Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 859

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуударь,     

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Намжим овогт Ц-н Э-д холбогдох эрүүгийн 1909026420823 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энх-Өргөний гол” ХХК-нд борлуулалт, захиалгын менежер ажилтай, ам бүл 3, эх, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Мис байр 224 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЛЙ 88090175 / Намжим овогт Ц-н Э нь:  

 

-  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион буйлдинг байрны 13 дугаар давхарт 1302 тоот өрөөнд Г.Ганбилэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Ганбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн хэрэг болдог өдөр намайг Ц.Э зодож гэмтээсэн болно гэжээ. / хх 6-7 /

 

Гэрч Г.Ганбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:... Билгүүнд “Ц.Э-г барьж байгаарай” цагдаа дуудсан байгаа гээд араас нь очиход Ц.Э дүүгээ хараад над руу дайраад байсан. Ц.Э миний нүдийг цохьсон гэжээ. / хх 13-14 /

 

Гэрч Б.Батчулуун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ц.Э ах Г.Ганбилэгт “Чи миний эхнэрийг яаж байгаа юм” гэж хэлээд дайраад байсан. Г.Ганбилэг танай хүн чинь өөрөө дуртай байсан гэх мэтээр хоорондоо маргалдаад энэ хоёр заамдалцаад дундуур нь нөгөө үл таних залуу бид хоёр ороод салгах гэж үзээд Ц.Э ахын баруун гарыг бариад байж байтал Ц.Э ах зүүн гараараа Г.Ганбилэгийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан гэжээ. / хх 15-16 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8431 дүгээр дүгнэлтэнд:

1. Г.Ганбилэгийн биед баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 18 /

 

Шүүгдэгч Ц.Э-г 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-32 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр найз Г.Ганбилэгтэй уулзахаар очоод гарахдаа нэг удаа шүд рүү нь алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2018 оны 09 дүгээр сард шийдвэр гүйцэтгэл дээр 3 хоног очоод дахиж очоогүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй нь үнэн. Одоо энэ ажлыг маш сайн хийнэ. Битгий хорих ял оногдуулаач гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион буйлдинг байрны 13 дугаар давхарт 1302 тоот өрөөнд Г.Ганбилэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Намайг Ц.Э зодож гэмтээсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Ганбилэгийн мэдүүлэг / хх 6-7 /, ...Ц.Э миний нүдийг цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Ганбилэгийн мэдүүлэг / хх 13-14 /, ... Бид хоёр ороод салгах гэж үзээд Ц.Э ахын баруун гарыг бариад байж байтал Ц.Э ах зүүн гараараа Г.Ганбилэгийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батчулууны мэдүүлэг / хх 15-16 /, ...Г.Ганбилэгийн биед баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8431 дүгээр дүгнэлт / хх 18 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүгдэгч Ц.Э нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд Ц.Э нь уг ялаа эдлээгүй нь түүнтэй холбоотой эсэх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотоор нотлогдохгүй байна. Иймд ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                             

1. Шүүгдэгч Намжим овогт Ц-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Ц.Эд энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ