Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 90

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 1922002730120  тоот  хэргийг 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Бага чулуу овгийн Ц-ийн Д

 

Шүүгдэгч Ц.Д  нь 2019 оны 9 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд иргэн Г.Г-г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Д  шүүхийн хэлэлцүүлэгт:  Г  бид хоёр нэг хүнтэй хамт гурвуулаа нэг шил архи хувааж уусан. Г-ийн дүү бас нэг шил архи авч ирээд тэрийг бас уугаад би гэрээс гараад явсан. Г  манай гэрт унтаад хоцорсон. Орой ирэхэд элдвээр хэлж, доромжлоод, дайраад байсан. Тэгээд Г-ийг гэрийн хаяанд хэвтэж байхаар нь гарч очоод дэвсчихсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд мал өгчих гэхээр нь ямаа өгсөн гэв.

2. Шүүгдэгч Ц.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’Би 2019 оны 9 сарын 29-ний өдөр 16.00 цагийн үед гэртээ байж байтал манай сумын Г.Г, Ч.Д нар манай гэрт ирсэн. Тэгээд надад 1 шил 0.75 литрийн савалгаатай архи гаргаж ирэхээр нь Г.Г, Ч.Д бид нар хувааж ууцгаасан. Тэгтэл Г.Г-ийн хамаатаны дүү нь манайд ирээд 1 шил 0.75 литрийн архи гаргаж өгөөд өөрөө тэр архинаас уулгаагүй явсан ба Г, Д бид гурав хувааж уусан. Тэгээд архи дуусахад Г.Г манай гэрт согтоод унтсан, харин Ч.Д гэртээ харилаа гээд явсан. Би орой айлд оччихоод удалгүй 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн гадна Г.Г ганцаараа хэвтэж байсан ба намайг очиход сэрээд надад хандаж, манайхан та нарыг тэжээдэг, та нар юутай гуйлгачин юм бэ гэх зэргээр хэлж доромжлоод байсан. Тэгэхээр нь би дургүй хүрээд хэвтэж байхад нь нүүрэн дээр нь нэг удаа дэвссэн. Тэгээд Г.Г хашаанаас гараад явсан’’ гэх мэдүүлэг /хх-28-29/

3. Хохирогч Г.Г-ийн: ‘’...Би 2019 оны 9 сарын 29-ний өдөр 16 цагийн үед Д-гийнд Д-тай хамт очиход Д манай төрсөн эгчийн хүүгийн мотоциклийг янзлаад байж байсан. Тэгээд авч очсон 0.75 граммын Хараа архийг Д, Д бид гурав хувааж уугаад дуустал, мотоцикль янзлуулсан манай дүү 1 шил 0.75 граммын Хараа архи авчирч өгөөд явсан. Манай дүү тэр архинаас уугаагүй. Би тэгээд тасраад Д-ийн гэрийнх нь зүүн урд хаяанд унтаж байсан. Нэг сэрээд харахад Д , Д  хоёр байхгүй байсан. Тэгтэл гэнэт миний нүүрэн дээр нэг том гутлаар дэвссэн. Тэгээд би босоод иртэл амнаас цус гараад миний дээд талын үүдэн хоёр шүд байхгүй байсан. Шүдээ хайсан боловч харанхуй байсан болохоор олоогүй. Маргааш өглөө нь хайгаад олоогүй. Тэгээд би тэндээс гараад ахынх руугаа очиж хоносон. Д  намайг дэвсэхэд бид хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Д  миний биед халдсаны улмаас миний дээд талын үүдэн хоёр шүд унаж, 1 шүд хөдөлсөн....’’ гэх мэдүүлэг /хх-4-5/

4. Гэрч Ц.Б-ын:  ‘’...Д-ийг танина, сумын төвд амьдардаг. Ажил төрөл хийдэггүй. Зан байдлын хувьд төлөв даруухан, гэрээрээ хүмүүс их цуглуулдаг хүн...” гэх мэдүүлэг  /хх-10/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.Г.Г-ийн биед дээд үүдэн 2 шүдний уналт, доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг  10 хувиар бууруулна. 5.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна’’ гэжээ /хх-13-15/

6.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд архидан согтуурсан үедээ  Г.Г-ийн нүүрэн тус газар нь өшиглөж үүдэн 2 шүдийг хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д хохирогч Г.Г-ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Ц.Д  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 1 тооны ямаа өгсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ц.Д-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас ‘’Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү’’ гэсэн хүсэлт гаргаж байна.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ‘’шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно’’ гэж заажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны түвшингээр нэн ядуу өрх болох нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 54 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид хохирол  1 тооны ямаа өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 32, 33-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бага чулуу овгийн Ц-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бага чулуу овгийн Ц-ийн Д-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол  1 тооны ямаа өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ