| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2419002570304 |
| Дугаар | ХШТ/2025/52 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар ХШТ/2025/52
Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/12 дугаар магадлалтай, Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.С нарт холбогдох 2419002570304 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.М.Т, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** гэх газарт оршин суух бүртгэлтэй, /РД:***/,
2.М.С, 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ***/
3.Н.А, 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эмэг эх, эгчийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ***/
4.Ч.Н, 1996 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дунд боловсролтой, механик, засварчин, операторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймгийн *** сум, *** баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ***/
5.Ч.М, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:КВ: ***/,
Шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газарт УАЗ загварын 81-48 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Minelab GPZ 1000 загварын металл хайгч 2, Minelab GDZ 7000 загварын металл хайгч 1, Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарыг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарыг тус бүрийг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GDZ 1000 загварын металл хайгч 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Mamilab GD2 7000 загварын металл хайгч 1 ширхэг, 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** ӨМА улсын дугаартай УАЗ 220692-033 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч М.Ц-д буцаан олгож, түүний үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “...2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000...” гэж, 5 дугаар заалтыг бүхэлд нь, 6 дугаар заалтаас “...УАЗ загварын *** ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулсугай” гэснийг хүчингүй болгож, хураахаар шийдвэрлэсэн “1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Minelab GDZ 1000 загварын металл хайгч 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Minelab GDZ 7000 загварын металл хайгч 1 ширхэг, 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Таnк гэсэн бичигтэй газар ухагч 1 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай ” гэж өөрчлөлт оруулан 5, 6, 7, 8 дугаар дугаарыг 5, 6, 7 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдах гомдлыг хангаж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Прокурор Ц.Цэрэндулам хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд газрын хэвлий, байгалийн баялагт хууль бусаар халдахыг хориглон, төрийн хамгаалалтад авсан зохицуулалт билээ. Хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийт ард түмний эрх ашигт халдан, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг гэмт хэрэг юм.
Иймээс 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү үйлдлийг таслаан зогсоож, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, Үндсэн хуульд заасан ард түмний эрх ашгийг хамгаалахаар хууль бусаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох гэмт хэргийг шинэчлэн, хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон тул энэхүү гэмт хэргийг хэрхэн ойлгож, хянан шийдвэрлэх, хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдэл бүрд хариуцлага тооцон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгосноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чиглэсэн хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан гэрч Ц.Б-ын мэдүүлгээр *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт алт гарсан гэх цуу ярианы улмаас *** аймгийн *** сумын “***” гэх газарт олон тооны хүн, тээврийн хэрэгсэл цугларсан болох нь тогтоогддог. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл зэргээр Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.С нарын унаж явсан УАЗ загварын *** ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээс металл хайгч, газар ухагч багаж болон хоол хүнс, гал тогооны хэрэгслүүд илэрдэг.
Түүнчлэн яллагдагч нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...алт гарч байгаа гэх газар ирээд металл хайгч багажаа угсарсан .... бороо орсон...., цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлгээр тэдгээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдэхээр завдсан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Н, М.Т, Ч.М, Н.А, М.С нарыг гэмт хэргээ төгсгөх үйлдлийг хийгээгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитойгоор аюул занал учруулж эхлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах ойлголт нь объектив шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын объектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой. Шүүгдэгч нар нь металл хайгч төхөөрөмж, газрын хэвлийд халдахад шаардлагатай эд зүйлсийг цуглуулан, УАЗ загварын *** ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин өөрсдийн оршин суух Өмнөговь аймгаас гарснаар гэмт хэрэгт бэлтгэх үе шат нь төгссөн бөгөөд алт байгаа газартаа буюу өөрсдийн зорьсон газар болох *** аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” гэх газарт хүрч ирснээр гэмт үйлдлээ төгсгөх буюу газрын хэвлийд халдахад боломжтой нөхцөл байдал үүсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой аюул занал бий болсон байна.
Харин энэхүү бодитой аюул занал нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйл болох Цагдаагийн алба хаагч нарын үйл ажиллагаанаас шалтгаалан таслан зогсоогдож, шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй тул гэмт хэрэгт завдсаныг илэрхийлж байна. Хяналтын прокурор миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд орсон байхад магадлалын удиртгал хэсэгт прокурор Б.Дашням гэж зөрүүтэй бичигдсэн байна. Иймд хууль бусаар ашигт малтмал олборлохоор тодорхой газарт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэх эд зүйлсийн хамт ирж байгаа хүнийг үйлдлийг хэрхэн ойлгох, зайлшгүй газрын хэвлийд халдаж, хохирол, хор уршгийг бий болгохыг хүлээж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх эсэхийг тодорхойлох хууль хэрэглээг тогтоох шаардлагатай байна” гэжээ.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Учир нь гэмт хэрэгт завдах нь тодорхой үйлдэл хийгдсэн халдлагын хувьд хор уршиг учрах заналхийлэл үүссэн ч энэ хэрэг төгсөөгүй нь хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөлийн улмаас таслан зогсоогдох үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэмт хэрэгт завдах, бэлтгэх үе шаттай харьцуулбал гэмт хэргийн объектив тал хэрэгжээд эхэлсэн. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх багаж хэрэгсэл, техникээ бэлтгэн хэргийн газарт буюу объектод зорьж очсон нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нарын үйлдэл цагдаагийн албан хаагч нар шалгалт хийж илрүүлснээр таслан зогсоогдсон нь төгсөөгүй гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Газрын хэвлийд халдах, эрэл хайгуул хийх, мөн газрын хэвлийд халдсанаар төгссөн гэмт хэрэгт тооцогддог. Шүүгдэгч нарын хэргийн газарт очсон үйлдлийг бэлтгэх үе шатад хамаарч байна гэж үзвэл газрын хэвлийд халдсан үйлдэл хийгдсэн тохиолдолд завдалтгүй гэмт хэрэг байхаар харагдаж байна.
Прокурорын бичсэн эсэргүүцлээр завдах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хялбарчлах зорилгоор ашигласан техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс бэлтгэх гэмт хэрэгт хураагдсан эд зүйл, техник хэрэгслийг хураан авах нь хуулийн үндэслэлгүй гэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь гэмт хэрэг үйлдэх үе шатад хамаарах эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө орлогыг хураан авахаас гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл багаж хэрэгслийг үүнтэй адилтган авах агуулгаар үүрэг болгон хүлээлгэсэн хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хянан хэлэлцүүлэх нь зөв байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “*** аймгийн *** сумын “***” гэх газарт мөрдөгч нар хэргийн газрын үзлэгийг нөхөж хийсэн байгаа. Тэр газар манай үйлчлүүлэгч нар очоогүй. Наана байсан машин дээр очоод цагдаа нар хөөлөг хийж байна гэхээр нь буцаж явсан. Машины ард М.С, Н.А, Ч.Н нар унтаад явсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэх хуулийг хэрэглэж өгөөсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч нар Өмнөговь аймаг руу буцаж явж байгаад цагдаа нарт саатуулагдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлээр эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах нь прокурорын бичсэн эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг улсын орлого болгохоор заасан. Шүүгдэгч нарыг хэргийн газраас 20 гаруй км холдоод явсны дараа цагдаагийн газраас саатуулсан байдаг, өөрөөр хэлбэл тэднийг хэргийн газраас барьсан гэх тэмдэглэл хавтас хэрэгт авагдаагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар бичсэн прокурорын эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
2.Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Анхан болон давж заалдах шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, зэвсэг хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэгийн гомдол, прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлээр хэргийг хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлогод оруулах заалтыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металл хайгч, газар ухагчийг шүүгдэгч нарт буцаан олгосон өөрчлөлтийг оруулсан байна.
Прокурор Ц.Цэрэндуламын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, хоёр шатны шүүх гэмт хэрэгт бэлтгэх Эрүүгийн хуулийн ойлголтыг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, гэмт хэрэгт бэлтгэх явцад тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засаж тохируулсан зүйлийг хурааж улсын орлого болгохтой холбоотой хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлд хамаарч, хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болжээ.
4.Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийг гэмт хэрэгт бэлтгэх, завдах, төгсгөх гэсэн үе шатуудад хувааж үздэг бөгөөд хуульд заасан тохиолдолд туйлдаа хүрч төгсөөгүй гэмт үйлдэлд ял оногдуулна.
Гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байх нь субъект Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангах зорилгоор тодорхой үйлдэл хийсэн боловч гаднын хүчин зүйлийн нөлөөллөөр, эсхүл өөрийн сайн дурын үндсэн дээр тухайн үйлдлээ төгсгөөгүй буюу хуульд заасан хохирол, хор уршгийг бий болгоогүй, урьдчилсан нөхцөлд эрүүгийн хуулиар шаардсан үр дүн гаргаагүй байх явдал юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд “Гэмт хэрэгт бэлтгэх”, 2.8 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах” үед ял оногдуулах журмыг тогтоосон.
Гэмт хэрэгт бэлтгэх ойлголт өөрийн гэсэн объектив талтай бөгөөд эрүүгийн эрх зүйн хамгаалалтын объектод шууд аюул учруулахгүй, зөвхөн нөхцөлийг бүрдүүлдэг, ирээдүйд гэмт хэрэг үйлдэхэд хялбар болгодог тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд аль хэдийн аюул учирсан гэж үзэж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргээс бусад хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.
Харин “гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж тодорхой гэмт хэрэгт чиглэсэн хүний үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг нь төгсөөгүй байх үндсэн шинжийг ойлгодог.
Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт хэргийн объект руу халддаггүй, объектод шууд нөлөө үзүүлэхгүй, ирээдүйд үйлдэх гэмт хэргийн нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг шинжээрээ хэрэг үйлдэхээр завдахаас ялгагдана.
5.Гэмт хэрэгт бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр завдах аль ч үе шатаас үл хамаарч тухайн гэмт хэрэг ямар шалтгааны улмаас туйлдаа хүрч чадаагүй нөхцөл байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч зайлшгүй тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сайн дураараа татгалзах гэдэг нь гэмт хэрэгт бэлтгэсэн, гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэргийг үргэлжлүүлэх боломжгүй объектив нөхцөл байдал биш харин тухайн этгээд гэмт санаа, төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй бүх талаар эхлүүлсэн үйлдлээ амжилттай дуусгах боломжтой гэдгийг ойлгож, түүнээс гарах үр дагаврыг ухамсарласан боловч туйлд нь хүргэхийг өөрийн санаачилгаар дотоод итгэл үнэмшил, хүсэл зоригийн үндсэн дээр бүр мөсөн эргэлт буцалтгүй гаднын нөлөөгүй орхисон, энэ нь бодитой байхуйц сэтгэл зүйн субъектив илэрхийлэл юм.
Харин өөрийн хүсэл зоригоос бус гэмт хэрэг үргэлжилбэл илчлэгдэх, саатуулах бодит аюулыг мэдмэгцээ түр хойшлуулж таатай боломж бүрдэхийг хүлээсэн, хөндлөнгийн саад бий болсны улмаас зогсоогдсон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн болон шинээр хийсэн, засаж тохируулсан тоног төхөөрөмж, багажийг нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас ашиглах боломжгүй болсон зэргээс үйлдлээ дуусгах аргагүй байдалд хүрсэнд нийгмийн аюул арилаагүй байдаг тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
6.Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэргийг бусад нотлох баримтуудтай харьцуулан магадлах аргаар шинжлэн судалж, тэдгээрийн нотлогдохуйц байдлын талаар тодорхой тусгасан байна.
Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс гадна шүүгдэгч нарын мэдүүлгээр М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарын гэмт үйлдэл цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны улмаас төгсөж чадаагүй нь тогтоогдож байх тул тэднийг гэмт хэрэг төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй.
7.Анхан болон давж заалдах шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6, 4.1.15 дахь заалтад заасан хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, ...хэм хэмжээг баримтална” гэсэн хууль ёсны зарчим, түүний эх сурвалжид нийцжээ.
Шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байхад бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, техник хэрэгсэл хэрэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох зорилгоор металл хайгч, газар ухагч зориулалт бүхий төхөөрөмжийг бэлтгэн, *** аймгаас *** аймгийн *** сумын нутагт орших “***” гэх газарт тээврийн хэрэгсэл ашиглан очиж, тухайн газар орчны байрлалыг тандан судалсан байна.
Шүүгдэгч нар бэлтгэсэн төхөөрөмжөө угсарч ашигласан, улмаар газрын хөрсийг ухаж гэмтээсэн, байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдний хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон нь гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
8.Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдлийн шинж, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон болон тусгай тоног төхөөрөмж ашиглах гэж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулсан хэмжээг давж заалдах шатны шүүх багасгаж, тэднийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасантай нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн байна.
9.Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашиглахаар завдсан техник, хэрэгслийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэл” гэдэгт гэмт хэрэг үйлдэх бүхий л үе шатанд буюу гэмт хэрэгт завдах болон гэмт хэрэг төгс үйлдэхэд ашигласнаас гадна гэмт хэрэгт бэлтгэх үе шатанд гэмт үйлдэлдээ ашиглахаар бэлтгэсэн техник, хэрэгслийг мөн адил хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч М.Т, М.С, Н.А, Ч.Н, Ч.М нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тусгайлан бэлтгэсэн металл хайх зориулалт бүхий 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Minelab GPZ 1000 нэршилтэй 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Manilab GPZ 7000 нэршилтэй 1 ширхэг, газар ухагч зориулалт бүхий 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank нэршилтэй 1 ширхэг төхөөрөмжүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хурааж, улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” зорилго болон 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан Minelab GPZ нэршилтэй металл хайгч тоног төхөөрөмжийг прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт Mamilab GDZ гэж буруу бичсэнийг энэхүү тогтоолд зөвтгөж бичсэн болно.
10.Шүүгдэгч нарын Өмнөговь аймгаас *** аймгийн *** сумын нутагт “***” гэх газар хүртэл жолоодож ирсэн УАЗ загварын *** ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн техник хэрэгсэл гэж шууд дүгнэх боломжгүй, шүүгдэгч нар уг ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, магадлалын удиртгалаас бусад хэсэгт шүүх хуралдаанд прокурор Ц.Цэрэндулам оролцсон гэж бичигдсэн байхад магадлалын удиртгал хэсэгт прокурор Б.Дашням гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаанд хамаарахгүй боловч цаашид анхаарвал зохино.
11.Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохтой холбоотой хэсгийг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ДШМ/12 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан металл хайх зориулалт бүхий 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Minelab GPZ 1000 нэршилтэй 2 ширхэг, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Manilab GPZ 7000 нэршилтэй 1 ширхэг, газар ухагч зориулалт бүхий 3,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Tank нэршилтэй 1 ширхэг төхөөрөмжүүдийг хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “УАЗ загварын *** ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцлээс “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ