Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1729

 

                                                    

 

 

 

 

 

 

Т.Баттогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00632 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Баттогтохын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Л.Дэнсмаад холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохиролд 2 450 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал,

Хариуцагч: Л.Дэнсмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Л.Дэнсмаатай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Ниссан навара” маркийн 97-24 УБД улсын дугаартай автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдаж авахаар, машины үнийг нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд машиныг аваад хөдөө гэрлүүгээ явсан. Өвөрхангай аймгийн төвд ирээд маргааш өглөө нь асаах гэтэл асахгүй бас түлшний даачиг нь ажиллахгүй болохоор нь Л.Дэнсмаа болон түүний нөхөрт утсаар залгаж асуухад “зуны түлштэй болохоор тэгж байгаа байх” гэхээр нь тийм байх гэж бодоод гал түлж асаагаад сум руугаа явсан. Ирээд маргааш өглөө нь асаах гэтэл бас л асаагүй, эхэндээ зуны түлшиндээ тэгж байгаа байх гэж бодоод сумынхаа бохирын байгууламжид гуйж хонуулдаг байсан. Сүүлдээ утсаар яриад “асахгүй байна, болохгүй бол сайн халаагч аваад өгөөч” гэхэд халаагч авч өгөх юм яриад байснаа өгөхгүй болохоор нь халаагчаа солиод үзэхэд яг адилхан зарцаад байсан. Ингээд машиныг буцааж өгье гэж Л.Дэнсмаа, Энхтүвшин нартай энэ талаар утсаар ярихад өмнөөс уурлаж, гэрээ байгуулсан учир машиныг буцааж авахгүй гэж загнасан. Ингээд машиныг буцааж өгөхөөр шийдэж 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу явж байтал Лүнгийн пост өнгөрөөд тосолоо тургиад явахгүй болсон. Улаанбаатарт ирээд Моннис засварын газар оношлуулахад кришкний жийрэг нь хагарсан байсан. Ингээд би засварын газар кришкний жийрэг солиулсан боловч тосоо хаясан хэвээр байсан болохоор кришкийг бас сольсон ба дахин оношлогоо хийлгэхэд өндөр даралтын насос хэмжээндээ хүртэл заахгүйн улмаас асалт удаашрилтай байна гэсэн. Засварын газрын засварчин уг машиныг урьд өмнө нь өөр хүмүүс утсаар залгаж оношлуулж байсан би ирээд засуул гэсэн боловч ирээгүй гэж хэлж байсан. Машиныг буцааж өгөхөөр гэрт нь очиход хэрвээ буцааж өгөх гэж байгаа бол 2 000 000 төгрөг өгч байж буцааж өг гээд авахгүй байхаар нь түлхүүрийг нь өөрсдийнх нь дэргэд гэрт нь үлдээгээд 2 000 000 төгрөг хүнээс авахаар явж байтал араас утасдаж хурдан ирэхгүй бол ална, 22-ын товчоогоор гаргахгүй гээд утсаар дарамтлаад байсан ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн ахмад Буяндэлгэр байна, луйварчин минь хурдан ирж энэ асуудлаа шийд, хэрэв ирэхгүй бол хаана байгаа газраас чинь баривчлаад шоронд чинь хийгээд өгнө шүү гэж яриулаад байсан тул айгаад шууд унаанд сууж Өвөрхангай явсан. Миний хувьд гэрээний хугацаа дуусахаас өмнө машиныг буцааж өгсөн. Машиныг өөрийн мөнгөөр засаж, янзлахад нийт 2 450 000 төгрөг болсон. Иймд Л.Дэнсмаатай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машиныг засаж, янзалхад гаргасан зардал 2 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Баттогтох нь над руу удаа дараа ярьж надад унаа, тэрэг хэрэгтэй байна, “Ниссан навара” маркийн машиныг чинь авмаар байна, мөнгийг нь хашаа байшингаа зараад хавар өгнө гэсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 12-нд Т.Баттогтох автомашиныг унаж хөдөлгөөнд оролцон шалгаж үзээд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулан 18 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Би ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй машин худалдаагүй. Т.Баттогтох нь өөрөө хөдөө орон нутагт унаж хэрэглэж байсан үедээ гэмтэл учруулж засвар хийлгэсэн хөлсөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа учир машиныг буцааж авахгүй, энэ засвар үйлчилгээ хийсэн талаар зардлыг би хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж машиныг бүрэн бүтэн байдлаар Т.Баттогтоход хүлээлгэн өгсөн. Ингээд Т.Баттогтох нь автомашиныг унаж шалгаж аваад уг өдрөөс хойш  хөдөө орон нутагт уг автомашиныг хэрэглэж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Т.Баттогтох нь хотод танай гэрийн гадаа ирчихлээ гэхээр нь нөхөр бид хоёр гараад очиход нэг залуутай цуг ирчихсэн байсан. Тэгээд гэрт цуг ороод намайг цай, хоол хийх зуур наймаагаа буцаах талаар ярьж байгаад буйдан дээр машины түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Машин тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч хөдөлгөөн хийгээгүй манай байшингийн гадаа байгаа. Миний зүгээс ямар нэгэн доголдолтой автомашин нэхэмжлэгчид шилжүүлээгүй, гэмтэл үүссэн бол худалдаж авснаас хойш үүссэн болно. Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй байгаа тул алданги тооцохгүйгээр автомашины үнэ 18 000 000 төгрөгийг Т.Баттогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Намайг хуурч илт доголдолтой машин шилжүүлсэн, хэрэв би ийм доголдолтой машин байсныг мэдсэн бол худалдаж авах гэрээ байгуулахгүй байсан. Надад худалдахаас өмнө Өвөрхангайн Баяраа гэж хүнд худалдаад мөн арав хонохгүй буцаагдаж байсныг би сүүлд хүнээс олж мэдсэн. Өөрийн гаргасан нэхэмжлэл хэвээрээ байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Баттогтох, хариуцагч Л.Дэнсмаа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг гэрээний улмаас учирсан хохирол 2 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.Дэнсмаагийн 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баттогтохоос тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 302 100 төгрөг, хариуцагч Л.Дэнсмаагаас сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 247 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Баттогтох нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр ирж автомашиныг шалгаад хүсэл зоригийнхоо дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь уг автомашин тухайн үед доголдолгүй эвдрэлгүй байсныг нотолдог. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтуудтай нийцэж байна. Гэрч н.Энхтайван нь Т.Баттогтохыг 2016 оны 1 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн төвөөс Богд сум руу явах замдаа Гучин ес суманд байх манай гэрт ирж надаас запас дугуй авч, кастерээ цөмөрсөн байснаа засуулаад явсныг гэрчилдэг. Үүнээс үзэхэд худалдан авагч тал тээврийн хэрэгсэл ашиглаж байхдаа ямар эвдрэл учруулсан, ямар тоо, хэмжээ, чанарын эд анги сольж тавьсан нь тодорхойгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл уг автомашиныг худалдан авагч ашиглаж байсан нь тодорхой байна. Худалдан авагч ашиглалтын явцад элдэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн засвар хийн эд ангиудыг сольж өөрчилсөн байдал нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.2.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлж байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ашиглах журам зөрчсөнөөс үүссэн гэж үзэх үндэслэлтэй, эд хөрөнгө хүлээн авч тодорхой үйлдэл хийсэн бол эд хөрөнгө хүлээн авсанд тооцох учир шүүхийн шийдвэрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалсныг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгч Т.Баттогтох нь хариуцагч Л.Дэнсмаад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохиролд 2 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Л.Дэнсмаа нь “Ниссан навара” маркийн 97-24 УБД улсын дугаартай автомашиныг худалдан авагч Т.Баттогтохын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Т.Баттогтох нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор автомашины үнэ 18 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “… Л.Дэнсмаа нь доголдолтой автомашин шилжүүлж өгсөн, уг автомашиныг засварлахад 2 450 000 төгрөгийн зардал гарсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Т.Баттогтох автомашиныг хүлээж авах үедээ уг автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй болно. Тодруулбал, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа “автомашин нь айлын хашаанд байсан, машиныг асаах гэж чирсэн боловч асаагүй тэгээд чирж дулаан гараашид хийж байгаад асаая гээд дулаан гараашид 8-9 цаг болгоод  асаасан, тэр оройдоо дулаан гараашид хийж хоноод асаасан” гэх тайлбараас үзэхэд маргааны зүйл болох автомашиныг хүлээн авах үедээ доголдолтой байсан талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авчээ. /хх-н 22-р тал/

 

 Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алдсан байхад анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээг цуцалж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул худалдан авагч Т.Баттогтохоос гэрээний үүрэг 18 000 000 төгрөгийг гаргуулж худалдагч Л.Дэнсмаад олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/00632 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлах, хохиролд       2 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Баттогтохын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Баттогтохоос 18 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Л.Дэнсмаад олгосугай” гэж,

2 дахь заалтын “… хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж хариуцагч Л.Дэнсмаад олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

  

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ