| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0185/э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 186
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 1930003090222 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун голын зүүн талын шороон зам дээр Чансаа маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “ Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/ жолоочийн даатгалын баталгаа”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ө.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр найз охин Нийн хамт баруун голын эрэг дээр юм яриад сууж байхад С, А нар ирээд гэр рүүгээ явах уу? гэхээр нь үгүй ээ алхаад явчихна гэсэн чинь хамт явъя та хоёр суучих гэсэн. А мотоцикл жолоодчих гэхээр би мотоциклыг нь жолоодсон. Аймгийн зам дээр явж байгаад мотоциклтойгоо унасан. Босоод ирсэн чинь А ах нэлээн зайтай дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт ирсэн гэв.
Эрүүгийн 1930003090222 дугаар хэргээс:
Хохирогч Э.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өмнө болсон зүйлсийг огт санахгүй байна. Гэр бүлийн хүмүүсээ бол таньж байгаа өөр бусад хүмүүсийг хараад танихгүй байна. А нь миний хохирлыг барагдуулж 1.300.000 мянган төгрөг өгсөн болохоор миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 12-16 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “....2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад аймгийн баруун гол дээр найз залуу болох Аын хамт байж байхад төрсөн ах С мотоциклтойгоо хамаатны залуу А мөн мотоциклтойгоо ирсэн. Тэгээд тэр хоёртой юм ярьж байгаад А бид 2 гэр рүүгээ явахаар болоод явах гэтэл А ах хэдүүлээ хойшоо Тэсэлдэг явж үзье гэсэн. Тэгээд би С ахын мотоциклын ард суугаад Амгаланлахм А ахын мотоциклийн ард сундлаад хойшоо явсан. Тэсэлдэг овооны тэнд машинтай олон хүмүүс байхаар нь буцаад явсан ба А, А 2 урд, С ах бид 2 араас нь дагаад явж байсан. Тэгтэл А ах мотоциклоо зогсоохоор нь яваад очтол А ах Аыг мотоцикль барьчих гэсэн чинь үнэмлэх байхгүй шүү дээ гэж хэлсэнээ зөвшөөрөөд А А ахын мотоциклийг бариад ард нь А ах суугаад явсан. Тэгээд тэр 2 хөдлөөд явж байснаа гэнэт онхолдсон. Тэгээд яваад очиход замын хөндлөн гуунд цохигдсон А ах ухаан нь орж гарсан байдалтай А эрүү нь далийсан нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд шууд эмнэлэг явсан. Осолд орох үед цаг хараагүй. Эмнэлэг дээр ирээд харахад 16 цаг өнгөрч байсан. А архи согтууруулах ундааны хэрэглээгүй байсан. Ер нь архи уудаггүй хүн. А ах ч гэсэн архи уугаагүй байсан.”...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/
Гэрч Ц.Сы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр шууданд Аийн ээж Эрдэнэчимэгийг суулгаж өгчихөөд 2 мотоциклтой нэг нэгээрээ бариад баруун гол руу явахаар болоод яваад очтол манай дүү Н найз залуу Аын хамт сууж байсан. Тэгээд очоод юм ярьж байгаад А нь Тэсэлдэг орох уу? гэхээр нь би зөвшөөрөөд Н, А нараас асуухад зөвшөөрсөн. Би өөрийнхөө мотоциклийг бариад Нийг ардаа суулгасан. А нь өөрийнхөө мотоциклийг бариад Аыг ардаа суулгаад хойшоо явсан. Тэсэлдэгийн тэнд очтол машинтай олон хүмүүс байхаар нь буцаад А нь би мотоциклио барьж чадахгүй байна Аыг барьчих гэсэн чинь А зөвшөөрөөд Аийн мотоциклийг бариад А хойно нь суугаад хөдөлсөн. Тэгээд хойноос урагш шороон замаар явж байгаад аймаг харагдаж байх үед зам дээр байсан гуу руу ороод цаана нь гараад ойчсон. Тэгээд шууд түргэн дуудсан ба Аын эрүү нь гэмтэж, эгэм нь цуурсан байсан. А нь хөдөлж чадахгүй байсан..”...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
- Хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуудас/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6-7 хуудас/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 8-10 хуудас/
- Яаралтай тусламжийн хуудас / хх-ийн 5 хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 371 тоот дугаартай: Өлзийхутаг овогтой Аийн биед “ тархины эдийн хүнд зэргийн няцралт, тархины дух болон зүүн дагз хэсгийн хальсан доорхи цус хуралт, хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн урд ирмэгийн далд хугарал, нүүрний болон биеийн гадаргуугийн зулгарал” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуудас/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 хуудас/
- Хохирогч Ө.Аийн томографийн шинжилгээний хариу /хх-ийн 31, 41-44 хуудас/
- Хохирогч Ө.Аийн өвчний түүх /хх-ийн 32-40 хуудас/
- Техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Чансаа маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Чансаа маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/ жолоочийн даатгалын баталгаа”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж , хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол гарах болсон шалтгаан замын нөхцөл байдал хурдаа тохируулж яваагүй ба Чансаа маркийн улсын дугааргүй мотоцикль нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын үзлэг оношлогоонд ороогүй байх тул техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байж болох үндэслэлтэй байна ...гэх дүгнэлт /хх-ийн 46-47 хуудас/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 77-89 хуудас /
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 90-91 хуудас/
- Ашид билгүүн ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-94 хуудас/
- Шүүгдэгч М.Аын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 100 хуудас/
- Шүүгдэгч М.Аын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 101 хуудас/
- Шүүгдэгч М.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 хуудас/
- Шүүгдэгч М.Аын жолоочийн лавлагаа /хх-ийн 102 хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.А нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун голын зүүн талын шороон зам дээр Чансаа маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, б/ тухай тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, в/ жолоочийн даатгалын баталгаа”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Ө.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ө.А, насанд хүрээгүй гэрч Б.Н, гэрч Ц.С нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 371, техникийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Аын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч М.Аын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Аын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч М.А нь хохирогч Ө.Ад учирсан хохирол эмчилгээний зардалд 1 387 750 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, нялх биетэй эхнэртэй, амьдралаа авч явж байгаа залуу тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ад ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч М.Аын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ө.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргүүд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Ад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Ад мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 387 750 төгрөг төлснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА