Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2017/00361/и |
Дугаар | 001/ХТ2018/00361 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00361
Ш.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны ирэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01956 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02401 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Ш.С
Хариуцагч: Г.Бд холбогдох
Гэм хорын хохиролд 5 600 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016-09-11-ний өдөр бохирын вакуумжуулсан нүхэнд хар лак шингэн бодисоор будгийн ажлыг Г.Бгийн хүсэлтээр хийсэн. Г.Бгийн аавын төрсөн дүү н.Нармандахтай хамт ажилласан ба нүхний 3 талыг будаад сүүлийн ханыг будаж байтал ард гал гарах шиг болоод дэлбэрсэн. н.Нармандах тамхи татах гээд шүдэнз зурсан, түүнийг нүхнээс татаж гаргах гээд чадаагүй. Ингээд би гэмтлийн эмнэлэгт хүргүүлж түлэнхий тасгийн сэхээн амьдруулахад 27 хоног хэвтэж эмчлүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэг тогтоож, хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Иймд 5.600.050 төгрөг гаргуулж өгнө үү. Эмчилгээний зардал 4.760.050 төгрөг, сэтгэл санааны хохирол 600.000 төгрөгийг Иргэний хуулийн 505.2-р хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээ буюу 240.000 төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ш.Саас бохирын вакумжуулсан нүхэнд шингэн бодисоор ханыг будаж өгөхийг хүссэн нь үнэн бөгөөд тэрээр н.Нармандахтай хамтарсан. Гэвч тус ажлыг хийх явцад ахуйн осол болж Ш.С гэмтсэн. Энэ осол биднээс шалтгаалаагүй гэнэтийн осол болсон. Г.Бгийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Талийгаач н.Нармандах тамхи татсаны улмаас уг хохирол учирсан, эмчилгээний зардалд 4 064 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар Г.Бгаас 5.059.588 төгрөг гаргуулж Ш.Ст олгож, нэхэмжлэлээс 600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 126 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02401 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны 184/ШШ2017/01956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 5 059 588 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: 2016-09-11-ний өдөр бохирын вакумжуулсан нүхэнд хар лак шингэн бодисоор будгийн ажлыг хийсэн. Ажлын хөлсөнд 20.000 төгрөг өгсөн. Гэвч тухайн ажлыг хийж гүйцэтгэж байх үеэр ахуйн осол болж Ш.С гэмтсэн. Г.Б эмчилгээний зардал болгон 4.414.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 6.959.090 төгрөг шаардсан. Улмаар нэхэмжлэлээ бууруулан 5.600.050 төгрөг болгож өөрчилсөн. Анхан шатны шүүхээс эмчилгээний зардал 1.952.270 төгрөгийг мөн гэмтлийн эмнэлэгт төлсөн гэх 2.867.318 төгрөгийг, нөхөн төлбөр 240.000 төгрөгийг буюу нийт 5.059.588 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ш.Сын өвчний түүх-с үзвэл эмчилгээний зардал 2.867.318 төгрөгийн задаргаа байхгүй бөгөөд энэхүү эмчилгээний зардалд хариуцагчийн гаргаж өгсөн 4.464.000 төгрөгийн эм тарианууд орсон байж болзошгүй байгаа юм. Учир нь дээрх өвчний түүхт бичигдсэн огноо болон нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хугацаа зэргээс харвал дээрх гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхт бичигдсэн зардалд хариуцагч Г.Бгийн гаргаж өгсөн эм тарианууд багтсан гэдэг нь харагддаг. Гэтэл шүүх энэхүү зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Нөгөөтээгүүр Ш.С тухайн осол болохоос өмнө барилгын ажил хийдэг байсан бөгөөд тухайн нүхэнд тамхи татаж болохгүй талаар мэддэг байсан энэ талаар ч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол болон шинжээчийн дүгнэлт дээр бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, осол Г.Бгийн буруутай үйлдлээс болоогүй, гэм хорын шалтгаант холбоо байхгүй. Гэтэл шүүх хөлсөөр ажиллаж буй Ш.Ст хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйгээс осол гарч учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.С шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.Бгаас 5.600.050 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...миний эрүүл мэндэд гэм хор учруулсан, галд түлэгдсэний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, байнга эмчилгээ шаардлагатай байгаа тул гэм хор учруулсантай холбогдон гарсан хохиролд 4.760.050 төгрөг, сэтгэл санааны хохиролд 600.000 төгрөг, нөхөн төлбөрт 240.000 төгрөг, нийт 5.600.050 төгрөгийг шаардсан...” гэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 5.059.588 төгрөг гаргуулан Ш.Ст олгож, нэхэмжлэлээс 600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч зохигчид 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эвлэрсэн байх бөгөөд уг гэрээг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хяналтын шатны шүүхэд зохигчид гаргажээ.
Ш.С 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Т.Ууганбаярт 1 жилийн хугацаагаар, Г.Б 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.Дагиймаад 3 жилийн хугацаагаар тус тус шүүхэд бүрэн төлөөлөх эрх олгосон /хх 89, 137/ бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусаагүй байх тул 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзлээ.
2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд “Нэг талаас Шурагийн Сүхбаяр /РД:ЗИ68091418/-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У /цаашид “нэхэмжлэгч” гэх/, Нөгөө талаас Гүрдоржийн Б-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /цаашид “хариуцагч” гэх/, хамтад нь “талууд” гэх нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
А. 3.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан /гарын үсэг/
3. Талууд гэрээг дөрвөн хувь үйлдэн гарын үсэг зурж, гэрээний 2 дахь хэсэгт заасан мөнгийг хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр болсноор уг маргаантай холбоотой асуудлаар харилцан бие биенийхээ эсрэг шаардах эрхийг хэрэгжүүлэхгүй болно.” гэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасан тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2017/01956 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02401 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын хооронд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг батлаж, Г.Бгаас 5.600.050 төгрөг гаргуулах тухай Ш.Сын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 95.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ