| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/11821/И |
| Дугаар | 210/МА2026/01183 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01183
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/04689 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 122,942,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* нь *******-тай 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23/26 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь 110 кв-ын АШ-107, 108-ын завсрын төмөр бетон тулгуур 13, 14, 20 дугаарыг буулгаж шинээр У110-2+14 маркийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж, шилжүүлэх ажлыг 687,942,074 төгрөгийн төсөвт өртгөөр доголдолгүй бүрэн гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн.
1.2. ******* нь гэрээний төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 250,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр 115,000,000 төгрөг, нийт 565,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн боловч үлдэгдэл 122,942,074 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, хугацаа олгосон боловч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэж гэрээний үлдэгдэл төлбөр 122,942,074 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. ******* нь *******-тай 2023 оны 09 дүгээр сарын 03-ны 23/26 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь 110 кв-ын АШ-107, 108-н засварын завсрын төмөрбетон болон тулгуур 13, 14, 20 дугаарыг буулгаж шинээр У110-2+14 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг тухайн ажил гүйцэтгэх гэрээний 5-д заасны дагуу 687,942,074 төгрөгийн өртгөөр хийхээр харилцан тохиролцсон.
2.2. ******* нь 110 кв-ын АШ-107, 108-н засварын завсрын төмөр болон тулгуур 13, 14 дүгээр тулгууруудыг солих ажлыг хийж гүйцэтгэсэн тул *******-д 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 23/26 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 5.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 6.3, гэрээний тусгай нөхцөлийн 16-д заасныг баримтлан захиалагч нь ажил гүйцэтгэгч болох *******-ийн дансанд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 250,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг шилжүүлсэн.
2.3. Харин 20 дугаартай тулгуурыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******-ийн дансанд 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэлх хугацаанд талбай дээр 20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгээгүй буюу акт үйлдсэн баримт бичиг байхгүй гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******-иас 122,942,074 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 772,661 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 772,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.1. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр тохиролцсон ажлаас 13, 14 дугаарыг буулгаж, шинээр У110-2+14 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж, шилжүүлэх ажлыг гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн, захиалагч нь актаар хүлээн авсан талаар болон гэрээний төлбөрт нийт 565,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргадаггүй. Харин гэрээт ажлаас 20 дугаартай тулгуурыг буулгаж, шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн эсэхэд маргасан.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “гэрээгээр тохиролцсон ажил болох 20 дугаартай тулгуурыг У110-2+14 маягийн төмөр анкер тулгуураар шинэчлэн зөөж шилжүүлээгүй. Ашиглагч байгууллага болох ******* нь 20 дугаартай тулгуурыг зөөх шаардлагагүй гэж үзэн “Улаанбаатар электро монтаж” ХХK-аac 1 ком анкер тулгуур, дагалдах арматур, суурийн хамт хүлээн авч, ажлыг бүрэн гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Уг дүгнэлтээр нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гадна цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан 20 дугаартай тулгуурыг буулгаж, шинээр У110-2+14 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг тогтоосон. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас 20 дугаартай тулгуурын ажлыг гүйцэтгэгч нь хийж гүйцэтгээгүй болохыг тогтоосон атлаа хийгдээгүй ажлын төлбөрийг *******-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.
Нэхэмжлэгч ******* нь *******-ийн Улаанбаатар салбараас Автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн албан тоотоор ажил бүрэн дууссан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
4.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэлэлцээр, ажлын зураг, техникийн шийдэлд өөрчлөлт оруулсан гэх үндэслэлтэй холбоотойгоор хариуцагчийн гарын үсэгтэй буюу *******-ийн тамга тэмдгээр баталгаажсан өөрчлөлтийн зөвшөөрөл, 20 дугаартай тулгуурын ажлын акт, хүлээлцсэн баримт, гүйцэтгэсэн ажлын тайлан, талбай дээр гүйцэтгэсэн нотолгоо баримтуудыг нэхэмжлэгч *******-аас гаргуулах хүсэлт гаргасан. Шүүх 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/Ш32026/09969 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нотлох баримтууд нь өөр бусад гуравдагч этгээдэд байгаа, түүнийг талууд өөрсдөө гаргаж өгөх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон гэж үзэж байна.
*******-д 1 ком анкер тулгуур, дагалдах арматур, суурийн хамт худалдан авч, хүлээлгэж өгсөн талаарх баримтуудаа *******-д гаргаж өгөх шаардлагатай. Мөн тус компанид хэдэн төгрөгийн бараа материал болон 1 ком анкер тулгуур, дагалдах арматур, суурийн хамт хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй.
4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон *******-ийн Улаанбаатар салбарын Авто замын хөгжлийн газарт хандсан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/31 тоот албан бичигт “дээрх шугамын тулгуур 19 дугаар ажлын зурагт төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөөр тусгагдсаныг Цахилгаан байгууламжийн дүрмийн шаардлагад нийцэж байгаа тул ашиглагч байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зөөх шаардлагагүй” гэж дүгнэн гүйцэтгэгч компани болох *******-аас 1 ком анкер тулгуур, дагалдах арматурууд, суурийн хамтаар Улаанбаатар салбарын аж ахуйн хашаанд бүрэн хүлээлгэж өгсөн тул дээрх ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байна гээд ерөнхий инженер ******* гэж хүн гарын үсэг зурсан.
Ашиглагч байгууллага *******, түүний Улаанбаатар салбарын ерөнхий инженер ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн албан тоот гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй.
4.5. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан Замын хөгжлийн газрын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр төслийн санхүүжилтийг бүрэн олгосон гэсэн нь зөвхөн зохигчдын хоорондын гэрээт ажлын санхүүжилт гэхээсээ илүү төслийн нийт санхүүжилт олгосон байна. Ажил гүйцэтгэх гэрээнд ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэж өгөөд төлбөрөө бүрэн авахаар тохиролцсон, төслийн санхүүжилт бүрэн олгогдсоноор гэрээний төлбөр бүрэн төлөгдөнө гэж тохиролцоогүй болно.
4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдэж, хэргийн материалтай танилцсан боловч шүүх хуралдаан болох өдрийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэж андуурч тэмдэглэснээс болж шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувийн зохион байгуулалтын алдаа боловч энэхүү алдаанаас болж хариуцагч байгууллага нь шүүхэд байр сууриа сонсгох буюу өөрийгөө мэдүүлэх үндсэн эрх зөрчигдсөн, шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өөрийн байр сууриа илэрхийлж, мэтгэлцэх боломжоо алдсан.
Хариуцагчийн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр өмнө нь гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж, хурлаас өмнө гаргасан тодруулга хүргүүлэх тухай баримттай нэхэмжлэгч тал танилцаагүй байсан зэрэг үйл баримтыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь 20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгээгүй, бараа материалыг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч байгууллагаас хэрэгт авагдсан албан бичгүүдийг гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо захиалагч болон ашиглагч талд нотолж тухайн цогцолбор ажлын төлбөрийг хүлээн авсан болох нь тогтоогдсон. *******-ийн 2025, 2026 оны албан бичигт 20 дугаар тулгуурыг шилжүүлэх шаардлагагүй болсон учраас туслан гүйцэтгэгч *******-аас 1 ком анкер тулгуурыг дагалдах арматур, суурийг өөрийн аж ахуйн хашаанд хүлээн авсан. Захиалагч тал төлбөрийг хариуцагч байгууллагад бүрэн төлсөн.
Хэрэв бид тухайн ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсэн бол ашиглагч болон захиалагч байгууллагаас гомдол гаргаж, мөн тендерийн төлбөрийг хариуцагчид олгохгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд үндэслэж явагддаг учраас хариуцагчийн татгалзал байгаа тохиолдолд нотлох баримтаар нотлох шаардлагатай.
5.2. Анхан шатны шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үндсэн болон туслан гүйцэтгэгч байгууллага нь захиалагч буюу ашиглагч байгууллагын өмнө үүрэг хүлээж, 20 дугаартай тулгуурын ажилтай холбоотой баримтыг *******-аас гаргуулах боломжтой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 122,942,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ ... ******* нь 20 дугаартай тулгуурын ажлыг хийж гүйцэтгээгүй буюу акт үйлдсэн баримт бичиг байхгүй ..., гүйцэтгээгүй ажлын хөлс шаардах үндэслэлгүй” гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 23/26 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон. /хх7-14, 1-2, 57, 152-153/
4. Гүйцэтгэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээс төслийн талбайд 110кВ-ын АШ-107, 108-ын завсрын төмөр бетон тулгуур 13, 14-г буулгаж, шинээр У110-2+9 маягийн төмөр анкер тулгууруудаар шинэчлэн шугам зөөж шилжүүлэх ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгсөн болох нь талуудын маргаангүй тайлбар болон хэргийн 16-37 дахь талд авагдсан гүйцэтгэлийн баримт бичиг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
5. Талууд ажлын хөлсийг гүйцэтгэлээр төлбөр тооцоог олгохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6. Захиалагч ******* ажлын хөлсөнд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 250,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр 115,000,000 төгрөг, нийт 565,000,000 төгрөг гүйцэтгэгчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ХААН банк дахь депозит дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх1-2, 126-128/
7. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй байна. Харин гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх талуудын маргаантай үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
7.1. Хэрэгт *******-ийн Улаанбаатар салбарын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/31, мөн оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02/115 дугаартай “Ажил дууссан тухай” албан бичиг тус тус нотлох баримтаар авагдсан байна. /хх146-147/
Тус 02/115 дугаартай албан бичигт “... *******, *******-ууд *******-ийн шифр: BL23-IX дугаартай ажлын зургийн дагуу *******-ийн Улаанбаатар салбарын харьяа 110 кВ-ын 107, 108-р ЦДАШ-ын тулгуур 13, 14-г төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх угсралтын ажлыг бүрэн хийж дууссан болно. Тус шугамын тулгуур 20-ийг ажлын зурагт төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөөр тусгагдсаныг газар дээр нь тодруулга хийж, тухайн тулгуурыг солих боломжгүй, зай талбайгүй тулгуур 19-г трассын дагуу 20 м орчим шилжүүлж солих боломжтой учир гүйцэтгэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/31 тоот өмнөх албан бичигт тусгасан болно.” гэжээ. /хх147/
Мөн 02/31 дугаартай албан бичигт “... 13, 14-г төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлыг бүрэн хийж дуусгасан. Дээрх шугамын тулгуур 19-г ажлын зурагт төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөөр тусгагдсаныг Цахилгаан байгууламжийн дүрмийн шаардлагад нийцэж байгаа тул ашиглагч байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зөөх шаардлагагүй гэж дүгнэн, гүйцэтгэгч компани болох *******-аас 1 ком анкер тулгуур, дагалдах арматурууд, суурийн хамт Улаанбаатар салбарын аж ахуйн хашаанд бүрэн хүлээлгэн өгсөн тул дээрх ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байна.” гэсэн байна. /хх146/
7.2. Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргээс 13, 14-г төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, харин 20 дугаартай тулгуурыг солих шаардлагагүй болсон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй ажлын хөлсийг хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй.
7.3. Гэрээний 6.2-т “гэрээт ажлын нийт үнэ гэрээний хавсралтад тусгагдсан үнэ байх ба материал, тээвэр, цалин, НӨАТ зэрэг бусад бүх зардал багтсан болно.” гэж заасан байх тул талуудыг захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзнэ. Энэ талаар зохигч маргаангүй.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хувьд захиалагч, харин Нийслэлийн замын хөгжлийн газартай байгуулсан гэрээний хувьд ерөнхий туслан гүйцэтгэгч байна. Иймээс захиалагч Нийслэлийн замын хөгжлийн газраас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч буюу *******-д санхүүжилтийг бүрэн олгосон нь зохигчдын байгуулсан дээрх гэрээний үүргийн шаардах эрхэд хамааралгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн 146-147, 149 дэх талд авагдсан нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд холбогдох хэсгийг хангах нь зүйтэй.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул “нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, эрх зөрчсөн” гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/04689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 122,942,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 772,661 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Ч.ЦЭНД