөрөө төлөөлөх эрхгүй этгээд тушаал гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

*******-ийн гүйцэтгэх захирлын *******ы 25/904 дугаартай *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.6 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6-д заасныг үндэслэн гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” талаар зохицуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдвэрлэлийн баазын хэлтсийн суурины 48 дугаартай орон сууцад, дэд менежерийн ажилтан *******, үйлдвэрлэлийн баазын ажилтан *******, хүний нөөцийн ажилтан *******, нягтлан бодогч ******* нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед нь ******* болон ******* нар маргалдан хүний амь нас хохирсон онц ноцтой хэрэг гарсан. Уг нөхцөл байдлыг ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 42.2.6, хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6-д заасан үйлдвэрлэлийн баазад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх гэдгийг зөрчсөн...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх боловч маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

3.1. Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сараас хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу ******* нь *******-ийн ******* аймгийн ******* суманд байрлах ******* талбайн үйлдвэрлэлийн баазын эмчийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан үйл баримтад зохигч маргаангүй. /1хх199-204, 1-2, 2хх3-4/

3.2. *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5.6-д “Ажилдаа согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэж ирсэн буюу ажлын байранд дээрх зүйлийг хэрэглэсэн тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байна. /1хх217-218/

3.3. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн үйл баримт хэрэгт авагдсан *******аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс ирүүлсэн бичмэл нотлох баримтаар буюу яллагдагч *******ийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд гаргасан “... би тэндээс уухын хувьд уусан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх236, 249, 2хх-9/

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч ******* ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, Хөдөлмөрийн дотоод журмын 2.4.5.6-д заасан зөрчил гаргасан үйл баримтыг зөв тогтоосон атлаа “хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар нэрлэн заагаагүй, ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримтлаагүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна. Иймд “ноцтой зөрчил биш” гэж шүүх буруу дүгнэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

4.1. Учир нь, талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 9.2-т “Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч ажилтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж болно.”, 9.2.2-т “Ажлын байранд албан үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрүүл зодоон хийсэн, сэргээш хэрэглэсэн бол” гэж тус тус заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд хамаарч байна. /1хх203/

Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул ажил олгогч буюу хариуцагч *******-ийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэртээ хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.

 

5. Харин тухайн шийдвэрийг эрх бүхий этгээд гаргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагч компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1-д “Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлахдаа Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйл заалтыг үндэслэл болгон, Ерөнхийлөгчийн тушаалаар шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн тухай 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25/19-04 дугаартай тушаалыг ******* гаргаж, гарын үсэг зуржээ. /1хх120/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “*******ыг ******* талбайн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг, ... Компанийн дотоод журамд өөрчлөлт оруулаагүй” гэж тайлбарласан. /2хх35-40/

*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр ******* бүртгэсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар тогтоогдсон. /1хх208-209/ Тус этгээдээс *******д эрх олгосон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай 25/19-04 дугаартай тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэх тул эрх бүхий этгээд шийдвэр гаргах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд “Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар *******ы тушаал гаргасан нөхцөл байдлыг хариуцагч компани ашиглаж болохгүй бөгөөд тус тушаалын хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/05013 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 323,076 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЭНЭБИШ

 

     ШҮҮГЧИД                                        Б.АЗБАЯР

 

                                                 Ч.ЦЭНД