| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0183/э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 185
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Хохирогч З.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1930000000191 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбо гудамжны 16-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 180 айлын байранд хохирогч З.Аыг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга болон баруун далны доод хэсгийн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч З.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө М гэдэг залуу дуудахаар нь найз Мө, Бм нартайгаа Тэжээлийн байр руу очсон. Би М болон Б нарыг танихгүй. Бид гурвыг очиход М, О, Б гурав пиво, нэг шил архитай уугаад сууж байсан. Бид нар нэг шил архитай очсон. Архиа тойруулаад уугаад сууж байтал Б гэнэт юун залуучууд, юун хүмүүс вэ гээд цагдаа дуудна гээд 102 дугаар руу залгаад байсан. Тэгэхээр нь би 102 чинь Улаанбаатар хот руу залгагдчихдаг юм байна лээ манай аймаг чинь 7051 гэсэн кодтой шүү дээ гэхэд чи муу битгий хуцаад бай гээд залгуур аваад намайг цохисон. М намайг өмөөрөөд Бийг цохиод байсан. Тэгэхэд О Бм, Мө бид гурвыг манай найзын гэрт унтаж бай гээд оруулаад унтуулсан. Бид гурав ороод дөнгөж хэвтэж байтал Б эгч араас орж ирээд нойлын өрөө рүү ороод гарч ирэнгүүтээ чамайг алнаа гээд гал тогооноос хутга авахаар нь би хөл нүцгэн гүйж гараад гадаа машины хажууд нуугдсан. Тэгээд өнгөрөөд явахаар нь очиж хоёр найзыгаа авъя гэж бодоод ортол нөгөө хоёр нь бас гүйгээд гараад явчихсан байсан. Хэн нэгэндээ хүндрэл учруулаад яахав гээд хаалгыг нь татаад орох гэтэл Б эхлээд миний зүүн гарын бугалга руу хутгаар хатгасан тэгээд би наадах чинь хутгалчихлаа гээд буцаад хаалгыг нь хаагаад гүйгээд гарсан чинь нуруун дээрээс хутгалсан. Нөгөө хэд нь гарч ирэнгүүтээ чи хэдэн төгрөгөөр тохирох гээд байгаа юм бэ гээд гэр рүүгээ намайг аваад ороход Б наадахыг чинь алчихъя гүйцээчихье гээд дайрсан. Би гүйж гараад өөрийнхөө утаснаас 103 дуудаад эмнэлэгт очиж боолт тавиулсан. Энэ хүнээс эм тариа хохирлынхоо мөнгийг авсан. Одоо миний гар эдгэрсэн учир гомдолгүй гэв.
Эрүүгийн 1930000000191 дугаар хэргээс:
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “... Би Дорноговь аймгийн Замийн-Үүд суманд амьдардаг бөгөөд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байдаг М гэдэг найзындаа ирээд 7 хонож байна. 2019 оны 08 дугаар сарын 06-ны оройн 22 цагаас эхэлж найзууд болох М.М, Б.Оболд нарын хамт Мы танил ахын гэрт 2 шил архи хувааж уусан. Нэг мэдсэн би архиндаа согтсон байсан бөгөөд М.Мы найзууд гэх миний танихгүй 3 залуу орж ирчихсэн хамт архи ууж байсан. Гэтэл З.Алдарбат нь цагдаад дуудлага өгнө гээд байхаар нь би дуудаад өгье гээд өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгч байтал Б.Оболд нь миний нугастай Хятад “Sos” гэсэн бичигтэй гар утсыг булааж аваад хугалчихсан юм. Үүнээс болж З.Алдарбаттай маргалдаж муудсан. Удалгүй Б.Оболд нь М.Мы аавынх руу З.Алдарбат, өөр нэг нэрийг нь мэдэхгүй залууг унтуулахаар аваад явсан. Би хэсэг хугацааны дараа М.Мы аавынх нь гэр рүү очиж хувцсаа солиод буцаад гарах гэтэл З.Алдарбат миний хажуугаар гарахдаа нэг үг хэлээд гарсан. Би тухайн үед уур хүрч Мы халбага, сэрээний саванд байсан улаан өнгийн хутга авч араас нь гартал алга болчихсон байсан.”... гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас /
Гэрч М.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай найз Б.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас манай гэрт ирсэн юм. Тэгээд өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагаас эхэлж Баруун-Урт сумын 1 дүгээр баг 180 айлд байдаг Отгоо гэдэг ахынхаа гэрт Б.Оболд, Б.Б бид гурав 2 шил архи хувааж ууж байтал шөнийн 00 цаг өнгөрөөгөөд Мө, Бм, Алдарбаяр гурав баарнаас ирлээ гээд 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архитай согтуу ирсэн. Тэгээд авчирсан архийг нь хуваагаад ууж байтал Алдарбаяр, Б хоёр хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж маргалдаж байсан талаар санахгүй байна. Удалгүй Оболд нь Мө, Бм хоёрыг манайд унтуулахаар явлаа гэж гараад удалгүй буцаад ганцаараа ирсэн. Энэ үед би Бтэй хамт сууж байсан бөгөөд Б нь манай гэр рүү яваад ирье гээд гарч яваад удалгүй буцаад орж ирэхдээ би танай найзыг хутгалчихлаа гээд орж ирсэн. Тэгээд Оболд гараад буцаад орж ирэхдээ нээрэн хутгалчихсан байна зүүн гарных нь бугалганаас бариад цус гарч байна гэсэн. Тэгээд би гараад хартал З.Аын зүүн гарын бугалга хэсгээс цус гарч байсан бөгөөд өөрөө гараараа дараад байсан. Би З.Аыг орж боолго гэтэл боолгохгүй явлаа гээд зөрүүдэлсээр байгаад яваад өгсөн.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/
Гэрч Г.Оболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “ Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой Мы гэрт байж байтал М.М над руу залгаад би Отгоо ахын гэрт байна хүрээд ир ганц шил архи хувааж ууя гэсэн. Тэгээд яваад очтол Б.Б гэх эмэгтэй хамт сууж байсан. Тэгээд бид гурав 2 шил архи хувааж уугаад байж байтал 00 цаг өнгөрөөгөөд З.А, Мө, Бм гурав 1 шил архитай ирсэн. Тэгээд архи хувааж уугаад сууж байтал Алдарбаяр, Б хоёр хоорондоо маргалдаж, муудаад цагдаа дуудна гээд байхаар нь би Бээс гар утсыг нь булааж авах гэж байгаад гар утсыг нь хугалчихсан юм. Удалгүй хүмүүс согтоод байхаар нь би Мы гэр рүү Алдарбаяр, Бм хоёрыг унтуулахаар авч явж унтуулчихаад буцаад ирэхэд М, Б хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Гэтэл Б нь гарч яваад нэлээд байж байгаад эргэж орж ирээд би танай найзыг хутгалчихлаа гэсэн. Тэгээд би гараад хартал гадаа зүүн гарынхаа бугалга хэсгээ барьчихсан намайг наад хүүхэн чинь хутгалчихлаа гээд цусаа гоожуулаад явж байсан. Би буцаж орж Мд хэлсэн.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/
Гэрч Б.Мөийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед найзууд болох Бм, Алдарбаяр нарын хамт “Биллион” баар руу орж хүний 2 шил пиво авч ууж баар хаалгаад би М гэдэг найз руугаа ярьтал 180 айлд архи ууж байна хүрээд ир гэхээр нь би хоёр найзыгаа дагуулаад очсон. Тэнд М, Оболд,хоёр Буд / жинхэнэ нэрийг нь мэдэхгүй / гэх эмэгтэйтэй хамт архи ууж байсан. Бид гурав 0,75 литрийн Ерөөл нэртэй шилтэй архитай очиж тэрийгээ хувааж ууцгаасан. Гэтэл Алдарбаяр нь Буд гэх эмэгтэйтэй маргалдаж муудаад байхаар нь Оболд бид хоёр Алдарбаяр, Бм хоёрыг Мы гэрт хүргэж өгч унтуулчихаад буцаад иртэл Буд гэх эмэгтэй зөрөөд гарч яваад удалгүй буцаад орж ирэхдээ би танай найзыг хутгалчихсан шүү гэхээр нь Оболд гараад эргэж орж ирээд Алдарбаярыг чинь хутгалчихсан байна гэсэн. Тэгээд би Мтай хамт гараад хартал Алдарбаяр зүүн гарынхаа бугалга хэсгээсээ базчихсан нэлээн их цус гарсан байдалтай байсан бөгөөд үзье гэхэд бүр харуулахгүй гээд яваад өгсөн.”... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай дүгнэлтэнд: З.Аын биед зүүн бугалга болон баруун далны доод хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /хх-ийн 25-26 хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 хуудас/
Хохирогч З.Аын хохирлын жагсаалт, баримтууд /хх-ийн 10-13 хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24 хуудас/
Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 хуудас/
Шүүгдэгч Б.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 хуудас/
Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/
Шүүгдэгч Б.Бийн аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай хүсэлт / хх-ийн 46 хуудас /
2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай 5/11 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 47 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 180 айлын байранд хохирогч З.Аыг хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга болон баруун далны доод хэсгийн хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч З.А, гэрч М.М, Б.Оболд, Б.Мө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 407 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардалд 150,000 төгрөгийг хохирогч З.Ат төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос яллагдагч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч нь хоёр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэг гарсны дараа осолд орж хүнд гэмтэл авсан, одоогоор тэргэнцэр дээр байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна гэж мэтгэлцэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Б.Б нь 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 150,000 төгрөг төлсөн, хохирогч З.А гомдолгүй, нэхэмжлэх зүйгүй гэснийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА