Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 119/2020/0007/З |
Дугаар | 396 |
Огноо | 2020-06-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 396
Дугаар 221/МА2020/0396 | Улаанбаатар хот |
Д.А, Б.Э, Ч.Т
нарын гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч Д.А, Б.Э, Ч.Т, гомдол гаргагч Б.Э, Ч.Т нарын өмгөөлөгч О.С нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч Д.А-ийн давж заалдах гомдлоор, Д.А, Б.Э, Ч.Т нарын гомдолтой, Орхон аймгийн М.Х.Г-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалтуудыг баримтлан гомдол гаргагч Д.А, Б.Э, Ч.Т нарын Орхон аймгийн М.Х.Г-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б-т холбогдуулан гаргасан “Орхон аймгийн М.Х.Г-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0063636, 0063637, 0063638 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан гомдол гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Д.А давж заалдах гомдолдоо: “ ...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Шүүхээс гомдол гаргагч Д.А, Б.Э, Ч.Т бидний гаргасан Орхон аймгийн М.Х.Г-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 0063636, 0063637, 0063638 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь “Х.Х.К” ХХК-ийн тогооч нарын үйлдлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй, зөрчлийг бүрэн шалгаж, бодит нөхцөл байдлыг зөв тогтоосон байна.
Тогооч нар нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажиллаж байх хугацаандаа хуушуур хайрч байсан халуун тогоондоо 2 удаа ус хийсэн болох нь зөрчлийн хэргийн материал, хавтаст хэрэгт бичлэгээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарын зөрчлийн хэрэгт эрх, үүрэг танилцуулаагүй хэмээн маргаж буй асуудлаар шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй болгох мөн зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нь “Х.Х.К” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах эрхгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нарын эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан болох нь нотлогдлоо. Нэхэмжлэгч нарт М.Х.Г-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийтгэх хуудсаар оногдсон шийтгэлийн арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд гаргана гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадсангүй.
“Х.Х” ХХК-д тогооч Д.А, Б.Э, Ч.Т нар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуушуур хайрч байсан халуун тосондоо 2 удаа ус хийсэн болох нь нотлогдлоо гэсэн тухайд.
Зөрчлийн хэрэг үүсгэн шалгахдаа танай байгууллагаас ирсэн гомдлын дагуу шалгаж байна гэсэн бөгөөд мэдүүлэг авахдаа зөрчлийн хэрэг үүсгэсэн, хоногийн дотор шалгана, энэ хэргийн холбогдогч болж буй тул хуулиар ийм эрх үүрэгтэй, үүнд хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах ... зэрэг эрхийг огт танилцуулаагүй, мөн ус хийсэн байна ... гэсэн асуудлыг тавихад ус гоождог байсан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтанд хэлж байсан, очоод шалгаад үзээч, мөн ус санаатай хийгээгүй гэсэн тайлбар өгч байсан.
Гэтэл очиж шалгах шаардлагагүй надад хангалттай нотлох баримт байна гээд огт хүлээж аваагүй. Ингээд байцаалтад гарын үсэг зур гэсэн. Уг тайлбарын төгсгөл болон урд хэсэгт нь зур гэхээр нь зурсан.
Ингээд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуудаад очиход шийтгэлийн хуудас гэж танилцуулаад 300,000 төгрөгөөр тус тус торгосныг танилцуулсан. Гарын үсэг зур гэхэд зөвшөөрөхгүй тул гарын үсэг зурахгүй гэсэн. Ингээд бид одоо хаана хандах ёстой юм бэ гэхэд наад хуудасны чинь доод талд байгаа, тэрийг уншихгүй юу яаж мэддэг юм бэ, интернетээс харахгүй юу гэсэн. Шийтгэлийн хуудсыг авъя гэхэд асууж байж болно гээд өгөөгүй. Ингээд гараад явж байтал эргээд ороод ир гээд хуулбарлаж өгсөн. Татгалзаж байгаа тухайгаа бич гэж хэлсэн. Прокурорын газар хаана байдаг гэдгийг олж мэдээд прокурортой уулзах гэтэл хүлээж авахгүй гэсэн.
Ингээд хүлээж авахгүй байсан гээд байцаагч дээр очиход маргааш үдээс өмнө хүрээд ир цуг очно гэсэн хирнээ эргэж утастаад очих шаардлагагүй юм байна гэсэн. Бид 3 М.Х.Г-ын дарга н.Ж.Г дээр орж энэ талаар хэлэхэд шүүхэд гомдол гаргана гэдгийг хэлсэн тул шүүхэд гомдол гаргах эрхтэйгээ мэдэж шийтгэлийн хуудсыг байцаагчаас авч шүүхэд гомдлоо гаргасан.
Яагаад энэ шийтгэлийг зөвшөөрөхгүй байгаагаа хэлэхэд биднийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг “Х.Х.К” ХХК нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг хангаж ажиллуулдаггүй, халуун тостой харьцаж хоол үйлдвэрлэж байхад урьд нь болон тухайн өдөр агааржуулагчаас ус гоожиж байсан тул энэ гомдлыг болон ус гэдгийг яаж тогтоогоод байгаа юм бэ шалгаж үзээч, сав суулга байдаг өрөөнд урьд нь хэрэглэсэн тостой лист байдаг. Ажлын ачааллаас болоод овоорсон байдаг листнээс авч явсан.
Манай компани нь ер нь хэрэглэсэн тосоо 2-3 удаа хэрэглэдэг, хуушуур хайрч байсан тос нь шар савтай тос, лист түрхдэг тос нь 5 литрийн савалгаатай тос байдаг. Гэтэл энэ нөхцөл байдлыг шалгаад өгөөч гээд хэлээд байхад шаардлагагүй гээд шууд санаатай ус хийсэн нь тогтоогдлоо гээд торгосон.
Хуульд зөрчлийн хэрэгт холбогдогч нь мэдүүлэг өгөхдөө хүсэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг эрх эдлэх байсныг бидэнд танилцуулаагүй тул бид тийм эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Мэдээгүй ч гэсэн газар дээр нь очоод шалгаад өгөөч гэхэд хүлээж аваагүй нь бидний нотлох баримт шалгуулах үндсэн хуульд заасан байдаг эрхийг зөрчсөн. Энэ талаар сүүлд хуульчаас мэдсэн.
Шүүх хуралд болсон үйл явдал тайлбарыг хэлэх гэхээр үгийг шууд таслаад тухайн асуудлаа л ярь, урьд гарч байсан хамаагүй, тэр асуудлыг М.Х.Г-ын улсын байцаагч шалгахгүй гээд хэлэх гэсэн үг, тайлбарыг тасалж хязгаарлаж байсан.
Мөн та нар олон жил хөдөлмөр хийчхээд ойлгохгүй, мэдэхгүй гэж ярих чинь утгагүй, мөн өмгөөлөгч маань тайлбарлаж байхад уурлан, саад боллоо гэж алхаа нүдэн, мөн бидний хоёр үг хоорондоо шивнэж хэлэхэд маш муухай хяхарч алхаа нүдэж хашхирсан нь шүүгч ийм л хатуу дарамттай газар гэдгийг мэдрүүлсэн. Хэлэх үгийг минь тасалж, ийм л юм ярь, тийм юм ярихгүй гэх зэргээр дарамт учруулсан. Энэ нь шүүх хурлын камерт маш тодорхой бичигдсэн байх.
Нэг ёсондоо шүүгч хэргээ шийдэж дуусаагүй байхдаа ямар хандлагатай, ямаршуу байдлаар бидэнд дээрэнгүй үл хүндэтгэсэн байдал гаргаж байсан нь хэлж буй үг ярианаас нь тодорхой байсан. Бид энэ компанийг хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар ч шаардлага хангаагүй нөхцөлд ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж байгаа зөрчлийг хэлж, үүнийхээ төлөө ад үзэгдэж, сүүлдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих үүрэгтэй байгууллага өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй байж олон мянган ажилчдын хоол бэлтгэдэг ажилчнаа хоёр хүний хувийн өш хонзонгоор шийтгүүлэх гэж өгснийг нь Монгол Улсад хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг хянах үүрэгтэй улсын байцаагч нь ажил олгогчийн хэлснээр ажилчдыг нь торгож, өөрсдийнх нь олон удаагийн зөрчилд арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоох ч эрхтэй байтал хуулиа уландаа гишгэж, ажил олгогчид үйлчилсэн шийдвэр гаргасныг шүүх нь өмөөрөн хамгаалж, бидний үгийг ч бүрэн сонсохгүй, зандарч хашхирч байгаа нь үнэхээр шударга бус байлаа.
Д.Б гэгч байцаагч ус гэдгийг юугаар шалгаж тогтоосон юм бэ, агааржуулалт нь хэрхэн стандарт хангасан юм, ус хийсэн гэдгийг хэн баттай нотлоод байгааг тогтоогоогүй байж ажил олгогчийн үгээр санаатайгаар буудуулах үйлдэл гэж биднийг байлцуулан танилцуулсан мэт тэмдэглэл бичиж дүгнэж буй нь жирийн ажилтай бидэнд илтэд дорд үзсэн ажиллагаа байсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхдээ ажил олгогч ямар үүрэг хүлээж байгаа, тухайн нөхцөлд агааржуулагчаас ус дусдаг, энэ талаар ямар арга хэмжээ авсан, ямар тосонд хуушуур хайрдаг, листэнд ямар тос түрхдэг зэрэг байдлуудыг шалгаж тогтоосны үндсэн дээр уг зөрчил нь хэн хэн ямар хуулиар юуг зөрчсөн, энэ хуулийн дагуу ажил олгогчийн хүлээх хариуцлагыг бас тооцох ёстой.
Шүүгчийн бичээд байгаа зөрчлийг бүрэн шалгаж, бодит байдлыг зөв тогтоосон гэсэн нь үгэнд нийцсэнгүй. Шүүгч үүгээрээ улсын байцаагч юу юуг бүрэн шалгаж бодит байдлыг зөв тогтоосон гэдгийг нэлээн тодорхой дүгнэх ёстой байсан.
Хурал эхлэхийн өмнө “Х.Х.К” ХХК-иас ирүүлсэн 76 хуудас Хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг бид 3 зааланд ороод шүүгч хурал нээхийн өмнө өмгөөлөгчийн үзүүлснээр шүүгчийн хэлснээр 20 дугаар хэсэг гэсэн зүйлтэй анх удаагаа хальт танилцсан. Энэ журмыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан юм билээ. Ер нь компани хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, энэ Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зэргийг ажилчдад танилцуулдаггүй, компанид нээлттэй хадсан байдаггүй, нууц гээд ер нь өгдөггүй.
Мөн энэ журмыг байцаагч өөрөө анх удаа харж байна гэж хэлж байсан. Өнөөдрийг хүртэл бидэнд 1 хувь хөдөлмөрийн гэрээгээ өгөөгүй, дээрх журмыг танилцуулсан баримт байхгүй. Шүүхээр дамжуулж авсан хөдөлмөрийн гэрээгээ хуулбарлаж авсан. Мэргэжлийн хяналтын байцаагч хуралд ичих ч үгүй эрх, үүрэг тайлбарласан гээд худлаа яриад зогсож байсан, хэрэв танилцсан бол бид дарга дээр нь ороод асуугаад явж байх уу, танилцсан юм бол тэмдэглэл дээрээ танилцууллаа, эрх үүргээсээ асууж ойлгоогүй зүйл байна уу гээд тэмдэглэчихгүй яасан юм бэ гэтэл шүүгч бидний 3 хүний хэлж буй үгийг ер тоохгүй, та нар гарын үсэг зурсан байна шүү дээ гээд тулгаад шууд урьдчилж дүгнэсэн байдлаар харьцсан нь шүүх шударга байдаг гэсэн бидэнд байсан ойлголтыг үгүйсгэсэн.
Зөрчлийн хэргийг шалгах тухай хуульд заасан эрхийг нь хэлэхгүй, эдлүүлэхгүй, шууд нэг талыг барьж шийтгэчхээд үүнийг нь шүүгч хуулинд заасан үндэслэл журмын дагуу гарсан шийтгэл байна гэснийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Хуулийн дагуу ажлаа бүрэн зөв гүйцэд зүйтэй хийгээгүй, төрийн байгууллагын хүний үйлдлийг зөв гэж байгаа нь хуулийг хэрэглэж буй шүүгч нь шууд төрийн албанд ажилладаг гэдгээрээ нэг талыг харж, өмгөөлж хамгааллаа.
Шүүх хурал дээр улсын байцаагч өөрөө “Х.Х.К” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд бүрэн гүйцэд биш, 5 удаа албан шаардлага, 1 удаа акт тавьж байсан гэдэг. Мөн энэ өдөр компани дээр хяналт шалгалт хийгдэн 20 зөрчил илэрч, 3 дугаар сард 1 сая төгрөгөөр торгуулсан гэсэн. Шүүгч нь өөрөө улсын байцаагчид дохио өгч хурал дээр өөрөө тайлбар хийсэн, зөвхөн зөрчлийг шалгана, өөр асуудлыг шалгахгүй гэж тайлбар хийгээд байдаг нь сонин санагдсан.
Бидний ажилладаг “Х.Х.К” ХХК нь үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын 1500-1700 гаруй ажилчдын хоол бэлддэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан хамгаалах хувцас хэрэглэл өгдөггүй, аюулгүй байдал хангагдаагүй. +40, +50 халуунд ажилладаг. 150 хүн ажиллахаас 80-90 хүн ажилладаг, өөр өөр ажил хийх хүмүүс хоол үйлдвэрлэлд оролцдог, илүү цалин хөлс өгдөггүй, маш бага цалинтай. Гэтэл тэр хэсэгт бидний бий болгосон капиталаар компани 10 тэрбумын ажил хийсэн сайн компани гэж тендерийн мөнгө авдаг юм билээ. Хурал дээр бага цалинтай 300,000 төгрөгөөр торгосон гэж Ч.Т хэлэхэд тэр үгэн дээр дөрөөлж шүүгч болон улсын байцаагч бага цалинтай тул зөвшөөрөхгүй байгаа юм уу гээд биднийг буруутгах гэж асууж байсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил дутагдлын Мэргэжлийн хяналтын хэлтэст хэлэхээр аль хэдийн компанид мэдэгдээд компанийн гүйцэтгэх захирал Б.З нь шууд яах гэж очсон, чадахгүй бол ажлаас гар гэдэг.
Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх шүүхэд урьдаас хөдөлбөргүй, үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж хуульд заасан. Шүүгч үүнийгээ зөрчөөд аль хэдий нь улсын байцаагчийн дүгнэлтийг хөдөлбөргүй үнэн тогтоогдсон гээд дүгнээд үзсэн байсан нь хурал дээр тайлбарлаад байгаа байдлаас тэгж ойлгосон. Мөн хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг шүүх зөрчсөн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэдэгт хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, эдийн засаг, зохион байгуулалт, техник технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх сувилах, нөхөн хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюулгүй байдал, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хэтрээгүй байхыг ажлын байран дахь эрсдэл гэх мэтээр бүх ойлголтыг тайлбарлан тодорхойлж, мөн хуулийн төрөөс баримтлах зарчим бодлогыг 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 5.2.4-т зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх хяналтыг хангах, мэдээлэл нь үнэн бодит ил тод байх, хөдөлмөрийн аюулгүй байдалд нийцсэн нөхцөлийг бүрдүүлсэн байх зэргээр тодорхойлсон байна.
Хуулийн 27 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллага нь ямар чиг үүрэг хэрэгжүүлж, хяналт тавихыг 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж хэрэглэх, хяналт тавих үүргийг ажил олгогч шууд хариуцна” гэж заасан. 28 дугаар зүйлд ажил олгогчийн үүргийг бас тодорхой заасан. Гэтэл хяналт шалгалт хийх эрхтэй улсын байцаагч зөрчлийн хэргийг шалгахдаа эдгээр бүх байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалган тогтоогоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулахгүй шийдсэн. Иймд шүүхийн шийдвэр, Монгол Улсын үндсэн хуульд заасан шалгуулах эрхийг зөрчсөн хуулийн дагуу бүрэн дүүрэн шалгаагүй шийтгэл ногдуулсныг хэвээр үлдээсэн тул шийдвэрийг хүчингүй болгон, шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гомдол гаргагч Б.Э, Ч.Т нараас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх зөвхөн гомдол гаргагч Д.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Орхон аймгийн М.Х.Г-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Б нь тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Э-ээс харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн “Х.Х.К” ХХК-ийн тогооч нар хуушуурын тосонд ус хийж буудуулсан гэх 1100-1239 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 14-002/34 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хяналт шалгалтыг явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулсан гэх үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 0063636 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.А-т, 0063637 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Э-д, 0063638 дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.Т-д тус тус 300,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна”, 18.2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж тус тус заасан.
“Х.Х.К” ХХК-ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/18 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай журам”-ыг баталж, уг журмын 11 дүгээр зүйлд ажилчдын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг нэг бүрчлэн нарийвчлан зааж, ажилтан ажлын байрандаа өөрийн болон хамт олныхоо аюулгүй байдлын төлөө мөрдөж ажиллахаар зохицуулжээ.
Хэдийгээр гомдол гаргагчаас “...тус журмын холбогдох хэсгийг шүүгч хурал нээхийн өмнө өмгөөлөгчийн үзүүлснээр анх удаагаа хальт танилцсан, компанид нээлттэй хадсан зүйл байдаггүй, нууц гээд ер өгдөггүй...” гэх боловч энэ нь тухайн гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Мөн “Х.Х.К” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт “ХАБЭА-н тухай журам”-ын хавсралт №04 КЖ 221 гэж бичсэн байх бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан ажилчдын нэрсийн жагсаалтын 34-т тогооч Д.А гэж гарын үсэг зурсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэрийн хуулбар нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй ч аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зурсан үйл баримттай гомдол гаргагчаас маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн “Х.Х.К” ХХК болон гомдол гаргагч Д.А нарын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.6-д зааснаар ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам зааврыг чанд мөрдөж, аливаа осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд зохих зааврын дагуу тогтмол хэрэглэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн болон цахим нотлох баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Д.А нь дээрх зохицуулалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.
Гомдол гаргагчийн “...уг хэрэгт холбогдогчоор татагдсан тухайгаа мэдээгүй, улсын байцаагчаас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгөөгүй” гэх тайлбар нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Холбогдогч Д.А-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-д “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар Д.А нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулсан болох нь нэгэнт хэрэгт авагдсан хатуу диск дээрх дүрс бичлэгийн баримтаар нотлогдож байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага үндэслэлгүй.
Гомдол гаргагчаас “... листэн дэх шингэн зүйл нь ус эсхүл тос байсан эсэх, агааржуулагчаас ус дуссан эсэх зөрчлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй” гэх тухайд тухайн зөрчил нэгэнт болоод өнгөрсний дараа хариуцагч үйлдвэрийн байранд очиж шалган тогтоох боломжгүй, тодруулбал тостой листийг цэвэрлэсэн, эсхүл аль лист ямар тостой байсныг ялгах боломжгүй тул үүнийг шалгах нь зөрчлийг тогтооход ач холбогдолгүй бөгөөд зөрчлийн дараах нөхцөл байдлыг хөдлөшгүй баримт гэж үзэх боломжгүй юм.
Харин хэрэгт авагдсан холбогдогч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, хатуу диск, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзэхэд гомдол гаргагч нь зөрчил үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
Мөн “...ямар тосонд хуушуур хайрдаг, листэнд ямар тос түрхдэг байсан, энэ хуулийн дагуу ажил олгогчийн хүлээх хариуцлагыг тооцох ёстой байсан, “Х.Х.К” ХХК нь хуульд заасан хамгаалах хувцас хэрэглэл өгдөггүй, аюулгүй байдал хангагдаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж хэрэглэх, хяналт тавих үүргийг ажил олгогч шууд хариуцна” гэх гомдол нь Д.А, Б.Э, Ч.Т нарт холбогдуулан нээсэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр гомдол гаргагчийн дээрх асуудлаар маргах эрхийг хязгаарлаагүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч Д.А, Б.Э, Ч.Т нараас анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Б.Э-гийн нэрээр төлж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Ч.Т-ийн нэрээр төлж гомдолд Д.А, Б.Э, Ч.Т гурвуулаа гарын үсэг зурсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Д.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН