Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/01182

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/03105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

*******-ийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоол, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан 02, 03 дугаартай шийдвэрүүд, ТУЗ-ийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох, гүйцэтгэх захирал *******ийн эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2013 онд миний бие *******-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03973 дугаартай шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн *******-ийн 95 хувийн хувьцааг *******д шилжүүлэхийг *******д даалгасан.

******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 001 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, *******-ийн аж ахуйн хашаанд байрлах оффисын байранд болохоор шийдвэрлэжээ. ******* тус хуралд ганцаараа оролцож, *******-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 01 дугаартай, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай 02 дугаартай, Гүйцэтгэх захирлыг томилох тухай 03 дугаартай тогтоолууд, мөн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоол тус тус гарган баталсан нь хууль бус байна.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасан байхад хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2 хоногийн дараа хуралдуулж, хувьцаа эзэмшигч ******* намайг оролцуулахгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.  

2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд хүргээгүй нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

******* нь хууль бусаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж шийдвэр гаргасан нь *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрхийг зөрчсөн.

1.2. Мөн *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулаагүй тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон.

Иймд Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.4, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2013 онд ******* нь *******-ийг үүсгэн байгуулж, 2016 оны 09 дүгээр сард ******* нь ******* аймгийн *******сумын ******* багийн нутагт байрлах хайгуулын тусгай зөвшөөрлийг *******-ийн нэр дээр шилжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******, ******* нар *******-ийн 95 хувийн хувьцааг компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн бүрэн эрх шилжүүлэх гэрээ байгуулан мөн сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, ******* нь тухайн компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

******* нь 2017 оны хавраас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж, 2018 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед ******* нь тухайн уурхайд ерөнхий геологич, уурхайн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан.

2.2. ******* нь 2020 оны 02 сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******-ийн 95 хувийн хувьцааг *******д шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2022.10.14-ний өдрийн 764 дугаартай шийдэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн 0076 дугаартай магадлалаар *******ийг *******-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017.01.16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ “2017.01.09-ний өдөр *******-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, шилжүүлэхээр талууд тохирч дээрх гэрээг байгуулсан боловч хувьцаа эзэмшигч ******* тухайн үеийн 95 хувийн хувьцаагаа *******д шилжүүлэх тухай хувьцаа эзэмшичгийн шийдвэр гаргахдаа “бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэж байсан байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч зөрүүтэй баримт бичиг хүлээн авч, улсын бүртгэл хийсэн гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд талууд тухайн үед *******-ийн 95 хувийн хувцааг худалдах, худалдан авах гэрээ эсвэл бэлэглэлийн гэрээний алинаар шилжүүлсэнээ иргэний хэргийн шүүхэд эцэслэн хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй, улсын бүртгэлийг хүчингүй болгосноор *******ийн эрх сэргэхгүй гэж магадлалд дурдсан. Тухайн үед давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.

2.3. ******* 2023.04.17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан 2017 оны гэрээний дагуу *******-ийн 95 хувийн хувьцааг шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, хувьцааг *******д буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2023.09.12-ны өдрийн 03973 дугаартай шийдвэрээр нэхэмжлэйг хангаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн алба 2024.04.22-ны өдөр *******-ийн 95 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлж, 2024.05.31-ний өдөр *******ийг тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн.

******* 95 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулж, компанийн шинэчилсэн дүрэм, гүйцэтгэх удирдлага, хаягийн мэдээлэл зэрэгт өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүссэн.

Тухайн үед компанийн захирал байсан *******д компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг 2024.05.31-ний өдөр хүргүүлэхэд татгалсан мэдэгдэл ирүүлсэн.

******* нь компанийн шинэчилсэн дүрмийн өөрчлөлт, компанийн удирдлага болон хаягийн өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурал, тус хурлаас гарсан тогтоолууд Компанийн тухай хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул *******-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 дугаартай тогтоолууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, *******ийн *******-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг *******д даалгах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 561,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т “... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаанд *******-ийн гүйцэтгэх удирдлага нь ******* гэж бичигдсэн байна. 4.2-т дээрх дурдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд *******ийг *******-ийн гүйцэтгэх захирал гэж 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байхад *******ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, бодит үйл баримттай нийцээгүй тул зөвшөөрөхгүй.

Тухайн хэрэгт ******* нь хэзээ компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн эсэх буюу хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэх нь чухал ач холбогдолтой байхад 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуулийн этгээдийн лавлагаанд “гүйцэтгэх удирдлага нь ******* гэж бичигдсэн” гэж дурдсан. Гэвч анхан шатны шүүх гүйцэтгэх захирлын бүртгэл хийгдсэн огноо гараагүй, эргэлзээтэй нотлох баримтыг иш татаж, бусад ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй.

4.2. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг зарлах үед гүйцэтгэх захирлаар ******* бүртгэлтэй байсан. Тус хурлын шийдвэрээр ******* гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх буруу тогтоосон.

Анхан шатны шүүх гүйцэтгэх захирлын эрх мэдэл дуусгавар болох тухай Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй хугацаа болон нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтыг буруу дүгнэсэн.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дугаартай тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.9-д заасан үндэслэлд нийцэж байна” гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй.

******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан боловч гүйцэтгэх удирдлага ******* нь мөн хуулийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу уг санал, шаардлагыг хүлээн аваагүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаагүй. Энэ нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй буюу гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргасан тохиолдолд санал шаардлагыг хүлээн авсан гэсэн шаардлагууд хангагдаагүй тул 45 хоногийн дотор хуралдуулах нөхцөл бүрдээгүй гэж үзэх учраас тухайн заалтыг хэрэглэх боломжгүй.

Харин компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөл эсхүл энэ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргана гэсэн зохицуулалт үйлчилнэ гэж үзнэ. Мөн ******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулахаас татгалзсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаагүй.

4.4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т “... ******* хурлын тов мэдсэн атлаа хуралд хүрэлцэн ирээгүй байгаа нь Компанийн тухай хуулийн 34.1.1-д заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах, 60 дугаар зүйлийн 60.1, 60.3, 60.4 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах хугацаа, хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд хүргэх зэрэг зохицуулалт нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үйл ажиллагаанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль бус байна.

Хариуцагч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу *******-ийн маргаан бүхий хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гарсан гэж хариуцагч тайлбарладаг. Энэ тохиолдолд 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох бөгөөд мөн зүйлийн 60.2, 60.3, 60.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хэрэгжих ёстой байхад хамааралгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарласан.  ******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан бол мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасны дагуу уг шийдвэр гарсан 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах, мөн зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар тав хоногийн дотор хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй.

Гэвч хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хувьцаа эзэмшигч хуралд бэлтгэх, хүрэлцэн очих боломжтой хугацаанд гаргах ёстой байхад 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр шийдвэр гаргаж, 2 хоногийн дотор буюу мөн сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад хуралдсан нь *******ийн хуралдаанд оролцох эрхийг хангасан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 4 жилийн хугацаанд *******-ийн хувьцаа эзэмшигчдийн маргааныг хянан шийдвэрлэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан хуралдаж, *******ийг компанийн 95 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэсэн. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2024 оны 03 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүртгэлийн байгууллага руу мэдэгдэл явуулсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *******ийг компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигч болох үед 5 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэвээр байсан учраас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******д *******-ийн ээлжит бус хурлыг яаран ******* хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулах боломжгүй гэх агуулга бүхий хариу мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлсэн. Компанийн гүйцэтгэх удирдлага татгалзсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хувиар ******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хурал зарлах шийдвэр гаргаж, мөн оны 06 дугаар сарын 17-ны өдрийн даваа гарагт хуралдсан. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******ийн байнга ашигладаг цахим шууданд хурлын товыг хүргүүлсэн боловч мөн сарын 17-ны өдрийн хуралд оролцоогүй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан.

******* нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулж, компанийн гүйцэтгэх захирал болон хаягийн өөрчлөлт, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрүүдийг гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******-ийн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоол, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан 02, 03 дугаартай шийдвэрүүд, ТУЗ-ийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох, гүйцэтгэх захирал *******ийн эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... шүүхийн шийдвэрийн дагуу тухайн компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоогдсон, ... *******-ийн гүйцэтгэх захирал *******д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай санал гаргасныг хүлээж аваагүй, ... 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан хуралдуулах болон тус хурлаас гаргасан шийдвэрүүд нь Компанийн тухай хуульд нийцсэн ... хувьцаа эзэмшигч *******ийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэх агуулгаар тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаанд хамаар*******хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр  сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00021 дугаартай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу *******-ийн 95 хувийн хувьцааг *******д шилжүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэжээ. /хх34-40, 62-70, 77/

Дээрх шийдвэрийн дагуу ******* нь *******-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч, ******* нь 5 хувийн хувьцаа эзэмшигчээр тус тус бүртгэгдсэн үйл баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх31/

 

4. ******* нь *******-ийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-д өөрчлөлт орох хүртэл хугацаанд тус компанийн захирлын үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтад талууд маргаангүй. Харин 95 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэр, уг ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэр Компанийн тухай хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр *******-ийн ******* и-мэйл хаягт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн байна. /хх128-146/

Уг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл, *******-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирал *******д   компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлага гаргасан байна. /хх134/ Энэ нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөх удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй.” гэж заасантай нийцжээ.

Гүйцэтгэх удирдлага ******* нь хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Улмаар 95 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай 01 дугаартай тогтоол гаргасан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах  тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэсэн журамд мөн нийцжээ. 

*******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг, хурлаар хэлэлцэх асуудал, хуралдаанаас гарах тогтоолын төсөл, холбогдох материалыг компанийн 5 хувийн хувьцаа эзэмшигч *******д хүргүүлсэн, *******ээс “... *******ийг хувьцаа эзэмшигч биш тул ... хууль бус үйлдлээ таслан зогсоохыг мэдэгдсэн” тухай хариу бичиг ирүүлсэн үйл баримт үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх140-145, 132/

Хариуцагч ******* нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9 дэх хэсэгт заасан хугацааны дотор *******-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны  06 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулсан байна. Тус ээлжит бус хурлаар *******-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн гүйцэтгэх удирдлагыг томилон, эрх барих этгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг баталж, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолоор ТУЗ-ын даргыг сонгох зэрэг асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргасан нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.7, 62.2.3-т заасан журамд нийцжээ.

 

6. Хариуцагч ******* нь *******-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, эцсийн өмчлөгчөөр мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх106/

Нэхэмжлэгч ******* нь дээрх хугацааг хүртэл тус компанийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэж хариуцагч *******ийг буруутгах  хуулийн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

7. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан алдааг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/03105 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7” гэснийг “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 561,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

 

                                         ШҮҮГЧИД                                     Б.АЗБАЯР

 

                                                                                             Ч.ЦЭНД