Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00877

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Хулан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01209 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохиролд 703,557,817 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 178,458,940 төгрөг, нэмэлт зардал 214,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг, нийт 482,563,650 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 онд ******* нь *******аймагт байрлалтай газарт арьс ширний үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд *******арьс ширний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл болосруулан батлуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Уг сонгон шалгаруулалтад ******* ******* ******* нарын түншлэл шалгарсан тул 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ДААШЦББТӨХХК/20220622 дугаартай *******арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу зөвлөх *******, *******, ******* нарын түншлэл нь батлагдсан ажлын зураг, техникийн нөхцөлд заасны дагуу *******арьс ширний бүтээн байгуулалтын цогцолборын дэд бүтцийн зураг төсөл боловсруулах, зураг төслийг магадлалд оруулан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны дотор гүйцэтгэн хүлээлгэн өгөхөө үүрэг хүлээсэн. Талууд харилцан тохиролцон гэрээний хугацааг сунгаж, гэрээний тусгай нөхцөлийн 3.6-д зааснаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эцсийн тайланг манай компанид ирүүлж, батлагдсан зураг төслүүдийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нар уг үүргээ гүйцэтгээгүй. Энэ талаар хариуцагч *******-ийн захиралд удаа дараа мэдэгдсэн, үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч санхүүжилт өгөхгүй бол батлагдсан зураг өгөх боломжгүй гэх тайлбар өгч, хамтран ажиллахаас татгалзаж байна.

1.2. Талуудын гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6.1а-д “зөвлөх гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэглийг хүлээн авсны дараагаар 30 хоног, эсхүл захиалагчийн зөвшөөрөн сунгасан хугацаанд багдаан мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгах үүргийн гүйцэтгэлийг хангаагүй” гэсэн нөхцөлийг хангаж захиалагч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрх бий болсон тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах хүсэлтэй байна.

1.3. Гэрээний хавсралт буюу 2022.06.21-ний өдрийн 22/14 дугаартай *******аймгийн ******* сумын 1-р багт байгуулах *******арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаварт заасны дагуу хариуцагч нар Дулаан хангамжийн хэсэг, уурын хэрэглээ 12 тн/цаг, цэвэр усан хангамжийн хэсэг, цахилгаан хангамжийн хэсэг, технологийн усан хангамжийн ажил, холбоо хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, авто замын зураг төсөл боловсруулж хүлээлгэн өгөх хүлээсэн. Уг ажлуудаас холбоо дохиоллын зураг төслийг бүрэн боловсруулж, батлуулан хүлээлгэж өгсөн. Авто замын зураг хүлээлгэн өгсөн боловч бүрдэл дутуу болон зураг төсвийг магадлалаар баталгаажуулж хүлээлгэн өгөөгүй. Түүнчлэн гүйцэтгэсэн ажил нь дараах алдаатай байна. Үүнд:

1. *******-ийн гүйцэтгэсэн автозамын зураг /шифр 22/08/-т захиалагчийн нэрийг буруу ******* гэж бичсэн.

2. Цахилгаан дэд станцын байршил кадастрын цэгээс хэтэрсэн.

3. Цахилгаан дэд станцын байршил авто зам, явган хүний замын трасстай 127 м давхацсан.

1.4. Хариуцагч нар нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас манай компани техникийн нөхцөлийн сунгалт хийлгэхэд 31,934,800 төгрөг төлсөн, дэд бүтцийн зураг төслийг хүлээлгэн өгөөгүйгээс автозамын угсралтын ажлыг төсөв задлуулахад гаргасан 8,000,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 15,000,000 төгрөг, нийт 54,934,800 төгрөгийнийн хохирол учирсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч, зөрүү төлбөр болох 666,623,017 төгрөг, гэрээ цуцалсны хохиролд 54,934,800 төгрөг, нийт 721,557,817 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нарын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээгээр дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, 2024 оны 06 дугаар сард 356,917,880 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 356,917,880 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Манай компани нээлттэй сонгон шалгаруулалтад хамтарч оролцсон түншлэл байгуулсны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу захиалагчтай үүсэх харилцаанд төлөөлөх эрх бүхий этгээд нь *******-ийн захирал ******* байсан. Үндсэн гүйцэтгэгч уг ажлыг бие даан гүйцэтгэсэн, манай компани уг ажлын хүрээнд ажлын даалгавар болон санхүүжилтын хувь аваагүй. Иймд *******-д хамааруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Манай компани нь түншлэлийн гэрээ байгуулан тендер сонгон шалгуулах ажилд оролцсон. ******* нь ажлын гэрээг байгуулж гүйцэтгүүлэхээр тохиролцсон боловч бидэнд гэрээг баталгаажуулж ирүүлээгүй.

Иймд уг төслийн автозамын зураг төслийн ажилд оролцоогүй болно гэжээ.

 

4. Хариуцагч *******-ийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Манай компани гэрээт ажил нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэгч, захиалагч талуудын уулзалтын үр дүнд үндсэн гэрээний хүрээнд талуудаас шалтгаалахгүй хэрэгжиж дуусгах боломжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг тусган, гэрээний хугацааг тохиролцон дуусгаж, хүлээлгэн өгөх хүсэлтээ захиалагчид хүргүүлсэн.

Мөн анхны зураг төслийн даалгавар болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бохир усны магистрал шугамын батлагдсан трасс нь Засгийн газрын шийдвэрээр улсын мэдэлд очсон. Бохир усны шугамын трасс болон ажлын зураг нь гэрээний дагуу гүйцэтгэх боломжгүй болж шинээр зурагдахаас өөр аргагүй болсон тул нэмэлт ажлын санхүүжилтийн хүсэлтийг хүргүүлсэн дүнгээр нэмэлт гэрээ байгуулах, Хоёрдугаар хэлхээний шугамууд болон уурын хэрэглээний шугам нь арьс ширний үйлдвэрүүдийн дотор ажлын зураг, 25 га талбайн өндөржилт, картограммын зургууд стандартын шаардлага хангахгүй байгаа тул гүйцэтгэх боломжгүй, мөн шаардлага хангуулж батлагдсан тохиолдолд тус зураг төслийн хөнгөн хүнсний үйлдвэр байгуулах чиглэлээр ашиглах боломжгүй зохиогчийн хяналт хийж гүйцэтгэх нь Барилгын тухай хуулиудыг зөрчиж байгаа учраас нэгдүгээр хэлхээний шугам сүлжээнүүдийн зураг төсвийг гэрээний өөрчлөлтөд тусгах, цэвэр бохир усны зургийн эксперт нь зурагт магадлал хийх боломжгүй тухай хавсралт дүгнэлт гаргасан тул тус асуудлын захиалагч, гүйцэтгэгч талуудын харгалзах үүргүүдийн дагуу дутуу материалуудыг гаргаж өгөх, тайлбар хийж магадлалаар зургийг батлуулах зэрэг үүрэг гүйцэтгэгчээс шалгаалаагүй, тус гэрээт ажлын зураг төсвийг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Дээрх гэрээт ажлын захиалагчийн хүлээх үүрэг бүрэн биелэгдээгүй шалтгаанаар зураг төсөл магадлал хийлгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

5.1. Манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж, тус зургийн дагуу хийгдсэн хэд хэдэн обьект ашиглалтад орсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийгдэх байсан анхны зураг төсөл өөрчлөгдөж бид нэмэлтээр ажил гүйцэтгэж, ажлын хөлсөө шаардахад магадлал хийгдээгүй гэх үндэслэлээр гэрээний дагуу төлөх ажлын хөлс, нэмэлт гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэж өгөөгүй.

5.2. Талууд Барилгын тухай хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх үүрэгтэй.

Гэрээний 5.1-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлж ажиллах үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж магадлал хийлгэх ажилд саад учирсан. Мөн тус гэрээний дагуу зураг төслийн ажил хийгдсэн газрыг Улсын тусгай хэрэгцээнд авснаас үүдэн зургийг дахин шинээр боловсруулах шаардлага үүсэж манай компани зураг төслийн ажлыг нэмэлтээр дахин шинээр боловсруулж гүйцэтгэсэн. Захиалагчийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт ажлын хөлсөө өгөхгүй хохироож байна. Түүнчлэн нэмэлтээр хийж гүйцэтгэсэн зураг төслийн ажлыг Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэхэд өмнөх гэрээг зайлшгүй шинэчлэн байгуулах шаардлагатай.

Барилгын хөгжлийн магадлалын нэгдсэн дүгнэлтийн хавсралтад тус байгууламжаас гарах бохир болон ашиглах цэвэр усны хэрэглээг захиалагч үндэслэлтэй гаргаж өгөөгүй нөхцөлд тус зураг төсөл хийх анхны өгөгдөл хангалтгүй гэж дүгнэсэн. Иймээс захиалагч нь Барилгын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Манай компанийн зүгээс гэрээг өөрчлөн байгуулж, нэмэлт гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардсан боловч шийдвэрлэж өгөөгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 178,458,950 төгрөг, нэмэлт ажлын зардал 214,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг, нийт 482,563,650 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч *******-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

6.1. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 22/14 дугаартай *******аймгийн ******* сумын 1-р багт байгуулах *******арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах даалгаварт тусгагдсан инженерийн шугам сүлжээний 8 дэд бүтцийн ажлуудаас 7 дэд бүтцийн зураг төслийг бүрэн боловсруулж, магадлалаар баталгаажуулан ГТН-ийн 3.6-д заасан эцсийн тайланг хүлээлгэн өгөөгүй.

6.2.*******, *******, ******* нарын гэрээний дагуу гүйцэтгэх ажлын даалгаварт дараах зүйл багтсан.

Дулаан хангамжийн хэсэг, уурын хэрэглээ, Цэвэр усан хангамжийн хэсэг, цахилгаан хангамжийн хэсэг, Технологийн усан хангамжийн ажил, Холбоо хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, автозам, бусад ажлуудаас гүйцэтгэгч нар нь Холбоо дохиолол, автозамын зураг төслийг 2025 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингэхдээ авто замын зураг төслийг ногоон байгууламж, гэрэлтүүлгийн зураг төсөв зэрэг бүрдэл дутуугаар хүлээлгэн өгсөн, бусад зургууд болон зураг төсвийг магадлалаар баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй.

Хүлээлгэн өгсөн 2 зургийн дагуу 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зураг төсөл зохиогчийн алдаанаас болж авто зам, холбоо дохиоллын трасс *******, *******, *******, ******* нэгж талбарын дугаартай аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газартай давхацсанаар тус ажлууд бүрэн зогссон. Манай компанийн зүгээс гүйцэтгэгч нарын эрх, ашиг сонирхлын үүднээс гэрээний дагуу гүйцэтгэх ёстой зураг төслийг бүрэн хүлээн аваагүй атлаа дундын санхүүжилтийг бүрэн олгосон нь тэдэнд санхүүгийн хүндрэл үүсгэхгүй, гэрээт ажлыг бүрэн дуусгуулж хүлээн авах зорилготой байсан. Гэтэл ******* сөрөг нэхэмжлэлдээ манай байгууллагыг санхүүжилт өгөхгүй хохироосон зүйл байхгүй.

6.3. Манай компанийн зүгээс зураг төсөл бэлэн болож, магадлал хийлгэхээр Барилгын хөгжлийн төвд өгөх тохиолдолд хамт уулзалтад оролцох, дэмжлэг үзүүлэх талаар албан бичгийг барилгын хөгжлийн төвд илгээх талаар гүйцэтгэгчийн төлөөлөгч *******-ийн гүйцэтгэх захиралд удаа дараа хэлсэн. Гэтэл гүйцэтгэгч нар нь өөрийн үүргээ биелүүлээгүй, зураг төслөө магадал оруулахаар хүлээлгэн өгөөгүй атлаа манай компанийг дэмжлэг үзүүлээгүй буруутай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дараа төслийн талбайн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авсан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх зураг төслийн ажлуудыг бүгдийг шинээр гүйцэтгэх нөхцөл үүсээгүй. Улсын тусгай хэрэгцээнд газар авснаар ариутгах татуургын шугам сүлжээ болон цэвэр усан хангамжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах болсон. Энэ талаар талуудын хооронд илгээсэн албан бичгүүдэд дурдсан байдаг бөгөөд манай компанийн зүгээс үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлуудыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх мөн нэмэлт ажлын задаргаа, төлбөр тооцоог үндэслэлтэйгээр тооцон ирүүлэхийг *******-д мэдэгдэж байсан. ******* нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, трасс өөрчлөгдсөнтэй хамааралгүйгээр хүлээлгэн өгөх боломжтой ажлуудыг шалтаг заан татгалзаж, хугацаа хойшлуулж өдийг хүрсэн.

6.4. Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа гүйцэтгэхийг мэдэгдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зураг төслөө өгөөд эвлэрэх санал тавьсан, удаа дараа уулзалт хийсэн ч тус компанийн зүгээс хугацаа хойшлуулсаар эцэст нь сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Мөн сөрөг нэхэмжлэд хавсарган өгсөн зураг төслүүд нь магадлалаар баталгаажуулаагүй, зөвхөн гүйцэтгэгч компанийн тамга дарсан, зарим нь хуулбар зураг байдаг. Иймд гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгээгүй гэдгээ өөрөө нотолсон атлаа үүргээ гүйцэтгэсэн, нэмэлт ажил хийсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 31,934,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 671,623,017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 269,592,116 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 212,971,534 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 3,835,940 төгрөг, хариуцагч *******-ийн 2,570,769 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 317,624 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 1,505,910 төгрөг гаргуулж, хариуцагч *******-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Манай компани шүүхэд гэрээг цуцлах, гэрээ цуцалсантай холбогдуулан гүйцэтгээгүй ажил, үйлчилгээний төлбөрийг буцаан шаардах нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, гэрээнээс татгалзах болон цуцлах харилцааг ялгаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохистой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажил, үйлчилгээг хариуцагч нар бүрэн гүйцэтгээгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн дурддаг боловч холбогдох нотлох баримтад үндэслэлгүй хариуцагч гэрээнд заасан ажлын дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэгдсэн байх зарчимд нийцэхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үүргээ ноцтой зөрчсөн гэдгийг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхойлох ба гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6.1.а хэсэгт “Зөвлөх гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн талаар мэдэгдлийг хүлээн авсны дараагаар 30 хоног, эсхүл захиалагчийн зөвшөөрөн сунгасан хугацаанд багтаан мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгах үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд захиалагч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй.” гэж заасан. Хариуцагч нар гэрээнд заасан зураг төслийн ажлыг гүйцэтгэж, магадлал хийлгэн, зураг төслийг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй, бид удаа дараа нэмэлт хугацаа олгож байсан, хариуцагч нарын зүгээс үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж хэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, гэрээний ерөнхий нөхцөлийн 2.6.1.а-д заасны дагуу гэрээг цуцлах эрх үүссэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн гэрээ цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тооцно. Иймд техникийн нөхцөлийн сунгалт хийлгэхэд төлсөн 31,934,800 төгрөг, дэд бүтцийн зураг төслийг хүлээлгэн өгөөгүйгээс Авто замын угсралтын ажлыг хэсэгчилж гүйцэтгүүлэхэд гаргасан зардал 8,000,000 төгрөг, нийт 39,934,800 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй.

8.2. Анхан шатны шүүх хариуцагч *******-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэхдээ гагцхүү тус компанийн гаргаж өгсөн ажлын зургуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайн зургууд нь зөвхөн хариуцагч ******* өөрөө үйлдсэн, баталгаажуулсан этгээдийн гарын үсэг, тамга тэмдэггүй, магадлал хийлгээгүй зургууд байдаг төдийгүй манай компанид огт хүлээлгэж өгөөгүй зургуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргасан гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гарган өгсөн баримтуудыг үнэлэхгүйгээр гэрээнд заасан магадлал хийлгэсэн ажлын зураг хүлээлгэн өгөх үүргийг хариуцагчийн гарган өгсөн нотлох баримтыг үндэслэн бүрэн биелсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

8.3.Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд түншлэлийн гишүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг ялган зааглаж зохицуулсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох ба мөн зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу тэнцүү хэмжээгээр үүрэг хариуцлага хүлээнэ. Гэтэл анхан шатны шүүх тухайн хуулийн зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр хариуцагч нарын тайлбарт үндэслэн хариуцлагаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

8.4. Манай компани авто зам болон холбоо дохиоллын зураг төслийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үлдэх зураг төслийг боловсруулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Талууд уг зураг төслүүдийг магадлал хийгдсэн, хийгдээгүй аль ч хэлбэрээр хүлээн аваагүй гэж маргадаг.

Гэтэл шүүх дүгнэхдээ тухайн зураг төслүүдийг боловсруулагдсан, зөвхөн магадлал хийлгээгүй гэж зохигчид хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн тайлбарт нийцээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь манай компанийн бүтээн байгуулахаар төлөвлөж байсан арьс ширний үйлдвэрийн цогцолборын бүхий л дэд бүтцийн ажлын зургийг зурж, батлуулах харилцааг зохицуулсан. Зураг төсөл зохиогчийн хувьд өгөгдсөн мэдээлэл, техникийн нөхцөл, шаардлагад тохируулан өөрийн шийдлийг гарган холбогдох стандарт, норм дүрмийн дагуу зураг төслийг зурж, эрх бүхий этгээдээр батлуулах буюу магадлал хийлгэх үүргийг хүлээдэг. Магадлал хийгээгүй зургийг нэхэмжлэгч ашиглах боломжгүй төдийгүй төсөлд магадлал хийлгэх нь зураг төсөл зохиогчийн үүрэг учраас магадлал хийлгэсэн 8 зураг төсөл түүнтэй холбоотой баримт бичгүүд гэж үзнэ. Гэтэл шүүх зураг төслийг тусад нь магадлал хийх гэдгийг тусад нь ажил гэх байдлаар дүгнэсэн нь гэрээний зүйлийг буруу ойлгож, тайлбарласан, маргааны зүйлийг бүрэн ойлгоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компанийн хувьд дурдсан албан бичгүүдийг хүлээн аваагүй төдийгүй зураг төсөлд магадлал хийлгэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг хариуцагч *******-д гарган өгсөн, шаардсан мэдээллийг цаг тухайд нь өгч байсан учраас зураг төсөлд магадлал хийлгээгүй нь манай компаниас хамааралтай гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

8.5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь гагцхүү ажлын үр дүнг хүлээн авсан тохиолдолд ажлын хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж зохицуулсан. Анхан шатны шүүхээс хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэсэн атлаа гэрээний дагуу авах үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хуульд үндэслээгүй, хоорондоо зөрчилдөж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 6.4-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 178,458,940 төгрөгийг хариуцагч нарт эцсийн тайланг холбогдох газруудаар баталгаажуулан ирүүлсний дараа ажлын 10 хоногт багтаан төлнө гэж заасан. Гэтэл эцсийн тайланг баталгаажуулан хүргүүлсэн баримт хэрэгт байхгүй. Хариуцагч тайланг өгөөгүй гэдгээ зөвшөөрч байхад гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1-д заасан дүгнэлтийн хүрээнд шүүх нэмэлт ажлын хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас 17,749,600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд гаргаж өгсөн ажлын зургуудыг манай компанид өгөөгүй. Бид уг зураг төслийг хүлээн аваагүй байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэсэнд гомдолтой байна.

8.6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 6.4-д “Төлбөрийг Засгийн газрын 2022 оны 09 дугаартай тогтоолын дагуу төлбөр тооцоо гүйцэтгэх журмын хүрээнд гэрээнд төлбөр хийх хуваарийн дагуу дээр заасан зөвлөхийн дансанд гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Журмын дагуу гүйцэтгэгч нь эхлэлийн, явцын буюу дундын, эцсийн тайланг тухайн сарын 05-ны өдрийн дотор захиалагчид ирүүлэх бөгөөд захиалагчийн томилсон ажлын хэсэг ирүүлсэн тайлан, гүйцэтгэлийн баримт бичгийг баталгаажуулан, *******-аар дамжуулан *******анд хүргүүлж санхүүжилтийг олгуулна” гэж төлбөр төлөх тусгайлсан журмыг тохиролцсон.

Манай компанийн зүгээс журамд заасны дагуу ирүүлсэн тайлан, гүйцэтгэлийн баримт бичгийг баталгаажуулан, *******-аар дамжуулан *******анд хүргүүлсэн. Харин ******* санхүүжилт хийх үүргээ биелүүлээгүйн улмаас хугацаа хэтэрсэн нөхцөлд захиалагч буруугүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх холбогдох зохицуулалтыг хэрэглэлгүйгээр алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

8.7. Анхан шатны шүүх ажил дүгнэсэн актыг нотлох баримтаар үнэлж уг актыг баталгаажуулснаар хариуцагч нар гэрээт ажлын 80 хувийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл тухайн нотлох баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний ТН-ийн 6.4-т заасны дагуу санхүүжилтийн хуваарийн дагуу үйлдсэн баримтад санхүүжилтийн хуваарьт санхүүжилт олгох хувь хэмжээг заасан нь хариуцагчийн ажлын гүйцэтгэлийн хувь буюу ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн гэдгийг тодорхойлох баримт болохгүй.

Нэгэнт гэрээгээр тайлан ирүүлснээр санхүүжилт олгоно гэж заасан тул тохиролцсон хувь хэмжээгээр санхүүжилт олгосон боловч хариуцагч нар ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх үйл баримтыг үнэлэлгүйгээр ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хэрэгт шинжээчийн дүгнэлт авагдаагүй байхад шүүгч өөрөө шинжээч мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн авто замын болон холбооны зургийг *******, ******* нар гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч өөрөө ажил хийгээгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

9.1. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргийг биелүүлэхийг даалгуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс татгалзаж, хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Түүнчлэн анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Учир нь уг гэрээний гол зүйл нь ажлын үр дүн бөгөөд энэхүү үр дүнг үе шаттайгаар хүлээн авч баталгаажуулсан акт, баримтууд хэрэгт авагдсан. Манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн ажлаа бүрэн гүйцэтгэсэн. Үүнийг талуудын хамтран баталгаажуулсан эхний, дунд болон 80 хувийн гүйцэтгэлийн тайлангуудаар нотлогддог. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр үе шаттайгаар олгож байсан нь дээрх нөхцөл байдлыг давхар баталгаажуулж байгаа бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

9.2. Нэхэмжлэгч нь хариуцагч тал ажлаа гүйцэтгээгүй, мөн гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь гэрээний үүргийн дийлэнх хэсэг биелэгдсэн тохиолдолд гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

9.3. Нэхэмжлэгч тал ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэх үндэслэлээр шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалж хохирол нэхэмжилж байгаа эсэх, эсхүл гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэн хохирол шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа нь гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурласан, үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байна. Гэвч уг асуудлын талаар талуудын дунд маргаангүй боловч анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа Барилгын тухай хуулийг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үндсэн хэсэг гүйцэтгэсэн боловч тодорхой нэг хэсэг болох магадлалын дүгнэлтийг хүлээлгэн өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхны зураг төслийн гэрээнд захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан өөрчлөлт орсон бөгөөд ийм тохиолдолд захиалагч тал гэрээг шинэчлэн байгуулж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас гүйцэтгэгч талаас магадлал хийлгэх боломж бүрдээгүй атлаа хууль зөрчин магадлал хийлгэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч *******-ийн гаргасан тайлбарын агуулга:

10.1. Манай компани үндсэн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч гэрээний хэрэгжилтийн явцад ямар нэгэн ажил гүйцэтгээгүй бөгөөд санхүүжилт хүлээн аваагүй болно. Уг асуудлын талаар анхан шатны шүүх хуралдааны явцад *******-ийн захирал мөн адил тайлбарлаж, манай компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан тендерт оролцсон болохыг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн гэрээний хэрэгжилтийн явцад хийгдсэн гэрээний сунгалт болон талуудын хооронд солилцсон албан бичгүүдэд *******-ийн нэр тусгагдаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэжээ.

 

11. Хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохиролд 721,557,817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа 703,557,817 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* болон ******* нар “... ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гарын үсэг зурсан боловч ажлын даалгавар болон санхүүжилт аваагүй, үүрэг гүйцэтгэгч нь *******, ... бидний зүгээс автозамын зураг төслийн ажилд оролцож, үүрэг гүйцэтгээгүй ...” гэсэн агуулгаар тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Хариуцагч ******* нь “үүргийн зөрчилд манай компани буруугүй, ... нэхэмжлэгч дэмжлэг үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 178,458,940 төгрөг, нэмэлт зардал 214,812,950 төгрөг, алданги 89,292,700 төгрөг, нийт 482,563,650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж, талууд маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ДААШЦББТӨХХК/202206022 дугаартай Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна. /1хх4-16, 62-63, 118, 2хх23-25/

3.1. Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай Төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх тухай тогтоолоор “*******арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийг ******* гэж өөрчилсөн байх тул шийдвэрт энэ нэрээр нэхэмжлэгчийг тодорхойлсон нь зөв. /1хх164/,

3.2. *******-ийн зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад *******, *******, ******* нарын түншлэл шалгарч, нэг талаас ******* арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК /захиалагч/, нөгөө талаас дээрх компаниудын түншлэл /зөвлөх/ нар харилцан тохиролцон 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ДААШЦББТӨХХК/202206022 дугаартай “Дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж, баталгаажуулсан байх тул *******, *******, ******* нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. /1хх4-16/

 

4. Анхан шатны шүүх талуудын маргааны зарим үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. 

4.1. Зохигчид гэрээ цуцлагдсан үндэслэл, түүний улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх болон ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээний талаар маргажээ.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр гүйцэтгэгч *******, *******, ******* нар нь гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл болон гэрээний салшгүй хэсэг болох хавсралт-1-д тодорхойлсон ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээнд заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх буюу барилга байгууламжийн бүрэлдэхүүн болох Дулаан хангамжийн хэсэг, Уурын хэрэглээ 12 тн/цаг, Цэвэр усан хангамжийн хэсэг, Цахилгаан хангамжийн хэсэг, Технологийн ус хангамжийн ажил, Холбоо хангамж, Ариутгах татуургын шугам сүлжээ, Авто зам гэсэн 8 хэсэг ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

4.3. Талууд гэрээний тусгай нөхцөлийн 2.1, 2.2 дахь заалтаар 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болж гүйцэтгэгч нь ажлаа эхлэх, мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болохоор тохиролцжээ. Уг хугацааг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан болох нь хэрэг авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ДААШЦББТӨХХК/202206022-1 дугаартай дэд бүтцийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх17, 18, 2хх44/

4.4. Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.7-д “Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу захиалагч эсхүл зөвлөхийн гүйцэтгэвэл зохих аливаа үйл ажиллагаа болон баримт бичгийг ГТН-д заасан албан тушаалтан хариуцан хийнэ” гэж тодорхойлон, тусгай нөхцөлийн 1.7-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр захиалагч талаас  ерөнхий инженер *******, зөвлөх буюу гүйцэтгэгч талаас *******-ийн захирал ******* нарыг тусгасан байна. Гэрээний хугацаа сунгасан тухай дээрх гурван бичгийн гэрээнд гүйцэтгэгч талаас хариуцагч *******-ийн захирал ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарыг харилцан тохиролцон гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ.

4.5. Хариуцагч тал гэрээний үүргээс Холбоо хангамж болон Автозамын зураг төслийн ажлыг гүйцэтгэн, захиалагч *******-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 2 дахь хавтасны 35-36 дахь талд авагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн АС-АКТ1/, 2025, мөн сарын 26-ны өдрийн АС-АКТ2/2025 тус тус дугаартай “Хүлээлгэн өгсөн акт”, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал дээрх хоёр гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэх боловч баримтаар нотлогдоогүй байна.

 

5. Хариуцагч нар нь үлдэх 6 ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгэж, үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан тухай *******-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай албан бичиг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай албан бичиг, мөн оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай албан бичиг, мөн сарын 27-ны өдрийн 110 дугаартай албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай албан бичиг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 39 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх167-171, 180, 184/

5.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр “... тайлан гаргах хуваарьт заасны дагуу эцсийн тайлан хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Эцсийн тайланг ирүүлээгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлж, эцсийн тайлан болон батлагдсан зураг төслийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөхийг” хариуцагч *******-д мэдэгджээ. / 2хх27-28/

5.3. Хариуцагч тал дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүйн гадна үлдэх 6 ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдалд нэхэмжлэгч дангаар, эсвэл дийлэнх хэсэгт буруутай гэх тайлбарын үндэслэлийг нотолсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд даргалагчаас “Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болоод магадлал хийх боломжгүй болсон гэж тайлбарласан. Үүнийг нотлох баримт байгаа юу” гэх асуултад хариуцагч *******-ийн төлөөлөгчөөс “Хэрэгт баримт байхгүй, техникийн нөхцөл өөрчлөгдсөн баримт хэрэгт байгаа. Нэмэлт ажил хийхгүй бол зураг төслийн магадлал батлуулах боломжгүй байсан нь нотлогдож байгаа.” гэж хариулжээ. /2хх82/

Мөн ******* нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/929 дугаартай албан бичиг, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/520 дугаартай албан бичиг, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/565 дугаартай “Ажлын явцын тухай” албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/505 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/805 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч *******-д хүргүүлсэн байна. /2хх 34, 37, 39, 40-41, 43/

Дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн буруугаас хариуцагч тал 6 зураг төслийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагч талаас шаардах эрхтэй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулав.

 

7. Харин нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж, 666,623,017 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

7.1. Хариуцагч ******* нь 2022 оны 6 дугаар сард эхлэлтийн тайланг, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дундын тайланг нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгсөн болох нь *******-ийн гадна дэд бүтцийн зөвлөх үйлчилгээний ажил эхний шатны ажлын тайлан, Дунд шатны явцын тайлан зэрэг хэргийн 1 дэх хавтасны 214-239 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

7.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээний тусгай нөхцөлийн 6.4-т заасны дагуу ажлын хөлсөнд гэрээний дүнгийн 80 хувь буюу 713,835,760 төгрөг хариуцагч *******-д шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаангүй. /1хх165/

7.3. Харин ажил гүйцэтгэлийн хэмжээнд маргаж, хариуцагч *******-аас 13 хавтас ажлын зураг төслийг шүүхэд гаргаж өгчээ. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийг ажлын даалгаварт заасан зураг төсөл бүрэн зурагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцэхгүй байна.

7.4. Учир нь уг маргааны үйл баримтыг тогтооход тусгай мэдлэг шаардана. Зохигч талуудын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүх санаачилгаараа шинжээч томилж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулах боломжгүй. 

7.5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Зам тээврийн хөгжлийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 581/2024 дугаартай Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт болон гадна мэдээлэл, холбоо дохиоллын шугамын зураг төслийн ажлын жишиг үнэ гэх баримтууд нь нэг талын нотлох баримт тул эдгээрийг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын дүнг 65,212,743 төгрөг гэж дүгнэх нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. /1хх112, 183/

7.6. Хэргийн 2 дахь хавтасны 29 дэх талд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай ******* арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт нотлох баримт авагджээ. Уг баримтын гэрээний биелэлт, шийдвэрлэлт гэсэн хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зургийг магадлалаар баталгаажуулахаар хүргүүлсэн. Ажлын явц 80 хувьтай буюу дундын тайлан ирүүлсэн.” гэж бичээд гэрээ дүгнэсэн хэсэгт гэрээний талууд гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.

7.7. Мөн Барилгын зураг төслийн гүйцэтгэл №2 гэсэн нотлох баримтад бодит ажлын явцыг 80 хувь буюу 713,835,760 төгрөг, үлдэгдэл санхүүжилт 178,458,940 буюу 20 хувь гэж тусган, гүйцэтгэлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хэсэгт *******-ийг төлөөлөгч нар, гүйцэтгэгчийг төлөөлж *******-ийн захирал *******, нягтлан бодогч нар тус тус гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. /2хх31/

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч талыг гэрээний үүргээс 80 хувийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ. Иймээс нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлсөн 648,623,017 төгрөгийг хариуцагч нараас буцаан шаардах эрхгүй тул уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн шаардлагаас 31,934,800 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. /1хх134-156/

Нэхэмжлэгч Авто замын угсралтын ажлыг хэсэгчилж гүйцэтгүүлэхэд гаргасан зардал 8,000,000 төгрөг нэхэмжилж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн АГ-01/25 дугаартай *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн АГ-01/25 дугаартай Зураг төсөл төсөв боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /1хх157-161/ Нэхэмжлэгч нь уг гэрээнүүдийн дагуу ажлын хөлсөнд нийт 8,000,000 төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэн алинаас нь шаардаж байхад хариуцагч *******-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, хариуцагч *******, *******, ******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч тул гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон гарах үр дагаврыг хамтарч хариуцна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна.

 

9. Хариуцагч нар гэрээний үүргийн 20 хувийг гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийн үлдэгдэл буюу 178,458,940 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн алдааг мөн залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

10. Анхан шатны шүүх, нэмэлт ажлын зардалд 214,812,950 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 19,749,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. 

10.1. Талууд гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1-т “... ГЕН-ийн 5.2-т заасны дагуу өөрчилснөөс бусад тохиолдолд ГЕН-ийн 6.2-т тодорхойлсон үнийн хэмжээг гагцхүү ГЕН-ийн 2.4-т зааснаар талууд нэмэлт төлбөр хийхийг зөвшөөрсөн тохиолдолд нэмэгдүүлж болно.” гэж, тусгай нөхцөлийн 2.4-т “гэрээнд талууд харилцан тохиролцож бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж, баталгаажуулна.” гэж тус тус заасан. Талууд нэмэлт гэрээ байгуулаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

10.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БД 81-16-20 дугаартай Зураг төслийн ажлын жишиг үнэ гэх баримт нэг талын баримт байхаас ус хангамж, ариутгах татуургын шугамын ажил гэсэн 2 хавтас зургийн түүвэрт тусгасан 400 диаметртэй 2532 метр ширмэг хоолой” гэсэн тэмдэглэгээ нь нэмэлт ажил гүйцэтгэхэд 19,749,000 төгрөгийн бодит зардал гарсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй. /2хх38/ Иймд сөрөг нэхэмжлэлээс 436,017,820 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулав. 

 

11. Нэхэмжлэгч ******* нь гэрээний үнэ болох 892,294,700 төгрөгийг гэрээний тусгай нөхцөлийн 6.4-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх дүнг эхлэлтийн тайланг ирүүлсний дараа, гэрээний үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх дүнг дундын буюу явцын тайланг ирүүлсний дараа, гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх дүнг эцсийн тайланг холбогдох газруудаар баталгаажуулан ирүүлсний дараа тус тус ажлын 10 хоногт багтаан төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх15/

Хариуцагч ******* гэрээний дагуу эхний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, дундын тайланг 2023 оны 06 дугаар сард тус тус хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч *******-аас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эхний санхүүжилт 356,917,880 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 дахь санхүүжилт 356,917,880 төгрөгийг тус тус хариуцагч *******-д шилжүүлсэн үйл баримтуудын талаар дээр дүгнэсэн.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу Талуудын гэрээний ерөнхий нөхцөлийн 6.5, тусгай нөхцөлийн 3.1.1 дэх заалтын агуулгыг тодорхойлбол, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Гэрээний уг нөхцөлтэй холбоотой талууд маргаангүй.

Талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу ажлыг тодорхой хэсэг үе шаттайгаар гүйцэтгэх, ажлыг хөлсийг хэсэг тус бүрээр тогтоохоор гэрээний 6.4-т харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь тайлан, гүйцэтгэлийн баримт бичгийг баталгаажуулан, *******-аар дамжуулан *******анд хүргүүлж, санхүүжилтийг олгуулах үүрэг хүлээсэн байна. нэхэмжлэгчийг энэ үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцон шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн алдангид 71,383,576 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байх тул “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.  

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01209 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 31,934,800 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 671,623,017 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас алданги 71,383,576 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 411,180,074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1,505,910” гэснийг “514,868” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,021,977 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ

 

                                         ШҮҮГЧИД                                     Д.ХУЛАН

 

                                                                                               Ч.ЦЭНД